Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2018/01211

 

 

 

 

 

 

 

  2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2018/01211

         Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед, 5 давхарт оршин байгаа, “ ББСБ” ХХК /рд:2712008/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Сөүлийн гудамж, Түшиг төв, 204б, 205 тоот хаягт оршин байгаа, “” /рд:5121256/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 492,693,437 төгрөг, нотаритын зардал 34,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Хадбаатар, Д.Мөнхтуул, хариуцагчийн төлөөлөгч Ч.Цолмонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“” ХХК-ийн захирал Л.Жаргалсайхан нь “ ББСБ” ХХК-д зээлийн хүсэлт гарган “Нийтийн зориулалттай орон сууцны шинэчлэл, засварын цех төсөл арга хэмжээний багц-2 буюу Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цахилгаан шатны нийлүүлэлт, угсарч суурилуулах ажил”-ийн зардалд 2017 оны улсын төсөвт тусгагдсан тендерийн зардал болох 2.9 тэрбум төгрөгийг барьцаалж, Батлан даалтын гэрээ болон зээлийн гэрээ байгуулан нийт 444,900,000 төгрөгийн зээлийг авсан.

2017 оны 09 сарын 25-ны өдөр ЗГ201711000378 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээг тус тус байгуулан 250,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.98%-ийн хүүтэйгээр, 2017 оны 11 сарын 20-ны өдөр ЗГ201711000509 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээг тус тус байгуулан 155,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3.98%-ийн хүүтэйгээр, 2017 оны 12 сарын 04-ний өдөр ЗГ201711000530 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээг тус тус байгуулан 45,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3.98%-ийн хүүтэйгээр тус тус зээлж авсан.

Зээлдэгч “” ХХК-ийн захирал Д.Жаргалсайхан нь тендерийн ажлаа дуусган Улсын комисст хүлээлгэн өгч, дээрх зээлийн гэрээнүүдийн зээлийн барьцаанд тавьсан 2017 оны улсын төсөвт тусгагдсан тендерийн зардал болох 2.9 тэрбум төгрөгийг Барилга, хот байгуулалтын яамнаас 2017 оны 12 сарын 26, 28-ны өдрүүдэд Хас банкны 5000316476 тоот дансаар авсан боловч зээлийн гэрээнүүдийн хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүү төлөх хуваарийг 2017 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчиж, өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг төлөлгүй явсаар 2018 оны 03 сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 444,900,000 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 40,272,348 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,791,089 төгрөг буюу нийт 492,963,437 төгрөгийн зээлийг төлөлгүй манай байгууллагыг хохироосоор байна.

Түүгээр зогсохгүй зээлийн гэрээнүүдийн барьцаа хөрөнгө болох нийт 2,900,000,000 төгрөгийн өртөгтэй төслөөс орж ирсэн тендерийн зардал болох улсын төсвийн 2,7 тэрбум төгрөгийг Хас банкаар дамжуулан авахдаа 1.7 тэрбум төгрөгийг дур мэдэн хувьдаа ашиглаж, үлдэх 1 тэрбум төгрөгийг Чингис хаан банкны 5101000344 тоот дансанд шилжүүлэн байршуулсан байна.

Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 444,900,000 төгрөг, зээлийн хүү 40,272,348 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,791,089 төгрөг, нийт 492,963,437 төгрөг, мөн нотариатын зардал 34,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“” ХХК нь 2014 оны 10 сарын 28-ны өдөр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам /хуучнаар/-тай Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүргийн цахилгаан шатны нийлүүлэлт, угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай зардлыг тооцон 2017 оны 09 сарын 25-ны өдөр “” ББСБ-аас зээл олгохыг хүссэний дагуу манай компанид зээл олгон гэрээ байгуулсан.

Манай компанийн гүйцэтгэж буй цахилгаан шат нийлүүлэлтийн ажилтай холбоотой зээлийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай болж үндсэн зээлийн хугацаанд багтаан 2017 оны 11 сарын 20-ны өдөр дахин зээл хүсч зээлдүүлэгч зээлийг шийдвэрлэж өгсөн.

2017 оны 12 сарын эцэст Номингийн зээлийн ажилтантай хамт явж ажлын гүйцэтгэлтэй танилцуулахдаа зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Зээлийн гэрээний хугацаа сунгахад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хууль болон гэрээнд тусгаагүй гэрээ сунгалтын шимтгэл төлсөн байх шаардлагатай тухай хэлж хоёр талаас тооцоо нийлж бүгдийг төлсөн учир гэрээний хугацаа сунгах хүсэлтээ бичгээр гаргасан.

Гэтэл 2018 оны 01 сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс холбогдож Номин компаниас таньтай холбоотой гомдол, мэдээлэл гаргасан учир ирж мэдүүлэг өг гэсэн.

Бид зээлийн гэрээний дагуу төлөх ёстой тооцоогоор нийлсэн рүү болон нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж, хууль болон гэрээнд огт дурьдагдаагүй гэрээ сунгалтын шимтгэл гэх 11,974,500 төгрөгийг хүртэл төлж, бичгээр хүсэлтээ гаргасаар байтал бидний хүсэлтийг шийдвэрлэлгүй цагдаагийн байгууллагад гомдол гаргаж Чингис хаан банк, Хас банкны дансны гүйлгээг хязгаарлуулсан байсан.

Гэтэл өнөөдөр “” ХХК нь дээрх эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэгт холбоотой зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулна гэж давхар иргэний журмаар нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна.  

Үндсэн зээлийн үлдэгдэл 444,900,000 төгрөгтэй маргахгүй. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хийсэн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу зээлийн үндсэн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй. Ингэж тооцоход зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол өөр гарах ёстой. Мөн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг өөр өөр цаг хугацаанд хэд хэд тасалж авсан. Зээлийн мөнгөн хөрөнгийг авсан үеэс хүү тооцогдох ёстой.

Барилга, хот байгуулалтын яамнаас 2.7 тэрбум төгрөг авахдаа Хас банкаар дамжуулан авсан байгаа. Анхны гэрээнд Хас банкны дансыг зааж өгсөн учир Хас банкаар дамжуулсан гэж үздэг.

2017 оны 12 сарын 28-ны өдөр зээлийн гэрээг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт тавиад явж байтал 2018 оны 01 сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс Эрүүгийн журмаар гомдол гаргасан байгаа. Эрүүгийн журмаар Д.Жаргалсайхан гэдэг хүн гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг тогтоосон. Энэ нь иргэний маргаан байна гэж үзсэн.

Чингис хаан банкинд байгаа 1 тэрбум төгрөгийг ямар нэгэн байдлаар зарцуулах боломжгүй байгаа. 2018 оны 01 сарын 02-ны өдрөөс хойш 444,900,000 төгрөгөөс зээлийн хүү төлөхгүй. Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр Эрүүгийн журмаар гомдол гаргаснаас болж данс битүүмжлэх арга хэмжээ авагдсан учир төлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 444,900,000 төгрөг, зээлийн хүү 40,272,348 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,791,089 төгрөг, нийт 492,963,437 төгрөг, мөн нотариатын зардал 34,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал шүүх хуралдааны явцад үндсэн зээл 444,900,000 төгрөгтэй маргахгүй хэмээн тайлбарласан ба зээлийн хүү 40,272,348 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,791,089 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссан үед төлсөн 31,318,098 төгрөгийг үндсэн зээлээс хасалгүй хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцон авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн, зээлийн мөнгөн хөрөнгийг хэд хэдэн удаа тасалж өгсөн учир мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн өдрөөс зээлийн хүүг тооцох ёстой, нэхэмжлэгч тал Д.Жаргалсайханыг үндэслэлгүйгээр эрүүгийн журмаар шалгуулснаас болж зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй болгосон хэмээн тайлбарладаг.

Шүүх дараах үндэслэлээр “ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

“ ББСБ” ХХК болон “” ХХК нар 2017 оны 09 сарын 25-ны өдөр ЗГ201711000378 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, 250,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 30 хоногийн 3.98 хувийн хүүтэйгээр, 2017 оны 11 сарын 20-ны өдөр ЗГ201711000509 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, 155,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 30 хоногийн 3.98 хувийн хүүтэйгээр, 2017 оны 12 сарын 04-ний өдөр ЗГ201711000530 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, 45,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 30 хоногийн 3.98 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэх, мөн зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх-10-12х, 17-19х, 23-25х/

/Жич: Барьцааны гэрээ болон Батлан даалтын гэрээтэй холбоотой шаардлага байхгүй тул талуудын хооронд байгуулагдсан “Барьцааны гэрээ”, “Зээлийн хувийн батлан даалтын гэрээ”-нүүдийн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдүүлэгч “ ББСБ” ХХК нь зээлдэгч “” ХХК-иас шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан шилжүүлгийн маягт, Хаан банкны депозит дансны хуулгаас үзэхэд өмнө дурдсан зээлийн гэрээнүүдийн дагуу “ ББСБ” ХХК-иас 2017 оны 10 сарын 09-ний өдөр 100,000,000 төгрөг, 2017 оны 11 сарын 02-ны өдөр 110,000,000 төгрөг, 2017 оны 11 сарын 20-ны өдөр 112,000,000 төгрөг, 2017 оны 11 сарын 24-ний өдөр 43,000,000 төгрөг, 2017 оны 12 сарын 01-ний өдөр 19,000,000 төгрөг, 2017 оны 12 сарын 04-ний өдөр 21,000,000 төгрөг, 2017 оны 12 сарын 05-ны өдөр 18,500,000 төгрөг, 2017 оны 12 сарын 12-ны өдөр 21,400,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг тус тус “” ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь нотлогдож байна. /хх-29-41х/

Хариуцагч талын татгалзал тус бүрт дүгнэлт хийхэд:

а/. Зээлийн гэрээний хугацаа дууссан үед төлсөн 31,318,098 төгрөгийг үндсэн зээлээс хасалгүй хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцон авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэсний тухайд.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь ... зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж, 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж тус тус зааснаас үзэхэд Зээлийн гэрээний хугацааг талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 09 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг зээлийн мөнгөн хөрөнгө анх шилжиж орсон 2017 оны 10 сарын 09-ний өдрөөс тоолох нь зүйтэй.

Ийнхүү тоолоход зээлийн гэрээний хугацаа 2018 оны 01 сарын 09-ний өдөр дуусаж байна.

Иймд зээлдэгч “” ХХК-иас 2017 оны 12 сарын 28-ны өдөр төлсөн 31,318,098 төгрөгийг зээлийн гэрээний хугацаа дууссан үед төлсөн гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг нэхэмжлэгч тал зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна;

б/. Зээлийн мөнгөн хөрөнгийг хэд хэдэн удаа тасалж өгсөн учир мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн өдрөөс зээлийн хүүг тооцох ёстой гэсний тухайд.

Хэрэгт авагдсан “” ХХК-ийн зээлийн дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч “ ББСБ” ХХК нь зээлийн гэрээний бүхэл дүнгээр бус харин тухай бүр зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн дүнгээс холбогдох цаг хугацаанаас эхлэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тусад нь тооцсон болох нь тогтоогдож байна. /хх-42-43х/

Иймд хариуцагч талын холбогдох тайлбар үндэслэлгүй байна;

в/. Нэхэмжлэгч тал Д.Жаргалсайханыг үндэслэлгүйгээр эрүүгийн журмаар шалгуулснаас болж зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй болгосон гэсний тухайд.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн зүгээс 2018 оны 01 сарын 02-ны өдөр “Номин холдинг” ХХК-иас гаргасан гомдлын дагуу “” ХХК, захирал Д.Жаргалсайханд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, “Номин холдинг” ХХК болон “” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ нь гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлбэл зохих аж ахуйн нэгж хоорондын маргаан гэж үзэн, 2018 оны 02 сарын 27-ны өдөр хэрэг бүртгэлийн ажиллагааг хаасан болох нь Монгол Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 1/08 тоот “Прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор тогтоогдож байна.

Энэхүү тогтоолоор “” ХХК-ийн Чингис хаан банкны 5101000344, Хас банкны 5000316476 дугаартай харилцах дансны хөдөлгөөнийг хязгаарласан хязгаарлалтыг иргэний хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэгдэх хүртэл хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Эрх бүхий байгууллага хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хуульд заасны дагуу дансны хөдөлгөөнийг хязгаарласан явдалд нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн дансны зарлагын хөдөлгөөний хязгаарлаагүй бол “” ХХК нь “ ББСБ” ХХК-ийн өмнө хүлээх зээлийн гэрээний үүргээ биелүүлэх байсан гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн холбогдох татгалзал үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг няцаах тооцооллыг хариуцагч тал шүүхэд гаргаагүй учир хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 492,963,437 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Нотариатын зардал 34,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, энэ нь нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түүнд хавсаргасан бичгийн нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулахтай холбогдон гарсан зардал байх тул уг шаардлагыг хангах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “” ХХК-иас 492,997,437 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-д олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,622,938 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,622,938 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-д буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.