| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2020/0429/З |
| Дугаар | 128/ШШ2021/0040 |
| Огноо | 2021-01-14 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2021/0040
2021 он ы 01 сарын14 өдөр Дугаа р 128/ШШ2021/0040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Н
Хариуцагч: ТЕГД
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” Б/156 дугаар тушаалын Д.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Нийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/458 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, онлайнаар нэхэмжлэгч Д.Н, онлайнаар өмгөөлөгч Ө.Э, онлайнаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ч.О, гэрч С.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би төрийн албанд 20 жил гаруй ажилласан, татварын албанд 12 жил ажиллаж байгаа. Би нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй. Хуулийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, татварын мэргэшсэн зөвлөхийн хугацаагүй эрхтэй. Татварын албанд ажиллахдаа хяналт шалгалт, үнэлгээний дүнгээр жил бүр А, В үнэлгээ авч байсан. Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүн, гүйцэтгэл, мэргэжлийн түвшин үнэлэх үнэлгээгээр жил бүр А үнэлгээ авч байсан. Төр засгаас миний ажлыг үнэлж Санхүү, банкны тэргүүний ажилтан, Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан, Татварын хүндэт тэмдэг, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан. Гэтэл 4.01-ний өдөр Татварын ерөнхий газрын харьяа нэгжийн бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт орж байгаа. Байцаагч нарыг бүгдийг өөр өөр газарт хуваарилан, Бүгдээс нь аль аль нэгжид орох вэ гэдэг талаар санал ав гээд би бүгдээс нь саналыг нь аваад ерөнхий газарт саналыг өгсөн. Гэтэл би өөрийгөө 4.01-ний өдрийн энэ бүтцийн өөрчлөлтөөр солигдоно гэж огт мэдээгүй. 4.02-ний өдөр 14:20 минутад хэлтсийн даргын өрөөнд танилцуулга хуралтай гээд дуудсан. Хурал 15:30 минутад дуусаад, энэ хурал дээр би энэ тушаалыг мэдээд хүлээн зөвшөөрөхгүй, холбогдох газарт гомдол гаргах талаараа хурал дээр хэлсэн. 4.01-ний өдрийн А/18 дугаартай тушаалыг баримтлан тушаал гарсан. Ингэхдээ Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн хуулиудыг зөрчиж гаргасан. Би 4.02-нд тушаалаа сонсоод 4.03-нд АТГ, Төрийн албаны зөвлөлд гомдол өгсөн. Татварын ерөнхий газрын даргын А/18 тушаалын хавсралтаар албан тушаалын чиг үүргийг баталсан байдаг. Энэ чиг үүрэгтэй холбоотой Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 43, Татварын ерөнхий газрын даргын 2020.2.17-ний А/38-р Тушаалаар албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтууд нь хамт гарсан байгаа. Гэтэл Төрийн албаны тухай хууль 62.1.3-т заасныг зөрчихсөн байгаа нь харагдсан. Мөн надтай урьдчилан зөвшилцөлгүйгээр шууд тушаал уншсан. Энэ талаар би АТГ-аас 4.03-ны өдөр хариу авсан. Заяабал даргад хуулийн хэрэгжилтийг хангуулъя тухай хариу ирсэн. Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-т дахь заалтыг Улсын дээд шүүхийн 2010.4.26-ны өдрийн 8-р тогтоолын 15-д зааснаар тайлбар гарсан байдаг. Миний дээр дурдсан хуулиудыг зөрчсөн болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй, сонсох ажиллагааг явуулахдаа миний хувийн мэйлээр мэдэгдэл явуулсан байдаг, уг мэдэгдэлд зааснаар зөвхөн Захиргааны ерөнхий хууль 26, 27-д зааснаар сонсох ажиллагааг явуулах юм. 7.10-ний өдрийн 14 цагт хуралд бэлэн байх талаар тусгасан байсан. Энэ өдрүүдэд би өвчтэй байсан, эмнэлгийн актаа хүргүүлсэн байгаа. Сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, биднээс тайлбар санал авах бололцоо нөхцөлөөр хангаагүй. Аль аль нь очоогүй. Ганчимэг гэж байцаагч очсон гэсэн. Юу ч ярилгүй урдаас нь бөөнөөрөө дайрч байгаад 1 ч үг яриулаагүй сонсох ажиллагаагаа дуусгачихсан байгаа. Сонсох ажиллагааг 7.10-ний өдөр гаргачхаад биднээс 1 ч тайлбар аваагүй байж 7.10-ндаа сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаа гаргасан байгаа. Энэ 2 эрх зүйн актыг зэрэг гаргасан байгаа юм. Ингээд ашиг сонирхлын зөрчил, хуулиа мөрдөхгүй зөндөө юм цаана нь байгаа, ийм байдлаар бид хэлмэгдээд, хохироод, гүтгүүлээд явах уу гэдэг байдлаар шүүхэд хандаад дараа нь халагдаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. 2 дахь шаардлагын тухайд халагдсан тушаал гаргасан цор ганцхан хүн байгаа энийг тушаал дээр гарын үсэг зурсан Заяабал дарга л хариуцах байх. Гэхдээ уг тушаалыг гаргахаар хэн зохион байгуулж, ямар ашиг сонирхлоор уг тушаалыг гаргуулсан бэ гэвэл. Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б гэх гол буруутай этгээд бөгөөд энэ хүний төрсөн эгч намайг Хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байхад манай тасагт байцаагч хийж байсан Э гэж хүн байдаг. Энэ хүнийг тойрон хүрээлсэн найм гэх 4-5 хүн байдаг. Энэ хүмүүс намайг 3-4 жилийн өмнөөс хяналт шалгалтын ахлах байцаагч болсноос хойш намайг янз бүрийн байдлаар гүтгэж, Татварын ерөнхий газрын өмнөх дарга нарт хүртэл өргөх бичиг өгч намайг хоёр тэрбум төгрөгийн хаустай, таван өнгийн булган шубтэй гэх мэт байдлаар янз бүр байдлаар намайг хэлж, энэ албан тушаалаас зайлуулах гэж гурваас дөрвөн жилийн өмнөөс хөөцөлдөж эхэлсэн байгаа. Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга өргөдлийн дагуу үүрэг авч дээрх таван хүнээс тайлбар авах гээд дуудахаар ирдэггүй, зутдаг мөн Авлигатай тэмцэх газарт нэргүй янз бүрийн бичиг өгдөг гэж байгаа. Миний талаар гомдол, өргөдөл бичиж өгдөг байгаа.
Б тухай үел сургалтын албаны дарга хийж байсан бүх байцаагч нараас одоо ингээд жил бүр шалгалт ордог онлайн шалгалт өгөхлөөр бүх байцаагч нар ажлынхаа компьютерээс өгдөг шалгалтаа авахдаа миний хажууд хүн зогсоож байгаад авдаг, шалгалтыг хүртэл намайг дарамталж авдаг. Онлайнаар авсан шалгалтын дүнгээ хүртэл засдаг гэсэн мэдээлэл надад байгаа. Бусад хүмүүс ч гэсэн хэлж байсан. Ингээд дарамтлуулж явсаар байгаад нэг мэдэхэд нөгөө Б гэдэг хүн манай Хяналт шалгалтын газрын дарга болоод намайг эхлээд ажлаас өөрчилж дараа нь миний ажлаа өгснөөс хойш шалган зааварчилгааны ажлын удирдамж гэдгээр намайг Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргаар томилогдоод ажиллаад явж байхад дээрх удирдамжаар надад шалгалт оруулж байгаа юм. Би 2012 онд энэ нэгжид ажиллаж эхэлсэн бөгөөд ийм тохиолдол урд өмнө нь хэзээ ч болж байгаагүй. Тухайн хяналт шалгалтыг зааварчлах ажил гэдэг нь тухайн нэгжид ажиллаж байгаа байцаагч нарыг шалган зааварчлах, хууль тогтоомжид заасан чиг үүргийн дагуу ажиллуулах, ач холбогдолтой, шалгалтын удирдамж дээр нь тодорхой бичсэн байгаа. Шалгалтын дараа зөвлөмж өгөх эрх хэмжээтэй түүнээс биш эрх хэмжээгээ хэтрүүлээд Татварын байцаагч нарыг шалгалтаар хийсэн ажлынхаа дагуу дарамтлаад хийсэн ажилд нь дахин шалгалт оруулаад өрөөндөө дуудаад нэг ч үг дуугарахгүйгээр дарамталж загнадаг гэж байгаа. Удирдамжийн дагуу зөвлөмжөө өгөөд дараа нь шалгалт хийгдсэн гурван байцаагч нь тайлангаа гаргаж өгөөд тайлан дээр нь нэг л санал гарсан буюу ажлыг нь өөрчилсөн тохиолдолд гарсан өдрөөр нь программын эрхийг хаагаач ээ гэсэн л санал байгаа. Ингээд энэ санал, энэ ажиллагаа дуусаад Татварын ерөнхий газрын даргадаа танилцуулаад гарын үсэг зураад энэ шалгалтын үйл ажиллагаа дууссаны дараа, бүтэн сарын дараа 3 хуудастай санал гэдэг юмыг гаргаад ирсэн.
Нөгөө тайлан дээр бичсэн Хяналт шалгалтын нэгжтэй холбогдуулаад биччихсэн, надтай холбогдуулж бичих юм олдохгүй болохоор нь ингээд биччихсэн. Намайг татварын албанд ороогүй байх үеийн юмнуудыг биччихсэн” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Н нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга албан тушаал эрхэлдэг байсан. Гэтэл 2020.4.01-ний өдөр Татварын ерөнхий газрын даргын Б/156-р тушаалаар эрхэлж байсан татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалаас нь чөлөөлж Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эрхлүүлэх тушаал гарсан байдаг. Уг тушаалыг 2020.04.02-ний өдөр танилцуулсан. Тушаал гаргахаас өмнө Д.Нтэй Төрийн албаны тухай хууль, журамд зааснаар зөвшилцөөгүй, Шилжүүлэх, тушаал гаргах талаар Төрийн албаны тухай хуульд заасан журмаар мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжийн зөрчлүүдтэй. Нт мэдэгдсэн бол энэ Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүргийг гүйцэтгэгчээр томилогдон ажиллахыг зөвшөөрөхгүй байсан.
Тийм учраас шилжин ажиллах болон ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах ёсгүй байсан гэж үзэж байгаа. Шилжүүлэн ажиллуулах тухай тушаал нь агуулгын хувьд эхлээд Нийг Хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаад 2 дахь заалтаараа Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан тушаалд томилох шийдвэр гаргаж байгаа. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 46.1,2-т зааснаар ажлаас чөлөөлж, хэрэв шилжүүлж байгаа бол Төрийн албаны тухай хуульд зааснаар тухайн албан хаагчийн өөрийнх нь зөвшөөрлөөр шийдвэр гаргах боломжтой бөгөөд энэ тохиолдолд аль аль журам нь зөрчигдсөн.
Ийнхүү шилжүүлэн ажиллуулж байгаа нь Төрийн албаны тухай хууль тогтоомж болон дээрх хууль тогтоомжийг зөрчиж байна гэдэг үндэслэлээр Н шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Шүүхэд захиргааны хэрэг үүсээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх явцад 2020.7.10-ний өдөр Татварын ерөнхий газрын даргын Б/458-р Нийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл оногдуулах тухай гэсэн шийдвэр гарсан байгаа. Улмаар тухайн шийдвэрийг мэдэгдсэн. Шийдвэрийг мэдэгдэх үед Н нь ээлжийн амралтаа авчихсан байсан. 2020.4.02-ний өдрөөс эхлэн өвчтэй эмчлүүлж байсан.
Энэ хугацаанд нь Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газраас шалган зааварчилгааны шалгалт орж байна гэж мэдэгдсэн. Шалган зааварчилгааны шалгалт гэдэг нь эрхэлж байгаа албан тушаал дээр нь шалган зааварчилгаа хийж тухайн эрхэлж байгаа ажил, албан тушаалыг сайжруулах талаар санал зөвлөмж өгдөг. Татварын байцаагч, албан тушаалтнуудынхаа үйл ажиллагааг, үр нөлөө, хууль хэрэглээг сайжруулах чиглэлээр зохион байгуулдаг ажил байгаа. Н дээр уг шалгалт ирэхдээ Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын ажил албан тушаал дээр нь ирээгүй. Харин өмнө нь эрхэлж байсан буюу тухайн албан тушаал дээр буцаан томилогдохоор шүүхээр маргаж байсан албан тушаал болох Татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаал дээр нь хяналт шалгалт хийсэн Д.Н нь мэдээж хууль тогтоомжийн дагуу эрхлээгүй байгаа албан тушаалтан дээр нь арга зүйн зааварчилгаа өгөх боломжгүй гэсэн хариуг өгч байсан.
Гэтэл 2020.7.10-ний өдөр ажлаас халах, сахилгын шийдэгдтэл оногдуулах тухай шийдвэр гаргачихсан байгаа. Энэ шийдвэрийг мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргаад маргаж байх явцад хариуцагч хариу тайлбартайгаа хамт Татварын Ерөнхий Газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын шалган зааварчилгааны ажлын тайлан гэдэг тайланг өгсөн байгаа. Уг тайлангийн хувьд бүх шалган зааварчилгаанд орсон албан тушаалтнууд гарын үсэг зураад, гаргасан санал нь байцаагч нарыг сэлгэн ажиллуулах өөр нэгж рүү шилжүүлж байгаа тохиолдолд тухайн өдөрт нь багтаан программд хандах эрхийг хаах чиглэлийг Мэдээлэл технологийн төвд өгнө гэдэг л санал гарсан байгаа. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмээд 2020.6.30-ний өдрийн Татварын ерөнхий газрын удирдлагад санал хүргүүлэх тухай гэсэн 3 хуудас санал тусдаа гарсан байгаа.
Д.Н, С.А, Г гэдэг хүмүүсийг Төрийн албан тушаалын чиг үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллах, улмаар төрийн албанд ажиллах, мэргэжил чадвар, ур чадвар, ёс зүйн шаардлагыг хангаж ажиллах чадваргүй гэж дүгнээд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцох саналыг хүргүүлж байна гэсэн бичиг хүргүүлсэн байгаа. Уг бичиг нь 2020.8.12-ний өдөр буюу тушаал гарсны дараа өгөгдсөн гэдэг нь акт дээр нь байгаа.
Тийм учраас энэ сүүлд гарсан санал дээр үндэслэн шийдвэр гарсан гэж үзэх боломжгүй байгаа. Маргаан бүхий 2 дахь захиргааны актын хувьд Нийн хувьд хэдийгээр 2020.4.02-ний өдрийн тушаалтай маргаж буй буюу Хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэл гаргаад явж байгаа боловч яг одоогоор Бичил татвар төлөгчидтэй харилцах тасгийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байгаа гэтэл өмнө нь эрхэлж байсан албан тушаал дээр нь орсон шалгалтдаа үндэслээд шинэ албан тушаалаас нь халах, чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа нь захиргааны байгууллага эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно. Бичил татвар төлөгчтэй харилцах хэлтсийн ажил, албан тушаал дээр нь ямар нэгэн алдаа зөрчил гарсан зүйл байхгүй. Хуучин албан тушаал дээрээ ч гэсэн алдаа зөрчил гаргасан зүйл байхгүй гэдгийгээ бичгээр өгсөн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбаруудаа бичсэн байгаа хэлэлцүүлгийг явцад тодруулна. Татварын хяналт шалгалтын тасгийн даргыг ажил эрхэлж байхдаа алдаа гаргасан гээд бичил татвар төлөгчтэй харилцах хэлтсийн даргыг ажлаас нь чөлөөлөх буюу Төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байгаа. Бусад хууль тогтоомжийн хувьд төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журам гэж Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2019.4.04-ний өдрийн 36/32 тоот тушаалаар баталсан журам байдаг. Уг журамд заасан зүйлүүд аль нь ч мөрдөгдөөгүй. Төрийн албаны тухай хууль буюу Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актуудыг илтэд зөрчсөн, Захиргааны ерөнхий хуульд заасан журмуудыг баримтлаагүй илтэд зөрчсөн ийм шийдвэрүүд байгаа. Тийм учраас эдгээр захиргааны хууль бус шийдвэр актуудыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгөөч гэж хүсэж байгаа юм” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн 1-р шаардлагын тухайд Татварын алба 2019 онд татварын багц хуулийн шинэчлэлт хийж, хүний нөөцтэй холбоотой бодлого төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлэх шаардлага бий болсон. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайдын 2020 оны 04-р тушаал батлагдсан байгаа. Ингээд Татварын ерөнхий газрын даргад газар, хэлтсийн бүтэц, зохион байгуулалтын чиг үүргийг батлах үүрэг, чиглэлийг өгсний дагуу Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/18-р тушаал гарсан. Ингээд албан тушаалын тодорхойлолтуудыг шинээр баталж ажилласан. Ингээд шинэ бүтэц зохион байгуулалтын хэлбэр лүү орж, Татварын хэлтсийн зарим тасаг, нэгж нэр томьёоны хувьд өөрчлөлт орж өөрчлөн зохион байгуулалтад орсон. Ингээд 4.01-ний өдрийн Б/156-р тушаалаар бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орсон учраас бүх дүүргийн буюу Сүхбаатар дүүрэгтэй холбоотойгоор тайлбар хэлэхэд. Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч, алба хаагч нарыг чөлөөлөөд буцаагаад томилсон. Нийн хувьд 2016 оноос Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 4.01-ний өдрийг хүртэл томилогдсон. Маргаан бүхий Б/156-р тушаалаар Татварын хэлтсийн бүх албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөөд буцаагаад томилсон.
Ингэхдээ Д.Н ийг, хяналт шалгалтын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгчээс нь чөлөөлөөд Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргаар томилсон байгаа. Яагаад ингэсэн бэ гэхээр Д.Нийн хувьд хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байсан. Үүнтэй холбоотой чиглэлүүд очиж байсан. Хамгийн сүүлд гэхэд 2020.3.20-ний өдрийн 0788 -р Ажил сайжруулах чиглэлээр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс буюу Хяналт шалгалтын тасгийн дарга Д.Нт Хяналт шалгалтын албан тушаалын чиг үүрэгтэй холбоотойгоор албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ сайжруулан ажиллах шаардлагатай байна гэдэг, ажил үүргийн хувьд доголдчихсон хэрэгжүүлж чадахгүй байгаа нөхцөл байдал байсан учраас ажил үүргийг сайжруулах талаар чиглэл өгч байсан байдаг. Үндсэндээ Н ийн хувьд албан тушаал бууруулах тухай яригдахгүйгээр удирдлагын түвшинд зөвшилцсөн байх боломжтой, гэхдээ энэ талаар хэрэгт баримт байхгүй. Ийм учраас Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргаар томилсон. Нийн хувьд заавал хяналт шалгалтын тасгийн даргын ажил албан тушаал дээр байх ёстой гэж хэлээд байгааг ойлгохгүй байгаа. Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргаар томилсноор эрх зүйн байдал нь яаж дордсон, ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөд байгаа. Татварын улсын байцаагч гэдэг бол татварын хууль тогтоомжтой холбоотой бүхий л чиг үүргийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ дотроо л салбарын хувьд чиг үүргийн хувьд бичил, жижиг гэдэг Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх асуудал байгаа. Цалин хөлс, хангамжийн хувьд буураагүй. Ямар нэгэн байдлаар эрх зүйн байдал дордоогүй учраас нэхэмжлэгчийг Б/156-р тушаалаар чөлөөлж, томилсноороо нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй байна. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартай сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй гэж байх шиг байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Илтгэх хуудсыг ямар тохиолдолд бичдэг гэвэл татварын хяналт шалгалт хийгээд тухай Хяналт шалгалтад хамрагдсан хугацаанд ямар нэгэн татварын хууль тогтоомж зөрчөөгүй гэж дүгнэсэн тохиолдолд Хяналт шалгалтын томилолт авсан буюу томилолт авсан хоёр байцаагч нь илтгэх хуудсаа бичиж гарын үсгээ зураад нэгжийнхээ хэсгийн дарга Нт танилцуулж хянуулсны үндсэн дээр Д.Н дарга илтгэх хуудсыг хуульд нийцсэн байна гэж үзээд баталгаажуулж Гарын үсэг зурдаг. Энэ үйлдлээ мөн хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглагддаг программд тухай бүрд нь зэрэг бүртгэл хийдэг” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч Д.Н нь “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” Б/156 дугаар тушаалын Д.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Нийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/458 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Нийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/458 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” Б/156 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Д.Нийг Сүхбаатар дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалаас чөлөөлж, тус тушаалын хоёрдугаар хавсралтаар тус дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан тушаалд томилсон байна.
Харин Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Н ийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/458 дугаар тушаалаар “... татварын хяналт шалгалтын нэгжийн даргын албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойш татварын хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн илтгэх хуудсыг баталгаажуулж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн хуульд нийцээгүй шийдвэр гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Н т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудаст хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч гарын үсэг зурж, хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байна.
Нэхэмжлэгч Д.Н нь дээр дурдсан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ба ийнхүү чөлөөлөгдсөнөөс хойш 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цаг 21 минутад илтгэх хуудас, татварын хяналт шалгалтын томилолтыг Fisher системд дуусгавар болгон бүртгэж, хаасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тодруулбал Татварын Ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №11/2957 тоот албан бичгийн хавсралтаар тус шүүхэд ирүүлсэн Fisher системийн мэдээллийн сангийн мэдээлэл болон Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгжийн 2019, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх үйл ажиллагаанд хийсэн шалган зааварчилсан ажлын тайлан, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газарт хүргүүлсэн санал зэрэг хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд “А*******” ХХК-ийн илтгэх хуудас, тус компанийн үйл ажиллагаанд хийсэн татварын хяналт шалгалт хийх томилолтыг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цаг 21 минутад Fisher системд дуусгавар болгон бүртгэн баталгаажуулж, хаасан болох нь нотлогдож байна.
2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газарт хүргүүлсэн санал болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд “албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш “хөндлөнгийн мэдээллээр “А” ХХК нь зөрчилтэй болох нь тогтоогдож байхад зөрчил илрээгүй гэж илтгэх хуудас бичиж, томилолтыг системд дуусгавар болгон бүртгэж, хаасан нь хуульд нийцэхгүй” гэсэн агуулгаар хариуцагч тайлбарлан маргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-д “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч Д.Н нь Хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч буюу төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ чанд биелүүлэх үүрэгтэй ба Татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш илтгэх хуудас, татварын хяналт шалгалтын томилолтыг системд дуусгавар болгон бүртгэж, хаасан зөрчлийг гаргасан болох нь нотлогдож байх тул Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/458 дугаар тушаалыг шүүхээс хүчингүй болгох боломжгүй.
Татварын ерөнхий хуулийн 85 дугаар 85.1-д “Татварын улсын байцаагч, хураагчийн үйлдсэн доор дурдсан зөрчилд холбогдуулж Захиргааны ерөнхий хуулийн 105, 106, 107 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 85.1.2-т “энэ хуульд заасан албан тушаалын эрхээ хэтрүүлсэн, эсхүл үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж” заасан байна.
Дээрхээс үзэхэд Татварын ерөнхий хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д татварын улсын байцаагчийн холбогдох зөрчилд Захиргааны ерөнхий хуулийн 105, 106, 107 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээр тусгайлан, нарийвчлан зохицуулсан байна.
Харин Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна”, 105.2-т “Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна”, 105.2.3.ажлаас халах” гэж тус тус заасан байна.
Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Татварын улсын байцаагчийн Илтгэх хуудсыг хүчингүй болгох тухай” А/167 тоот тушаалаар “... Татварын улсын байцаагч Н.Г, Д.А нар нь “А” ХХК-ийн татвар ногдуулалт төлөлтийн байдалд томилолтын дагуу хяналт, шалгалт хийж илтгэх хуудсыг үйлдэхдээ татварын хууль тогтоомжийн хүрээнд хяналт шалгалтыг хийгээгүй, үндэслэлгүй илтгэх хуудсыг үйлдсэн шинэ нөхцөл байдал хөндлөнгийн мэдээллээр тогтоогдож байх тул” гэсэн үндэслэлээр Илтгэх хуудсыг хүчингүй болгож, шийдвэрлэсэн байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Татварын ерөнхий хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д заасан нарийвчилсан зохицуулалтын дагуу Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Нийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/458 дугаар тушаалыг гаргасан байх тул тус Б/458 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Н ийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/458 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” Б/156 дугаар тушаалын Д.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаалд Д.Нийн албан тушаалыг өөрчилж, өөр албан тушаалд шилжүүлэн томилсон үндэслэл шалтгаанаа заагаагүй нь буруу байна.
Гэвч шүүх Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/458 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/156 дугаар тушаалыг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байх тул тус шаардлагыг мөн шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Н ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 85 дугаар зүйлийн 85.1, 85.1.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3-д тус тус баримтлан “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” Б/156 дугаар тушаалын Д.Н т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Нийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/458 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч Д.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Н ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ