Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2018/00847

 

 

 

   2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2018/00847

        Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж, 15а байр, 31 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Лувсанбалдангийн  /рд:ЦГ67041826/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө 10а, Багшийн хөгжлийн ордонд оршин байгаа, Нийслэлийн боловсролын газарт холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин 7,662,293 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л., хариуцагчийн төлөөлөгч А.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Гантулгын 2016 оны 11 сарын 22-ны өдрийн Б/166 дугаар тушаалаар ажлаас хууль бусаар үндэслэлгүй халагдаж Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0475 дугаар шийдвэрээр Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны Б/166 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан 6 сар 17 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийх, тэмдэгтийн хураамж гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч Нийслэлийн боловсролын газар нь дээд шатны шүүхүүдэд гомдол гаргаснаар Л. би 1 жил 1 сар буюу 13 сар ажилгүй байсан.

Миний бие Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 221/МА2017/0661 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 463 дугаар тогтоолоор тус тус хууль бусаар ажлаас халагдсан нь тогтоогдсон тул Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга нь 2017 оны 12 сарын 20-ны өдрийн Б/186 дугаар тушаалаар 2018 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн ажилд эгүүлэн томилсон.

Л. би Нийслэлийн боловсролын газраас шалтгаалан сүүлийн 6 сар 13 хоног ажилгүй, цалингүй байсан тул 2017 оны 06 сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1, 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин 7,662,293 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж, намайг хохиролгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Л.ыг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0475 дугаар шийдвэр нь Улсын дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 463 тогтоолоор хүчин төгөлдөр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй.

Нэхэмжлэгч Л. нь шүүх хуралд өөрийн биеэр оролцсон бөгөөд Улсын дээд шүүхийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 463 дугаар тогтоолыг мэдсэн үеэс Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д зааснаар 2018 оны 02 сарын 13-ны хүртэл гомдол гаргах эрхтэй байхаар байна. Төрийн албаны тухай хуулийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байдаг. Мөн хуулийн 125.1-д “Ажил олгогч, ажилтны хооронд гарсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар үзэхэд хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүхэд аль алинд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан гомдол гаргах хугацаа хамаарахаар байна.

Гэтэл нэхэмжлэгч Л. нь 2018 оны 03 сарын 01-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3-т “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нотлох баримт, хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн Б/166 тоот тушаалыг илт хууль бус захиргааны актад тооцож бүхэлд нь хүчингүй болгох, өмнө эрхэлж байсан Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшууллыг нөхөн буруутай этгээдээс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх шаардлага гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0475 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Төрийн албаны тухай хуулийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасныг тус тус баримтлан Л.д 2016 оны 11 сарын 22-ны өдрөөс 2017 оны 06 сарын 15-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны 6 сар 17 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож Л.д олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн боловсролын газрын даргад даалгасныг хариуцагч биелүүлсэн бөгөөд нэхэмжлэгч үүнтэй маргаагүй.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Л.ын нэхэмжлэлд дурьдсан ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан.

 

Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн болон Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л. нь ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 06 сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,662,293 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлага гаргасныг хариуцагч Нийслэлийн боловсролын газар эс зөвшөөрч маргаж байна.

 

Хариуцагч нь түүнд холбогдуулан гаргасан шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа хэмээн тайлбарлаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр Л.ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0475 дугаар шийдвэрээр Л.ыг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 11 сарын 22-ны өдрөөс 2017 оны 06 сарын 15-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны 6 сар 17 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг Л.д олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн боловсролын газрын даргад даалган шийдвэрлэжээ. /хх-5-17х/

 

Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 221/МА2017/0661 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 463 дугаар тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. /хх-18-24х/

 

Нэхэмжлэгч Л. нь Нийслэлийн боловсролын газрын даргын 2017 оны 12 сарын 20-ны өдрийн “Л.ыг ажилд томилох тухай” Б/186 дугаар тушаалаар 2018 оны 01 сарын 02-ны өдрөөс урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон байх ба энэ талаар зохигч талууд маргадаггүй. /хх-28х/ 

 

Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг Улсын дээд шүүх 2017 оны 11 сарын 13-ны өдөр эцэслэн шийдсэн байтал ажил олгогч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг 2017 оны 12 сарын 20-ны өдөр биелүүлж тушаал гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг ажилд томилсон тушаал гарсан үеэс тоолно.

 

Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан гурван сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрээр 2017 оны 06 сарын 15-ны өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг Л.д олгохоор шийдвэрлэсэн байдаг.

 

Нэхэмжлэгч Л.ын гаргуулахыг хүссэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нь дээр дурдьсан хугацаанаас хойшхи хугацаа буюу 2017 оны 06 сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарч байх тул хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй хэмээн үзэх үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаан” гэдэгт анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс Л.ыг ажилд томилсон өдөр хүртэлх хугацааг хамааруулан ойлгоно.

 

Учир нь Л.ыг үндэслэлгүйгээр халаагүй бол дээр дурьдсан хугацаанд Л. нь ажил үүргээ гүйцэтгэж, холбогдох цалин хөлсийг аваад явах байсан гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдсон өдөр хүртэлх хугацааны буюу 2017 оны 06 сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хэрэгт авагдсан Л.ын цалингийн тодорхойлолтыг нэхэмжлэгч Л. өөрөө, мөн түүний шууд удирдлагад ажилладаг нягтлан бодогч гаргасан байх тул шүүх уг цалингийн тодорхойлолтыг үндэслэн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцох нь үнэн зөвд нийцэхгүй гэж үзэв. /хх-29-30х/

 

Харин хэрэгт нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар авагдсан байх тул түүнд тэмдэглэгдсэн цалин хөлсний тооцооллоос ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцох нь зүйтэй байна. /хх-25-27х/

 

Дундаж цалин хөлсийг тооцоход (1,089,349 + 1,077,349 + 1,083,349) : 3 = 1,083,349 төгрөг гарч байх ба ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоход (1,083,349 төгрөг х 6 сар) + (1,083,349 төгрөг : 22 өдөр х 12 өдөр) = 6,500,094 + 590,918 = 7,091,012 төгрөг гарч байна.

 

Иймд хариуцагч Нийслэлийн боловсролын газраас 7,091,012 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.д олгож, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн боловсролын газарт даалгаж, үлдэх 571,281 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч Нийслэлийн боловсролын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7,839,847 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.д олгож, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн боловсролын газарт даалгаж, үлдэх 571,281 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн боловсролын газраас улсын тэмдэгтийн хураамж 128,406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.д буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.