Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 0017

 

С.Х, Ч.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Ц.М Шүүгдэгч Ч.Н Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Г Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ш Нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолтой, С.Х, Ч.Н нарт холбогдох, 1 эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Х-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Улаанбаатар хотод төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр суманд оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,  Х овогт С-н Х,

Монгол улсын иргэн,  Улаанбаатар хотод төрсөн, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр суманд оршин суудаг, ял шийтгэлгүй, М овогт Ч-н Н, Шүүгдэгч С.Х нь 2014 оноос 2017 оны 08 дугаар сарын 27-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Асгатын гол” ХХК-ийн мэдээллийн бирж телевизийн мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа мэдээллийн баазад мессэжээр ирсэн зарын утгыг өөрчилж 28.759.126 төгрөгийг хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан, Шүүгдэгч Ч.Н нь 2014 оноос 2016 оны 08 дугаар сарын 28-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Асгатын гол” ХХКийн мэдээллийн бирж телевизийн мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа мэдээллийн баазад мессэжээр ирсэн зарын утгыг өөрчилж 11.951.774.5 төгрөгийг хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х, Ч.Н нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, Шүүгдэгч Х овогт С-н Хулан, М овогт Ч-н Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-д 2 жилийн хорих оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Х, Ч.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-с 28.759.126 төгрөгийг гаргуулж “Асгатын гол” ХХК-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.6 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Ч.Н нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Х нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Н нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Х давж заалдах гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. С овогтой Х миний бие 2014 оноос 2017 оны 08 дугаар сарын 22-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Асгатын гол” ХХК-ийн мэдээллийн бирж телевизэд мэдээллийн ажилтан, няравын ажлыг хавсран гүйцэтгэх явцад 28.759.126 төгрөгний үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшуулсан. Иймд миний бие 2 сартай нярай хүүхэдтэй тул хөдөлмөр эрхлэх үеэс өр төлбөрийг 24 сараар хэсэгчилсэн байдлаар төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул өмгөөлөгч П.Г-г оролцуулна гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Х” овогт С-н Хулан, “М” овогт Ч-н Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч С.Х, Ч.Н нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, С., Ч.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.Н-д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч С.Х-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, гэм хорын хохиролд шүүгдэгч С.Х-с 28.759.126 төгрөг гаргуулж “Асгатын гол” ХХК-д олгож, шүүгдэгч Ч.Н нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Х нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч С.Х эс зөвшөөрч ... Миний бие 2 сартай нярай хүүхэдтэй тул хөдөлмөр эрхлэх үеэс өр төлбөрийг 24 сараар хэсэгчилсэн байдлаар төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэж давж заалдах гомдол гаргасан байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Шүүгдэгч С.Х нь 2014 оноос 2017 оны 08 дугаар сарын 27-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Асгатын гол” ХХК-ийн мэдээллийн бирж телевизийн мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа мэдээллийн баазад мессэжээр ирсэн зарын утгыг өөрчилж 28.759.126 төгрөгийг хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан, Шүүгдэгч Ч.Н нь 2014 оноос 2016 оны 08 дугаар сарын 28-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Асгатын гол” ХХК-ийн мэдээллийн бирж телевизийн мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа мэдээллийн баазад мессэжээр ирсэн зарын утгыг өөрчилж 11.951.774.5 төгрөгийг хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь: Гэрч С.Д-н ... 2017 оны 07 сараас хойш би дотроо мэдээллийн ажилтан нар мөнгө завшаад байна гэж бодоод М ахад хэлээд тооллого хийж эхэлсэн. Тооллогыг М ах ахлаад П бид 3 хийхэд Х дээр 28.803.042 төгрөг, Н-н нэр дээр 11.959.253 төгрөг, А дээр 3.369.353 төгрөгний алданги гарсан... гэсэн, Гэрч М.М-н ... 2017 оны 8 сараас өмнө иргэдээс ирсэн мессэж зарын утгыг программ дээр харагдаж байгаагүй, харин зассан зарын утга нь харагдаж байсан болохоор Н, Х, А нар баригдахгүй 3 жил гаран мөнгө завшсан байна. Гэхдээ программын мэдээллийн баазад мессэжээр ирсэн зарын утга эх хувиараа хадгалагдаж байсан болохоор тооллого хийхэд боломжтой байсан юм. Нэг үгээр хэлбэл мэдээллийн баазад иргэнээс ирсэн зарын утгыг өөрчилсөн, засварласан нь харагдаж байсан. Миний зүгээс 2017 оны 8 дугаар сараас хойш программын тайлангийн хэсгийг өөрчилж анх ирсэн мессэж зарын утга, засварласан мессэж зарын утгыг хамт хуулдаг болгосон. Мөн 2014 оноос хойш тооллого хийхдээ хүртэл анх ирсэн мессэж зарын утга засварласан мессэж зарын утгыг харьцуулж байгаад гаргасан юм. 2014 оны 06 сарын 07- ны өдрөөс 2017 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл манай байгууллагад үүрэн холбооны мобикомын дугаараас 128716, юнителийн дугаараас 14436, жи-мобайлын дугаараас 234, скайтелийн дугаараас 5959 зар нийт 149345 мессэж зар ирсэн байна. Нэг мессэж зар нь тухайн үүрэн холбооны утасны нэгжнээс 550 төгрөгөөр бичигддэг юм. Мөн мэдээллийн биржийн зарын цэгээс 8338 ширхэг зар хүлээн авсан байна... гэсэн, Шинжээч Б.Ж-н ... “Асгатын гол” ХХК-ийн зар хүлээн авах программ нь 3 төрлийн хэлбэртэй 1-рт биеэр орж зар өгөх буюу бэлэн мөнгө төлөх, 2-рт мессэжээр, 3- рт яриагаар гэсэн 3 төрлөөр зар хүлээн авдаг. Шинжилгээ хийж байхад дээрх нэр бүхий 3 иргэн мессэжээр ирсэн зарыг өөрчилж дундаас нь мөнгийг завшсан байсан. Зар хүлээн авдаг программ дээр хамгийн анх мессэжээр ирсэн зар хадгалагдсан байдаг. Гэтэл дээрх хүмүүс зарын утгыг өөрчлөөд оруулахаар зарын үгийн тоо, зар явуулах хугацаа зэргээс хамаарч зарын үнэ нь программаар бодогдож гардаг. “Асгатын гол” ХХК-ийн гаргаж өгсөн баримт дээрх зарын үнэ нь нэр бүхий 3 хүний утгыг өөрчилсөн зарын үнэ харагдаж байгаа. Тийм болохоор утгыг нь өөрчилсөн зарын үнийг нэмэгдүүлж дээрх дүгнэлтийг шинжээч нар санал нэгтэйгээр гаргасан юм. “Асгатын гол” ХХК-ийн ажилтан нараас мэдээлэл авахад зар хүлээн авагч ажилтан нар нь бэлэн мөнгөөрөө зар өгөхөөр ирсэн хүмүүсийн мөнгийг бэлнээр аваад урд нь мессэжээр ирүүлсэн зарын утгыг өөрчилдөг байсан байгаа юм ... гэсэн мэдүүлгүүд “Пийк ом аудит” ХХК-ний шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай ... С.Х, Г.А, Ч.Н нар иргэдээс ирүүлсэн мессэж заруудыг өөрчилж байсныг он бүрээр гаргасан. С.Х 2017 онд 593 зарын утгыг өөрчилж 9168584.00 төгрөг, 2016 онд 937 зарын утгыг өөрчилж 10199292.00 төгрөг, 2015 онд 1012 утгыг өөрчилж 7751000.00 төгрөг, 2014 онд 356 удаа 1640250.00 төгрөг нийт 2898 удаа 28759126.00 төгрөгийг, Ч.Н нь 2016 онд 649 удаа 4469587.00 төгрөг, 2015 онд 1163 утгыг өөрчилж 5811250.00 төгрөг, 2014 онд 376 удаа утгыг өөрчилж 1670937.00 төгрөг, нийт 2188 удаа 11951774.50 төгрөгийг, Г.А нь 2017 онд 384 удаа 2887853.00 төгрөг, 2016 онд 68 удаа 481500 төгрөг нийт 452 удаа 3369353.00 төгрөгийн хохирол учруулсан. Эдгээр нь нийт 44,080,253.50 төгрөгийн хохирол учруулсан байна... гэсэн дүгнэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдож тогтоогдсон байна. Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч С.Х, Ч.Н нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч С.Н-г ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, С.Х-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, эрх зүйн байдалд тохирсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. Шүүгдэгч С.Х нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт эрхэлсэн тодорхой ажилгүй гэж мэдүүлдэг, түүний ажил эрхэлсэн байдлын талаар баримт хэрэгт авагдаагүй ба гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүгдэгчийн хүсэлтийг үндэслэн хэсэгчлэн төлүүлэх боломжгүй байна. Иймд шүүгдэгчийн ... Миний бие 2 сартай нярай хүүхэдтэй тул хөдөлмөр эрхлэх үеэс өр төлбөрийг 24 сараар хэсэгчилсэн байдлаар төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Х-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР