Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00498

 

 Мон минералс майнинг энд трейд ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01983 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1935 дугаар магадлалтай,

 Мон минералс майнинг энд трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Тайхар орд ХХК, З.Нармандах нарт холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт урьдчилан шилжүүлсэн 162,860,000 төгрөгийн үлдэгдэл 142,919,200 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, Э.Бумдарь, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мон минералс майнинг энд трейд ХХК нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус компани нь өмнөх Их ундрах талст гэсэн нэртэй байхдаа 2016.07.30-ны өдөр Тайхар орд ХХК болон тус компанийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч З.Нармандах нартай хайлуур жонш худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Дээрх гэрээгээр Тайхар орд ХХК нь тодорхой чанар, хэмжээ бүхий бүтээгдэхүүн буюу хайлуур жоншийг Мон минералс майнинг энд трейд ХХК-д нийлүүлэх, Мон минералс майнинг энд трейд ХХК-иас бүтээгдэхүүний үнийг Тайхар орд ХХК-д төлөх нөхцөлтэйгээр байгуулсан. Гэрээний дагуу худалдан авагч Мон минералс майнинг энд трейд ХХК-иас урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөг, бүтээгдэхүүн худалдан авалтын төлбөрт 112,860,000 төгрөг гэх мэтээр нийт 162,860,000 төгрөгийг Тайхар орд ХХК-д шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж ирсэн. Харин худалдагч Тайхар орд ХХК-иас 2017 онд л 19,940,800 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг худалдан авагч Мон минералс майнинг энд трейд ХХК-д нийлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар худалдагч Тайхар орд ХХК нь дээр дурдсан нийлүүлэлтээс өөр бүтээгдэхүүнийг худалдан авагчид нийлүүлээгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байдаг. Худалдагч Тайхар орд ХХК нь гэрээгээ зөрчиж, гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас талуудын хооронд байгуулагдсан хайлуур жонш худалдах-худалдан авах гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болж, худалдан авагч Мон минералс майнинг энд трейд ХХК нь байгуулсан гэрээгээ цуцалж, бүтээгдэхүүний төлбөрт урьдчилсан төлсөн 142,919,200 төгрөгөө худалдагч Тайхар орд ХХК-иас буцаан гаргуулахаар шаардсан байдаг. Гэвч Тайхар орд ХХК болон түүний гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч З.Нармандахын оршин суугаа газар олдохгүй, холбоо барих боломжгүйн улмаас тус компани болон гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч З.Нармандах нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Сүхбаатар дүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Тайхар орд ХХК болон гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч З.Нармандахын гэрийн хаягийг олж тогтоосон болно. Иймээс 2016.07.30-ны өдөр байгуулагдсан хайлуур жонш худалдах-худалдан авах гэрээг цуцалж, бүтээгдэхүүн худалдан авалтын төлбөрт урьдчилан төлсөн 142,919,200 төгрөгийг Тайхар орд ХХК болон З.Нармандах нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Их ундарга талст ХХК болон Тайхар орд ХХК-иудын хооронд 2016.07.30-ны өдөр хайлуур жонш худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу 128,000,000 төгрөг хүлээн авснаас 2016 онд 350 тонн жонш, 2017 онд 181 тонн жоншийг тус тус бэлтгэн нийлүүлснээс 19,940,000 төгрөгийн тооцоо нийлсэн. Мөн 2019 онд 5,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Ингээд өнөөдрийн байдлаар 103,509,200 төгрөгийн тооцоо үлдсэн болно. Гэтэл дээрх компани нь тодорхой баримтгүйгээр 142,919,200 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Ингэхдээ 6,500,000 төгрөгийн зарлагын баримт, 11,000,000 төгрөгийн орлогын баримтыг давхардуулан бичиж, 4,500,000 төгрөгийн бэлэн жонш худалдан авсан өөр тооцооны баримт хавсаргасан, 1 сая ам.доллар, 500,000 ам.доллар, 800,000 ам.доллар, 999,000 ам.доллар шилжүүлсэн гэх хуурамч баримтуудыг хавсаргаж шүүхэд өгчээ. Мөн Батсүрэн гэх өөр хүний данс руу мөнгө шилжүүлсэн баримтыг хавсаргажээ. Бид гэрээний дагуу хүлээн авсан мөнгөө үйл ажиллагааныхаа зардалд зарцуулсан, бүтээгдэхүүнийг бэлтгэж одоогийн байдлаар гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байгаа болно. Мон минералс майнинг энд трейд ХХК-ийн зүгээс манай компанийн тодорхой хувийг буюу 51 хувийг өөртөө авахаар удаа дараа санал тавьж, шахалт үзүүлж байсан бөгөөд бидний зүгээс тухайн саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэтэл гэрээ цуцлах, төлбөрт урьдчилан шилжүүлсэн 142,919,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Манайх гэрээний дагуу тодорхой хэмжээний жонш бэлтгэн нийлүүлж Чойр дахь гаалийн баталгаат агуулахад нь буулгаж хүлээлгэн өгч байсан ба үүнээс зөвхөн 180 тонн жоншны тооцоо нийлж, үлдсэн тооцоогоо бүрэн хийж дуусгаагүй байна. Иймд компаниудын хооронд байгуулагдсан хайлуур жонш худалдах-худалдан авах гэрээг цуцлах боломжгүй, гэрээний дагуу үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01983 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 249 дүгээр зүйлийн 249.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Мон минералс майнинг энд трейд ХХК-ийн хариуцагч Тайхар орд ХХК, З.Нармандах нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төлбөрт шилжүүлсэн 142,919,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 872,576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1935 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01983 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Тайхар орд ХХК, З.Нармандах нараас 137,919,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мон минералс майнинг энд трейд ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Тайхар орд ХХК, З.Нармандах нараас 847,546 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мон минералс майнинг энд трейд ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мон минералс майнинг энд трейд ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 872,576 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.15-ны өдрийн 1935 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан байхад, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна гэж буруу дүгнэн Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Хууль болон гэрээнд зааснаар гэрээ цуцлах тухай бичгээр мэдэгдэж байгаагүйг, мөн худалдагч талаас явуулсан жоншийг худалдан авагч тал санаатайгаар хүлээж авахгүй буцааж байсан, хариуцагч тал уурхай дээрээ тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байхад, утсаар байнгын холбоотой байдаг мөртлөө санаатайгаар өөр хаягаар эрэн сурвалжлуулж, далд утгаар дарамталж явсан зэргийг зөв үнэлж дүгнэн анхаарч үзээгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн тухайд хариуцагчаас нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр илүү мөнгө нэхэмжилсэн гэж маргасан. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримтаар 131 сая төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан байхад 162 сая төгрөгийн баримт байгаа мэтээр тооцоог буруу гаргаж 34,410,000 төгрөгийн илүү төлбөр гаргасан. Манай компанид хамаагүй өөр хүний дансруу мөнгө шилжүүлсэн баримт болон өөрийнхөө компанийн зарлагын баримт зэргийг төлбөрт тооцуулсан, мөн давхардуулан бичигдсэн төлбөрийн зарим баримтыг анхаарч үзээгүй зэрэг нь зөрчил болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 34,410,000 төгрөгийг хасч тооцон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 Нэхэмжлэгч Мон минералс майнинг энд трейд ХХК нь Тайхар орд ХХК, З.Нармандах нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт урьдчилан шилжүүлсэн 162,860,000 төгрөгийн үлдэгдэл 142,919,200 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа, гэрээг цуцлах боломжгүй гэж маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нараас 137,919,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2016.07.30-ны өдөр хариуцагчтай Хайлуур жонш худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний дагуу Тайхар орд ХХК тодорхой чанар, хэмжээ бүхий бүтээгдэхүүн нийлүүлэх, нэхэмжлэгч үнийг төлөх үүрэг хүлээж, гэрээний урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөг, бүтээгдэхүүн худалдан авалтын төлбөрт 112,860,000 төгрөг гэх мэтээр нийт 162,860,000 төгрөгийг шилжүүлсэн, 2017 онд л 19,940,800 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлснээс өөр бүтээгдэхүүн нийлүүлээгүй тул гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрөө буцаан гаргуулна... гэжээ.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...худалдан авагч талаас урьдчилгаа мөнгө болон ажиллагааны зардалд 128,000,000 төгрөгийг хүлээн авсан, ...гэрээний дагуу тодорхой хэмжээний жонш бэлтгэн нийлүүлж байсан. Үүнээс 350 тонн жоншны тооцоо нийлж, үлдсэн тооцоогоо бүрэн хийж дуусаагүй, ...үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа, гэрээ цуцлах боломжгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 42 дугаар зүйлийн 42.2., 243 дугаар зүйлийн 243.1. дэх заалтад нийцсэн байна.

 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх буюу бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч үнийг төлөх үүрэгтэй, талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 143.1., 225 дугаар зүйлийн 225.1., 225.2. дахь заалтуудаар зохицуулжээ.

 Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 8.2.-т аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно гэжээ.

 Зохигч гэрээгээр сард 1500 тонн бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцсон боловч худалдагч Тайхар орд ХХК 2016 онд 350 тонн, 2017 онд 181 тонн жонш нийлүүлснээс өөрөөр нэхэмжлэл гарах 2019 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд бүтээгдэхүүн нийлүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж, бүтээгдэхүүний үнэд нийлүүлсэн үнийн дүнгийн үлдэгдэл төлбөрийг буцаан шаардсан нь хуулийн болон гэрээний заалтыг зөрчөөгүй байна.

 Худалдагч гэрээний үүргээ зөрчсөн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч үгүйсгэсэн, татгалзсан тайлбар үндэслэлээ нотлоогүй, энэ талаар хэрэгт баримтгүй байхад анхан шатны шүүх үүрэг гүйцэтгүүлэгчийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д заасан нэмэлт хугацаа тогтоож өгөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулж, нотлох баримтад үндэслэн өөрийн эрхийн хүрээнд дүгнэлт хийснээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй гэх дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 225 дугаар зүйлийн 225.1., 205 дугаар зүйлийн 205.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

 Хэрэгт нэхэмжлэгч Мон минералс майнинг энд трейд ХХК-иас иргэн Батсүрэнгийн дансанд мөнгө шилжүүлсэн баримт авагдсан байх бөгөөд дээрх төлбөрийг хариуцагч нь компанид хамааралгүй хүний дансанд шилжүүлсэн баримт гэх үндэслэлээр мөнгийг хүлээн аваагүй гэж маргах боловч Батсүрэн нь тус компанийн техникийг хариуцсан ажилтан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэсэн үндэслэлээ нотлоогүй, тус шилжүүлгийг Тайхар орд ХХК-д түлшний төлбөр агуулгаар шилжүүлсэн байх тул гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрт оруулж тооцсон нь буруу биш гэж үзнэ.

 Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 162,860,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон бөгөөд ямар баримт давхардуулан бичигдсэн, ямар баримтыг нотлох баримтад тооцохгүй гэх үндэслэлээ хариуцагч нь нотлоогүй тул нэхэмжлэгчээс шилжүүлсэн нийт төлбөрөөс нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ 19,940,800 төгрөг, бэлнээр буцаан өгсөн 5,000,000 төгрөгийг хасч, үлдэх төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 Иймд тооцоог буруу гаргасан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

 Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1. дэх заалтыг үндэслэж үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байх боловч энэ дүгнэлт шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоход нөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох боломжгүй.

Иймд ...давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, тооцоог буруу хийсэн... гэх үндэслэлээр гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1935 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбатын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбатаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Г.АЛТАНЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                            Г.ЦАГААНЦООЖ

                                                    Д.ЦОЛМОН

                                                            Х.ЭРДЭНЭСУВД