Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2019/01436/И |
Дугаар | 001/ХТ2021/00455 |
Огноо | 2021-05-18 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2021/00455
Монголын үндэсний олон нийтийн радио
телевизийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02051 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2035 дугаар магадлалтай,
Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэхэмжлэлтэй,
Б.Батсүхэд холбогдох,
Зээл болон гэм хорын хохиролд 10,707,848 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану-Үжин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: МҮОНРТ нь Б.Батсүхтэй 2010.01.15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажиллаж байхдаа 2014.4.02-ны өдөр 5,000,000 төгрөгийг зээлж, 2014.4.03-ны өдөр түүний дансанд шилжүүлсэн. Зээлийн төлөлтийг 2015 оны 11 дүгээр сараас хойш хийгээгүй. Цалингийн зээлийн үлдэгдэл 2,850,000 төгрөг байна. Хариуцагч нь 2009.12.26-ны өдөр МҮОНРТ-ийн өмчлөлийн 0383 УБЗ улсын дугаартай Тоёота Ланд Крузер автомашиныг жолоодож байгаад замын хөдөлгөөний дүрэм зөрчин авто осол гаргасан. Ослын улмаас Б.Отгонжаргалын автомашинд 9,664,048 төгрөгийн хохирол учирч Б.Батсүх 1,000,000 төгрөг, Монгол даатгал ХХК-иас 4,080,000 төгрөг төлсөн. Б.Отгонжаргал болон Б.Батсүх нар хоорондоо эвлэрч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.Отгонжаргал шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Дүүргийн Иргэний хэргийн 2 дугаар шүүхийн шийдвэрээр байгууллагаас 4,584,048 төгрөгийг гаргуулж Б.Отгонжаргалд олгохоор шийдвэрлэсэн. Б.Отгонжаргалд төлөх 4,584,048 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд нийт 4,732,348 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлсэн. Б.Батсүх ажиллаж байх хугацаандаа албаны хэрэгцээнд ашиглаж байсан тээврийн хэрэгслийн эд ангийг завшиж 5,125,000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж, Өршөөлийн хуульд хамрагдаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.Батсүх 2016 онд 2,000,000 төгрөг төлсөн. Иймд зээлийн үлдэгдэл төлбөр 2,850,000 төгрөг, Б.Отгонжаргалд төлсөн 4,732,348 төгрөг, байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрт 3,125,500 төгрөг, нийт 10,707,848 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч цалингийн зээл олгож өгөөч гэсэн хүсэлтийг гаргаагүй. Ажлаас халагдаад 4 жил болж байна. Б.Батсүх 5,000,000 төгрөгийг цалингийн урьдчилгаанд тохиролцож авсан. Өнөөдрийг хүртэл байгууллага мөнгө нэхээгүй нь цалингаас төлөгдсөн гэж бодож байгаа. Хавтаст хэргийн 24 дүгээр талд Б.Отгонжаргалын Прокурорт гаргасан өргөдөлд 9,664,048 төгрөгийн хохирол гарсан. Энэ өргөдлөө гаргахдаа 4,000,000 төгрөгийг даатгалаас, 1,000,000 төгрөгийг Б.Батсүх бэлнээр өгсөн. МҮОНРТ-ийн Санхүүгийн албатай тохирсон гэж ярьж байгаа. Хохирч байгаа этгээд нь Б.Отгонжаргал юм. Зам тээврийн ослыг Б.Батсүх гаргасан ба телевизтэй Б.Батсүх төлбөрийг төлөх талаар тохиролцсон зүйл байхгүй. Гэтэл ийм өргөдөл байсаар байтал шүүхэд хандаж шүүхээс байгууллага хохирсон байна гэх шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ шийдвэр гарахаас өмнө Б.Отгонжаргал нь Б.Батсүхэд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг ба энэ өргөдлийг үндэслээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. МҮОНРТ-д ямар нэгэн хохирол учраагүй. Ийм агуулга байсаар байтал шийдвэр гарч, шийдвэрийн үндсэн дээр гэм хорын хохирол гаргуулах үндэслэл байхгүй. Байгууллагын эд хөрөнгөнд хохирол учруулсан гээд байгаа 3,125,000 төгрөгийн тухайд тухайн үед байгууллагын хүмүүстэй харилцан тохиролцож хохирлыг барагдуулсан байдаг. Тиймээс дээрх мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02051 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Б.Батсүхээс зээлийн төлбөрт 2,850,000 төгрөг нэхэмжилсэн МҮОНРТ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Батсүхээс 7,857,848 төгрөг гаргуулж МҮОНРТ-д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,276 төгрөгнөөс 60,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батсүхээс 140,676 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2035 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02051 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн гэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаярын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.30-ны өдрийн дугаар 02051 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.04-ний өдрийн 2035 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч МҮОНРТ нь хариуцагчид холбогдуулан гэм хорын хохиролд 10,707,848 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тодруулбал нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,707,848 төгрөгөөс 2,850,000 төгрөгийг цалингийн зээлийн үлдэгдэл, 4,732,348 төгрөгийг иргэн Б.Отгонжаргалд учруулсан хохирлын үлдэгдэл төлбөр, үлдэх 3,125,500 төгрөгийг эд хөрөнгөд учруулсан хохирол гэж тодорхойлон нэхэмжилсэн.
2019.09.30-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар иргэн Б.Отгонжаргалд учруулсан хохирлын үлдэгдэл төлбөр гэх 4,732,348 төгрөг, МҮОНРТ-ийн эд хөрөнгөд учруулсан хохирол гэх 3,125,500 төгрөг, нийт 7,857,848 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тухай бичгээр болон шүүхэд гаргасан тайлбартаа иргэн Б.Отгонжаргалд учруулсан гэх 4,732,348 төгрөгийн шаардлагын тухайд Б.Отгонжаргал нь хариуцагч Б.Батсүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд 2014.03.26-ны өдрийн 42 дугаартай шийдвэр, 2014.05.30-ны өдрийн 509 дугаартай магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, шийдвэр магадлал хүчин төгөлдөр болсон байхад МҮОНРТ-ийг Б.Отгонжаргал нь хариуцагчаар татаж 4,584,048 төгрөг гаргуулж, МҮОНРТ нь хариуцагч Б.Батсүхээс Б.Отгонжаргалд төлсөн гэх 4,584,048 төгрөгийг гаргуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа дурдсан.
Өөрөөр хэлбэл дээрх 4,732,348 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Б.Отгонжаргалын Тээврийн прокурорын газарт гаргасан Б.Батсүх нь 5,080,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Үлдэгдэл төлбөрийг МҮОНРТ-ийн санхүүгийн албаны даргатай гэрээ байгуулж тохиролцсон. Иймд жолооч Б.Батсүх бид хоёр эвлэрлийн гэрээ байгуулсан тул гомдол саналгүй. гэх өргөдөл, 2010.02.17-ны өдрийн хохирогч яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан тухай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол зэргийг иш татан хариуцагчийн зүгээс тайлбарласан.
Мөн Б.Отгонжаргалын нэхэмжлэлтэй МҮОНРТ-д холбогдох иргэний хэргийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2015.01.15-ны 449 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн 2015.03.25-ны 334 дугаар магадлалаар тус тус хянан шийдвэрлэхдээ МҮОНРТ-ээс 4,584,048 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч Б.Батсүхээс гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ 4,584,048 гаргуулна гэсэн боловч шаардлага хэсэгтээ 4,732,348 төгрөг нэхэмжилж, энэ шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Үүнээс гадна Б.Отгонжаргалын нэхэмжлэлтэй МҮОНРТ-д холбогдох хэргийг шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу МҮОНРТ-ээс гаргуулахаар шийдсэн ба Б.Отгонжаргалын нэхэмжлэлтэй Б.Батсүхэд холбогдох иргэний хэрэгт Батсүх нь бусдад төлөх төлбөргүй болохыг дүгнэхийн зэрэгцээ тухайн хэргийн хариуцагч биш хэмээн шийдвэрлэсэн.
Б.Отгонжаргалын нэхэмжлэлтэй МҮОНРТ-д холбогдох хэргийг шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасны дагуу шийдвэрлэсэн байтал нэхэмжлэгч нь мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар нэхэмжилж, анхан шатны шүүх уг зохицуулалтын дагуу шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв МҮОНРТ-ийг Иргэний хуулийн 498.1-т заасны дагуу Б.Отгонжаргалын хохирлыг барагдуулахаар шүүх шийдвэрлэсэн байсан тохиолдолд дээрх 498.5-д заасан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэх, шүүх шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл тээврийн хэрэгсэл эзэмшигчид хуулиар хариуцуулсан үүргийг ажил олгогчийн эрх, үүрэгтэй хольж солин хууль хэрэглэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 4,732,348 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнгээс 4,732,348 төгрөгийг хасаж багасгасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Б.Батсүхэд холбогдуулан 10,707,848 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 7,857,848 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, хуулийн нэр томьёог зөвтгөж зассан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч Б.Батсүх нь МҮОНРТ-ийн СОБГазарт жолоочоор ажиллаж байхдаа зам тээврийн осол гаргаснаас иргэн Б.Отгонжаргалд 9,664,048 төгрөгийн хохирол учруулсан. Шүүхийн шийдвэрээр байгууллагаас 4,586,048 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хамт 4,732,348 төгрөгийн хохирол байгууллагад учирсан. Мөн ажиллаж байх хугацаандаа буюу 2014 онд цалингийн зээл 5,000,000 төгрөг авснаас 2,850,000 төгрөгийг төлж барагдуулаагүй, мөн албаны хэрэгцээнд ашиглаж байсан 03-83 УБЗ дугаартай Тоёото Ланд Крузер V-8 маркийн автомашины эд анги, сэлбэг хэрэгслийг хувьдаа завшиж 5,125,500 төгрөгийн хохирол учруулснаас 2,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 3,125,500 төгрөг, нийт 10,707,848 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.... гэж тайлбарлажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...ажлаас халагдаж 4 жил өнгөрч байхад энэ хугацаанд надаас цалингийн зээлээ төлөхийг шаардаж байгаагүй, ...зам тээврийн осолтой холбоотой хэрэгт Р.Отгонжаргалд даатгалаас 4,000,000 төгрөг, би өөрөө 1,000,000 төгрөг өгч, хохирогч гомдолгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болсон тул дахин төлбөр өгөх үндэслэлгүй, ...байгууллагын эд хөрөнгөд учруулсан хохирлыг харилцан тохиролцоод барагдуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргажээ.
Б.Батсүх нь 2006-2015 онд МҮОНРТ-ийн СОБГазарт жолоочоор ажиллаж байсан. Тэрээр ажиллаж байх хугацаандаа буюу 2014.04.02-ны өдөр байгууллагын захиргаанд зээл хүссэн өргөдөл гаргаснаар байгууллага 2014.04.03-ны өдөр цалингийн урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, ажлаас халагдахад 2,850,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, үүнээс хойш төлбөр төлсөн тухай баримтгүй байна.
2010.02.17-ны өдрийн 4/31 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Б.Батсүх нь 2009.12.26-ны өдөр 03-83 УБЗ дугаарын автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, Б.Отгонжаргалын жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж 9,604,048 төгрөгийн хохирол учруулсан боловч хохирогч нь яллагдагчтай эвлэрч, хохирлоо бүрэн барагдуулсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож... шийдвэрлэсэн, Б.Отгонжаргал нь өөрт учирсан хохирлоос 5,080,000 төгрөгийг бэлнээр авсан, үлдэгдэл төлбөрийг МҮОНРТ-ийн санхүүгийн албанаас гаргуулахаар харилцан тохиролцсон үндэслэлээр Б.Батсүхтэй эвлэрсэн тухай Б.Отгонжаргалын Прокурорын байгууллагад гаргасан өргөдөл, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2015.01.15-ны өдрийн 449 дүгээр шийдвэрээр МҮОНРТ-ээс гэм хор учруулсны хохиролд 4,548,048 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 88,300 төгрөгийн хамт гаргуулж Б.Отгонжаргалд олгуулахаар шийдвэрлэснийг МҮОНРТ шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлжээ.
Нийслэлийн Прокурорын газрын 2016.02.12-ны өдрийн №265 дугаартай Прокурорын тогтоолоор Б.Батсүх нь албаны хэрэгцээнд ашиглаж байсан автомашины эд зүйлийг хувьдаа завшиж 5,125,500 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг 2015.08.11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон үйл баримт тус тус тогтоогджээ.
Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр зээлийн төлбөр шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1., 79 дүгээр зүйлийн 79.1., 281 дүгээр зүйлийн 281.1., 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.5., 510 дугаар зүйлийн 510.1. дэх заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа анхан шатны шүүхийн хуулийн нэр томьёог буруу бичсэнийг зөвтгөхөөр шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Б.Батсүх нь Б.Отгонжаргалд төлөх төлбөргүй, зам тээврийн осолтой холбоотой хэрэгт тээврийн хэрэгсэл эзэмшигчээс хуулиар хариуцуулсан үүргийг ажил олгогчийн эрх үүрэгтэй хольж хууль хэрэглэсэн нь үндэслэлгүй... гэжээ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээгээр буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж, 498.5.-д энэ хуулийн 498.1.-д заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй гэж зохицуулжээ.
МҮОНРТ-ийн захиргаа ажил олгогчийн хувьд ажилтан Б.Батсүхийн ажил үүргээ гүйцэтгэх явцад зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Отгонжаргалд учруулсан гэм хорын хариуцлагыг хүлээж, шүүхийн шийдвэрийг үндэслэн 4,732,348 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон байх тул өөрт учирсан хохирлоо нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Хуулийн дээрх зохицуулалт ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй хамааралгүй, ажилтны гэм буруутай үйлдэлтэй шууд холбоотой тул шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
Б.Батсүх, Б.Отгонжаргал нарын хооронд байгуулсан хохирол төлбөргүй тухай эвлэрлийн гэрээ тухайн эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд болон Б.Отгонжаргал нь Б.Батсүхээс ослын улмаас учирсан гэм хорыг цаашид нэхэмжлэх шаардлагад хамааралтай болно.
Б.Батсүхийн Б.Отгонжаргалд төлөх төлбөргүй байдал нь ажил олгогчийн өмнө хуулиар хариуцах түүний үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2035 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаярын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Батсүхээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Г.ЦАГААНЦООЖ
Х.ЭРДЭНЭСУВД