Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/420

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга *******аасандорж хөтөлж,

иргэдийн төлөөлөгч Н.Гэрлээ,     

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

хохирогч ******* ,      

шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х   овогт Т-ын  Б-д  холбогдох эрүүгийн 2110015711169 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт  

Монгол Улсын иргэн, ......... оны ..... дүгээр сарын ..........-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..........., Төв аймаг Жаргалант сум ............. гудамж, ......................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо оршин суух тодорхой хаяггүй,   

  • Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 28- ны өдрийн 168 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ялаар,
  • Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 03- ны өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийт 2 жил хорих ялаар,
  • Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нийт 7 жил 1 сар хорих ялаар,
  • Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 121 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4-т зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хассан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 429 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн /шинэчлэн найруулсан/ тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан ялтай нийцүүлэн ******* д оногдуулсан 8 жилийн хорих ялын хэмжээг 06 жил 07 сар 27 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан, 
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/545 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгүүлж, 592 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн, 128 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/1708 дугаартай албан бичиг /хх-ийн 100-р хуудас/ тогтоогдсон, Х   овогт Т-ын  Б /РД:.........................../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *******  нь согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 05 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “******* *******” хотхоны харуулаар ажиллаж байсан хохирогч ******* ыг шалтгаангүйгээр шүүрний иш төмөр болон лоомоор цохиж, зодсоны улмаас хохирогчийн бие махбодид “баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун дунд хуруунд няцарсан шарх, зүүн чих, зүүн хөхлөг сэртэн, зүүн, баруун дал, нуруу, зүүн, эрхий хуруунд цус хуралт, дух, зүүн чамархай, баруун, зүүн тохой, баруун дунд, чигчий хуруу, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт” бүхий хүнд гэмтлийг санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.   

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргаангүй гэв.  

 

Хохирогч ******* ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед камераа хараад сууж байхад гэнэт араас чих рүү цохихоор нь эргээд харахад дахин намайг цохисон. Тэгэхээр нь би “яаж байна аа” гээд хаалга нээх гэтэл хаалга нээлгэхгүй цохиод байсан. Намайг төмрөөр цохиод байсан тул айлгах санаатай харуулын байранд байсан лоомыг авч гарсан.  Би авч гарсан лоомоо алдаад унагаахад лоом булааж аваад  намайг цохисон. Манай байрны хүн өглөө гүйхээр гарч ирээгүй бол намайг яах ч байсныг мэдэхгүй. Шүүгдэгч нь тухайн үед айхгүй өөдөөс дайраад байсан. Би тухайн шөнө харуулын байрнаас гараагүй, хог дээр очоогүй, шүүгдэгч ******* г “гөлөг” гэж хэлээгүй. Шүүгдэгч *******  500.000 төгрөг өгсөн. Би СӨХ-нд сарын 450.000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан. Би гэмтэл авснаас хойш ажиллах боломжгүй болсон. Иймд ажилгүй байсан хугацааны цалин  4.600.000 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2110015711169 дугаартай хэргээс: 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-15 дахь тал/

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дахь тал/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дахь тал/

Хохирогч ******* ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-27, 31 дэх тал/

Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/

Гэрч Н.О-ын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/

Гэрч Д.Н-ийн  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 7594 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хавтаст хэргийн 66-69 дэх тал/

Хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 70 дахь тал/

Хан-Уул дүүргийн “*******” сууц өмчлөгчдийн холбооны албан бичиг /хавтаст хэргийн 124 дэх тал/

Хан-Уул дүүргийн ******* сууц өмчлөгчдийн холбооны захирлын тушаал /хавтаст хэргийн 124 дэх тал/

Хохирогчийн өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хавтаст хэргийн 206-208 дахь тал/

Шүүгдэгч ******* гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 218-219 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/, гэрч У.*******ы мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дахь тал/, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгө бүртгэгдээгүй талаарх албан бичиг /хавтаст хэргийн 78 дахь тал/,  Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгал төлсөн талаарх албан бичиг /хавтаст хэргийн 80 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 88 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 90-92 дахь тал, 182-196 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч *******  нь согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 17-ны үүрээр 05 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “******* *******” хотхоны харуулаар ажиллаж байсан хохирогч ******* ыг шалтгаангүйгээр хогийн шүүрний иш төмөр болон лоомоор цохиж зодсоны улмаас хохирогчийн бие махбодид “баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун дунд хуруунд няцарсан шарх, зүүн чих, зүүн хөхлөг сэртэн, зүүн, баруун дал, нуруу, зүүн эрхий хуруунд цус хуралт, дух, зүүн чамархай, баруун, зүүн тохой, баруун дунд чигчий хуруу, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:  

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд:  Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “******* *******” хотхоны харуулын байрны орчимд зам дээр цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон хажууд нь баруун өнгийн урт лоом, төмөр иш зэргийг бэхжүүлсэн талаар тусгагджээ. / хавтаст хэргийн 10-15 дахь тал/

 

Цгадаагийн байгууллагад хандсан Дуудлагын лавлагааны хуудас: 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 05 цаг 23 минутанд “Харуулыг зодчихсон байна. Цустайгаа холилдчихсон зам дээр байна” гэх утгатай  /хавтаст хэргийн 7 дахь тал/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “******* *******” хотхоны харуулын постон дээр үл таних 35-40 орчим насны эрэгтэй гартаа төмөр урт зүйл барьж ирж постон дотор байгаа хамгаалагчтай яриа үүсгэж гартаа барьсан төмөр зүйлээр далайж цохих гэж оролдож байх үед харуул байрнаас гарч ирж буй дүрс бичлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/

Хохирогч ******* ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 09 цагаас Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, ******* ******* хотхоны харуулаар 24 цагийн хугацаагаар үүрэг гүйцэтгэж байсан. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 05 цаг 10 минутын үед харуулын байрандаа сууж байхад цонхоор толгойны ар тал руу цохихоор нь “яаж байна аа” гээд хаалгаа онгойлгоод хэлэхэд нэг бараан өнгийн хувцастай, 30 орчим настай, босоо үстэй, залуу гартаа нилээн урт төмөр барьсан эрэгтэй хүн байсан. Тэр залуу гартаа барьсан төмрөөр намайг ороолгосон. Би харуулын байранд байсан лоомыг барьж гараад айлгах санаатай газар хий 2-3 цохиод лоомоо алдаад газар унагаасан. Тэр залуу лоомыг шүүрч аваад миний зүүн, баруун хөл рүү цохиход нь би газарт унаад лоомныхоо үзүүрээс бариад авахад лоомоо татаад байсан. Тэгтэл манай байрны хүн ирээд орилоход нөгөө хүн лоомоо хаяад цаашаа зугтсан гэх” мэдүүлэг /хавтаст хэргийн 21-27, 31 дэх тал/

 

Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би өглөө болгон гүйдэг юм. Өнөө өглөө 05 цаг 10 минутад гэрээсээ гараад гүйх гээд гартал харуулын путикний гадаа чимээ гарч байсан. Би бодохдоо согтуу хүмүүс зодолдож байна гэж бодоод  харуулын байр руу очиход харуул *******  “хөл хугалчихлаа” гэж орилохоор нь би хойноос нь гүйгээд “яахаараа хүн зоддог юм бэ” гээд орилоод хойноос нь гүйхэд бараан хувцастай эрэгтэй хүн цаашаагаа гүйгээд зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/

 

Гэрч Н.О-ын  мөрдөн байцаалтад өгсөн: Намайг гэртээ унтаж байхад СӨХ-ны дарга С.Н  05 цаг 24 минутад залгаад “Болдоо харуул хүнд зодуулчихлаа. Хурдан гараад ир” гэсэн. Би гэрээсээ гараад очиход түргэний машин ирсэн ******* ын зүүн хөлөнд боолт хийгээд эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд би харуулын байраа харж үлдэж камерыг шүүж үзэхэд 05 цаг 11 минутад хар бараан өнгийн хувцастай хогийн шүүрний төмөр иш барьсан хүн цонхоор харуулын толгой руу цохиж харуулын путикнээс гараад ирэхэд мөн дахин цохиж зугтаахад харуул хойноос нь гүйж гараад камерын бичлэгийн тусгалгүй газар руу гүйсэн байсан. Мөн хажуугийнх нь дуу хураагууртай бичлэгийг сонсоход *******  харуул “ёо ёо” гэж бархираад байгаа чимээ гарч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/  

 

Гэрч Д.Н-ийн  мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 17-ны өглөөний 05 цагийн үед манай гэрийн хаалгыг оршин суугч Б.А  гэх хүн тогшиж “*******  ахын хөлийг хугалсан гэнэ” гэж хэлэхэд нь би гэрээсээ гарч хотхоны харуулын постны ойр зам дээр очиход манай нөхөр *******  нь газарт хөлөө жийгээд суусан байдалтай байхаар нь 102, 103 утсанд дуудлага өгсөн. ...Манай нөхөр *******  манай хотхоны харуулын ажил хийж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 7594 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. ******* ын биед баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун дунд хуруунд няцарсан шарх, зүүн чих, зүүн хөхлөг сэртэн, зүүн, баруун дал, нуруу, зүүн эрхий хуруунд цус хуралт, дух, зүүн чамархай, баруун, зүүн тохой, баруун дунд, чигчий хуруу, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” /хавтаст хэргийн 45-46 дахь тал/

 

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хавтаст хэргийн 66-69 дэх тал/

 

           Хохирогч ******* ын өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хавтаст хэргийн 206-208 дахь тал/

           Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд: ******* гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 150 см урттай төмөр лоомыг эд мөрийн баримтаар тооцсон тухай /хавтаст хэргийн 205 дахь тал/

 

Шүүгдэгч ******* гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 218-219 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хууль тогтоогчоос энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно...” гэж тайлбарлажээ.

 

          Шүүгдэгч *******  нь хохирогч ******* ын бие махбодидбаруун шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун дунд хуруунд няцарсан шарх, зүүн чих, зүүн хөхлөг сэртэн, зүүн, баруун дал, нуруу, зүүн эрхий хуруунд цус хуралт, дух, зүүн чамархай, баруун, зүүн тохой, баруун дунд чигчий хуруу, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт” бүхий учрах үедээ “амь насанд аюултай хүнд” гэмтэл учруулахдаа хогийн шүүрний төмөр иш болон лоомоор цохиж учруулсан болохыг нотолсон шууд болон шууд бус нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан байна. Шүүгдэгч *******  нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч болзошгүйг мэдсээр атал түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй байх тул “санаатай” үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч ******* гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хохирогч ******* , гэрч Б.А , Н.О , Д.Н  нарын мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.  

          Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч У.Батцэцэг нар нь  шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно. 

          Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн “шүүгдэгч ******* г гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргав.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:   

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.   

 

  Шүүгдэгч *******  нь урьд удаа дараа ял шийтгэгдэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 88 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 90-92 дахь тал, 182-196 дахь тал/-аар тогтоогдож байна.

           

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Х   овогт Т-ын  Б  7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргав.     

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэг: Шүүгдэгч *******  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргав.  

        

          Шүүгдэгч *******  нь удаа дараа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан хувийн байдал, согтуурсан үедээ тодорхой шалтгаангүйгээр бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* г 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д ...2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж заасан.

           Шүүгдэгч *******  нь Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 121 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4-т зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хассан байх ба Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 429 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн /шинэчлэн найруулсан/ тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан ялтай нийцүүлэн ******* д оногдуулсан 8 жилийн хорих ялын хэмжээг 06 жил 07 сар 27 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан байна. Гэвч тэрээр хорих ял эдэлж дууссаны дараа дахин хүний  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн байх тул  Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/545 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 128 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөлд хамааруулах боломжгүй байна. 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 545 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар ******* д оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 128 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг  хорих ялын 1 хоногоор тооцон, 16 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч ******* гийн биечлэн эдлэх ялыг 7 жил, 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн болно. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* д оногдуулсан 7 жил 16 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* д 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар /2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар/ нийт 181 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцов.

 

 

           3. Хохирол, төлбөр болон бусад асуудлын талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан ба шүүгдэгч *******  нь хохирогч ******* т эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн байна.

Хохирогч *******  нь шүүх хуралдаанд: “...би “*******” сууц өмчлөгчдийн холбоонд сарын 450.000 төгрөгийн цалинтай ажилладаг.  авдаг байсан ба 4.600.000 төгрөг нэхэмжилнэ. Үүнээс хохирол 500.000 төгрөг өгсөн...” гэж мэдүүлэв.

 

 Хавтаст хэрэгт: Хан-Уул дүүргийн “*******” сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолт: “...*******  нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн харуулаар ажиллаж байсан нь үнэн...” /хавтаст хэргийн 124 дэх тал/ тус сууц өмчлөгчдийн холбооны захирлын 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаартай тушаалд: “...******* ыг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс харуудаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулсугай. Д.-ын сарын цалин 450.000 төгрөгөөр тооцсугай...” гэжээ. /хавтаст хэргийн 125 дахь тал/

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******  нь биедээ учирсан гэмтлийн улмаас 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй байх тул түүний 9 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 4.050.000 төгрөгийг шүүгдэгч *******-гаас гаргуулж хохирогч ******* т олгох нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч *******  нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг төмөр лоомийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х   овогт Т-ын  Б  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг  хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Х   овогт Т-ын  Б  7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 545 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 128 цагийн 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцон, 16 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч ******* гийн биечлэн эдлэх ялыг 7 жил 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* д биечлэн эдлүүлэхээр тогтоосон 7 жил 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* гийн цагдан хоригдсон нийт 181 хоногийг түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* гаас хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод 4.050.000 /дөрвөн сая тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч ******* т олгосугай.   

 

 7. Хохирогч *******  нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч ******* гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

 8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг төмөр лоомийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.   

 

           10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.    

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР

 

 

                                                ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД

 

 

                           ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН