Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2018/01057

 

 

 

 

   2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2018/01057

           Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Дэнж 5 гудамж, 182 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Гөнтөмөрийн  /рд:УИ88051301/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Алтай 27 гудамж, 103 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Бэх-Очирын  /рд:ЧБ69050926/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 51,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.д 2017 оны 08 сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 08 сарын 17-ны өдөр 15,000,000 төгрөг 7 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэй, 2017 оны 08 сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг 7 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэй тус тус баримт үйлдэж зээлдүүлсэн.

Улмаар Б. нь зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд төлөхийг шаардсан боловч удахгүй төлнө гэсээр өдийг хүрсэн.

Иймээс Б.гаас үндсэн зээл 45,000,000 төгрөг, сарын 5 хувийн хүүгээр бодож 3 сарын хүү 6,750,000 төгрөг, нийт 51,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2017 оны 08 сарын 14-ний өдөр Г.гаас 3 тасдаж 45,000,000 төгрөгийг зээлсэн нь үнэн боловч энэ мөнгөнөөс 28,050,000 төгрөгийг буцааж төлсөн.

Гэтэл Г. нь намайг мөнгө төлөөгүй мэтээр нэхэмжлэлдээ бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн дээрх Г.гийн мөнгийг авахдаа хүүгийн талаар огт тохиролцоогүй.

1/. 2017 оны 08 сарын 14-ний өдөр авсан 20,000,000 төгрөгөөс 14,000,000 төгрөгийг буцааж өгсөн:

а/. 2017.08.14-ний өдөр Т.Мягмарсайхан, Г. нар 9,500,000 төгрөгийг Д.Ангарагтуяагийн дансанд хий гэж хэлсний дагуу Т.Мягмарсайхан, Д.Ангарагтуяа бид 3 хамт явж байгаад Ардын эрхийн Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн.

б/. Мөн өдрөө Т.Мягмарсайхан нь Буянхишиг гэж Капитал банкны хүнд 2,500,000 төгрөгийг өгөх хэрэгтэй боллоо гээд Д.Ангарагтуяагийн дансаар дамжуулж авсан.

в/. 2017.08.14-ний өдөр Т.Мягмарсайхан нь Г.гийн ээж Т.Мэндсайханы Хаан банкны дансаар 2,000,000 төгрөг шилжүүл гэсний дагуу би өөрийн Хаан банкны дансаар шилжүүлж өгсөн.

2/. 2017.08.17-ны өдөр авсан 15,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг буцааж өгсөн:

а/. 2017 оны 08 сарын 17-ны өдөр Г., Т.Мягмарсайхан нар 1,500,000 төгрөгийг шилжүүл гэсний дагуу миний нөхөр М.Элдэв-Очирын Хаан банкны данснаас Г.гийн дансанд шилжүүлсэн.

б/. 2017.08.21-ний өдөр 2,000,000 төгрөгийг мөн М.Элдэв-Очирын данснаас Г.гийн дансанд шилжүүлсэн.

в/. 2017.08.23-ны өдөр Т.Мягмарсайхан, Г.гийн хэлснээр 1,000,000 төгрөгийг Т.Мягмарсайханы нөхөр гэх Чинзоригийн дансанд мөн М.Элдэв-Очирын данснаас шилжүүлсэн.

г/. 2017.08.28-ны өдөр 1,500,000 төгрөгийг Г.гийн дансанд нөхөр М.Элдэв-Очирын данснаас шилжүүлсэн.

д/. 2017.08.30-ны өдөр 2,000,000 төгрөгийг Г.гийн дансанд М.Элдэв-Очирын данснаас шилжүүлсэн.

3/. 2017 оны 08 сарын 22-ны өдөр авсан 10,000,000 төгрөгөөс 6,050,000 төгрөгийг буцааж өгсөн:

а/. 2017.08.23-ны өдөр 150,000 төгрөгийг Т.Мягмарсайхан, Г. нарын хэлснээр Чулуунцэцэг гэдэг хүний дансанд М.Элдэв-Очирын данснаас шилжүүлсэн.

б/. Мөн өдрөө 250,000 төгрөгийг тэдний хэлсний дагуу Отгонцэцэг гэдэг хүний дансанд шилжүүлсэн.

в/. 2017.09.14-ний өдөр 5 удаа тус бүр 1,000,000 төгрөгөөр нийт 5,000,000 төгрөгийг Г.гийн дансанд М.Элдэв-Очирын данснаас шилжүүлсэн.

г/. 2017.10.12-ны өдөр 500,000 төгрөгийг Г.гийн дансанд М.Элдэв-Очирын данснаас шилжүүлсэн.

д/. 2017.09.08-ны өдөр Т.Мягмарсайхан, Г.гийн хэлснээр 150,000 төгрөгийг Д.Ангарагтуяагийн дүү Д.Солонгын дансанд М.Элдэв-Очирын данснаас шилжүүлсэн.

Нийт 45,000,000 төгрөгөөс 28,050,000 төгрөгийг буцааж өгсөн учир 16,950,000 төгрөгийг буцааж төлөх ёстой гэж бодож байна. Үлдэх мөнгийг хариуцах учиргүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г. нь хариуцагч Б.д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 45,000,000 төгрөг, 3 сарын хүү 6,750,000 төгрөг, нийт 51,750,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Б. нь нийт 45,000,000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрдөг ба зээлийн гэрээгээр хүү тохиролцооогүй учир 6,750,000 төгрөгийн хүүг зөвшөөрөхгүй, мөн буцаан төлсөн 28,050,000 төгрөгийг үндсэн зээл 45,000,000 төгрөгөөс хасаад үлдэх мөнгийг төлөхийг зөвшөөрнө гэж тайлбарлан маргадаг. /45,000,000 – 28,050,000 = 16,950,000 төгрөг/

 

Шүүх дараах үндэслэлээр Г.гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан Хаан банкны орлогын мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Г.гаас хариуцагч Б.д 2017 оны 08 сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 08 сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийг, мөн нэхэмжлэгч Г.гаас хариуцагч Б.гийн нөхөр гэх М.Элдэв-Очирт 2017 оны 08 сарын 17-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн /нийт 45,000,000 төгрөг/ үйл баримт тогтоогдож байх ба хариуцагч нь түүний нөхөр гэх М.Элдэв-Очирын данс руу шилжин орсон 15,000,000 төгрөгийг өөрийн зээл гэж хүлээн зөвшөөрч байна.

 

Иргэн Г., Б. нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан иргэд хоорондын Зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу зээлдэгч Б. нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх учир зээлдүүлэгч Г. нь шилжүүлэн өгсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

Нэг. Зээлийн хүү 6,750,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

 

Нэхэмжлэгч нь хүүтэй мөнгө зээлсэн гэж, хариуцагч нь хүү тохироогүй гэж тус тус харилцан адилгүй тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “... 7 хувийн хүүтэй ... зээлүүлсэн” гэж бичсэн боловч шаардлагаа “... 5 хувийн хүүгээр бодож 3 сарын хүү болох ...” гэж хүүгийн хэмжээг зөрүүтэй бичсэн нь эргэлзээ төрүүлж байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” хэмээн заажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалт нь иргэд хоорондын Зээлийн гэрээний харилцаанд талууд хүү тогтоож болох боловч хүү тогтоосон тохиролцоог заавал бичгийн хэлбэрт оруулах, ийнхүү бичгээр тохиролцоогүй бол хүү авах эрхээ алдах агуулгатай байна.

 

Манай тохиолдолд Г., Б. нар зээлийн хүүг бичгээр тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь 6,750,000 төгрөгийн хүүг шаардах эрхгүй байх тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хоёр. Зээлдэгчийн зүгээс зээлдүүлэгчид буцаан төлсөн мөнгөн хөрөнгийн тухайд.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г., хариуцагч Б., хариуцагчийн нөхөр гэх М.Элдэв-Очир, гэрч Т.Мэндсайхан нарын эзэмшдэг дансны хуулга, Худалдаа хөгжил банкны дотоод шилжүүлгийн маягт, гэрч Т.Мягмарсайхан, гэрч Т.Мэндсайхан нараас өгсөн мэдүүлэг, зохигч талуудын тайлбар зэргийг харьцуулан судлахад:

 

а/. Хариуцагч Б.гийн данснаас 2017 оны 09 сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.гийн данс руу шилжүүлсэн;

 

б/. Хариуцагчийн нөхөр гэх М.Элдэв-Очирын данснаас 2017 оны 08 сарын 17-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 08 сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 08 сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 08 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 10 сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, мөн хариуцагчийн нөхөр гэх М.Элдэв-Очироос 2017 оны 09 сарын 14-ний өдөр тус бүр 1,000,000 төгрөгөөр нийт 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.гийн данс руу тус тус шилжүүлсэн;

 

в/. Хариуцагч Б.гийн данснаас 2017 оны 08 сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн ээж гэх гэрч Т.Мэндсайханы данс руу шилжүүлсэн;

 

г/. Хариуцагчийн нөхөр гэх М.Элдэв-Очирын данснаас 2017 оны 08 сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг Т.Мягмарсайханы нөхөр гэх н.Чинзоригийн данс руу шилжүүлсэн; /Жич: Гэрч Т.Мягмарсайхан нь шүүхэд “... 2,000,000 төгрөгийг манай нөхөр н.Чинзоригийн дансаар дамжуулан өгсөн...” гэсэн мэдүүлэг өгдөг. Гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, М.Элдэв-Очирын дансны хуулга зэргийг харьцуулахад хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт тодорхой мөнгөн хөрөнгийг н.Чинзоригийн дансаар дамжуулан төлсөн үйл баримт тогтоогдож байх боловч гэрч Т.Мягмарсайхан нь “1,000,000” төгрөгийг “2,000,000” гэж эндүүрч хэлжээ гэж үзэв/

 

д/. Хариуцагч Б.гийн данснаас 2017 оны 09 сарын 08-ны өдөр 150,000 төгрөгийг нэхэмжлэгчийн хэлсний дагуу н.Солонго гэх хүний данс руу шилжүүлсэн; /Жич: Хариуцагч нь тайлбартаа “М.Элдэв-Очирын данснаас” гэж эндүүрч бичсэн байдаг/

 

е/. Хариуцагчийн нөхөр гэх М.Элдэв-Очирын данснаас 2017 оны 08 сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн хэлснээр н.Чулуунцэцэг гэх хүний данс руу 150,000 төгрөгийг шилжүүлсэн.

 

ж/. Хариуцагчийн нөхөр гэх М.Элдэв-Очирын данснаас 2017 оны 08 сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн хэлснээр н.Отгонцэцэг гэх хүний данс руу 250,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тус тус тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч тал эдгээрийг няцаагаагүй.

 

Иймд зээлдэгч Б.гийн зүгээс нийт 17,050,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт Г.д буцаан төлжээ гэж үзэв.

 

Хариуцагч Б. нь шүүхэд анх гаргасан хариу тайлбартаа “... 45 сая төгрөгийг зээлсэн нь үнэн боловч хариу энэ мөнгөнөөс 17,400,000 төгрөг буцаан төлсөн” гэж дурьдсан байдгаас үзэхэд Б.гийн анх гаргасан тооцоолол шүүхийн гаргасан тооцоололтой ойролцоо байгааг дурьдах нь зүйтэй.  

 

Гурав. Хариуцагч Б.гаас Д.Ангарагтуяа гэх иргэний данс руу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлийн эргэн төлөлтөд тооцох эсэх тухайд.

 

Хариуцагч Б.гийн зүгээс нэхэмжлэгч Г.гаас авсан зээлээ зээлдүүлэгч Г.д өөрт нь, мөн гэрч Т.Мэндсайхан, гэрч Т.Мягмарсайхан, гэрчийн нөхөр гэх н.Чинзориг, мөн н.Солонго, н.Чулуунцэцэг, н.Отгонцэцэг гэх иргэдийн дансаар тус тус төлсөн байдаг. Эдгээр нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог бөгөөд нэхэмжлэгч тал няцаалт өгөөгүй.

 

Харин хариуцагч Б.гаас 2018 оны 08 сарын 14-ний өдөр Д.Ангарагтуяагийн дансанд шилжүүлсэн 2,500,000 төгрөг болон 9,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Г. нь эс зөвшөөрч, “Д.Ангарагтуяа гэх хүнийг огт танихгүй, Д.Ангарагтуяа гэх хүнтэй уулзаж байгаагүй” гэх агуулгатай тайлбар өгдөг тул Б.гаас Д.Ангарагтуяад шилжүүлсэн нийт 12,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тооцох боломжгүй байна.

 

Өмнө дурьдсанчлан, хэрэгт авагдсан Хаан банкны орлогын мэдүүлгээр Г.гаас Б.д мөнгө шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг Б.гаас шаардах нь зүйн хэрэг юм.

 

Хариуцагч Б. нь шүүхэд анх гаргасан хариу тайлбартаа “... 45 сая төгрөгийг зээлсэн нь үнэн боловч хариу энэ мөнгөнөөс 17,400,000 төгрөг буцаан төлсөн” гэж бичсэн атлаа дараа гаргасан тайлбартаа “... 28,050,000 төгрөг буцаан төлсөн” гэж тайлбарласан байдаг.

 

Үүнээс үзэхэд Д.Ангарагтуяад шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг хариуцагч Б. өөрөө анх зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөр гэж үзэхгүй байсан бөгөөд хожим өмгөөлөгч Н.Ганхуягаас хууль зүйн туслалцаа авсны дараа  тайлбараа өөрчилжээ гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан Б.гийн дансны хуулгаас Б.гаас Д.Ангарагтуяагийн данс руу 12,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь нотлогдож байх тул Б. нь Д.Ангарагтуяагаас 12,000,000 төгрөгийг шаардах хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч Б.гаас зээлийн гэрээний үүрэгт 27,950,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд.

Хариуцагч талын хүсэлтийг шүүх хүлээн авч Т.Мэндсайхан, Т.Мягмарсайхан, Д.Ангарагтуяа нараас гэрчийн мэдүүлэг авахаар захирамжилсан. Гэрч Д.Ангарагтуяа нь хүсэлт гаргагчийн тодорхойлсон хаягт оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн дэд ахлагч Н.Нямдаваагаас гаргасан илтгэх хуудас зэргээр нотлогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу гэрчийг шүүхэд дуудан ирүүлэх хаяг тодорхойгүй байх тул гэрчийг шүүхэд дуудан ирүүлэх, улмаар гэрчийн мэдүүлэг авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд захирамжийн биелэлтийг хангагдаагүй гэж үзэхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Б.гаас зээлийн гэрээний үүрэгт 27,950,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.д олгож, үлдэх 23,800,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 420,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 3,300 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан, мөн хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамж 237,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.д тус тус буцаан олгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.НЯМБАЗАР