Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2018/00935

 

 

 

 

  2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2018/00935

          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, 30-р байр, 21 тоот хаягт оршин суух, Шаргачууд овогт Равдмаагийн  /рд:ХН62020463/,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Барилгачид 5 гудамж, 144 тоот хаягт оршин суух, Шаргачууд овогт Равдмаагийн  /рд:ХН69100161/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сити хөгжил оффис, 304 тоот хаягт оршин байгаа, “” ХХК /рд:5461944/-д холбогдох,

 

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Алтай 14 гудамж, 431а, 432б, 433а тоот байршил дээр баригдаж буй Монтед цогцолбор хорооллын 1-р блок байрны 1-р орц, 3-р давхрын А загварын 50.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, уг орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн бүртгэлийг Улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Р.ийн төлөөлөгч Р., түүний өмгөөлөгч Т.Ууганбаяр, Б.Сонинбайгаль, хариуцагчийн төлөөлөгч Б.Сэнгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эгч дүү Р., Р. бид “Гариг констракшн” ХХК болон “” ХХК-иудтай 2016 оны 07 сарын 05-ны өдөр “Орон сууц захиалах гэрээ”, “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, 2017.07.05-ны өдөр “Гариг констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжил банк дахь 4710111142 тоот дансанд орон сууцны үнэ 39,895,000 төгрөгийг Р.ийн нэрээр бүрэн төлсөн.

“Гариг констракшн” ХХК, “” ХХК-иуд нь гэрээний дагуу бидэнд Сүхбаатар дүүргийн 9-р хороо, орон сууцны 7-р хороолол, Алтай 14 гудамжны 431а, 432б, 433а байршил дээр баригдаж буй Монтед цогцолбор хорооллын 1 дүгээр блок байрны 1-р орц, 3 давхрын 50.5 м.кв талбайтай 2 өрөө бүхий А загварын орон сууцыг 2017 оны 1-р улиралд хүлээлгэн өгөх ёстой байсан боловч гэрээний гүйцэтгэгч тал болох “” ХХК нь дээрх 50.5 м.кв талбай бүхий орон сууцыг захиалагч бидний өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байна.

“” ХХК-ийн захирал Б.Мөнхбаттай хэд хэдэн удаа уулзаж санал солилцоход тэр “таны 28,000,000 төгрөг манай дансанд орж ирсэн” гэдгээ хүлээн зөвшөөрч, “харин энэ санхүүжилтэн дээрээ нэмж мөнгө төлөөд орон сууц захиалах гэрээг шинээр байгуулж болно. Харин “Гариг констракшн” ХХК-ийн дутуу шилжүүлсэн гэх 11,895,000 төгрөгийг манай компани хариуцахгүй” гэж тайлбарласан юм.

Гэтэл 2017 оны 7 сараас эхлэн нэмэлт гэрээ, санхүүжилт хийхээр оффист нь байнга очиход захирал Б.Мөнхбат байхгүй, утсаа авахгүй, мөн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын мэдэгдэх хуудсыг хүлээн авсан атлаа уулзалтанд ирэхгүй зэргээр 28,000,000 сая төгрөгийг бидэнд буцааж төлөх, эсхүл шинээр нэмэлт гэрээ хийх талаар тодорхой хариу өгөхгүй байна.

Иймд Р., Р. нарыг Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, орон сууцны 7-р хороолол, Алтай 14 гудамж, 431а, 432б, 433а байршил дээр баригдаж буй Монтед цогцолбор хорооллын 1-р блок байрны 1-р орц, 3 давхрын А загварын 50.5 м.кв талбайтай 2 өрөө байрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, уг орон сууцыг Р., Р. нарын өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн бүртгэлийг Улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Р., Р. нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нараас орон сууцны төлбөр аваагүй бөгөөд “Гариг констракшн” ХХК-иас урьдчилгаа болгож төлсөн бүх мөнгийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс битүүмжилсэн тухай бидэнд мэдэгдсэн.

Нэхэмжлэгч Р.ийг “Гариг констракшн” ХХК-ийн захирал Д.Мөнхтөрд холбогдох эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“Гариг констракшн” ХХК нь манай “” ХХК-д хандаж, 2016 оны 06 сарын 21-ний өдөр 10 ширхэг орон сууц захиалах гэрээ байгуулсан. 1 м.кв талбайг 1,300,000 төгрөг байхаар тохиролцсон. Төлбөрийг бөөнд нь төлсөн тохиолдолд 1,200,000 төгрөг байхаар тохирсон. “” ХХК-д эхний төлбөрөө төлсөн байдаг. Харин сүүлийн төлбөрөө хийгээгүй.

Улмаар “” ХХК-тай 10 байртай холбоотой гэрээг цуцалсан байдаг. “Гариг констракшн” ХХК, “”, Р. нартай байгуулсан гурван талт гэрээ байгаа. Уг гэрээнд захиалагч тал, гүйцэтгэгч тал гэж байгаа. Гүйцэтгэгч тал нь “” ХХК, захиалагч тал нь “Гариг констракшн” ХХК, Р. нар байгаа. Захиалагч талууд хоорондоо үнээ тохиролцох ойлголт байхгүй.

Зах зээл дээр хотын төвд нэг м.кв нь 800,000 төгрөгийн дундаж үнэтэй байр хаана ч байхгүй. “Гариг констракшн” ХХК-тай байгуулсан гэрээнд орон сууцыг бусдад барьцаалах, бэлэглэх, үнийг бууруулан худалдах зэргийг хориглоно гэж тодорхой заасан байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р., Р. нар нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан, гэрээний дагуу шилжүүлсэн 28,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Алтай 14 гудамж, 431а, 432б, 433а тоот байршил дээр баригдаж буй Монтед цогцолбор хорооллын 1-р блок байрны 1-р орц, 3-р давхрын А загварын 50.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, уг орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн бүртгэлийг Улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

 

Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Р., Р. нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

“” ХХК, “Гариг констракшн” ХХК, Р., Р. нар 2016 оны 07 сарын 05-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” гэх гэрээг байгуулсан байна. /хх-6-7х/

 

Уг гэрээгээр “” ХХК нь Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 7-р хороолол, Алтай 14 гудамжны 431а, 432б, 433а тоот байршилд баригдаж буй орон сууцны 1-р орц, 3 давхрын 50.5 м.кв талбай бүхийн 2 өрөө А загварын орон сууцыг 2017 оны 01 сард батлагдсан зургийн дагуу барьж ашиглалтанд оруулах, Р., О. нар “Гариг констракшн” ХХК-д хэлэлцэн тохиролцсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-6-7х/

 

Нэхэмжлэгч Р., Р. нар нь гэрээнд заасны дагуу төлбөрөө төлсөн учир орон сууцыг өмчлөх эрхтэй гэж өөрийн шаардлага, үндэслэлийг тайлбарладаг бол хариуцагч “” ХХК нь захиалагч Р., Р. нараас нэг ч төгрөг хүлээн аваагүй, тухайн үед орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,200,000-1,300,000 төгрөгөөр тооцож байсан тул 1 м.кв талбайн үнийг 800,000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн нь үндэслэлгүй, орон сууцны захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ цуцлагдсан, тухайн орон сууцыг гуравдагч этгээдэдийн өмчлөлд шилжүүлсэн байгаа, маргаан бүхий асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж өөрийн татгалзал, үндэслэлийг тайлбарлан маргажээ.

 

а/. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар.

 

Зохигч талууд гэрээг “Ажил гүйцэтгэх гэрээ” гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд үүссэн харилцааны шинж, агуулга зэргээс үзэхэд “” ХХК, “Гариг констракшн” ХХК, Р., Р. нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Учир нь, ажил гүйцэтгэх гэрэний харилцаанд захиалагчийн хүсэл зоригоос хамааран шинээр бий болох эд хөрөнгийн хэлбэр, хэмжээ, өнгө, загвар г.м шинж чанарууд тодорхойлогддог байтал манай тохиолдолд “” ХХК нь батлагдсан зургийн дагуу орон сууцны барилгыг барьж, ашиглалтанд оруулах үүргийг хүлээсэн бөгөөд баригдах орон сууцны хэлбэр, хэмжээ, өнгө, загвар г.м  шинж чанарууд нь Р., Р. нарын хүсэл зоригоос хамааралгүйгээр урьдчилан тодорхойлогдсон байна.

 

б/. “” ХХК, “Гариг констракшн” ХХК-иуд Р., Р. нарын хувьд хамтран үүрэг гүйцэтгэгч болох талаар.

 

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу нэхэмжлэгч Р., Р. нар 2016 оны 07 сарын 05-ны өдөр 39,895,000 төгрөгийг “Гариг констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 471011142 тоот дансанд тушаасан байна. /хх-8х/

 

Иймд гэрээнд заасны дагуу “Гариг констракшн” ХХК-д шилжүүлсэн төлбөрийн хэмжээгээр “” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ Р., Р. нар биелүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу “” ХХК, “Гариг констракшн” ХХК-иуд хамтран үүрэг гүйцэтгэгч болно.

 

в/. Р., Р. нарын шаардах эрхийн талаар.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний дагуу “” ХХК нь орон сууцыг Р., Р. нарын өмчлөлд шилжүүлэх, Р., Р. нар нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

“Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1-т “Гариг констракшн” ХХК-д захиалагч тал төлбөрөө 100% төлнө”, 4 дүгээр зүйлийн 4.11-т “Улсын комисс хүлээн авсан орон сууцыг “Гариг констракшн” ХХК-тай тооцоо дууссан албан бичгийг үндэслэн Захиалагч Б талд хүлээлгэн өгнө”, 4.25-д “Зөвхөн төлбөрөө 100% төлсөн нөхцөлд орон сууцыг хүлээн авна”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиалагч нь гэрээний дагуу төлөх төлбөрийг “Гариг констракшн” ХХК-д бүрэн төлсөний дараа түлхүүрийг гардан авах ба энэ талаар мэдээллийг Захиалагч А тал гаргаж өгнө” гэж тус тус зааснаас үзэхэд Р., Р. нар нь “Гариг констракшн” ХХК-д төлбөрийг бүрэн төлснөөр үүргээ гүйцэтгэсэнд тооцох ба улмаар орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн өгөхийг хариуцагч “” ХХК-иас шаардах эрхтэй.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу Р., Р. нар гэрээний үүргийг өөрийн үзэмжээр “Гариг констракшн” ХХК, “” ХХК-ийн аль нэгээс шаардах эрхтэй.

 

“Гариг констракшн” ХХК нь Р., Р. нарын шилжүүлсэн мөнгийг цааш нь “” ХХК-д шилжүүлсэн эсэх нь нэхэмжлэгч нарын шаардах эрхэд нөлөөлөхгүй гэж үзэв.

 

Учир нь, “Гариг констракшн” ХХК, “” ХХК-иудын хоорондын тохиролцооноос шалтгаалан гэрээний дагуу төлбөр төлсөн этгээд хохирох учиргүй юм.

 

г/. Р., Р. орон сууцны үнийг шилжүүлэх үүргээ бүрэн буюу зохих ёсоор биелүүлсэн эсэх талаар.

 

Өмнө дурьдсанчлан Р., Р. нар гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу 39,895,000 төгрөгийг “Гариг констракшн” ХХК-д шилжүүлсэн болох нь нотлогддог. /хх-8х/

 

Гэсэн хэдий ч дээр дурьдсан 39,895,000 төгрөг нь орон сууцны нийт үнэ мөн эсэхийг тодорхойлох нь нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн /”Гэрээний үнэ” гэх/ 2.1-т “Орон сууцны байр нь тухайн байрны нийт талбайгаар тооцсон 50.5 м.кв талбайтай байна” хэмээн зааснаас үзэхэд талууд гэрээний үнийг гэрээнд шууд заагаагүй боловч Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-т зааснаар гэрээний үнийг м.кв-аар тооцох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцсон байна гэж үзэв.

 

Хэргийн 12-р хуудаст авагдсан гар бичмэлийг нэхэмжлэгч нь “” ХХК-ийн захирал Б.Мөнхбаттай уулзах үед түүний гараар бичиж өгсөн тооцоо гэж тайлбарласан ба уг гар бичмэлд “1 м2 – 1,350,000, 1 м2 – 1,200,000”, “Гариг 39,000,000”, “Мөнгөн төл 28,000,000”, “66,000,000 – 100%, “Төлбөрөө барагдуулж байж” гэж тус тус бичсэн байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурьдсан ““” ХХК-ийн захирал Б.Мөнхбаттай хэд хэдэн удаа уулзаж санал солилцоход тэр “таны 28,000,000 төгрөг манай дансанд орж ирсэн” гэдгээ хүлээн зөвшөөрч, “харин энэ санхүүжилтэн дээрээ нэмж мөнгө төлөөд орон сууц захиалах гэрээг шинээр байгуулж болно ... гэж тайлбарласан”, “Гэтэл 2017 оны 7 сараас эхлэн нэмэлт гэрээ, санхүүжилт хийхээр оффист нь байнга очиход захирал Б.Мөнхбат байхгүй, утсаа авахгүй ... байна” гэсэн тайлбар, мөн хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан ““Гариг констракшн” ХХК нь манай “” ХХК-д хандаж, ... 1 м.кв талбайг 1,300,000 төгрөг байхаар тохиролцсон”, “Зах зээл дээр хотын төвд нэг м.кв нь 800,000 төгрөгийн дундаж үнэтэй байр хаана ч байхгүй” гэсэн тайлбарыг тус тус үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй байна. 

Түүнчлэн, нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч талаас гаргуулсан “” ХХК болон “Хангарьд пропертийз” ХХК нарын байгуулсан 2016 оны 05 сарын 27-ны өдрийн 09 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-нд 50.5 м.кв талбай бүхий А загварын орон сууцны нийт үнэ 60,600,000 төгрөг байгааг дурьдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгч Р., Р. нараас төлсөн 39,895,000 төгрөгийг 50.5 м.кв талбай бүхий А загварын орон сууцны нийт үнэ гэж үзэх боломжгүй, улмаар Р., Р. нар орон сууцны үнийг 100% төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үзэв.

 

д/. Худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон эсэх талаар.

 

Нэхэмжлэгч талаас гаргасан “” ХХК-ийн 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 36 тоот албан бичиг нь төлбөр төлөгдөөгүй учир орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж байгаа агуулгатай байна. /хх-9х/

 

Өмнө дурьдсанчлан худалдан авагч Р., Р. нар орон сууцны үнийг 100% төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул “” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу гэрээг цуцлах эрхтэй байна.

 

 Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ ““” ХХК-ийн захирал Б.Мөнхбаттай хэд хэдэн удаа уулзаж санал солилцоход тэр “таны 28,000,000 төгрөг манай дансанд орж ирсэн” гэдгээ хүлээн зөвшөөрч, “харин энэ санхүүжилтэн дээрээ нэмж мөнгө төлөөд орон сууц захиалах гэрээг шинээр байгуулж болно ... гэж тайлбарласан” хэмээн дурьдсанаас үзэхэд “” ХХК нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасан журмыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй.

 

е/. Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй эсэх талаар.

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 201725020897 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэх тухай” тогтоол, 2017 оны 05 сарын 26-ны өдрийн “Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол” зэргээс үзэхэд иргэн Б.Цолмонгэрэлийн бартерийн байр хямдхан зарна гэж залилан мэхэлсэн гэсэн агуулгатай гомдлоор “Гариг констракшн” ХХК-ийн захирал Д.Мөнхтөрд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн, уг эрүүгийн хэрэгт Р.ийг хохирогчоор буюу хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон болох нь нотлогдож байна. /хх-67х, 70х, 74х/

 

Дээр дурьдсан эрүүгийн хэрэг нь Р., Р. нарын “” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний маргаанд хамааралгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

 

Мөн нэхэмжлэгч Р. нь “Гариг констракшн” ХХК-д холбогдуулан гаргасан гомдлоосоо татгалзах тухай хүсэлтээ Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт илэрхийлсэн хэмээн тайлбарладгийг дурьдах нь зүйтэй. /хх-82х/

 

ж/. Р., Р. нараас төлсөн 39,895,000 төгрөгийн тухайд.

 

Өмнө дурьдсанчлан Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу Р., Р. нар гэрээний дагуу төлсөн 39,895,000 төгрөгийг өөрийн үзэмжээр “Гариг констракшн” ХХК, “” ХХК-ийн аль нэгээс шаардах эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй гэж үзэв.

 

Дээр дурьдсан үндэслэлээр “” ХХК-д холбогдуулан гаргасан Р., Р. нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар “” ХХК-д холбогдох, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Алтай 14 гудамж, 431а, 432б, 433а тоот байршил дээр баригдаж буй Монтед цогцолбор хорооллын 1-р блок байрны 1-р орц, 3-р давхрын А загварын 50.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, уг орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн бүртгэлийг Улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай, Р., Р. нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 25 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.