Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00499

 

Хүрд шанд ХХК, Ц.Энхжинжав нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 136/ШШ2019/00314 дүгээр шийдвэр,

 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 202/МА2019/00030 дугаар магадлалтай,

 Хүрд шанд ХХК, Ц.Энхжинжав нарын нэхэмжлэлтэй,

Л.Одсүрэнд холбогдох,

Гэм хорын хохиролд 8,244,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.Энхжинжавын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Энхжинжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Хүрд шанд ХХК, Ц.Энхжинжав нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Энхжинжав миний бие 2019.01.24-ний өдөр Хүрд шанд ХХК-д бүртгэлтэй 6980 ДГА улсын дугаартай, Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Цэцэн хан худалдааны төвийн 4 замын уулзвар дээр улаан гэрлээр зогсож байхад Тоёота маркийн 4896 ДГА улсын дугаартай машинд мөргүүлсний улмаас тээврийн хэрэгсэлд 3,200,000 төгрөгийн хохирол учирч улмаар би өөрөө бие сэтгэл, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон. Тухайн үед уг машины жолооч нь согтуу байсан бөгөөд түүнд 2019.03.13-ны өдрийн 0001280 дугаар шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авагдсан боловч одоог хүртэл уг зөрчлийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй хохироож байна. Энэ хугацаанд Ц.Энхжинжав миний бие нуруу нугасандаа тодорхой гэмтэл авсны улмаас тус аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 7 хоног, мөн Хужирт рашаан сувилалд 10 хоног хэвтэж эмчлүүлсэн бөгөөд уг машин техникт тодорхой хэмжээний эвдрэл гэмтэл үүсч 90 хоног засвар үйлчилгээ хийгдэлгүйгээр зогссоны улмаас компанийн үйл ажиллагаа тасалдаж энэ бүгдэд Л.Одсүрэнгийн зүгээс огт санаачлага тавиагүй болно. Иймд Л.Одсүрэнгээс компанийн үндсэн хөрөнгө болох Соната-6 маркийн машинд учирсан эд ангийн сэлбэг хэрэгсэл, сэргээн зассан засварын хөлс нийлээд 3,200,000 төгрөг, эмчилгээ, эм тарианы зардал 3,859,480 төгрөг, замын зардал, бензин шатахууны төлбөр 162,500 төгрөг, сул зогсолтын төлбөрийг 60 хоногоор тооцож 1,680,000 төгрөг, нийт 8,901,980 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс Л.Одсүрэн нь эмчилгээний зардал болох 1,500,000 төгрөгийг 2019.02.01-ний өдөр өгснийг хасаж үлдэх 7,401,980 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Энхжинжав нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ц.Энхжинжав миний бие 2019.05.22-ны өдөр толгой, хүзүү, нуруу өвдөөд эмчид хандан эмчлүүлсэн ба эмчилгээний үнэ, эм тарианы үнэ болох 85,935 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Энхжинжав нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ц.Энхжинжав миний бие аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмчийн заавраар Халзан уул сувилалд 7 хоног сувилуулсан ба сувиллын зардал 235,000 төгрөг болон эм, тарианы үнэ 301,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

 Нэхэмжлэгч Ц.Энхжинжав нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Уг гэмтлийн улмаас улирал тутам сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагын улмаас 2019.09.20-ны өдрөөс эхлэн 9 хоног Хужиртын сувилалд эмчлүүлсэн эмчилгээний зардал 405,600 төгрөг, Улаанбаатараас Хужирт, Хужиртаас Улаанбаатар хот руу ирж очих зардал 38,600 төгрөг, нийт 444,200 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Л.Одсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Соната-6 маркийн автомашины хохирлын үнэлгээг гаргасан Хөрөнгө эстимэйт ХХК-ийн Сайншанд сум дахь салбарын үнэлгээчин нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй, уг компанийн нэрээр хууль бусаар үнэлгээ хийж байсан нь Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар тогтоогдсон, гаргасан үнэлгээнүүд нь хүчин төгөлдөр бус гэж тооцогдож байгаа тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Сул зогсолт гэдэг нь ослоос шалтгаалан 6980 ДГА улсын дугаартай, Соната-6 маркийн автомашин жолооны сургалтанд гараагүй гэж ойлгогдож байна. Дээрх автомашин нь Замын хөдөлгөөний дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар багшид зориулсан тормос болон авцуулах холбооны нэмэлт дөрөө, ар талыг харах нэмэлт толь зэргээр тоноглогдоогүй, жолоодлогын дадлага хийлгэх боломжгүй тээврийн хэрэгсэл тул сул зогсож хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд сул зогсолтын төлбөрийг хариуцахгүй. Эмчилгээ, эм тарианы зардалд 3,859,480 төгрөгийн зардал нэхэмжилсэн. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн биед ослын улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж тогтоосон дүгнэлт гарсан атал ийм хэмжээний зардал гарсан нь эргэлзээтэй, тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Л.Одсүрэн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хэрэг осол 2019.01.24-ний өдөр болсон. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хүзүүний өнгөц гэмтэл оноштой хэвтэж, эмчлүүлсэн. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр тархи доргилт гэмтэл тогтоогдсон, хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Дараа нь Хужирт рашаан сувилалд эмчлүүлсэн атал 4 сарын дараа дахин эмчилгээ хийлгэсэн гэж байгаа нь эргэлзээтэй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд дээрх нөхцөл байдал, үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 136/ШШ2019/00314 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Одсүрэнгээс 2,402,585 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нэхэмжлэгч Ц.Энхжинжавд олгож, нэхэмжлэлээс 2,563,230 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Одсүрэнгээс 3,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хүрд шанд ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,754,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хүрд шанд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 95,019 төгрөг, Ц.Энхжинжаваас улсын тэмдэгтийн хураамж 94,403 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуул ийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Одсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 66,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хүрд шанд ХХК-д, 53,391 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Энхжинжавд тус тус олгож шийдвэрлэжээ.

 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 202/МА2019/00030 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 136/ШШ2019/00314 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын ... 2,402,585... гэснийг 879,200 гэж, ...2 563 230... гэснийг 2,586,619 гэж,

2 дугаар заалтын ...3,250,000... гэснийг 3,322,300 гэж, ...1,754,300... гэснийг 1,680,000 гэж,

3 дугаар заалтын ...95,019... гэснийг 94,987 гэж, ...94,403... гэснийг 70,403 гэж, ...66,950... гэснийг 68,107 гэж, ...53,391... гэснийг 25,650 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын давж заалдсан гомдлыг хангаж,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын давж заалдах гомдол гаргахад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,736 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч Ц.Энхжинжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.30-ны өдрийн 136/ШШ2019/00314 дугаар шийдвэртэй, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.05-ны өдрийн 202/МА2019/00030 дугаар магадлалтай иргэний хэргийн талаар нэхэмжлэгч Ц.Энхжинжаваас дараах гомдлыг гаргаж байна.

Уг давж заалдах шатны шүүхээс надад учирсан хор уршиг үр дагаврыг буруу дүгнэж хэт өрөөсгөл байдлаар хандаж эрүүл мэндээрээ хохирсон хүнийг эдийн засгаар нь давхар хохироож нотлох баримтыг буруу дүгнэсэн хэмээн үзэж байна. Тухайлбал: Уг магадлалын хянах хэсэгт: Хариуцагч Одсүрэнгийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Энхжинжавын эрүүл мэндэд тархины доргилт буюу хөнгөн гэмтэл учирсан болох нь Дорноговь аймгийн ШШАлбаны 2019.02.01-ний өдрийн 02/083 дугаартай шинжээчийн дүгнэлт, ШШҮХ-ийн 2019.03.09-ний өдрийн 305 дугаартай дахин шинжилгээ хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд Энхжинжавын биед тархины доргилт буюу хөнгөн гэмтэл учирсан, энэхүү гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл тогтоогдсон байхад нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2019.04.11-ний өдрөөс 2019.09-р сарыг дуустал хугацааны эмчилгээний зардал болон рашаан сувилалд эмчлүүлсний зардал нэхэмжилсэн ба энэ нь хариуцагч Одсүрэнгийн түүний эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгахад гаргасан зардал гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна гэсэн нь учир дутагдалтай бөгөөд миний хувьд урьд өмнө нь ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй тэр байдлаа нотолсон нурууны рентген зургийг хэрэгт хавсаргасан болон энэ талаар миний өөрийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлж байсан талаарх хүрлын тэмдэглэлийг харьцуулан дүгнэж чадаагүй болно.

Улмаар ослын улмаас учирсан гэмтлийн хор уршиг үр дагавар нь зөвхөн гэмтлийн зэргээр тогтоосон цаг хугацааны байдлаар хязгаарлагдах боломжгүй бөгөөд өөрөөр хэлбэл энэ урхаг үр дагавраар дахин уршиг гарч ирэхийг үгүйсгэх аргагүй ба улмаар 2019.09.24-ний өдрийн 1179 дугаартай ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлтээр ...Хүзүүний түвшинд С5-С6: энэ түвшинд жийргэвч бүх тийш жигд цүлхийж нугасны сувгийн өмнөд зай болон 2 талын мэдрэлийн суваг нарийссан бөгөөд гарах язгуурын дарагдалгүй Мөгөөрсөн цагираг ар хэсэгтээ урагдсан ...бүсэлхийн түвшинд L4-L5 энэ түвшинд жийргэвч төвийн байрлалаар цүлхийж нугасны сувгийн өмнөд зай нарийссан бөгөөд гарах язгуурын дарагдалгүй Мөгөөрсөн цагираг ар хэсэгтээ урагдсан... хэмээн тодорхойлоод байхад энэ бүгдийг ослын улмаас үүссэн болох нь тогтоогдоогүй гэсэн нь илтэд буруу ойлголт ташаарсан дүгнэлт хэмээн үзэж байна.

Улмаар энэхүү шинжээчийн дүгнэлтээр ч МУ-ын стандарт МNS 5979-12009-д заасны дагуу Гавал тархины гэмтлийн оношилгоо эмчилгээний 5 дахь заалтын 3 дахь хэсэгт Тархи доргих үеийн эмчилгээний стандартад хэвтрийн дэглэм сахих, тархины хавангийн эсрэг эмчилгээ, өвчин намдаах, тайвшруулах эмийн бэлдмэл хэрэглэх, тархины цусан хангамж сайжруулах эмчилгээ хийх, бариа засал эмчилгээ хийнэ гэсэн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж чадаагүй нь ИХШХШТХуулийн 40-р зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчиж хүний эрхтэй холбоотой хохирлын асуудлыг үндэслэлгүйгээр хасч шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Иймд энэхүү үндэслэлээр уг иргэний хэргийг дахин хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Хүрд шанд ХХК, Ц.Энхжинжав нар Л.Одсүрэнд холбогдуулан гэм хорын хохиролд 8,244,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх хариуцагч Л.Одсүрэнгээс 2,402,585 төгрөгийг гаргуулан Ц.Энхжинжавд, 3,250,000 төгрөгийг гаргуулан Хүрд шанд ХХК-д олгуулахаар, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, Л.Одсүрэнгээс Ц.Энхжинжавд 879,200 төгрөг, Хүрд шанд ХХК-д 3,322,300 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч Ц.Энхжинжавын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2019.01.24-ний өдөр Л.Одсүрэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаснаас Хүрд шанд ХХК-ийн эзэмшлийн 69-80 ДГА автомашинд эвдрэл, миний эрүүл мэндэд хохирол учирсан. Иймд автомашины засварын хөлс 3,200,000 төгрөг, сул зогсолтын төлбөр 1,680,000 төгрөг, эмчилгээ, эм тариа, сувилалд эмчлүүлсний зардал 4,887,015 төгрөг, замын зардал, бензин шатахууны зардал 201,100 төгрөг, нийт 9,968,115 төгрөгийн хохирол учирснаас хариуцагчийн өгсөн 1,500,000 төгрөгийг хасаад 8,244,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарлажээ.

 Хариуцагч хариу тайлбартаа: ...хохиролд 1,500,000 төгрөгийг төлсөн, надаас болж учирсан хохирлыг хуулийн дагуу бүрдүүлсэн материалтай, шүүхээс тогтоосон бодит хохирлыг хариуцна, бусдыг зөвшөөрөхгүй... гэжээ.

 Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Л.Одсүрэн 2019.01.24.-ний өдөр Тоёото марк-Х маркийн 48-96 ДГА дугаарын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад нэхэмжлэгчийн жолоодож явсан Хүрд шанд ХХК-ийн өмчлөлийн Соната-6 маркийн 69-80 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан үйлдэлдээ Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээсэн. Ослын улмаас Хүрд шанд ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл хойд талаасаа мөргүүлж кузов эвдэрч, хойд буфер хагарч, баруун талын крыло чихэгдсэн зэрэг гэмтэл учирч, эд ангиуд эвдэрсэн, нэхэмжлэгч Ц.Энхжинжавд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/083 дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №305 дугаартай Шинжээчийн дүгнэлт Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогджээ.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг нөхөн төлөх, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгахдаа хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй.

 Нэхэмжлэгч эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан үндэслэлээр гэм буруутай этгээдээр уг гэм хорыг арилгуулахаар шаардлага гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцжээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэхдээ зөрчлийн улмаас үүсэх үүрэг, хариуцагчийн гэм хор учруулснаас хүлээх хариуцлагын үндэслэлийг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн боловч хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахдаа анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахад гарсан зайлшгүй зардлыг үндэслэл бүхий тодорхойлсны үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 Тухайлбал, Ослын улмаас нэхэмжлэгчид тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019.02.01-ний өдрийн 02/083 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-1-83/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.03.04-ний өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн №305 дугаартай Шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогджээ.

 Шинжээч дүгнэлт гаргахдаа ослын өдөр хохирогчийн биед хийсэн мэс заслын эмчийн үзлэг, 2019.01.26-ны өдрийн Med Trauma эмнэлгийн багана нурууны соронзон резонанст томографийн оношлогоо, тархины соронзон резонанст томографийн оношлогоо, дээрх толгой, нурууны MRI-н рентген зурагт хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ШЭШГ-ын дүрс оношлогооны эмчийн тайлбар, амбулаториор эмчлүүлсэн карт, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх зэрэгт үндэслэжээ.

 Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014.12.05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулах, ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан гэмтэл хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн биед учирсан тархины доргилт гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэж шинжээчийн дүгнэлтэд бичигджээ.

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар эрүүл мэндийг сарниулах нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад нэхэмжлэгч нь осол гарснаас хойш 3 сарын дараа, өөрөөр хэлбэл 2019.04.11-нээс эхлэн 09 дүгээр сарыг дуусталх хугацааны эмчилгээний зардал болон рашаан сувилалд эмчлүүлсний зардлыг нэхэмжилсэн нь хариуцагч Л.Одсүрэнгийн түүний эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгахад гаргасан зайлшгүй зардал гэж үзэхгүй гэж үзэн, дээрх хугацаанд хамаарах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчиж, хүний эрхтэй холбоотой хохирлыг үндэслэлгүйгээр хасч шийдвэрлэсэн... гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Ц.Энхжинжавын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 202/МА2019/00030 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Ц.Энхжинжавын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ц.Энхжинжаваас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                Г.ЦАГААНЦООЖ

                                                        Д.ЦОЛМОН

                                                                 Х.ЭРДЭНЭСУВД