Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2018/00658

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 3 хэсэг, Их дарь эх 5 гудамж, 188 тоот хаягт оршин суух, Буурал овогт Цэцэнгийн Цээлэй /РД:ОЛ58011670/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат 8 гудамж, 61 тоот хаягт оршин суух, Боржгин овогт Лхагважавын Бямбасүрэн /РД:ЧД68080321/-д  холбогдох,

Автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32,000,000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цээлэй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагч Л.Бямбасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангуа, гэрч Ш.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Цээлэй миний төрсөн хүү болох Ц.Болд-Эрдэнэ нь 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад “Мүгэн констракшн” ХХК-д барилгын шалны бетон, ханын шаврын ажил хийж гүйцэтгэсэн. Энэ үед тус компаний захирал Л.Бямбасүрэн нь миний өөрийн эзэмшлийн ачааны автомашиныг худалдан авах санал тавьсан. Ингээд 2016 оны 10 сард “Мүгэн констракшн” ХХК-ийн захирал ажилтай Л.Бямбасүрэн гэх хүнтэй харилцан тохиролцож аман хэлбэрээр хэлцэл байгуулан 1995 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн 97-24 УНЯ улсын дугаартай, ачааны автомашиныг 2016 оны 11 сарын 01-ний өдөр өөрийн биеэр Авто тээврийн үндэсний төвд очиж би шилжүүлж өгсөн.

Харилцан тохиролцохдоо автомашины үнийг 32,000,000 төгрөгөөр үнэлж үнийн дүнд 233 м.куб газо бетон блокыг шилжүүлэхээр болсон. Гэвч хариуцагч Л.Бямбасүрэн нь харилцан тохиролцооны дагуу 233 м.куб газо бетоныг шилжүүлж өгөөгүй. Автомашинд тохирсон үнэ буюу блокыг шилжүүлээгүй учир 2017 оны 6 сарын 21-ний өдөр Л.Бямбасүрэнгийн гэрт очиж уулзахад “Газо бетон блокыг танай хүү голсон учир блок өгөхгүй ээ, харин 97-24 УНЯ улсын дугаартай автомашинаа буцааж ав” гэсэн. Ингээд автомашиныг буцаан авахаар болсон боловч “Сонгууль болж байна, сонгуулийн дараа шилжүүлж өгнө” гэсэн. Гэвч дахин сонгууль болж мөн автомашин шилжүүлж өгөх хугацааг хойшлуулсан. Дахин 2017 оны 7, 8 дугаар саруудад уулзаж автомашинаа авах талаар шаардсан мөн автомашиныг өөр этгээдэд шилжүүлэхгүй байхыг шаардсан боловч “Автомашиныг өгөхгүй, газо бетон блок ч өгөхгүй, шүүхээр заргалдаад ав” гэсэн хариу өгсөн. Мөн нэхэмжлэгч миний бие Автотээврийн үндэсний төвөөс дээрх маргаан бүхий 97-24 УНЯ улсын дугаартай автомашины эзэмшигчийн талаарх лавлагааг авахад хариуцагч Л.Бямбасүрэнгээс иргэн Л.Мягмаржав, цаашаа иргэн М.Оюунсүрэнгийн нэр дээр тус тус шилжсэн байх тул автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бодит байдал дээр биелэгдэх боломжгүй болсон нь харагдаж байна.

Иймд Автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч намайг хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн яриад байгаа блок миний машинтай холбоогүй. Миний машинтай холбоотой блок нь одоог хүртэл хашаанд нь байгаа. Энэ компани барилгын үйл ажиллагаа явуулдаг компани. Энэ хүнээс одоо машинаа авах гэхээр цааш нь зарчихсан, блокоо авъя гэхээр өгөхгүй. Хэрвээ намайг блокоо ачаад аваарай гэсэн бол очоод аваад хэлэх байсан, тийм зүйл огт болоогүй гэв.

Сүүлд нь 2016 оны 10 сарын 08-нд хүлээлгэж өгсөн гэж яриад байдаг. Гэтэл би машинаа 11 сарын 01-нд хүлээлгэн өгсөн. Энэ хүн машиныг цааш зарахдаа хэдэн төгрөгөөр зарах нь өөрийнх нь эрх шүү дээ гэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс хэлцэл буюу гэрээ байгуулагдсан гэж үзээд байгаа.

Автомашины үнэ 32.000.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2018 оны 01 сарын 29-ний өдөр гаргасан хариуцагчийн тайлбараас үзэхэд маргаан бүхий авто машиныг 31.455.000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцож үүрэг хүлээсэн нь харагдана.

Бид анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 32,000,000 төгрөгөөр гаргаад дараа нь хариуцагч хариу тайлбартаа автомашины үнийг 31,455,000 төгрөг гэхэд нь нэхэмжлэгч энэ үнийг нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа энэ дүнгээр дэмжиж байгаа. Тодорхой гэрээ байгуулагдаагүй учраас үнийн дүнг гэрээн дээр нь тусгагдаагүй, бичгээр байгуулсан гэрээ байхгүй, аман хэлцэлд хэн хэнийх нь хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр  байгуулагдсан гэж үзэж байна.

Ажил гүйцэтгэх гэрээ гэж хариуцагч талаас тайлбараа гаргаад хэлээд байна.

Ц.Болд-Эрдэнээс ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 16,149,120 төгрөг байгаа гэж хариуцагч тайлбарлаж байгаа. Үүний төлбөрт 6,000,000 төгрөгийг данс руу шилжүүлсэн. 4,649,000 төгрөгийн блок өгсөн гэдгээ хэлсэн.

 Ц.Цээлэй, Л.Бямбасүрэн нар Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар хэлцэл хийсэн. Машины улсын бүртгэлийн гэрчилгээг Л.Бямбасүрэн өөрийн нэр дээр шилжүүлсэн байгаа тул хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа.

Авто тээврийн үндэсний төвд очоод өөрийн хүсэл зоригоо илэрхийлээд гарын үсгээ зурсан. Ц.Болд-Эрдэнэ бол автомашин худалдах, худалдан авахад зуучилсан хүн байгаа. Нэхэмжлэгч Ц.Цээлэй хариуцагч Л.Бямбасүрэн нар уулзаад 230 метр куб блок авахаар тохиролцсон гэдгээ хэлсэн. Энэ тохиролцоог ойшоохгүй хариуцагч худал мэдүүлэг өгч байгаа нь ойлгомжгүй. Эд хөрөнгийг хариуцагч өмчлөлдөө шилжүүлж авахдаа худалдаж авч байна гэдгээ мэдээгүй байх шалтгаан байхгүй гэв.

           

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Цээлэй нь Автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй шаардлага байна.

Л.Бямбасүрэн миний бие нэхэмжлэгч Ц.Цээлэйтэй Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй болно. Харин нэхэмжлэгч Ц.Цээлэйгийн хүү Ц.Болд-эрдэнэ нь манай “Мүгэн констракшн” ХХК-тай 2016 оны 10 сард Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 233 метр куб газобетон блокыг худалдан авагч Ц.Болд-эрдэнийн өмчлөлд шилжүүлж, худалдагч “Мүгэн констракшн” ХХК-д 31,455,000 төгрөг төлөх төлбөртөө тооцон УНЯ 97-24 улсын дугаартай автомашиныг шилжүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу автомашиныг эзэмшилдээ шилжүүлэн авч, “Мүгэн констракшн” ХХК-ийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох бэлэн байсан 233 метр куб газо бетон блокыг хүлээлгэн өгсөн болно. Хашаанд байгааг нь зургаар шүүхэд гаргаж өгсөн. Ц.Болд-Эрдэнийн ах нь ирж нэг удаа Пронтер машинаар блок ачиж явсан,  энэ машинд 70 поддон ордог. Блокоо ав гэдгийг Ц.Болд-Эрдэнэд зөндөө хэлж байсан.

Нэхэмжлэгч Ц.Цээлэй нь УНЯ 97-24 улсын дугаартай автомашины эзэмших эрхийг өөрийн биеэр шилжүүлэн өгсөн ба энэ тухайгаа нэхэмжлэлдээ бичсэн байх бөгөөд дээрх автомашиныг өөрийн хүү Ц.Болд-эрдэнийнхээ бусадтай байгуулсан гэрээний төлбөрт өөрөө хүлээн зөвшөөрч шилжүүлсэн хирнээ одоо надаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх бөгөөд автомашинаа эсхүл түүний үнийг нэхэмжлэх шаардлага үүссэн бол өөрийн хүү Ц.Болд-Эрдэнээс нэхэмжлэх нь хуульд нийцсэн зөв үйлдэл болно.

Нэхэмжлэгч Ц.Цээлэй нь Л.Бямбасүрэн надтай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй байх тул миний бие түүний нэхэмжлэлтэй иргэний хэргийн жинхэнэ хариуцагч болох хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн маргаан бүхий автомашиныг түүний хүү Ц.Болд-Эрдэнэ нь “Мүгэн констракшн” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцон өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шилжүүлсэн байхад автомашины үнийг 32,000,000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Цээлэйгийн Автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Цээлэй хариуцагч Л.Бямбасүрэн нарын хооронд автомашин худалдах, худалдах авах гэрээний харидцаа үүсээгүй гэж үзэж байна.

Ц.Цээлэйгийн хүү Ц.Болд-Эрдэнэ нь “Мүгэн констракшн” ХХК-тай барилгын ажил хийдэг, хамтарч ажилладаг байсан хүмүүс юм. Л.Бямбасүрэн нь “Мүгэн констракшн” ХХК-ийн захирал юм.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэдэг нь тодорхой харагдана.

Нэхэмжлэгчийн хүү Ц.Болд-Эрдэнэ нь “Мүгэн констракшн” ХХК-иас 233 м.куб газон бетон блок худалдаж авах, худалдаж авах газон бетон  блокын оронд өөрийнхөө аав Ц.Цээлэйгийн эзэмшлийн УНЯ 97-24 улсын дугаартай автомашиныг бартераар өгөхөөр тохиролцсон. Энэ нь хэрэгт авагдсан байгаа Ц.Болд-Эрдэнээс “Мүгэн констракшн” ХХК-ийн захирал Л.Бямбасүрэнд явуулсан е майл, мэссэж, мөн худалдах, худалдан авах гэрээний санал, төсөл  зэргээс маш тодорхой харагддаг.

“Мүгэн констракшн” ХХК-ийн захирал Л.Бямбасүрэнд е майлаар явуулсан Ц.Болд-Эрдэнийн худалдах, худалдан авах гэрээний төсөл, саналд 233 м.куб газон бетон блок худалдан авах, 1 м.куб газон бетон блокын үнийг 135,000 төгрөгөөр тооцох, нийт үнэ 31,455,000 төгрөг байхаар, энэ үнэд тооцон өөрийн аав Ц.Цээлэйгийн эзэмшлийн УНЯ 97-24 улсын дугаартай автомашиныг “Мүгэн констракшн” ХХК-д өгөхөөр гэрээний төслийг явуулсан зэргээс үзэхэд Ц.Цээлэйтэй автомашин худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүсээгүй гэсэн хариуцагч Л.Бямбасүрэнгийн тайлбар үндэслэлтэй.

Мөн уг автомашиныг “Мүгэн констракшн” ХХК-ийн захирал Л.Бямбасүрэнгийн нэр дээр шилжүүлэхээр Ц.Болд-Эрдэнэ нь аав Ц.Цээлэйг Авто тээврийн үндэсний төв дээр дагуулж очиж хариуцагчийн нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн байгаа.

“Мүгэн констракшн” ХХК болон Ц.Болд-Эрдэнэ нарын хооронд хийсэн арилжааны гэрээний үнэд уг автомашиныг хариуцагчид шилжүүлж өгсөн болохоос Ц.Цээлэй, Л.Бямбасүрэн нарын хооронд автомашин худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“Мүгэн констракшн” ХХК-ийн Бэлхэд байрлах хашаанд автомашины үнэд тохирсон газ бетон блокыг ялгаж хураагаад тавьсан, автомашины оронд авах газ бетон блокоо Ц.Болд-Эрдэнэ авсан нь гэрчийн мэдүүлгээс харагддаг.

Нэхэмжлэгч анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа авто машин гаргуулъя гэсэн. Дараа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага өөрчлөөд автомашиныг гаргуулах боломжгүй эзэмшигч нь өөрчлөгдсөн юм байна гээд авто машин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32.000.000 төгрөгийг гаргуулъя гэж нэхэмжлэлийн шаардлага өөрчилж орж ирсэн.

Автомашин худалдах, худалдан авах гэрээ байхгүй. Уг автомашиныг 32,000,000 төгрөгөөр худалдаж худалдан авахаар тохиролцсон зүйл байхгүй, нэхэмжлэгч 32,000,000 төгрөгөөр машинаа зарсан гэдгээ бас энэ үнийг хаанаас яаж гаргаж ирээд байгаа нь тодорхойгүй байна гэв.

 

Гэрчийн мэдүүлгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан болно.

Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Цээлэй нь хариуцагч Л.Бямбасүрэнд холбогдуулан Автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 31.455.000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Л.Бямбасүрэн нь Ц.Цээлэйтэй автомашин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчийн хүү Ц.Болд-Эрдэнэтэй тохиролцсоны дагуу уг автомашиныг 233 м.куб газ бетон блокын үнэ 31,455,000 төгрөгт тооцон авсан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа баримтаас үзэхэд Ц.Цээлэйгийн  эзэмшилд байсан 97-24 УНЯ улсын дугаартай Исузу маркын тээврийн хэрэгслийг 2016 оны 11 сарын 01-ний өдөр Л.Бямбасүрэнгийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй.

Хариуцагч нь уг автомашины үнэд 233 м.куб газ бетон блок өгөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон тул талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь худалдан авагчид эд хөрөнгийг шилжүүлэн өгөх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд хариуцагч Л.Бямбасүрэн нь автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байх тул нэхэмжлэгч Ц.Цээлэй автомашины үнийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч Л.Бямбасүрэн хэлэлцэж тохирсон хэмжээний блокыг Ц.Цээлэйгийн хүү Ц.Болд-Эрдэнэд нь хүлээлгэн өгсөн гэж маргаж байгаа боловч эд хөрөнгө шилжүүлсэн, хүлээлгэн өгснийг нотлоогүй, харин Ц.Болд-Эрдэнийн ахын ачиж явсан 3,6 метр куб блок нь Ц.Болд-Эрдэнийн “Мүгэн констракшн” ХХК-тай байгуулсан засварын ажлын хөлсөнд тооцож авсан блок болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзнэ.

Хариуцагч нь Ц.Болд-Эрдэнэтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар төсөл хийсэн, би гарын үсэг зурж баталгаажуулсан гэж маргаж байгаа боловч гэрээнд Ц.Болд-Эрдэнэ гарын үсэг зураагүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, гэрээ байгуулагдаагүй учир талуудад ямар нэг үүрэг үүсэхгүй юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа Ц.Цээлэй, Л.Бямбасүрэн нарын хооронд үүсэж, Ц.Цээлэйгийн  эзэмшилд байсан 97-24 УНЯ улсын дугаартай Исузу маркын тээврийн хэрэгслийг 31.455.000 төгрөгийн үнэ бүхий 233 метр куб газобетон блокоор худалдан авахаар 2016 оны 11 сарын 01-ний өдөр тохиролцож, мөн өдрөө автомашиныг Л.Бямбасүрэнгийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, харин худалдан авагч Л.Бямбасүрэн нь худалдагч Ц.Цээлэйд хэлэлцэн тохирсон хэмжээний блокыг хүлээлгэн өгсөн байдал тогтоогдохгүй байна.

Талууд автомашины үнэд 233 м.куб газон бетон блок өгөх, 1 м.куб газон бетон блокын үнийг 135,000 төгрөгөөр тооцож, нийт үнэ 31,455,000 төгрөг байхаар тохиролцсон гэдгийг үгүйсгээгүй.

Иймд Л.Бямбасүрэнгээс автомашин худалдан авахад хэлэлцэн тохиролцсон үнэ болох 31,455,000 төгрөг гаргуулж Ц.Цээлэйд олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

           

            ТОГТООХ нь:

                                                                                             

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар  Л.Бямбасүрэнгээс 31,455,000 төгрөг гаргуулж Ц.Цээлэйд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.Бямбасүрэнгээс 315,225 төгрөг  гаргуулж нэхэмжлэгч Ц.Цээлэйд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.БААТАР