Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/01347

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.А -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Ханхолбогдох,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа С.Батбямбын 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар бүхий “Өргөдөлд хариу өгөх тухай” албан бичиг,  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнгийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар Хариу мэдэгдэх хуудас албан бичиг болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2017 оны 05 сарын 10-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй төлбөрт хураагдсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагчид санал болгох ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хажидмаа, өмгөөлөгч П.Ганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.А нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 сарын 17-ны өдрийн 6054 дугаар захирамжаар Б.Наранчимэгт 71,477,200 төгрөг төлөхөөр болсон. Барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар байр, 43 тоот хаягт байрлах 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тавьсныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилж, хурааж, 2 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй гэдэг үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь миний байрыг Б.Наранчимэгт 37,000,000 төгрөгт тооцон өгч одоо надаас үлдэгдэл төлбөрийг шүүхийн шийдвэргүйгээр гаргуулахаар удаа дараа мэдэгдэл өгсөн тул шийдвэр гүйцэтгэгч Хажидмаагийн мэдэгдэх хуудсыг эс зөвшөөрч тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнд хандаж, дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандаж тус тус хариуг аваад шүүхэд хандаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2017 оны 10 сарын 19-ний өдөр гаргасан хариундаа миний хаягийг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 21а байр 7 тоот гэж буруу бичиж явуулснаас хугацаа алдаж 2017 оны 11 сарын 13-нд хүлээж авсан. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 156/04 тоот мэдэгдэх хуудсаар байраа чөлөөл гэсэн мэдэгдэл ирлээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь миний эрх ашгийг удаа дараа зөрчиж байгаа тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740, 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү.

Мөн орон сууцыг төлбөр авагчид санал болгох ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй тул хүчингүй болгож өгнө үү  гэв.

           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь:

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014.12.17-ны өдрийн 6054 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Арслангийн Алтанцэцэгээс 71,477,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Наранчимэгт олгохоор шийдвэрлэсэн.

Хариуцагч нь сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учраас төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Талууд үнэлгээн дээр тохиролцоогүй учраас барьцаа хөрөнгийг шинжээч томилж шинжээч 74,000,000 төгрөгөөр үнэлсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үурэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгуүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж заасны дагуу барьцаа хөрөнгийг 51,800,000 төгрөгөөр үнэлж анхны албадан дуудлага худалдаанд оруулсан оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Мөн Иргэний хуулийн 177.4-т “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж заасны дагуу барьцаа хөрөнгийг 37,000,000 төгрөгөөр үнэлж хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй.

Санал болгох хурал 2017.05.10-ны өдөр болсон ба үүнд төлбөр авагч Б.Наранчимэг, төлбөр төлөгч А.Алтанцэцэг, барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч А.Отгоннэргүй нар оролцсон. Санал болгох хурлаар төлбөр төлөгчид төлбөрөө төлж барьцаа хөрөнгөө авах 21 хоногийн хугацаа өгсөн боловч нэг ч төгрөг төлөөгүй.

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно”, 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана” гэж тус тус заасан байдаг. Мөн Шүүхийн ишйдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагаанд энэ хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гаргасан гомдлыг гомдол гаргагчид буцааж, гомдол гаргаагүйд тооцно” гэж заасан нь нэхэмжлэгч А.Алтанцэцэг гомдол, нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

Нэхэмжлэгч А.Алтанцэцэг хуульд заасны дагуу санал болгох хурлаас хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй мөртлөө 5 сарын дараа шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх нэрийдлээр санал болгох хурлыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нь 1-т гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, 2-т ИХШХШТхуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн..” гэж заасныг тус тус зөрчсөн. Иймээс шүүх ИХШХШТХуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Төлбөр төлөгч А.Алтанцэцэг нь шүүхэд хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, төлөх ёстой төлбөрөөсөө нэг ч төгрөг төлөөгүйн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, 2013.9.02-нд авсан зээлээ төлөхгүй 5 жил болж, шүүхэд 2014.10 сард нэхэмжлэл гарган хүү зогссоноос хойш 4 жил мөнгийг хүүгүйгээр ашиглаж төлбөр авагчийн эрх ашгийг ноцтой хохироож байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Алтанцэцэг нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа С.Батбямбын 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар бүхий Өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг,  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнгийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар Хариу мэдэгдэх хуудас албан бичиг болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 сарын 10-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй төлбөрт хураагдсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагчид санал болгох ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 сарын 17-ны өдрийн 6054 дугаар захирамж, 2015 оны 03 сарын 03-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураан авч хуульд заасан ажиллагааг явуулсан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01189 дугаар шийдвэрээр А.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээ тогтоосон болон үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаа, хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагаа үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон ажиллагааг зөвшөөрөхгүй байгаа ба уг ажиллагааны талаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад энэ албан бичгээр хариу өгсөн, уг хариуг зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан,

2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаартай мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын хувьд үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон ажиллагаатай холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасантай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгөх хүсэлт гаргасныг татгалзсан хариу өгснийг зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тайлбарласан.

Нэхэмжлэлийн шаардлага болох 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаартай Өргөдөлд хариу өгөх тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа С.Батбямбын гарын үсэг бүхий албан бичиг, төлбөр төлөгч А.Алтанцэцэгийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдолд хариу өгсөн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаартай хариу мэдэгдэх хуудас зэрэг албан бичгүүд нь нэхэмжлэлийн 3 дахь шаардлага болох 2017 оны 05 сарын 10-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй төлбөрт хураагдсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагчид санал болгох ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлтэд өгсөн хариу байх тул шүүх дээр дурдсан ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөхөд хамт шийдвэрлэгдэх шаардлагууд гэж үзлээ. 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 сарын 10-ны өдрийн санал болгох ажиллагаагаар төлбөрт хураагдсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар байр, 43 тоот хаягт байрлах 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг төлбөр төлөгчид 21 хоногийн хугацаа өгч, барьцаа хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдааны үнэ болох 37,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд өмчлөгч авах, төлөөгүй тохиолдолд 37,000,000 төгрөгт тооцон төлбөр авагчид шилжүүлж өгөхөөр шийдвэрлэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан санал болгох ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлсэн ажиллагаатай холбогдуулан гаргасан А.Алтанцэцэгийн гомдлыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 05 сарын 22-ны өдрийн 03 дугаартай тогтоол /хх-52 тал/-оор хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн байх ба  уг тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан А.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 181/ШЗ2017/09657 дугаартай “Нэхэмжлэлийг буцаах тухай” захирамжаар  нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 74,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар байр, 43 тоот хаягт байрлах 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1, 2 дахь дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул 2 дахь албадан дуудлага худалдааны үнэ болох 37,000,000 төгрөгөөр төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтад нийцээгүй, төлбөрийн дүнд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ дүйцээгүй төлбөр төлөгч талдаа хэтэрхий хохиролтой, төлбөр төлөгчийн өмчийг үнэгүйдүүлэн түүний эрх ашиг нь дордсон байдлыг бий болгосон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны  хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.-д заасан албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно гэсэн ойлголт нь уг эд хөрөнгийн хоёрдахь албадан дуудлага худалдааны үнэлгээгээр төлбөр авагчид төлбөрт тооцон санал болгох эрх олгосон заалт биш бөгөөд албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй эд хөрөнгө үнийн хувьд төлбөрийн хэмжээ, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлын нийт үнийн дүнд ойролцоо, дүйцэхүйц хэмжээнд байх нь энэхүү заалтын агуулга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, шуурхай, энэрэнгүй байх зарчимд үндэслэнэ” гэсэн агуулга, зорилго, зарчимд нийцнэ.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан 2017 оны 05 сарын 10-ны өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон ажиллагаатай холбогдуулан болон уг ажиллагаанд холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа С.Батбямбын 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар бүхий “Өргөдөлд хариу өгөх тухай” албан бичиг,  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнгийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар “хариу мэдэгдэх хуудас” албан бичиг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.дахь хэсэгт заасан журмаар гомдол гаргасны хариу албан бичиг бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа тогтоол, шийдвэрт хамаарахгүй тул эдгээр  албан бичгийг хүчингүй болгох шаардлагагүй юм.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа С.Батбямбын 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаартай өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнгийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар “хариу мэдэгдэх хуудас” албан бичгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3., 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг тус тус баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан 2017 оны 05 сарын 10-ны өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгож,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар бүхий “Өргөдөлд хариу өгөх тухай” албан бичиг,  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнгийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар “хариу мэдэгдэх хуудас” албан бичгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БААТАР