Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00451

 

  М.Хоролсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02777 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2093 дугаар магадлалтай,

 М.Хоролсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Э.Мөнхбаатар, Б.Тэгшлхам нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 9,800,254.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Э.Мөнхбаатар, Б.Тэгшлхам нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Хоролсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Бат-Эрдэнэ, хариуцагч Б.Тэгшлхам, хариуцагчийн өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч М.Хоролсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү Н.Цэнгэг нь 11 настай, Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн сурагч бөгөөд 2019.04.15-ны өдөр 24-р сургуулийн баруун талын хөл бөмбөгийн талбайд тоглож байгаад тус сургуулийн 9-р ангийн сурагч М.Мөнхмандал хөл рүү нь өшиглөснөөс болж баруун шилбэний яс нь хугарч, хагалгаанд орж, чөмгөн дундуур нь төмөр суулгасан. Одоогоор суга таягтай бүрэн эдгээгүй байна. Өнөөдрийн байдлаар хагалгааны төлбөр болон хагалгааны дараах эмчилгээний зардалд 6,749,155.43 төгрөг болж байна. Мөн хагалгаанаас хойш 8-12 сарын дараа дахин хагалгаанд орж, төмрийг авахуулах шаардлагатай. Энэ хагалгааны зардал 3,000,000 төгрөг болно гэсэн. Энэхүү хэргийн талаар Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан боловч шүүхэд хандахыг зөвлөсөн. Иймд Н.Цэнгэгийн эмчилгээний зардалд нийт 9,800,254 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Э.Мөнхбаатар, Б.Тэгшлхам нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019.04.15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн баруун талын хөл бөмбөгийн талбайд хүүхдүүд хөл бөмбөг тоглож байгаад сурагч Н.Цэнгэг хөлөө хугалж, санамсаргүйгээр уг осол гарсан боловч гэмтсэн хүүхдийн ээж М.Хоролсүрэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт зааснаар хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Н.Цэнгэг, М.Мөнхмандал нар нь хөл бөмбөг тоглох явцдаа харилцан мөргөлдөж унасны улмаас Н.Цэнгэгийн баруун хөлний шаант яс хугарсан болохыг тогтоож, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019.06.03-ны өдрийн 675 тоот тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн.

Тухайн үед хөл бөмбөг тоглох явцад бидний хүү М.Мөнхмандал нь бөмбөгний араас гүйж байгаад нөгөө айлын хаалганы 5-ын шугамын тэнд зүлэг нь халцарсан хэсэгт халтирч унах үед нөгөө талын хаалгач хүүхэд болох Н.Цэнгэг өөдөөс нь гүйж ирж мөргөлдөн, Н.Цэнгэг нь М.Мөнхмандалын дээр унасан нь бичлэгт гарсныг үзсэн. Миний хүү М.Мөнхмандал нь санаатай эсхүл болгоомжгүйгээр бусдад гэм хор учруулахаар хүүхэд биш бөгөөд найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, харьцаа сайтай, төлөв түвшин зантай гэдгийг анги удирдсан багшийн тодорхойлолтоос харах боломжтой. Бидний хүү М.Мөнхмандалтай хамт тоглож байсан хүүхэд нь хөлөө гэмтээсэнд маш их харамсаж байгаа боловч Н.Цэнгэгт хууль бусаар, санаатай буюу болгоомжгүйгээр гэм хор учруулаагүй тул Н.Цэнгэгийн хууль ёсны төлөөлөгч М.Хоролсүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 11 настай хүүхдийг хараа хяналтгүй явуулсан, энэ нь хичээлийн бус цагаар болсон асуудал юм билээ гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02777 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 506 дугаар зүйлийн 506.1, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсгүүдийг баримтлан хариуцагч Э.Мөнхбаатар, Б.Тэгшлхам нараас 3,352,751 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Хоролсүрэнд олгохоор тогтоож, нэхэмжлэлээс 6,447,249 төгрөгийг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн   60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 171,754 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 68,593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2093 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02777 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагч Э.Мөнхбаатар, Б.Тэгшлхам нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.18-ны өдрийн 102/ШШ2019/02777 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019.12.13-ны өдөр уг гомдлыг хянан хэлэлцээд 2093 тоот магадлал гаргаж, давж заалдах гомдлыг хангахгүй орхин, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Давж заалдах шатны шүүхийн 2093 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан агуулгаар эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл нь Зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа буюу хэн нэгний гаргасан зөрчилтэй холбоотойгоор үүссэн гэм хорын үр дагаврыг арилгуулах үүргийн харилцаа юм. Тухайн үеийн үйл явцыг нотлох, хэрэгт авагдсан баримтуудаас харахад М.Мөнхмандал нь ямарваа нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй, Зөрчил гаргаагүй байдаг. Осол гэмтэл гарсан хэргийн бодит үйл явцыг дурдвал:

Хохирогчийн ээж М.Хоролсүрэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 д зааснаар хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Н.Цэнгэг, М.Мөнхмандал нар нь хөл бөмбөг тоглох явцдаа харилцан мөргөлдөж унасны улмаас Н.Цэнгэгийн баруун хөлний шаант яс хугарсан болох нь тогтоогдсон байна. Гэвч М.Мөнхмандалын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.5 д заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжгүй, өөрөөр хэлбэл М.Мөнхмандал нь хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэггүй этгээд бөгөөд аливаа үүргийг биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, гэмт хэргийн субьект биш байх тул хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй байна. ...хэрэг бүртгэлийн 191101354 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасугай... гэсэн шийдвэр /2019.06.03-ны өдрийн 675 тоот прокурорын тогтоол/ гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Мөн хавтаст хэрэгт байх үзлэгийн тэмдэглэлд ...Хаалгач хийж байсан хүүхэд бөмбөг ирж байгаа зүгт очин, бөмбөг өшиглөж байгаа хүүхэд бөмбөгөө өшиглөх явцдаа хаалгач хүүхэдтэй хөл нь шүргэлцэж, бөмбөгтэй хүүхэд эхлээд хойшоо унахад нь хаалгач хийж байсан хүүхэд дээр нь унасан... гэжээ.

Дээр дурдсан прокурорын тогтоол болон үзлэгийн тэмдэглэлээс харахад хүүхдүүд хөл бөмбөг тоглох явцдаа харилцан мөргөлдөж унасны улмаас, хөл нь шүргэлцэж Н.Цэнгэгт гэмтэл учирсан байх бөгөөд М.Мөнхмандалын ямар хууль бус болгоомжгүй үйлдэл нь Н.Цэнгэгт учирсан гэм хортой шалтгаант холбоотой болох нь тогтоогдоогүй байхад М.Мөнхмандалыг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

Хөл бөмбөг тоглох гэдэг нь тоглогч бөмбөгийг өшиглөн гүйж, эсрэг талын хаалганд оруулах, хаалгач хаалганд оруулахгүйгээр хамгаалах үйл явц юм. М.Мөнхмандал нь бөмбөг өшиглөн гүйж явахдаа зөвхөн эсрэг талын хаалга руу гоол оруулах зорилготой байсан бөгөөд хаалганы урд хэсгийн талбай халцарснаас болж зорилгодоо хүрч чадалгүй халтирч унахад Н.Цэнгэг өөрөө урдаас нь гүйн гарч ирж, хөлөөрөө шүргэлцэн дээрээс нь давхарлаж унасан байдаг.

Өөрөөр хэлбэл миний хүү М.Мөнхмандал нь хаалгач хийгээд зогсож байсан хүүхдийг очиж өшиглөөгүй, эсхүл ганцаараа ямар нэгэн хууль бус болгоомжгүй үйлдэл хийж Н.Цэнгэгийн хөлийг гэмтээгээгүй, бөмбөгөө өшиглөхдөө хаалгач хийж байсан хүүхэдтэй харилцан мөргөлдөж, унахдаа хөл нь шүргэлцсэн болохыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд харгалзаж үзээгүй.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2093 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4. дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч М.Хоролсүрэн хариуцагч Э.Мөнхбаатар, Б.Тэгшлхам нарт холбогдуулан гэм хорын хохиролд 9,800,254.43 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 Анхан шатны шүүх хариуцагч нараас 3,352,751 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 2019.04.15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн баруун талын хөл бөмбөгийн талбайд 11 настай Н.Цэнгэг, 15 настай М.Мөнхмандал нар хөл бөмбөг тоглож байгаад мөргөлдөж унаснаас Н.Цэнгэгийн баруун шилбэний яс хугарч, хагалгаанд орж чөмгөн дундуур төмөр суулгасан, хагалгааны дараах эмчилгээ хийлгэсэн үйл баримт хэрэгт цугларсан баримтаар нотлогджээ.

 Хагалгааны болон эмчилгээний төлбөрт 6,749,155.43 төгрөгийн зардал гарсан, дахин хагалгаанд орж төмөр авахуулах шаардлагатай үндэслэлээр Н.Цэнгэгийн хууль ёсны төлөөлөгч буюу түүний төрсөн эх М.Хоролсүрэн нь Б.Мөнхмандалын эцэг, эхэд холбогдуулан гэм хорын хохиролд 9,800,254.43 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй үндэслэлээр насанд хүрээгүй Н.Цэнгэгт учирсан гэм хорыг арилгуулахаар түүний хууль ёсны төлөөлөгч, төрсөн эх М.Хоролсүрэн нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 17 дугаар зүйлийн 17.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 Б.Мөнхмандал нь 2004.01.18-д төрсөн, нэхэмжлэгчид гэм хор учрах үед 15 настай байсан тул насанд хүрээгүй, иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай иргэн байна.

 Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5.-д зааснаар насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ.

 Б.Мөнхмандал нь насанд хүрээгүй, ерөнхий боловсролын сургуулийн сурагч үндэслэлээр түүний учруулсан хохирлын гэм хорыг хариуцуулахаар түүний хууль ёсны төлөөлөгч эцэг, эхийг хариуцагчаар татсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлын талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 Хариуцагч нар хүү Б.Мөнхмандалыг санаатай буюу болгоомжгүй үйлдлээр бусдад гэм хор учруулаагүй гэж маргажээ.

 Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

 Хариуцагч нар нэхэмжлэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 Өөрөөр хэлбэл, Б.Мөнхмандал бөмбөг өшиглөсөөр Н.Цэнгэгийн хамгаалж буй хаалганы наана гулгаж унахдаа уг бөмбөгийг хаахаар түүний өмнөөс гүйж ирсэн Н.Цэнгэгийн хөл рүү жийснээс Н.Цэнгэг түүний дээрээс унаж, улмаар хөл нь хугарсан. Н.Цэнгэгийн хөл хугарсанд Б.Мөнхмандалын болгоомжгүй үйлдэл шалтгаант холбоотой гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, дээрх үйл баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ хариуцагч баримтаар нотлоогүй болно.

 Иймд ...миний хүү Б.Мөнхмандал хаалгач хийгээд зогсож байсан хүүхдийг очиж өшиглөөгүй, эсхүл ганцаараа ямар нэг болгоомжгүй үйлдэл хийж Н.Цэнгэгийн хөлийг гэмтээгээгүй... гэх үндэслэлээр шийдвэр магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болох талаар Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1.-д зохицуулсан.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн Н.Цэнгэгийн эрүүл мэндэд гэм хор учрахад Б.Мөнхмандахын болгоомжгүй үйлдэл шалтгаант холбоотой гэж дүгнэн, Н.Цэнгэгийн эмчилгээний зардлыг хэрэгт цугларсан баримтад үндэслэн тогтоож, гэм хор учрахад хохирогчийн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэх үндэслэлээр хариуцагчийн хариуцах гэм хорыг 50 хувиар багасгаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 503 дугаар зүйлийн 503.5., 505 дугаар зүйлийн 505.1., 506 дугаар зүйлийн 506.1., 514 дүгээр зүйлийн 514.1. дэх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02777 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2093 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Э.Мөнхбаатар, Б.Тэгшлхам нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Д.ЦОЛМОН

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                  Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                               Г.ЦАГААНЦООЖ

                                                                Х.ЭРДЭНЭСУВД