Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 314

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

     2019          10            30                                        136/ШШ2019/00314

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Алгирмаа, шүүгч Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, Шинэ зуун үйлчилгээний төвд байрлах, “Хүрд шанд” ХХК /РД:2552205/,

 

Нэхэмжлэгч: 1964 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, Шинэ зуун гудамж, 35-р байрны 35 тоотод оршин суух, Чогсом овогт Цэвэгжавын Энхжинжав /РД:ХЛ64071523/ нарын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: 1990 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, Энхтайваны гудамж, 22-7 тоотод оршин суух, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Одсүрэн /РД:ЕА90050418/-д холбогдох

 

 Эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан хохирол нийт 7 401 980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энхжинжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагч Л.Одсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, гэрч Б.Цэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хүрд шанд” ХХК, Ц.Энхжинжав нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Энхжинжав миний бие 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Хүрд шанд” ХХК-ийн бүртгэлтэй 69-80 ДГА улсын дугаартай, соната-6 маркийн машиныг жолоодож “Цэцэн хан” худалдааны төвийн 4 замын уулзвар дээр улаан гэрэл асч, зогсож байхад тоёота маркийн 48-96 ДГА улсын дугаартай машинд мөргүүлсний улмаас тээврийн хэрэгсэлд  3 200 000 төгрөгийн хохирол учирч, би өөрөө бие сэтгэл, эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хохирсон. Тухайн үед уг машины жолооч нь согтуу байсан бөгөөд түүнд 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0001280 дугаар шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авагдсан боловч одоог хүртэл учирсан хохирлыг барагдуулаагүй. Энэ хугацаанд Ц.Энхжинжав миний бие нуруу нугасны тодорхой гэмтэл авсаны улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 7 хоног, мөн Хужирт рашаан сувилалд 10 хоног хэвтэн эмчлүүлсэн бөгөөд уг машин техникт тодорхой хэмжээний эвдрэл гэмтэл үүсч, 90 хоног засвар үйлчилгээ хийгдэлгүйгээр зогссоны улмаас компаний үйл ажиллагаа тасалдсан. Иймд компаний үндсэн хөрөнгө болох соната-6 маркийн машинд учирсан эд ангийн сэлбэг хэрэгсэл, сэргээн зассан засварын хөлс 3 200 000 төгрөг, эмчилгээ эм тарианы зардал 3 859 480 төгрөг, замын зардал, бензин шатахууны төлбөр 162 500 төгрөг, сул зогсолтын төлбөрийг 60 хоногоор тооцож, 1 680 000 төгрөг, нийт 8 901 980 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс Л.Одсүрэн нь эмчилгээний зардал болох 1 500 000 төгрөгийг өгснийг хасч, үлдэх 7 401 980 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. 

 

         Нэхэмжлэгч Ц.Энхжинжав 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тайлбартаа: Миний бие 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр толгой, хүзүү, нуруу өвдөөд эмчлүүлсэн ба эм тарианы төлбөр 85 935 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Энхжинжав 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тайлбартаа: ... мэдрэлийн эмчийн заавраар Халзан-Уул сувилалын зардал 235 000 төгрөг, эм тарианы үнэ 301 000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Энхжинжав 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тайлбартаа: ... миний бие уг гэмтлийн улмаас 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 9 хоног Хужиртын сувилалд эмчлүүлсэн зардал 405 600 төгрөг, замын зардал 38 600 төгрөг, нийт 444 200 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энхжинжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хариуцагч Л.Одсүрэнгээс автомашины сэлбэгний үнэ 987 000 төгрөг, засварын үнэ 2 215 000 төгрөг, бензины үнэ 122 300 төгрөг, сул зогсолт 1 680 000 төгрөг, нийт 5 004 300 төгрөгийг гаргуулж, “Хүрд шанд” ХХК-д олгох, мөн эмийн үнэ 1 887 265 төгрөг, MRI болон бусад үнэ 830 030 төгрөг, эмчилгээний төлбөр 562 420 төгрөг, сувилалын зардал 1 217 300 төгрөг, барианы зардал 350 000 төгрөг, эмчийн үзлэг 40 000 төгрөг, замын зардал 78 800 төгрөг, нийт 4 965 815 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Л.Одсүрэнгээс хохиролд өгсөн 1 500 000 төгрөгийг эмчилгээний зардлаас хасуулж тооцуулна гэв.

 

Хариуцагч Л.Одсүрэн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Соната-6 маркийн автомашины хохирлын үнэлгээг гаргасан “Хөрөнгө эстимэйт” ХХК нь үнэлгээ хийх зөвшөөрөлгүй, уг компаний нэрээр хууль бусаар үнэлгээ хийж байсан нь Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар тогтоогдсон, гаргасан үнэлгээ нь хүчин төгөлдөр бус гэж тооцогдож байгаа тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Сул зогсолт гэдэг нь ослоос шалтгаалан 69-80 ДГА улсын дугаартай, Соната-6 маркийн автомашин жолооны сургалтанд гараагүй гэж ойлгогдож байна. Дээрх автомашин нь Замын хөдөлгөөний дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар багшид зориулсан тормос болон авцуулах холбооны нэмэлт дөрөө, ар талыг харах нэмэлт толь зэргээр тоноглогдоогүй, жолоодлогын дадлага хийлгэх боломжгүй тээврийн хэрэгсэл тул сул зогсож хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд сул зогсолтын төлбөрийг хариуцахгүй. Эмчилгээ, эм тарианы зардалд 3 859 480 төгрөгийн зардал нэхэмжилсэн. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн биед ослын улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж тогтоосон атал ийм их зардал гарсан нь эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

 

Хэрэгт цуларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. 

 

Нэхэмжлэгч “Хүрд шанд” ХХК, Ц.Энхжинжав нар нь хариуцагч Л.Одсүрэнд холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохирол 3 200 000 төгрөг, эмчилгээ, эм тарианы зардал 2 359 480 төгрөг, замын зардал, бензин, шатахууны зардал 162 500 төгрөг, сул зогсолтын төлбөр 1 680 000 төгрөг, нийт 7 401 980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Энхжинжав нь эмчилгээ, эм тарианы зардал 1 027 535 төгрөг, замын зардал 38 600 төгрөг, нийт           1 066 135 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж /хх-68, 172, 189/,

 

Нийт эд хөрөнгөд учирсан хохирол 3 200 000 төгрөг, эмчилгээ, эм тарианы зардал 3 387 015 төгрөг, замын зардал, бензин, шатахууны зардал 201 100 төгрөг, сул зогсолтын төлбөр 1 680 000 төгрөг, нийт 8 468 115 төгрөг гаргуулах тухай нэхэмжилсэн боловч,

 

Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энхжинжав нь хариуцагч Л.Одсүрэнгээс автомашины сэлбэгний үнэ 987 000 төгрөг, засварын үнэ 2 215 000 төгрөг, бензины үнэ 122 300 төгрөг, сул зогсолт 1 680 000 төгрөг, нийт 5 004 300 төгрөгийг гаргуулж, “Хүрд шанд” ХХК-д олгох, мөн эмийн үнэ 1 887 265 төгрөг, MRI болон бусад үнэ 830 030 төгрөг, эмчилгээний төлбөр 562 420 төгрөг, сувилалын зардал 1 217 300 төгрөг, барианы зардал 350 000 төгрөг, эмчийн үзлэг 40 000 төгрөг, замын зардал 78 800 төгрөг, нийт 4 965 815 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Энхжинжавд олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энхжинжавын хамгийн сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ. /хх-245-р тал/

 

Хариуцагч Л.Одсүрэн нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймаг Сайншанд сум, 3-р баг, 75-ын уулзвар дээр Тоёота Марк-Х маркийн, 48-96 ДГА улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ нэхэмжлэгч Ц.Энхжинжавын жолоодож явсан Соната-6 маркийн, 51-59 ДГА улсын дугаартай автомашиныг араас нь мөргөж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-5/, Шийтгэлийн хуудас /хх-6-7/, Шинжээчийн дүгнэлт /хх-83-84/, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-90-92/, материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /хх-150-151/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа ба энэ талаар талууд маргаагүй болно.  

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй “ гэж заасан.

 

Хариуцагч Л.Одсүрэн нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр автомашин жолоодон явах үедээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, нэхэмжлэгч “Хүрд шанд” ХХК-ийн эзэмшлийн Ц.Энхжинжавын жолоодож явсан автомашиныг мөргөж, бусдын эд хөрөнгөд, жолооч Ц.Энхжинжавын эрүүл мэндэд гэм хор тус тус учруулсан нь шалтгаант холбоотой байх ба гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу юм. Өөрөөр хэлбэл, гэм хор учруулагчийн хууль бус үйлдлийн улмаас хохирол учруулсан шалтгаант холбоотой юм. 

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан. 

Иймд хариуцагч Л.Одсүрэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хүрд шанд” ХХК-д эд хөрөнгийн хохирол, Ц.Энхжинжавын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг тус тус хариуцан арилгах үүрэгтэй байна. 

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан. 

 

Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энхжинжав нь хариуцагч Л.Одсүрэнгээс автомашины сэлбэгний үнэ 987 000 төгрөг, засварын үнэ 2 215 000 төгрөг, бензиний үнэ 122 300 төгрөг, сул зогсолт 1 680 000 төгрөг, нийт 5 004 000 төгрөгийг гаргуулж, “Хүрд шанд” ХХК-д олгох, мөн эмийн үнэ         1 887 265 төгрөг, MRI болон бусад үнэ 830 030 төгрөг, эмчилгээний төлбөр 562 420 төгрөг, сувилалын зардал 1 217 300 төгрөг, барианы зардал 350 000 төгрөг, эмчийн үзлэг 40 000 төгрөг, замын зардал 78 800 төгрөг, нийт 4 965 815 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

 

Дээрх шаардлагаас: “Хүрд шанд” ХХК-иас нэхэмжилсэн автомашины сэлбэгийн үнэ 987 000 төгрөг, засварын үнэ 2 215 000 төгрөг, бензины үнэ 122 300 төгрөг, сул зогсолт 1 680 000 төгрөг, нийт 5 004 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаадлагаас бензиний үнэ 50 000 төгрөгний бензин ашигласан баримт /хх-23, 27, 245-р тал/ авагдсан, мөн автомашины сэлбэгний үнэ 987 000 төгрөг /хх-17-р тал/, засварын үнэ 2 215 000 төгрөг /хх-17-р тал/ нийт 3 252 000 төгрөгийг хариуцагч Л.Одсүрэнгээс гаргуулж, нэхэмжлэгч “Хүрд шанд” ХХК-д олгох, сул зогсолт 1 680 000 төгрөг, бензины үнэ 72 300 төгрөгийн баримт /хх-28, 247-р тал/ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь хавтаст хэргийн 17-р талд авагдсан автомашины завсар, сэлбэгтэй холбогдох баримтыг санхүүгийн баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтад тооцохгүй гэж маргаж байгаа боловч эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, хавтаст хэргийн 49-р талд авагдсан “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, гэрэл зураг /хх-30, 50, 54-р тал/ зэргийг харьцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн болно. 

 

Харин Энхжинжавын эрүүл мэндэд учирсан хохирол: Эмийн үнэ 1 887 265 төгрөг, MRI болон бусад үнэ 830 030 төгрөг, эмчилгээний төлбөр 562 420 төгрөг, сувилалын зардал 1 217 300 төгрөг, барианы зардал 350 000 төгрөг, эмчийн үзлэг 40 000 төгрөг, замын зардал 78 800 төгрөг, нийт 4 965 815 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэнээс:

 

-Эм тарианы үнэ 7 150 /хх-20-р тал/, 35 180 төгрөг  /хх-19-р тал/, нотлох баримтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл ямар эм, тариа худалдан авсан нь тодорхой бус, харагдахгүй, Хужирт 405 600 төгрөг /хх-190-р тал/, хужирт 575 700 төгрөг /хх-22-р тал/, хужирт замын зардал 38 600 төгрөг /хх-191-192-р тал/, нийт 1 062 230 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, эмчийн зүгээс заавал хийгдэх эмчилгээ сувилгаа гэж эмчлүүлэгчийн картанд бичигдээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хариуцагч Одсүрэнгээс нэхэмжлэгчид бэлнээр төлсөн 1 500 000 төгрөгийг эм тарианы үнээс хасч тооцуулна гэж тайлбар гаргасан тул 1 500 000 төгрөг, нийт 2 562 230 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, нийт 2 403 585 төгрөгийг хариуцагч Л.Одсүрэнгээс гаргуулж, нэхэмжлэгч Ц.Энхжинжавд олгох нь үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт зааснаар татвар төлөгч нь Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, машин хэрэглэх үүрэг хүлээнэ гэж заасан гэж маргаж байгаа боловч санхүүгийн баримтын шаардлагын тухайд яригдах зүйл. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тавигдах шаардлага өөр болохыг дурдах нь зүйтэй.

Мөн хариуцагч тал нь хавтаст хэргийн 204-205 дугаар талд авагдсан эм тарианы тун хэрэглэх заалт гэсэн жагсаалтын 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17 дугаар жагсаалтад байгаа эм, тариа нь эмчийн заалтаар хэрэглээгүй, хөгширөлтөөс үүдэх ой тогтоолт, тархины цусны эргэлтийн хямрал, булчин үе мөчний үрэвсэл, өвдөлт намдаах, ууц нурууны өвчин, даралт ихсэх, архины гаралтай захын мэлрэлийн эмгэг, эсдэлт хүчин зүйлээс хамаарсан тодорхой оношлогдсон өвдөг, түнхний үеийн остеоартрит нуруу, нугаламын шинж тэмдэг, захын мэдрэлийн системийн эмгэг гэх мэтчилэн өвчний үед хэрэглэдэг эм тариа байхад Ц.Энхжинжав хэрэглэсэн нь хөнгөн зэргийн тархи доргилт гэсэн оноштой өвчний үед хэрэглэх шаардлагагүй гэж маргаж байгаа боловч эдгээр эм, тариа нь өвдөлт намдаах, тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг буюу давхар цусан хангамж дэмжих, даралт ихсэх зэрэгт хэрэглэгдэх ба эмчийн заавраар хэрэглэсэн болох нь эмчлүүлэгчийн карт, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч Л.Бат-Эрдэнийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр олгосон “Энгийн эмийн жор”-ын баримт зэргээр нотлогдож байна. 

 

 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө”... гэснээр нотлох баримтын шаардлага хангасан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар үнэлж, дүгнэсэн болно.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Одсүрэнгээс 2 402 585 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нэхэмжлэгч Ц.Энхжинжавд олгож, нэхэмжлэлээс 2 563 230 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Одсүрэнгээс 3 250 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хүрд шанд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 754 300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч “Хүрд шанд” ХХК, Ц.Энхжинжав нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан тул нэхэмжлэгч Ц.Энхжинжаваас улсын тэмдэгтийн хураамж 94 403 төгрөгийг, нэхэмжлэгч “Хүрд шанд” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 95 019 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч Л.Одсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 66 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хүрд шанд” ХХК-д, 53 391 төрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Энхжинжавд тус тус олгох нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:   

                                                                                 

  1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Одсүрэнгээс 2 402 585 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нэхэмжлэгч Ц.Энхжинжавд олгож, нэхэмжлэлээс 2 563 230 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Одсүрэнгээс 3 250 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хүрд шанд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 754 300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хүрд шанд” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 95 019 төгрөг, Ц.Энхжинжаваас улсын тэмдэгтийн хураамж 94 403 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуул ийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагч Л.Одсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 66 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хүрд шанд” ХХК-д, 53 391 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Энхжинжавд тус тус олгосугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчигтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй. 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ

 

                                                 ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА 

                                                                                      

                                                 ШҮҮГЧ                                 Э.БОЛОРМАА