Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00343

 

*******ийн нэхэмжлэлтэй

                    иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Ундрах, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/01297 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1710 дугаар магадлалтай, 

*******ийн нэхэмжлэлтэй,

Б.Баянтөрд холбогдох, 

Орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 21,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд М.Гантөмөрийн 21,132,108 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн өмгөөлөгч Н.Одончимэг, гуравдагч этгээд М.Гантөмөр, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би М.Гантөмөрийн хамтаар  Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж 52/6 байрны 85 тоот хаягт байрлах, 36,54 м.кв 1 өрөө орон сууцыг дундаа хэсгээр хамтран өмчлөхөөр тохиролцож, орон сууцны гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр М.Гантөмөрийг оруулсан. М.Гантөмөр нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж, улмаар ажлаасаа халагдсан. М.Гантөмөр өөрийн хүргэн дүү******* гэх хүн энэ орон сууцыг худалдаж авахаар болсон,******* дээр зээл гарах боломжтой болсон гэсэн ба Голомт банкнаас нягтлахад Голомт банк*******ийн зээл батлагдсан гэж албан бичгээр мэдэгдсэн. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг*******д шилжүүлэх болж, үүний дагуу дурдсан орон сууцны өмчлөх эрхийг******* нь шилжүүлэн авсан. Гэрээний дагуу 25,000,000 төгрөгийн төлбөр төлөгдөх ёстой байсан. Орон сууцны өмчлөх эрх шилжсэний дараа зээл авах хүсэлт гаргаж, зээлийн шийдвэр нь гарсан байсан ч******* өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй******* нь орон сууцны урьдчилгаа төлбөр 18,800,000 төгрөгийг М.Гантөмөрт өгсөн гэсэн.

2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу Б.Баянтөр нь нэг ч төгрөгийг *******д төлөөгүй. Худалдагдсан орон сууцны үнэ 43,800,000 төгрөг. Иймд орон сууцны үнийг хамтран өмчлөгч нар тэнцүү шаардах эрхтэй тул үнийн дүнгийн 50 хувь болох 21,900,000 төгрөгийг хариуцагч*******өөс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:*******т холбогдуулан орон сууцны үлдэгдэл төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн худалдах- худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 52/6 байрны 85 тоот 36,54 м.кв орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх-ээр өөрчилсөн юм. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөсний дараа хариуцагч******* өмнөх тайлбар, байр сууриа өөрчилж, энэ орон сууц миний өмчлөлийнх, төлбөрийг нь М.Гантөмөр ах төлсөн, байраа буцаахгүй гэх болсон. Иймд хариуцагчаас орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 21,900,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Би М.Гантөмөр, ******* нартай 2017.05.02-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ хийсэн. Уг гэрээ хүчин төгөлдөр үзэж байгаа. *******, М.Гантөмөр нарын хамтран өмчилж байсан уг байрны үнээс 39 сая орчим төгрөгийг М.Гантөмөрт төлж барагдуулсан. Уг гэрээний дагуу байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, үлдэгдэл төлбөрийг Голомт банкнаас авч, төлөхөөр болсон. Голомт банк нь миний авсан зээлийг надад биш Чингэлийн данс руу шилжүүлэх гэсэн. Ингээд М.Гантөмөр, ******* нарын хооронд төлбөр мөнгөний маргаан гарч үүнийгээ шийдвэрлэж чадалгүй Голомт банк зээлээ олгоогүй, Голомт банк зээлийн барьцаанд орон сууцыг барьцаалсан, барьцаанаас чөлөөлөөгүй байгаа юм. Иймд М.Гантөмөрт орон сууцны үнэд 21,132,108 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Гантөмөр шаардлагадаа: Би 2010 онд Жи Энд Юу Голд ХХК-д экскаваторын операторчноор ажилд орж ажилласан бөгөөд тус компаниас ажилчдадаа олгосон орон сууцны зээлд 2014 оноос эхлэн хамрагдаж Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 52/6 байрны 85 тоотод байрлах 36,54 метр кв талбай бүхий нэг өрөө орон сууц /орон сууцны үнэ 43,800,000 төгрөг/-ны түлхүүрийг 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч нүүж орсон. Байрны нийт үнэ төлөгдөж дуустал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хамтран өмчлөгчөөр Жи Энд Юу Голд ХХК-ийн захирал Г.Чинтөмөрийн дүү ******* болон миний нэр дээр гарсан. Миний хувьд тус компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн эзэмшлийн ачааны авто машинаар гүйцэтгэсэн ажлын хөлс 23,571,390 төгрөг, эхнэр Мөнхцэцэгийн цалингаас 2,000,000 төгрөг, өөрийн цалин 6,360,718 төгрөг, орон сууцны урьдчилгаанд төлсөн 8,000,000 төгрөг нийт 39,932,108 төгрөгийг байрны үнэд тус компанид төлсөн. М.Чингэл нь 21,900,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд*******өөс 21,132,108 төгрөгийг гаргуулж, надад олгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: М.Гантөмөр нь миний төрсөн эгч Б.Мөнхцэцэгийн нөхөр, бид ах дүү хоорондоо маргааны зүйл болсон байрыг өгч авалцан тооцоо хийхээр тохирсон ба хүргэн ах, төрсөн эгч хоёрынхоо хөлс хүч, хөдөлмөрөө шингээн авсан байрыг шуналтай хүмүүсийн үгээр орж буцаах хүсэлгүй байгаа тул шүүх хэргийн үнэн мөнийг шүүж жинхэнэ өмчлөгчийг тогтоож өгнө үү гэж хүсэж байна. ******* нь тус байрны хамтран өмчлөгч мөн боловч хэдий хэмжээний зүйл нэхэмжлэх эрхтэй вэ гэдгийг шүүх тогтоож өгөх нь зүйтэй, худалдах, худалдах авах гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/01297 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 241 дүгээр зүйлийн 241.7-д зааснаар хариуцагч*******өөс нийт 25,000,000 /хорин таван сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Чингэлд 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянган/ төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Гантөмөрт 12,500 000 /арван хоёр сая таван зуун мянган/ төгрөг тус тус олгож, *******ийн нэхэмжлэлээс 9,400,000 төгрөгт холбогдох, М.Гөнтөмөрийн шаардлагаас 8,632,108 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532,400 төгрөгөөс 267,450 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 264,950 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч *******д буцаан олгох, хариуцагч Б.Баянтөрөөс 214,950 төгрөг гаргуулж *******д олгох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Гантөмөрөөс төлсөн 263,661 төгрөгөөс 263,610 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж илүү төлсөн 51 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, буцаан олгох,хариуцагч*******өөс 214,950 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Гантөмөрт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1710 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/01297 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 165 350 төгрөгийг, гуравдагч этгээдийн төлсөн 153,100 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 сарын 18-ны өдөр гарсан 1710 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Маргааны хувьд М.Гантөмөр, ******* нар өөрсдийн хамтран өмчлөлд байсан орон сууцыг*******д худалдаж, улмаар түүнтэй холбоотой төлбөрийн асуудал буюу 2017 оны 5 сарын 2-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу хэн нь хэдэн төгрөг авах талаарх маргаан юм. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй. Гуравдагч этгээд М.Гантөмөр нь өмнө нь ******* болон Жи Энд Юу Г олд ХХК-д мөнгө төлсөн, тиймээс*******ийг нэхэмжлэгчид дахин мөнгө төлөх шаардлагагүй гэсэн тайлбарууд гаргадаг ч нэхэмжлэлийн үндэслэл болсон Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хийхдээ энэ талаар ямар нэгэн санал гаргаагүй, тэр талаараа тусгаагүй, өөрийн хүсэл зоригийн үүднээс хийсэн байдаг. Иргэний хуулийн 241-р зүйлийн 241.7-д Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид өөрөөр тохиролцоогүй бол тэдгээрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх тэнцүү байна гэсний дагуу орон сууц зарсан *******, М.Гантөмөр нар нь хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид болохын хувьд худалдан авагч*******өөс орон сууцны үнийг тэнцүү шаардах эрхтэй. Мөн М.Гантөмөр нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, зохигчийн бүхий л эрх, үүргийг эдэлсэн хэдий ч зөвхөн хариуцагч*******д холбогдуулан шаардлага гаргасан. Шүүх энэ дагуу л хэргийг шийдвэрлэсэн. Нөхцөл байдал ийм байхад, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоогүй асуудлаар гаргаад байгаа М.Гантөмөрийн тайлбарыг тодруулахын тулд хэргийг буцаах нь зүйд нийцэхгүй. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 сарын 18- ны өдөр гарсан 1710 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 22-ний өдрийн 182/ШШ2019/01297 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас нийт 21,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

******* нь*******өөс 21,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, гуравдагч этгээд М.Гантөмөр нь*******д холбогдуулан 21,132,108 төгрөг гаргуулах бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.  

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг зөвшөөрсөн байна. 

Анхан шатны шүүх*******өөс 25,000,000 төгрөг гаргуулж, М.Чингэл, М.Гантөмөр нарт тус бүр 12,500,000 төгрөг олгож, нэхэмжлэл, бие даасан шаардлагын үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. 

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...орон сууцыг М.Гантөмөртэй хамтран өмчилдөг байсан, ...43,800,000 төгрөгөөр худалдсан, ...үнийг тэнцүү шаардах эрхтэй тул үнийн дүнгийн 50 хувь болох 21,900,000 төгрөгийг гаргуулна... гэсэн, гуравдагч этгээд М.Гантөмөр нь ...Жи энд юу гоулд ХХК-д ажиллаж байхдаа орон сууцны зээлд хамрагдаж, ...орон сууцыг хүлээн авсан, үнийг төлж дуустал хамтран өмчлөгчөөр тус компанийн захирлын дүү *******тэй хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн, ...байрны үнэд 39,932,108 төгрөгийг төлсөн... гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.  

Хэрэгт байгаа баримтаас үзвэл, *******, М.Гантөмөр нар Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 52/6 байрны 85 тоотын 36,54 м.кв 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд уг байрыг 43,800,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч******* нь урьдчилгаа төлбөрт 18,800,000 төгрөгийг М.Гантөмөрт төлж, үлдэх 25,000,000 төгрөгийг банкнаас зээл авч төлөхөөр тохирчээ. /хэргийн 4-5 дугаар тал/.  

Худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, нэхэмжлэгч төлбөр шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Хариуцагч нь орон сууцны төлбөрт 18,800,000 төгрөгийг төлсөн байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүйгээс гадна ******* болон М.Гантөмөр нарын тайлбарт дурдсан нөхцөл байдлыг тодруулаагүйгээс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, М.Гантөмөр нь маргааны зүйл болох орон сууцны үнэд хэдэн төгрөг төлсөн болох, тэрээр Жи энд юу гоулд ХХК-тай төлбөр тооцоотой байгаа эсэх нь тодорхой бус байна.  

Орон сууц худалдах-худалдан авах гэрээний 3-т ...үлдэгдэл төлбөр болох 25,000,000 төгрөгийг Голомт банкны орон сууцны зээлээр төлнө гэж заасан байх ба худалдан авагч уг төлбөрийг *******, М.Гантөмөр нарын хэнд төлөх нь тодорхой бус, зохигч энэ талаар мэтгэлцээгүй байна.  

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-г зөрчөөгүй гэж үзэв.  

Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, энэ тохиолдолд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг хэвээр үлдээв.  

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт байгаа баримт зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1710 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 165,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Б.УНДРАХ 

Х.СОНИНБАЯР

 

Г.ЦАГААНЦООЖ