Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0133

 

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0133

Улаанбаатар хот

 

Ч.А, Ё.Ц нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д;

 

Нэхэмжлэгч: Ч.А, Ё.Ц нар

Хариуцагч: ШЕЗ

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүгч нарт нэг удаагийн тэтгэмж олгосон ШЕЗ ийн тогтоол болон тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийн зөрүүд Ч.А т 83,577,204 төгрөг, Ё.Ц-д  49,193,892 төгрөг олгохыг даалгуулах”тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0925 дугаар шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0726/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.А , Ё.Ц нараас ШЕЗ д холбогдуулан “Шүүгч нарт нэг удаагийн тэтгэмж олгосон ШЕЗ ийн тогтоол болон тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийн зөрүүд Ч.А т 83,577,204 төгрөг, Ё.Ц-д  49,193,892 төгрөг олгохыг даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 925 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.4, 47 дугаар зүйлийн 47.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.А , Ё.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ээс давж заалдах гомдолдоо:

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0925 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна. Дээрх шийдвэрийг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Нэг. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Ч.А , Ё.Ц нараас ШЕЗ д холбогдуулан “тэтгэмжийн зөрүү Ч.А ээс 83,577,204 төгрөг, Ё.Ц-аас 49,193,892 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг гаргахдаа дурдсан үндэслэлийг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин..” гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул “албан тушаалын цалин”, “нэмэгдэл”, “тэтгэмж” гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг ШЕЗ ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог.

3.2. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин..” гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс” гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүгчид нэмэгдэл олгох журам”-аар баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна.

3.1.1. Үүнд: -УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл:

-Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/;

-Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

3.1.2. Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид “нэг удаа” олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “... авч байсан сарын дундаж цалин...” нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. Иймд 36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны” нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

3.3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан “... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг ШЕЗ өөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасантай нийцсэн байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нараас “2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдан хэрэгжиж буй Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 ...шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаа тэтгэмж олгоно” гэж хуульчилжээ. Гэтэл ШЕЗ өөс нэг удаагийн тэтгэмж олгохдоо бидний авч байсан албан тушаалын үндсэн цалин ... дутуу олгосон ...” гэж, хариуцагч ШЕЗ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “... авч байсан сарын дундаж цалин...” нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. Иймд 36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны” нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. ...УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй ...” гэж тус тус маргажээ.

 

   3. Нэг. Эрх зүйн маргаантай захиргааны актын талаар:

3.1. Нэхэмжлэгч Ч.А , Ё.Ц нар нь ШЕЗ д холбогдуулан “Шүүгч нарт нэг удаагийн тэтгэмж олгосон ШЕЗ ийн тогтоол болон тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийн зөрүүд Ч.А т 83,577,204 төгрөг, Ё.Ц-д  49,193,892 төгрөг олгохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3.2. Хариуцагч ШЕЗ өөс нэхэмжлэгч Ё.Ц-д  “...2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх цалин хөлсний зөрүүг ... нөхөн олгох боломжгүй. ... Таны гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх боломжгүй юм.” гэж /1хх-ийн 12 дахь талд/, нэхэмжлэгч Ч.А т “...Таны нэг удаагийн тэтгэмжийн зөрүү олгуулахтай холбоотой ... хүсэлтийг хангах боломжгүй байна” /1хх-ийн 31 дэх талд/ гэсэн хариуг тус тус өгчээ.

 

           4. Хоёр. Хууль хэрэглээний талаар:

 

4.1. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг “Монгол Улсын төрийн байгуулал”-ын дөрөвт Шүүх эрх мэдлийн институцийн эрх, үүргийг тодорхой заасан бөгөөд Дөчин наймдугаар зүйлийн 3-т “Шүүх улсын төсвөөс санхүүжин. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.” гэж шүүх, шүүгч нарын эдийн засгийн баталгааны талаар төрийн хүлээх үүргийг үндсэн хуулиар тогтоож өгсөн билээ.

4.2. Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэн 2021 онд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлд “Шүүх, шүүгчийн эдийн засгийн баталгаа”-г тодорхой хуульчилж өгсөн. Үүнд: Мөн зүйлийн 46.1-д “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна.”, 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.”, 46.4-т “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй.” гэж шүүгчийн цалин хөлсний бүтэц, бүрдлийг цогцоор нь маш тодорхой хуульчилж, төсөв батлахдаа цалин хөлсний бүрдэл, хэмжээг бууруулахыг хориглосон байна.

4.3. Гэтэл ШЕЗ  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэсэн заалтыг практикт хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн шүүгчийн цалин хөлсний цогц бүрдлийг тогтоосон заалтаас зөвхөн “албан тушаалын цалин”-аас тооцон тэтгэмж олгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.4. Шүүгч нарын сард авч байгаа дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь шүүгч нарын цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бөгөөд тухайн цалин хөлснөөс төсөвт төвлөрүүлэн суутгаж байгаа татвар, нийгмийн даатгалын шимтгэл тооцож байгаа цалинг шүүгчийн сард авах цалин гэж үзэх үндэслэлтэй.

4.5. Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлүүдэд зааснаар “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ.” гэж заасан тул шүүгч нарт нэг удаа олгох тэтгэмжийг бодох сарын дундаж цалингийн хэмжээг эдгээр хуультай нийцүүлэн цалингийн бүтэц, бүрдлийг цогцоор нь тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

4.6. Ардчилсан эрх зүйт төрийн тогтолцоотой улс орнуудын хөгжлийн практикаас үзэхэд хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл нь бие биеэсээ хараат бусаар үйл ажиллагаа явуулах гол үндэс нь эдийн засгийн хараат бус байдал юм.

4.7. Иймд шүүгч нарын тэтгэмж олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газраас баталсан хэм хэмжээний актаар зохицуулах нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ.”, 5.2-т “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг алдагдуулсан хууль тогтоомж болон хэм хэмжээний акт гаргахыг хориглоно.”, 46 дугаар зүйлийн 46.3-т “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.” гэсэн заалттай зөрчилдөж байна.

4.8. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.” гэж шүүгчийн сарын цалингийн хэмжээ, бүрдлийг маш тодорхой заасан байхад хариуцагч шүүгчийн “сарын дундаж цалингийн бүрдэл”-ээс зөвхөн “албан тушаалын цалин”-г салган авч шүүгчид олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тогтоож байгаа нь буруу бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй.” гэж заасныг зөрчиж шүүхийн төсвийг батлуулан шүүгчид тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгох тэтгэмж бодох сарын дундаж цалингийн бүрдэл, хэмжээг үндэслэлгүй бууруулжээ.

4.9. Хариуцагч ШЕЗ  нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэсэн хуулийн заалтыг буруу тайлбарлан “... албан тушаалын цалингийн хэмжээ /энэ үг, үсэг болон агуулга хуульд байхгүй/-ээс тооцож олгоно гэж хэрэглэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 4/-т “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4-т “шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх;” гэсэн заалтыг зөрчсөн байна.

4.10. Нөгөөтээгүүр ШЕЗ ийн дарга 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” 165 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь заалтыг баримталсан байх боловч уг журмын “4.4-т Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж заасан зохицуулалтыг хариуцагч анхаарч үзээгүй байна.

4.11. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Ч.А т 83,577,204 төгрөг, Ё.Ц-д  49,193,892 төгрөгийн тэтгэмжийн зөрүүг олгох хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0925 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                                                    Э.ЛХАГВАСҮРЭН   

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ  

ШҮҮГЧ                                                               Т.ЭНХМАА