Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1095

 

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/01095

 

 

Л.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00847 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Ж-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НБГ-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 662 293 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Ж-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/166 дугаар тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй халсан. Уг тушаалд гомдол гаргаж улмаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0475 дугаар шийдвэрээр Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны Б/166 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан 6 сар 17 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийх, тэмдэгтийн хураамж гаргуулахаар шийдвэрлэсэн.

Гэвч НБГ- нь дээд шатны шүүхүүдэд гомдол гаргаснаар би 1 жил 1 сар буюу 13 сар ажилгүй байсан. Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0661 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 463 дугаар тогтоолоор тус тус хууль бусаар ажлаас халагдсан нь тогтоогдсон тул Нийслэлийн боловсролын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/186 дугаар тушаалаар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажилд эгүүлэн томилсон.

Би Нийслэлийн боловсролын газраас шалтгаалан 6 сар 13 хоног ажилгүй, цалингүй байсан тул 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 662 293 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Ж-ыг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0475 дугаар шийдвэр нь Улсын дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 463 тогтоолоор хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч Л.Ж- нь шүүх хуралд өөрийн биеэр оролцсон бөгөөд Улсын дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 463 дугаар тогтоолыг мэдсэн үеэс буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 02 дугаар сарын 13-ны хүртэл гомдол гаргах эрхтэй байна. Нэхэмжлэгч Л.Ж- нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нотлох баримт, хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй байна.

нэхэмжлэгч Л.Ж-ын нэхэмжлэлд дурьдсан ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн болон Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч Нийслэлийн боловсролын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7 839 847 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ж-д олгож, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч НБГ-т даалгаж, үлдэх 571 281 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн боловсролын газраас улсын тэмдэгтийн хураамж 128 406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ж-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх шүүхийн шийдвэрийг амаар тайлбарлахдаа жишээ нь 7 жил шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, тушаал гаргаагүй тохиолдолд тушаал гарсан өдрөөс хугацааг тоолно, танайх хэзээ тушаал гаргахыг мэдэхгүй бол ажилгүй байсан хугацаа, цалин хөлсийг нэхэмжлэгч тодорхойлох боломжгүй хэмээн тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмерийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Мөн хуулийн 125 дугаар зуйлийн 125.1 дэх хэсэгт "Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ." гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн марган таслах комисс, шүүхэд аль алинд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацаа хамаарахаар байна.

Нэхэмжлэгч Л.Ж- нь шүүх хуралд өөрийн биеэр оролцсон бөгөөд Улсын дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-наас өдрийн 463 дугаар тогтоолыг мэдсэн үеэс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар гомдол гaprax эрхтэй байхад хүндэтгэн үззх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлж 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийг гаргасан гэж үзэж байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Л.Ж- нь хариуцагч НБГ-т холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 662 293 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0475 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0661 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 463 дугаар тогтоолоор Л.Ж-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны 6 сар 17 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Л.Ж-ыг ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэдэг нь тогтоогдсон ба уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилсэн болох нь Нийслэлийн боловсролын газрын даргын Б/186 дугаар тушаал, талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй бол түүнээс үүсэх эрх зүйн үр дагавар болох олговрыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн томилсон тушаал гарах хүртэл буюу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааг 6 сар 12 хоногоор тогтоож, урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Ажил олгогч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж тушаал гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг ажилд томилсон тушаал гарсан үеэс тоолно гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00847 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

                                               

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА