Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00344

 

*******гийн нэхэмжлэлтэй

                     иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Ундрах, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01878 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1745 дугаар магадлалтай, 

*******гийн нэхэмжлэлтэй,

Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагад холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баян-Өлгий аймгийн Орон нутгийн хөтөлбөрийн хөгжлийн чиглүүлэгчээр 11 дэх жилдээ ажиллаж байсан. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн R18/12/26 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Орон нутгийн хөтөлбөрийн хөгжлийн чиглүүлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төв дээр очих үед хуулийн зөвлөх н.Цэцэнбаатар, хүний нөөцийн дарга н.Сарангэрэл, мөн Үйл ажиллагааны захирал н.Энхзул нар намайг хүлээн авч уулзаад чи албан тушаалын байдлаа ашиглан хамаарал бүхий этгээдэд үхэр өгсөн нь аудитын шалгалтаар нотлогдсон учир ажлаас хална, гэхдээ чамайг харж үзэн өөрийн хүсэлтээр чинь гаргая, хэрвээ ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж ажлаас чинь чөлөөлбөл цаашид чамд ямар ч ажлын байр олдохгүй, үүгээр ч зогсохгүй Дэлхийн зөн цаашид чамд итгэл үзүүлж чадахгүй, хүүхдийн сайн сайхны төлөө ажиллаж чадахгүй байх гэж хэлж дарамт шахалт үзүүлэн, хясан боогдуулж өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох өргөдлөө бичээд өг гээд өргөдөл бичүүлсэн. Миний хувьд Баян-Өлгий аймгийн Бугат суманд хэрэгжсэн Мал аж ахуйг санаачлагыг дэмжих төсөл-ийн эцсийн өрх сонгох хуралд оролцоогүй сум хариуцаж байсан учир ажлын хэсэгт миний нэрийг оруулсан байсан. Сумаас 0-2 насны хоол тэжээлийн дутагдалтай 2 хүртэлх насны хүүхэдтэй эмзэг өрхийн нэрсийг гаргаж манай ажилтан Т.Ерболат болон сумын багийн дарга нар өрхийн айлчлал хийж өрх сонгосон бөгөөд миний хувьд уг өрхийн айлчлал, өрх сонгох үйл ажиллагаа, үхэр шилжүүлэн өгөхөд оролцоогүй болно. Хамаарал бүхий этгээдэд үхэр өгч албан тушаалаа ашиглан ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж хэлсэн нь гүтгэлэг болж миний нэр хүнд, сэтгэл зүйд халдаж байна гэж үзэж байна. Тухайн үед төрсөн эгч Г.Давхарбаяр нь Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан бөгөөд түүний нөхөр Ц.Кагват нь олон жилийн өмнө нас барсан байсан, төсөлд хамрагдсан гэх Д.Жанухтай миний бие садан төрлийн ямар ч холбоогүй. Миний бие өөрийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өгөөгүй. Түүнчлэн******* Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн R18/12/26 дугаар тушаалд эрх бүхий этгээд Филип Ийвэрт гарын үсэг зураагүй, түүний нарийн бичиг н.Болорцэцэг гарын үсэг зурсан байсан. ДЗМОУБ нь хүүхдийн сайн сайхны төлөө тэр дундаа хамгийн эмзэг өрхөд хүрч үйлчлэх зорилготой мөртлөө сумаас бага насны хүүхэдтэй эмзэг өрхөд хүрч үйлчилсний төлөө бага насны хүүхэдтэй эхийг ажлаас халж байгаа нь байгууллагын үнэт зүйл, алсын харааг зөрчсөн гэж үзэж байна. Миний бие 2018.02.05-ны өдөр жирэмсний амралтаа аваад 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүү Э.Юнрэнг төрүүлсэн, 2018.05.27-ны өдрөөс 2018.09.13-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө авсан, уг чөлөөг 2019.03.31-ний өдөр хүртэл сунгуулсан, ажил олгогч ажлаас чөлөөлөх үед хүүхэд асрах чөлөөтэй байсан.

Иймд******* Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн R18/12/26 дугаар тушаалыг хүчингүй болгож, ******* намайг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Орон нутгийн хөтөлбөрийн хөгжлийн чиглүүлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2019.04.01-ний өдрөөс 2019.06.25-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсний олговорт 4.467.771 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* Монгол Олон улсын байгууллага шүүхэд гаргасан тайлбартаа: Тус байгууллага нь Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага гэж үйл ажиллагаа явуулдаг боловч Гадаадын иргэн, харьяатын газраас 2012.07.17-ны өдрөөс эхлэн, тодорхой хугацаагаар сунгагдаад явж буй Монгол Улсад олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөлд Олон улсад төвтэй Дэлхийн зөн төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар гэж байгаа болно.******* Монгол Олон Улсын байгууллагын Баян-Өлгий орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт ******* нь Хөгжлийн чиглүүлэгчийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд ажлаас гарах үедээ хүүхэд асрах чөлөөтэй байсан. Баян-Өлгий орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хийгдсэн төлөвлөгөөт аудитын шалгалтын үед тухайн хөтөлбөрт *******тай холбоотой зөрчил илэрсэн.******* Монгол Олон Улсын байгууллагын Баян-Өлгий аймгийн Бугат суманд хэрэгжиж буй тусламж, хөгжлийн хөтөлбөрийг ******* хариуцан ажилладаг. 2017 онд 0-2 насны хоол тэжээлийн дутагдалтай хүүхэдтэй өрхийн амьжиргааг сайжруулах зорилготой мал аж ахуйг санаачлах төсөл******* Монгол Олон Улсын байгууллагаас хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд нийт 101 өрхийн талаар судалгаа хийж, 61 өрхийг шалгаруулснаас 47 өрхийг сонгосон байдаг. Уг төсөлд хамрагдах өрхийг сонгох ажлын хэсэгт ******* нь төрсөн эгч Г.Давхарбаярын хамт орсон, улмаар Г.Давхарбаярын нөхөр асан Ц.Кагватын дүү Д.Жанухад давуу тал олгон 2.520.000 төгрөгийн үнэтэй 6 толгой үхрийг олгосон байсан. Энэ үйлдлээр ******* нь******* Монгол Олон Улсын байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн. Тухайлбал ашиг сонирхлын зөрчлөө урьдчилан мэдэгдээгүй, хувийн ашиг сонирхлоор албан тушаалаа ашиглан өөртөө болон хамаатан садны хамааралтай хүмүүст давуу байдал олгосон нь ажил олгогчийн санаачлагаар гэрээг шууд цуцлах үндэслэлд хамаарна.******* Монгол Олон Улсын байгууллагын зүгээс *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргах талаар болон цаашид түүнд итгэж төслийн ажлыг даатгах боломжгүй нөхцөл үүссэн талаар танилцуулсан.******* Монгол Олон Улсын байгууллагын зүгээс түүнийг бага насны хүүхэдтэй, цаашид ажилд орох боломжийг харгалзан үзээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь зөвшөөрсөн юм. Тэрээр ажлаас халагдах тушаал гарахыг баттай мэдээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.

Мөн******* Монгол Олон Улсын байгууллага нь олон улсын хандивлагчдын өмнө хөтөлбөр тэгш, шударга хэрэгжих үүрэг хүлээдэг. Энэ нь Монгол улсад цаашид хэрэгжих буцалтгүй тусламжийн баталгаа болдог. ******* тухайн үед хүүхэд асрах чөлөөтэй байсантай маргахгүй боловч ажилд орох хүсэлтээ гаргаагүй байсан тул ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Г.Эрдэнэзаягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01878 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хариуцагч Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагад холбогдох Дэлхийн зөн Монгол Олон Улсын Байгууллагын суурин төлөөлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн R18/12/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 4.467.771 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1745 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01878 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3-т зааснаар нэхэмжлэгч *******гийн шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээж, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч *******г Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Баян-Өлгий аймаг дахь орон нутгийн хөтөлбөрийн хөгжлийн чиглүүлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 13,537,124 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3, 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгч тал тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1745 дугаар магадлалыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримталж хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Нэхэмжлэгч ******* 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа гардаж авсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар 2019 оны 02 дугаар сарын 04-ний дотор нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх ёстой байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэхүү хугацааг хэтрүүлсэн. Нэхэмжлэгчийн хүү өвчтэй байсан гэх баримтаас 01 дүгээр сарын 07, 11, 18-ны өдөр тус тус эмчид үзүүлсэн нь харагдах бөгөөд, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...01-р сарын 21-ний өдрийг хүртэл гэрээр эмчилгээ хийж, хүүгээ асарсан гэжээ. 01 дүгээр сарын 21- ний өдрөөс нэхэмжлэл гаргасан /шууданд хийсэн/ 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 43 хбногийн хугацаанд яагаад нэхэмжлэлээ гаргаагүй нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч үүнтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхойлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэх бодит үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн болохоо өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд үүнийгээ хэлж байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэтэрхий нэг талаас асуудлыг дүгнэж, хэргийг үнэн зөв шийдвэрлэж чадсангүй. Суурин төлөөлөгч Филип Ийвэрт нэхэмжлэгчийн өргөдлийн хариуг өгнө гэж хүлээлгэж байсан гэдэг нь худал бөгөөд ийнхүү Суурин төлөөлөгчид хандаж гомдол, саналаа гаргасан нь нэхэмжлэл гаргах хугацаа тоолоход саад болохгүй, үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй юм. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргах хугацаа сэргээж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч гаргаж байгаагүй, нэхэмжлэл гаргахаасаа өмнө ч хугацаагаа сэргээлгэсэн зүйл байгаагүй. Гэтэл шүүх өөрийн үзэмжээр хугацааг сэргээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас хальсан. Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд 4,467,771 төгрөгийн нөхөн олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон боловч шүүх дээрх дүнгээс хальж, 13,537,124 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хэдийгээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн боловч, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүүхэд асрах чөлөөтэй байсан. Гэтэл хүүхэд асрах чөлөөг нь харгалзалгүй, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ажлаа хийж, цалингаа авах ёстой байсан мэтээр дүгнэсэн нь давж заалдах шатны шүүхийн апдаа болжээ. Гаргасан зөрчлийн талаар мэдэгдэх уулзалтын үед нэхэмжлэгч нь Д.Жанухаг таних тухайгаа, өөрийнх нь нөхрийн дүү гэдгийг хэлж байсан бөгөөд ажил олгогчийн зүгээс зөрчил гаргасан болохыг өөрийнх тайлбараар болон бусад баримтаар хангалттай тогтоосон болно. Хамаарал бүхий этгээд гэдэг нь зөвхөн Гэр бүлийн тухай хуульд заасан төрөл, садангийн хүмүүсээр хязгаарлагдахгүй. Шийдвэр гаргахад нөлөөлж болохуйц найз нөхөд, танил, өөр бусад этгээд гэх мэт өргөн хүрээгээр хамаарал бүхий этгээд нь тодорхойлогдоно. Улмаар *******гийн цаашдын ажил, хөдөлмөрийг нь бодсондоо өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхийг нь зөвшөөрсөн байдаг. Хариуцагч Дэлхийн зөн Монгол ОУБ нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, хууль бусаар ажпаас халаагүй болно. Шүүх хэргийг үнэн зөв, шударга шийдвэрлэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

******* нь Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.  

Хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна. 

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр R18/12/26 дугаар тушаал гаргаж, Баян-Өлгий орон нутгийн хөтөлбөрийн хөгжлийн чиглүүлэгч албан тушаалтай *******гийн хөдөлмөрийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1. дэх хэсгийг үндэслэл болгожээ /хэргийн 6 дугаар тал/.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, ажил олгогчийн дарамт, шахалтын улмаас өргөдөл бичсэн, аудитын дүгнэлт гараагүй байхад зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн, хүүхэд асрах чөлөөтэй байхад ажлаас чөлөөлсөн, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэнэ гэж, хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа ...албан тушаалаа ашиглан өөртөө болон хамаатан садны хүмүүст давуу байдал олгосон зөрчил гаргасан нь тогтоогдсон, өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн гэсэн тайлбарыг тус тус гаргасан, зохигч энэ хүрээнд мэтгэлцсэн байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь 2007 оноос хойш Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Баян-Өлгий аймгийн орон нутгийн хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байсан ба 2018 оны 3 сарын 27-нд хүүхэд төрүүлсэн, 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан нь тогтоогджээ /1хх-18, 44-50, 2хх-104 тал/.  

Анхан шатны шүүх ...хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.  

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангахдаа ...хүүхэд асрах эрхээ эдэлж байсан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх бодит шалтгаанаар хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй, ...ажилтны хуулиар олгогдсон эрхийг нь хангах үүргээ зөрчсөн, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэстэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэснийг зөрчөөгүй байна.  

Хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг ажилтан гаргасан гэдэг нь ажилтан сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж хүсэлтээ бичгээр өгснийг ойлгодог.  

Нэхэмжлэгч ...хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд төв оффисоос ярьж, УБ хотод яаралтай ир гэж дуудсаны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10 сартай хүүхдийн хамт онгоцоор очсон, ...хуулийн зөвлөх, хүний нөөцийн ажилтан, үйл ажиллагааны захирал нар уулзаад албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хамаарал бүхий этгээдэд үхэр өгсөн нь аудитын шалгалтаар тогтоогдсон тул ажлаас хална, ...гэхдээ чамайг харж үзээд өөрийн хүсэлтээр чинь гаргая... хүсэлтээ өг гэснийг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх байдал тогтоогдоогүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.  

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж тайлбар гаргаж, хүү Юнрэнгийн эрүүл мэндийн үзлэгийн дэвтрийг гаргаж өгсөн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч бага насны хүүхдээ эмчийн заавраар эмчилж асарч байсан нь тогтоогдсон гэж үзэж, хөөн хэлэлцэх хугацааг сэргээхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Давж заалдах шатны шүүх *******г ажлаас буруу халсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т нийцсэн боловч ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцсон нь учир дутагдалтай болжээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан тул олговрыг мөн өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл 6 сараар тооцож, хариуцагчаас 9,142,872 төгрөг гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-г зөрчихгүй. 

Дурдсан үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1745 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...13537124... гэснийг ...9,142,872... гэж, 2 дах заалтын ...дурдсугай гэснийг ...дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 161,236 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 225,636 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Б.УНДРАХ 

Х.СОНИНБАЯР 

Г.ЦАГААНЦООЖ