Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00538

 

 

“Б О О” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 76 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 41 дүгээр магадлалтай,

“Б О О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Ад холбогдох

Гэм хорын хохиролд 2,784,449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваахүүгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Б О О” ХХК нь Б.Ад холбогдуулан гэм хорын хохиролд 2,784,449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 76 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хүчин төгөлдөр шийтгэлийн хуудсаар тогтоогдсон 1,035,000 төгрөгийг Б.Аээс гаргуулан “Б О О” ХХК-ны захирал С.Отгонбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,749,449 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Б О О” ХХК-ны захирал С.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 29,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгчидолгож шийдвэрлэжээ.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 41 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 76 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “Б О О” ХХК-ны хариуцагч Б.Ад холбогдуулан гаргасан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2.784.449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Б О О” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Аээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.390 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваахүү хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “Б О О” ХХК-ийн улаанбуудай тариалсан талбайд 2018.08.31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Баруунбүрэн сумын 2-р багийн малчин Б.Аийн 23 толгой адуу орж ургац тогтоолтын урьдчилсан дүнгээр тооцсоноор 1,035,000 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Тухайн үед нэр бүхий 7 малчны 138 толгой адуу тариан талбай руу орсон даруйд сумын Засаг даргын орлогч Ж.Ширчмаа даргатай комисс ирж хохирлыг газар дээр нь шалган тогтоож малын тоонд нь харьцуулж малчин тус нэг бүрээр нь “Тарилангийн талбайд мал, тэжээвэр амьтан орж учруулсан хохирлыг тооцсон акт”-ыг ургац тогтоолтын урьдчилсан дүнгээр буюу нэг га-гаас 7 цн ургац авна гэж тооцон акт тавьсан бөгөөд нийтдээ 13,757,245 төгрөгийн шууд хохирол учруулсан байдаг. Үүний дотор Б.Аийн 23 тооны адуу орсон тул түүний нэр дээр ч мөн акт тавигдсан болно. “Б О О” ХХК нь тухайн жил нэг га-гаас 11 цн ургац авсан бөгөөд нэр бүхий малчдын 138 толгой адуу орж тариалсан улаанбуудайг талхалж сүйтгээгүй бол тухайн жилийн сум аймгийн дундаж 15 цн -ээс багагүй ургац авах байсан тул маш их гомдолтой байна. Малчин Б.Аийн 23 толгой адуу тариан талбай руу орж тариалсан улаанбуудайг сүйтгэсэн зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Баруун бүрэн сумын Байгаль орчны улсын байцаагч Түмэн-Өлзий зөрчлийн хэрэг нээж шалган тогтоож түүнд 300,000 төгрөгийн торгууль оногдуулсныг тэрээр төлсөн боловч гэм хорын хохирлоо төлөөгүй, төлөх талаар санаачлага гаргахгүй байгаа учир шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан юм. Б.А нь тариан талбай руу адуугаа оруулж тариалсан улаан буудайг устгаж сүйтгэсэн зөрчил гаргасан нь нотлон тогтоогдож байгаа бөгөөд зөрчлөө хүлээн зөвшөөрч, адуугаа хашсан хашаанаас ирж гарган авч, шийтгэлийн 300,000 төгрөгөө төлж барагдуулсан байдаг тул анхан шатны шүүх түүнээс гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхээс гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд хариуцагчийн хууль бус үйлдэл, гэм буруу, учирсан гэм хор, гэм буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой. Хариуцагч Б.А нь адуугаа зохих хариулагагүй байлгаснаар тариалангийн талбайд малаа оруулж Тариалангийн тухай хуулийг зөрчсөн үйлдэлд 2018.09.28-ны өдрийн 0172345 тоот шийтгэлийн хуудсаар зохих шийтгэл үзүүлсэн гэж үзэх ба харин түүний үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 1,035,000 төгрөгийн хохирол учирсан эсэхийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирлыг тухайн сумын хохирол тогтоох комиссын актаар тогтоохоор Сэлэнгэ аймгийн хэмжээнд мөрдөж буй малчид, тариаланчдын зохицлыг хангах журмаар зохицуулсан байдаг. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын орлогч Ж.Ширчмаа даргатай комисс ирж хохирлыг газар дээр нь хэмжилт хийж шалган тогтоож малын тоонд нь харьцуулж малчин тус нэг бүрээр нь “Тарилангийн талбайд мал, тэжээвэр амьтан орж учруулсан хохирлыг тооцсон акт”-ыг тавьсан бөгөөд Б.Аийн 23 тооны адуу орсон тул түүний нэр дээр ч мөн акт тавигдаж улмаар зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж тогтоосон байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр үүнийг үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй хэт нэг талыг барьсан шударга бус магадлал гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн зүгээс хангалттай нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд зөрчил шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгт малчин Б.А нь гомдол гаргаагүй, шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг нөхөн төлсөн байгаа нь түүнийг зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа тул гэм хорын хохирлоо ч төлөх ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 167.2.3-д заасныг үндэслэн магадлалыг бүхэлд нь хүчингүйд тооцож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан” “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэлээр хянан хэлэлцээд хангаж, магадлалыг хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “Б О О” ХХК, хариуцагч Б.Ад холбогдуулан  тариалангийн талбайд учруулсан гэм хорын хохиролд 2,784,449 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, миний адуу нэхэмжлэгчийн эзэмшлийн талбайд байсан нь тогтоогдоогүй, баримтгүй байна гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 1,035,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

8. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...Зөрчил гэдэг  нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүйг хэлдэг бөгөөд зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээдэг. Тиймээс хариуцагч Б.Аийг адуугаа зохих хариулгагүй байлгаснаар тариалангийн талбайд малаа оруулж Тариалангийн тухай хуулийг зөрчсөн үйлдэлд нь 2018.09.28-ны өдөр 0172345 тоот шийтгэлийн хуудсаар зохих шийтгэл ногдуулсан ба харин түүний үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 1,035,000 төгрөгийн хохирол учирсан эсэх асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхгүй. “Б О О” ХХК-ийн тариан талбайд 2018.08,31-09.01-нд шилжих шөнө тухайн сумын нэр бүхий 8 иргэдийн 400 гаруй адуу орсон үйл баримт тогтоогддог бөгөөд адуу талбайд орсноор нэхэмжлэгчид хэдий хэмжээний хохирол учирсан, тухайн хохирлыг хэрхэн тооцон гаргасан болон хохирлыг малчдад хэрхэн хуваарилсан талаар маргаантай байхад анхан шатны шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаагаар хариуцагчийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг тогтоосон нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нотлоогүй” гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль хэрэглээг буруутгаагүй, харин хариуцагчийн гэм буруугаас учирсан гэм хорыг нэхэмжлэгч нотолж чадаагүй гэж үзсэн нь хэрэгт байгаа баримтад нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

9. Хэрэгт байгаа баримтаас үзвэл 2018.08.31-09.01-нд шилжих шөнө “Б О О” ХХК-ийн тариан талбайд адуу орж, ургац гэмтээсэн, үүнд хариуцагч Б.Аийн  23 толгой адуу байсан, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  Б.Аийг гэм буруутай гэж үзэж 300,000 төгрөгөөр торгосон баримтууд хэрэгт авагджээ. Эрх бүхий байгууллагаас зөрчлийг тогтоох ажиллагааг явуулахдаа Б.А нь “Б О О” ХХК-д 1,035,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн, хариуцагчид холбогдох хохирлын хэмжээ тогтоогдсон болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна. Аливаа зөрчил нь субьект, эрх зүйн чадамж, үйлдэл эс үйлдэхүй, гэм буруу, уг үйлдлийн улмаас учирсан гэм хор, зөрчигдсөн эрх зэрэг зайлшгүй шинжийг тогтоосноор тодорхойлогдох ба Б.А нь өөрийн өмчлөлийн адууг зохих хариулагагүй байлгасны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан, хохирлыг хэмжээ 1,035,000 төгрөг болох нь 2018.09.28-ны өдрийн 0172345 тоот шийтгэлийн хуудсанд тусгагдсан, уг шийдвэр хүчин төгөлдөр байна. Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээхийг хориглоно” гэж заасан, Б.А нь үүргээ биелүүлээгүй буруутай болох нь тогтоогджээ.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Тэрээр хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь хэрэгт авагдсан баримтад нийцсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 41 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 76 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.09-ний өдөр төлсөн 29,360 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                             Б.МӨНХТУЯА

                                                                                             Д.ЦОЛМОН

                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД