| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/03126/И |
| Дугаар | 2108 |
| Огноо | 2018-06-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.М,
Хариуцагч: Ч.Г,
Хариуцагч: Л.А нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 35,084,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч С.Үлэмж, хариуцагч болон хариуцагч нарын төлөөлөгч Л.М, түүний өмгөөлөгч Т.Амгаланбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч М.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тус байгууллага нь Л.Мтэй 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГО100120013 дугаартай зээлийн гэрээг шинэчлэн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ0100150027 тоот “Зээлийн гэрээ” түүнийг шинэчлэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЗГО100170001 тоот зээлийн гэрээг байгуулан 27,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Л.М нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг огт төлөөгүй өнөөг хүрч байна. Хариуцагч Л.М өөрийн гаргасан баталгаа, хүсэлтээ сайн дураар биелүүлэхгүй байгаа тул нэгдүүлсэн хүү 847,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 6,737,500 төгрег, үндсэн зээл 27,500,000 төгрөг, нийт 35,084,500 төгрөгийг хариуцагч Л.Мгээс гаргуулан өгнө үү. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг 2012 оны 04 сарын 02-ны өдрийн ЗГО100120013 тоот барьцааны гэрээний зүйлээр хангуулах хүсэлттэй байна.
Л.Мг 2011.11.17-нд 40 сая төгрөг, 2012.04.02-нд 58,550,000 төгрөгийн зээл авах үед би ажиллаж байгаагүй боловч 2012.11.17-нд авсан зээл 40 сая төгрөгөө хаагаад 2012.04.02-нд 58,550,000 төгрөгийн зээл авсан гэсэн. 58,550,000 төгрөгийг бэлнээр өгсөн баримт болон зээл хүсэгчийн өргөдөл гэх баримт дээр Л.М гарын үсгээ зурсан байгаа учир 2011.11.17-ны өдрийн 40,000,000 төгрөгийн зээлээ хаагаад 2012.04.02-нд 58,550,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг шаардаж, 2012.11.6, 2015.04.30, 2017.01.10-ны өдрүүдэд зээлийн гэрээг шинэчилж, хийсэн. 2012.11.6, 2015.04.30, 2017.01.10-ны зээлийн гэрээний дагуу мөнгө өгөөгүй нь үнэн, 58,550,000 төгрөгийн зээлийн гэрээгээ шинэчлээд хийсэн. 2015.04.15-нд Л.М 9,014,083.33 төгрөг төлснөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй, 2015.12.31-нд төлсөн гэх 5,850,000 төгрөгийг манай байгууллагын хувьцаа эзэмшигчид хуралдаад харилцагчаа бодоод 5,850,000 төгрөгийн хүүг нь төлсөн байдаг юм. 2015.04.15-наас хойш 2017.07.03-нд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хэтрүүлсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү огт бодоогүй байгаа, ямар ч хүүгүй манай байгууллагын мөнгийг ашиглаж байгаа гэдгийг анхаарч үзнэ үү. Хамгийн сүүлд өгсөн тооцоололд Л.Мгийн төлсөн мөнгийг зээл, хүүд хуваарилж тооцсон. Уг төлсөн гэх мөнгөнөөс 5,850,000 төгрөгийг Л.М төлөөгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэв.
Хариуцагч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2011 оны 11 сарын 17-ны өдөр “К” ХХК-тай 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан уг мөнгийг бэлнээр авсан нь үнэн, энэ зээлийн хүү болон үндсэн мөнгийг хангалттай төлж байсан. Би Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр ажиллаж байсан.
Нэхэмжлэгч талын хэрэгт өгсөн 2012.04.02-ны өдрийн 58,550,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээнд, 2012 оны 11 сарын 6-ны өдрийн 35,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээнд, 2015 оны 4 сарын 30-ны өдрийн 27,500,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2017 оны 1 сарын 10-ны өдрийн 27,500,000 төгрөгийн зээлийн гэрээнд тус тус гарын үсэг зурсан нь үнэн боловч миний бие 2012.04.02-ны гэрээний дагуу 58,550,000 төгрөг, 2012 оны 11 сарын 6-ны гэрээний дагуу 35,000,000 төгрөг, 2015 оны 4 сарын 30-ны гэрээний дагуу 27,500,000 төгрөг, 2017 оны 1 сарын 10-ны гэрээний дагуу 27,500,000 төгрөгийг тус тус хүлээн аваагүй билээ.
Уг байгууллагад би анх авсан 40,000,000 төгрөгийн зээл, хүүгээ боломжтой үедээ төлж байсан ба мөнгөө төлөхгүй бол байрыг чинь хураана гэхээр нь настай эцэг, эхийнхээ байрыг алдалтай биш, гарын үсэг зур гэж хэлснээр нь гарын үсэг зурж байсан.
Би 40,000,000 төгрөгийн зээл, түүний хүү 4,293,334 төгрөг төлөх байсан, 2012 оны 2 сарын 17-нд зээлээ бүрэн төлж дуусгаагүй нь үнэн, түүнээс хойших хүүг хангалттай төлсөн.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч 58,500,0000 төгрөгийг өгөөгүй, эхний зээлийн 40,000,000 төгрөг, хүүгийн хамт 58,500,000 төгрөг болсоыг зээлийн гэрээ хийсэн гэж өөрийн тайлбараар хүлээн зөвшөөрсөн болох нь 2018.01.19-ний шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байгаа.
2012 оны 11 сарын 06-ны өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 87.1-д заасан салгаж үл болох эрх юм. Өөрөөр хэлбэл үндсэн үүргийн харилцаа үүсээгүй байхад үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу барьцаа дангаараа шаардах эрхийг үүсгэхгүй тул нэхэмжлэлийн 2 дах шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч “К” ХХК, хариуцагч Л.М, Ч.Г, Л.А нарт холбогдуулан “2012.04.02-ны өдрийн 58,550,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 4 сарын 30-ны өдрийн 27,500,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2017 оны 1 сарын 10-ны өдрийн 27,500,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлд 27,500,000 төгрөг, хүүнд 6,737,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 847,000 төгрөг, нийт 35,084,500 төгрөг гаргуулах, 2012.04.02-ны өдрийн барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд дээрх шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч болон хариуцагч нарын төлөөлөгч Л.М “зээлийн төлбөрийг хангалттай төлсөн” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 40,000,000 төгрөгийн зээл болон барьцааны гэрээ, 2012.04.02-ны өдөр 58,550,000 төгрөгийн зээл болон барьцааны гэрээ, 2012 оны 11 сарын 6-ны өдөр 35,000,000 төгрөгийн зээл болон барьцааны гэрээ, 2015 оны 4 сарын 30-ны өдөр 27,500,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2017 оны 1 сарын 10-ны өдөр 27,500,000 төгрөгийн зээлийн гэрээ, нийт 5 удаагийн 188,550,000 төгрөгийг зээлсэн гэрээнүүд бичгээр байгуулагдсан байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 40,000,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн, уг зээлийг хаасан учир дахин 2012.04.02-ны өдөр 58,550,000 төгрөгийн гэрээ байгуулж, бэлнээр хүлээлгэн өгсөн, 2012.04.02, 2015.04.30, 2017.01.10-ны өдрүүдэд байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгө өгөөгүй нь үнэн, 58,550,000 төгрөгийн зээл болон хүүг тооцож гэрээг шинэчилж байгуулсан... гэх, хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Л.Мгийн .... 2011.11.17-нд 40,000,000 төгрөг бэлнээр авсан нь үнэн, 2012.04.02-нд 58,550,000 төгрөгийг бэлнээр аваагүй, 40,000,000 төгрөгийн зээл дээр хүү нь нэмэгдсэн учир ийм дүнгээр гэрээ хийнэ, гарын үсэг зур гэхээр нь эцэг, эхийнхээ байрыг хураалгахгүй гэж бодоод зурсан... гэх тайлбар, нэхэмжлэгч тал 2011.11.17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлж уг зээлийг дуусгавар болгосон талаарх санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн маягтыг хэрэгт өгөөгүй, энэ нь тогтоогдохгүй, 58,550,000 төгрөгийг Л.Мгийн аль 1 банкин дахь харилцах данс уруу шилжүүлсэн баримт байхгүй, 2012.04.02-ны өдрийн кассын зарлагын ордер гэх баримт нь нэг талын буюу “Кловер” ББСБ ХХК-ийн баримт, Л.Мд 2012.11.06-нд 35,000,000 төгрөг, 2015.04.30-нд 27,500,000 төгрөг, 2017.01.10-нд 27,500,000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүй атлаа гарын үсэг зуруулсан, зээл олгох хүсэл зориггүй атлаа зээлдэгчээс зээл болон барьцааны гэрээнд Л.Мгээр гарын үсгийг зуруулж байсан зэрэг үйл баримтуудаас талуудын хооронд 2011.11.17-ны өдөр 40,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 3,5 хувийн хүүтэй зээлсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн, 2012.04.02-нд 58,550,000 төгрөгийн, 2012.11.06-нд 35,000,000 төгрөгийн, 2015.04.30-нд 27,500,000 төгрөгийн, 2017.01.10-нд 27,500,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
“К” ХХК Л.Мтэй 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ0600110002 тоот зээлийн гэрээ, ЗГ0600110002 тоот барьцааны гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааны зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд Г.Лувсан, Ч.Г, Л.А нарын өмчлөлийн улсын бүртгэлийн 2204028063 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Энхтайваны өргөн чөлөө 29 дүгээр байрны 26 тоот 50.92 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Барьцааны гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д нийцсэн боловч Иргэний хуулийн 156.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэснийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус боловч 2011.11.17-ны өдрийн барьцааны гэрээний барьцааны зүйлийг 2012 оны 11 сарын 6-ны өдөр 2012.11.06-ны өдрийн ЗГ0100120050 дугаартай зээлийн гэрээний үүрэгт барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь 2012.11.6-ны өдрийн барьцааны гэрээ, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2018.06.08-ны 8/916 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул Л.Мтэй байгуулсан 2011.11.17-ны өдрийн 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан гэж үзэх үндэслэлтэй, уг зүйлээр үүргийг хангуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн тал “зээлийн хүү төлсөн дансны хуулга” /хх-63-64/, хүү тооцооллын хүснэгт /хх-153/ гэх 2 баримтыг гаргаж өгсөн ба ...Л.М зээлд 31,050,000 төгрөг, хүүнд 41,042,971.59 төгрөг, нийт 72,092,971.59 төгрөг төлсөн, үүнээс 2015.12.31-нд төлсөн гэж тооцогдсон 5,850,000 төгрөгийг тус байгууллагын хувьцаа эзэмшигчид ногдол ашгаасаа харилцагчаа бодож хүүг нь төлсөн... гэж тайлбарлаж байна.
Хариуцагч талаас нэмэгдүүлсэн хүүд төлсөн дансны хуулга гэх баримтыг өгсөн боловч шүүх хуралдаанд хариуцагч ... миний зүгээс зээл, хүүг төлж байсан талаарх бичгийн баримтуудыг гаргаж өгөх боломжгүй, надад байхгүй, нэхэмжлэгч талын мөнгө төлсөн гэх тооцооллоор хэргээ шийдвэрлүүлнэ... гэж хүлээн зөвшөөрч, маргаагүй тул нэхэмжлэгч талаас өгсөн хэргийн 153-р хуудсан дахь төлөгдсөн 72,092,971.59 төгрөгөөс нэхэмжлэгчээс төлөлт хийсэн гэх 5,850,000 төгрөгийг хасаж, Л.Мг “К” ХХК-д нийт 66,242,971.59 төгрөгийг төлсөн гэж тооцох үндэслэлтэй байна.
Зээлийн гэрээний хугацаа 2012 оны 02 сарын 17-ны өдөр дуусгавар болоход зээлийн гэрээний хуваарийн дагуу Л.М үндсэн зээлд 40,000,000 төгрөг, хүүнд 4,293,334 төгрөг, нийт 44,293,334 төгрөг төлөх үүрэгтэй байсан, нэхэмжлэгчээс өгсөн баримтаар /хх-63-64, 153/ зээлийн хүүд 1,773,333 төгрөгийг төлснийг хасвал 42,520,000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д төлсөн мөнгийг нэмэгдүүлсэн хүү, хүү, зээл гэсэн дарааллаар тооцохоор заасан нь Иргэний хуулийн 216-р зүйлийн 216.4-т нийцээгүй тул
2012.05.02-нд 1,912,633.33 төгрөг
2012.06.02-нд 1,980,942.34 төгрөг
2012.07.19-нд 1,912,633.33 төгрөг
2012.10.26-нд 21,846,850 төгрөг
2012.11.02-нд 5,877,971.92 төгрөг
2012.12.06-нд 980,000 төгрөг
2012.12.10-нд 7,000,000 төгрөг
2013.01.06-нд 685,999.33 төгрөг
2013.02.21-нд 830,000 төгрөгөөр нийт 43,027,030.26 төгрөг төлснийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т нийцүүлэн төлөх хугацаа болсон зээл, хүү 42,520,000 төгрөгт тооцоход 2011.11.17-ны зээлийн гэрээний үүргээ 2013.02.21-нд төлж дуусгасан байна.
Хариуцагч 2011.11.17-ны зээлийн гэрээний үүрэг 42,520,000 төгрөгийг хугацаа хэтрүүлж хэсэгчилж төлсөн нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2, 2.3-т заасны дагуу хэтрүүлсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, шүүх 42,520,000 төгрөгөөс төлсөн төлөлтийг хасаж дараах байдлаар хэтрүүлсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох нь зүйтэй.
Хэтрүүлсэн хугацааны хүүг бодохдоо хэтрүүлсэн үүргийг сарын 3.5%-ийн хүүгээр үржүүлж, 30 хоногт хувааж 1 хоногийн хүүгийн дүнг гаргаж, хэтрүүлсэн хоногоор үржүүлж гаргах нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д нийцнэ.
1. 42,520,000 төгрөгийг төлөх үүргээ 2012.02.18-2012.05.02-ны өдөр хүртэл 73 хоног хэтрүүлсэн тул 42,520,000*3,5%:30хоног*73хоног=3,621,286 төгрөг бодогдож, 2012.05.02-нд 1,912,633.33 төгрөгийн төлөлт хийж үндсэн үүрэг 40,607,366.67 төгрөг үлдэнэ.
2. 40,607,366.67 төгрөг төлөх үүргээ 2012.05.03-2012.06.02-ны өдөр хүртэл 30 хоног хэтрүүлсэн тул 40,607,366.67*3,5%:30хоног*30хоног=1,421,257 төгрөг бодогдож, 2012.06.02-нд 1,980,942.34 төгрөгийн төлөлт хийж үндсэн үүрэг 38,626,424.33 төгрөг үлдэнэ.
3. 38,626,424.33 төгрөг төлөх үүргийг 2012.06.03-2012.07.19-ны өдөр хүртэл 46 хоног хэтрүүлсэн тул 38,626,424.33*3,5%:30хоног*46хоног=2,072,951 төгрөг бодогдож, 2012.07.19-нд 1,912,633.33 төгрөгийн төлөлт хийж үндсэн үүрэг 36,713,790.90 төгрөг үлдэнэ.
4. 36,713,790.90 төгрөг төлөх үүргээ 2012.07.20-2012.10.26-ны өдөр хүртэл 98 хоног хэтрүүлсэн тул 36,713,790.90*3,5%:30хоног*98хоног=4,197,610 төгрөг бодогдож, 2012.10.26-нд 21,846,850 төгрөгийн төлөлт хийж үндсэн үүрэг 14,866,940 төгрөг үлдэнэ.
5. 14,866,940 төгрөг төлөх үүргээ 2012.10.27-2012.11.02-ны өдөр хүртэл 5 хоногоор хэтрүүлсэн тул 14,866,940*3,5%:30хоног*5хоног=86,724 төгрөг бодогдож, 2012.11.02-нд 5,877,971.92 төгрөгийн төлөлт хийж үндсэн үүрэг 8,988,969 төгрөг үлдэнэ.
6. 8,988,969 төгрөг төлөх үүргээ 2012.11.03-2012.12.06-ны өдөр хүртэл 33 хоног хэтрүүлсэн тул 8,988,969*3,5%:30хоног*33хоног=346,075 төгрөг бодогдож, 2012.12.06-нд 980,000 төгрөгийн төлөлт хийж үндсэн үүрэг 8,008,969 төгрөг үлдэнэ.
7. 8,008,969 төгрөг төлөх үүргээ 2012.12.07-2012.12.09-ны өдөр хүртэл 2 хоног хэтрүүлсэн тул 8,008,969*3,5%:30хоног*2хоног=18,687 төгрөг бодогдож, 2012.12.10-нд 7,000,000 төгрөгийн төлөлт хийж үндсэн үүрэг 1,008,969 төгрөг үлдэнэ.
8. 1,008,969 төгрөг төлөх үүргээ 2012.12.10-2013.01.06-ны өдөр хүртэл 25 хоног хэтрүүлсэн тул 1,008,969*3,5%:30хоног*25хоног=29,428 төгрөг бодогдож, 2013.01.02-нд 685,999.33 төгрөгийн төлөлт хийж үндсэн үүрэг 322,969 төгрөг үлдэнэ.
9. 322,969 төгрөг төлөх үүргээ 2013.01.06-2013.02.21-ны өдөр хүртэл 46 хоног хэтрүүлсэн тул 322,969*3,5%:30хоног*46хоног=17,332 төгрөг бодогдож, 2013.02.21-нд 830,000 төгрөгийн төлөлт хийж үндсэн үүрэг 42,520,000 төгрөг дууссан байна. 2012.02.17-ны өдрөөс 2013.02.21 хүртэл дээрх тооцооллоор нийт 11,811,350 төгрөгийн хэтрүүлсэн хугацааны хүү тооцогдож байна.
Нэмэгдүүлсэн хүүг бодохдоо төлбөл зохих үүргийг сарын 3.5%-ийн хүүгээр үржүүлж, нэмэгдүүлсэн хүү 20 хувиар үржүүлж, 30 хоногт хувааж 1 хоногийн хүүгийн дүнг гаргаж, хэтрүүлсэн хоногоор үржүүлж гаргах нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д нийцэх ба тооцох хоног нь хэтрүүлсэн хугацааны хоногтой адилхан бодогдох юм.
1. 42,520,000*3,5%*20%:30хоног*73хоног=724,257 төгрөг,
2. 40,607,366.67*3,5%*20%:30хоног*30хоног=1284,251 төгрөг,
3. 38,626,424.33*3,5%*20%:30хоног*46хоног=414,590 төгрөг,
4. 36,713,790.90*3,5%*20%:30хоног*98хоног=839,522 төгрөг,
5. 14,866,940*3,5%*20%:30хоног*5хоног=17,344 төгрөг,
6. 8,988,969*3,5%*20%:30хоног*33хоног=69,215 төгрөг,
7. 8,008,969*3,5%*20%:30хоног*2хоног=3,737 төгрөг,
8. 1,008,969*3,5%*20%:30хоног*25хоног=5,885 төгрөг,
9. 322,969*3,5%*20%:30хоног*46хоног=3,466 төгрөг, нийт 2,362,267 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдож байна.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болохоор” хуульчилсан байх ба дээр дурдсанаас дүгнэвэл хариуцагч Л.М 2011.11.17-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2012.02.17-ны өдөр дууссанаас хойш үндсэн үүрэг 42,520,000 төгрөг, уг үүргийг хэтрүүлсэн хугацааны хүү 11,811,350 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,362,267 төгрөгийг тус тус төлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.
Иймд хариуцагч Л.М, Ч.Г, Л.А нарт холбогдуулан гаргасан “2012.04.02-ны өдрийн 58,550,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 4 сарын 30-ны өдрийн 27,500,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2017 оны 1 сарын 10-ны өдрийн 27,500,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлд 27,500,000 төгрөг, хүүнд 6,737,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 847,000 төгрөг, нийт 35,084,500 төгрөг гаргуулах, 2012.04.02-ны өдрийн барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Л.М, Ч.Г, Л.А нарт холбогдуулан гаргасан “зээлийн гэрээний үүрэгт 35,084,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,373 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ