Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1122

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: “ЦЮ” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй

         

          Хариуцагч: СБТГ-т холбогдох 

 

41 852 623 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Батбаяр, Г.Чулуунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяа, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “ЦЮ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрээний үүргийн биелэлт болох нэмэлт санхүүжилтын үлдэгдэл төлбөрт 2016.07 дугаар сараас 2016.12-р cap хүртэлх төлбөрт 18 481 720 /арван найман сая дөрвөн зуун наян нэгэн мянга долоон зуун хорь/ төгрөг, 2017.01 сараас 2017.07 cap хүртэл 23 370 903 /хорин гурван сая гурван зуун далан мянга есөн зуун гурав/ төгрөг, нийт 41 852 623 /дөчин нэгэн сая найман зуун тавин хоёр мянга зургаан зуун хорин гурав/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл: Манай компани нь 2008 онд байгуулагдан хог тээврийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2013 оноос эхлэн Нийслэлийн СБТГтай 2013 оны 10 сарын 10-ны өдөр 165 дугаартай “Хог тээвэрлэх гэрээ”, 2014 оны 1 сарын 10-ны өдөр 16 дугаартай “Хог тээвэрлэх гэрээ”, 2015 оны 8 сарын 1-ний өдөр “Хог хаягдлын үйлчилгээ үзүүлэх гэрээ”, 2016 оны 1 сарын 15-ны өдөр “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ”-г тус тус байгуулан өнөөдрийг хүртэл хамтран ажилласаар байгаа болно.

Дээрх гэрээнүүдээр манай компани нь тус дүүргийн 16 дугаар хорооны буюу 5 дугаар бүсийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг цуглуулж, ачиж тээвэрлэх, тухайн бүсийн нутаг дэвсгэр дахь ил задгай болон эзэнгүй үүсмэл хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэж төвлөрсөн цэгт хүргэж буулган хариуцсан бүсийг хог хаягдалгүй цэвэр байлгах үүргийг дүүргийн өмнө хүлээж энэхүү үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсээр 2017 оны 7 дугаар cap хүртэл ажилласан бөгөөд 2017 оны 12 сарын 01-ны өдрөөс эхлэн дахин СБТГтай гэрээ байгуулан хог хаягдлын үйлчлгээг үзүүлсээр байна. Дээрх гэрээнүүдийг дүүрэгтэй байгуулахдаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2013 оны 9 сарын 26-ны өдөр баталсан 12/45 дугаартай “Хог тээврийн тариф батлах тухай” тогтоолын дагуу хог тээврийн үйлчилгээний хөлсийг тонн километрийн системд шилжүүлэн 1 тонн хог хаягдлыг тээвэрлэх тарифыг тогтоосон бөгөөд дээрх гэрээнуүд нь энэхүү тогтоолд нийцэж байгуулагдсан болно.

Энэ гэрээнүүдэд оролцогч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын зүгээс манай компаниас үзүүлэх хог хаягдлын үйлчилгээнд хяналт тавих, дүгнэх, шалгах Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн баталсан “Хог тээврийн тариф батлах тухай” тогтоолд нийцүүлэн гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн нэмэлт санхүүжилт олгох үүргийг хүлээсэн байдаг.

Манай компанийн зүгээс өмнө нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2014, 2015, 2016 оны 6 дугаар cap хүртэл хугацааны хог хаягдлын нэмэлт санхүүжилтын үлдэгдэл болох 56.638.562 /тавин зургаан сая зургаан зун гучин найман мянга таван зуун жаран хоёр/ төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас нэхэмжилсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 184 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 676 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 00690 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага бүрэн биелүүлсэн болно.

Манай компанийн дүүргийн засаг даргын тамгын газартай байгуулсан хог тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.2, 8.4.3-т зааснаар: “... сум, дүүргийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, эргүүэн ашиглах, устгах журмын дагуу хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, сонгон шалгаруулсан иргэн, аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд бидний хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэх тул хууль болон гэрээнд заасны дагуу шаардах эрхтэй гэж ойлгож байгаа болно.

Хамгийн сүүлд байгуулсан 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 32 тоот Хог тээвэрлэх түр гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт: “... Хог тээвэрлэгч байгууллагын санхжүүжилт нь айл өрхийн хог хаягдлын хураамж буюу УБЦТС ХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төв, Орон сууцны конторууд, Сууц өмчлөгчдийн холбоодоор дамжуулан орсон орлого, тухайн хорооны аж ахуй нэгж, байгууллагуудын тээвэрлэгч байгуулагуудтай байгуулсан хог тээврийн гэрээний хураамжаар дүургийн татварын дансанд төвлөрсөн орлого, дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтээс бүрдэнэ ... ”, мөн гэрэний 4 дүгээр зүйлийн 4.3 хэсэгт: “... Дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтийг хариуцсан гэр хорооны айл өрх, хүн амын тоо, хог хаягдал үүсэх хэмжээ, хогийн цэг хүртэлх цай, тээвэрлэсэн хогны тонн жин зэргийг харгалзан нийслэлээс гаргасан аргачлалын дагуу тооцож захиалагч талын холбогдох албан тушаалтнуудын баталгаажуулсан үнийн дүнгээр дараа сарын 5-нд олгоно ... ” гэж заасан боловч хариуцагчийн зүгээс энэхүү үүргээ огт биелүүлэхгүй байгаа юм.

Манай компани нь дүүрэгтэй байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар, хугацаанд нь биелүүлж cap бүр ажлын гүйцэтгэлийн нэгтгэлийг гарган хүргүүлж байсан бөгөөд хийсэн ажлын талаар талуудын хооронд ямар нэгэн маргаан байхгуй гэж ойлгож байгаа болно.

Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас гэрээннй үүргийн биелэлт болох нэмэлт санхүүжилтын төлбөрт 2016.07 дугаар сараас 2016.12-р cap хүртэлх төлбөрт 18 481 720 /арван найман сая дөрвөн зуун наян нэгэн мянга долоон зуун хорь/ төгрөг, 2017.01 сараас 2017.12 cap хүртэл 23 370 903 /хорин гурван сая гурван зуун далан мянга есөн зуун гурав/ төгрөг, нийт 41 852 623 /дөчин нэгэн сая найман зуун тавин хоёр мянга зургаан зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

Бид нарын зүгээс хууль зөрчсөн алхам байхгүй. Ном дүрмээрээ явж байсан. Манай компанитай холбоотой иргэний хэргийн асуудлыг үнэн зөв шийдэж өгөх байх” гэв.

 

Нэхэмжлэгч “ЦЮ” ХХК-ийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс энэ шүүхэд гаргасан  2016, 2017 оны нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл төлбөрүүдийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилж байгаа үндэслэл эх сурвалжаа заах үүрэгтэй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, татгалзаж байгаа үндэслэлээ, эх сурвалж, нотлох баримтаа гаргаж мэтгэлцээний дундаас шүүх эцсийн дүгнэлтийг хийдэг байх гэж би ойлгож байна. Хамгийн сүүлд нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 12  сарын 1-ний өдөр хог тээвэрлэх түр гэрээ буюу 341 дугаартай гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулаад өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 16-р хорооны айл өрхийн хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах үүргийг хүлээж энэ үүргээ гэрээнд заасны дагуу зохих ёсоор шударгаар биелүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий саруудын ажлын гүйцэтгэлийг эх хувиар нь гаргаж өгсөн. Энэ баримтуудыг хаана хянаж баталгаажуулах ёстой гэхээр дүүрэг хянаж баталгаажуулсны үндсэн дээр санхүүжилтийг олгох ёстой. Хянаад баталгаажуулаад 2016 оны 7 сарын “Цүзүки юмэ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс нь 4,291,000 төгрөг болсныг дүүрэг хүлээж  аваад баталгаажуулсан байна. Хийж гүйцэтгэсэн ажлын хувьд талуудын хооронд маргаан байхгүй. Хийсэн ажлыг хариуцагчийн зүгээс хүлээж авсан. Ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан бол төлбөрийн асуудал яригдна. Хариуцагч энэ үүргээ биелүүлэхдээ дандаа доголдолтой биелүүлдэг, санхүүжилтийг олгохдоо дандаа дутуу олгодог. Тийм учраас олгоогүй санхүүжилтийг бид нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Сая нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлсэн 2013 оны НИХТ-ийн тэргүүлэгчдийн 1 тонн км-т  өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа 86-р тогтоол журам гэж бий. Хариуцагчийн төлөөлөгч хэлж байна. Бид үүрээ биелүүлсэн гарч байгаа зардлыг энэ байгууллага өөрөө хариуцах ёстой гэж хариуцагч хэлж байна. Энэ гараад байгаа зардлыг хүрэлцэхгүй бол дүүрэг олгоно гэж байгаа. Дүүрэгтэй байгуулсан гэрээнүүдээс харахаар гараад байгаа зардлууд нь нэмэлт санхүүжилт гэсэн зүйл рүү орох ёстой. Нэмэлт санхүүжилтийг дүүрэг олгох үүрэгтэй. Цахилгаан болон СӨХ-ний төлбөр дүүргээс ордог. Цаана нь үлдээд байгаа нэмэлт санхүүжилт  дүүргээс орж ирэх ёстой. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Ажил гүйцэтгэх гэрээний  гол зүйл нь ажлын үр дүн байх ёстой. Энэ ажлын үр дүнг дүүрэг хүлээж авсан байна. Хүлээж авсан үр дүнгийн хэмжээнд төлбөрөө төлөх ёстой. Энэ төлбөрийг төлөөгүй учраас бид нар нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэж байна. Хэрэгт авагдсан дипозит дансны дэлгэрэнгүй хуулга нь хариуцагч байгууллагын шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн 3 хуудас баримтаас харахад 2016 оны 6 сараас 2017 оны 12 сар хүртэл “Цүзүки юмэ” ХХК нь СБД-ийн засаг даргын тамгын газрын өмнө ажил үүргээ гүйцэтгэж байсан нь нотлогдож байна гэж ойлгож байна. Өмнө нь шийдсэн 3 шатны шүүхийн шийдвэрт 3 үйл баримтыг тогтоож өгсөн. Үүнд: 2013 оны 10 сарын 29-ны өдрийн 1245 дугаартай 1 тонн км-ийн тариф батлах ИТХ-ийн тогтоолын талаар хийсэн дүгнэлт, 2015 оны 86-р тогтоолын талаар хийсэн дүгнэлт, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг дүгнэсэн дүгнэлт зэргээр энэ маргааны үйл баримт нотлогдож байгаа учраас шүүхийн шийдвэрээр нэгэнт нотлогдсон үйл баримтыг бид дахин нотлох үүрэг хүлээхгүй. Энэ агуулгаар 3 шатны шүүхийн шийдвэр нотлогдож байгаа учраас шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд дүгнэлт хийж, хэрэгт авагдсан бичгийг нотлох баримт болон шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбар мэдүүлгээс эрх зүйн талаас нь дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч СБТГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““ЦЮ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийн 2016 оны 07 дугаар сараас 12 дугаар cap, 2017 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын хоорондох гэрээний үүргийн гүйцэтгэлийн нэмэлт санхүүжилтийн 41 852 623 /Дөчин нэгэн сая найман зуун тавин хоёр мянга зургаан зуун хорин гурав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

“ЦЮ” ХХК-тай дүүргийн Засаг даргын Тамгын газар нийтийн эзэмшил, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын төлбөр тооцоо болон хог тээвэрлэлтэд гарах аливаа харилцааг зохицуулахаар нэхэмжлэгчтэй Хог тээвэрлэх түр гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 20, 03 дугаар сарын 01, 12 дугаар сарын 01-ний өдөр, Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус байгуулан ажиллаж ирсэн.

Гэрээний хугацаанд cap болгон журамд заасны дагуу хянан баталгаажуулж гэрээнд заасан төлбөрийг барагдуулж ирсэн.

Нэхэмжпэгч нь гэрээний төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, гэрээний нэмэлт санхүүжилттэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус санхүүжилтийн талаар дээрх гэрээнүүдэд тохиролцсон зүйл байхгүй бөгөөд гэрээнд заасан гэрээний төлбөрт уг асуудлыг тусгагдаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох нэмэлт санхүүжилттэй холбоотой 41 852 623 /Дөчин нэгэн сая найман зуун тавин хоёр мянга зургаан зуун хорин гурав/ сая төгрөгийг манай байгууллагаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Дүүрэг өөрийнхөө төсөвт суусан хэмжээнд боломжит хэмжээгээр мөнгийг гэрээний тээврийн зөрүү буюу нэмэлт санхүүжилтийг тухай бүр олгосон. Хэрэв дүүрэг нэмэлт санхүүжилтийг олгоогүй байхад тогтоосон мөнгө өгөхгүй, эсхүл төвлөрүүлсэн орлогыг нь дутуу өгөөд байгаа ч юмуу ийм байдал байсан тохиолдолд танайх ингэсэн тэгсэн гэсэн маргаан байхыг үгүйсгэхгүй. Засаг даргын тамгын газар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд төвлөрүүлсэн орлого болон өөрийн төсөвт боломжит хэмжээнд байгаа мөнгийг гэрээний нэмэлт санхүүжилт буюу тээврийн зөрүү болгож өгсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Урьд нь хог тээвэрлэлтийн компани манайхтай зарга үүсгээд 2017 онд шүүхээс хангаад бид мөнгийг гаргаж өгсөн байдаг. Нэмэлт санхүүжилт нь хүрдэггүй. Гэтэл нэг гэрээ хийчихсэн байдаг. Гэрээгээ буруу зөрүү дутуу ойлгоод хийсэн зүйл байдаг. Энэ байдлыг засах үүднээс бид гэрээгээ шинэчилээд ийм байдал дахин гаргахгүй байх үүднээс талууд харилцан тохиролцож ийм арга хэмжээ авч байгаа. Энэ байдлыг шүүхээс харгалзаж үзэх байх. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих боломжгүй.” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “ЦЮ” ХХК нь хариуцагч СБТГт холбогдуулан бүгд 41 852 623/дөчин нэгэн сая найман зуун тавин хоёр мянга зургаан зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч СБТГ нь гэрээнд заасан гэрээний төлбөрт уг асуудлыг тусгаагүй гэж маргасан.

 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ/цаашид “Гэрээ 1” гэх/, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр № 32 Хог тээвэрлэх түр гэрээ/цаашид “Гэрээ 2” гэх/, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хог тээвэрлэх түр гэрээ/цаашид “Гэрээ 3” гэх/, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хог тээвэрлэх түр гэрээ/цаашид “Гэрээ 4” гэх/-г тус тус байгуулсан талаар маргахгүй байна.

         

          Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 3, Гэрээ 4-т зааснаар нэхэмжлэгч нь айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хогийг ачиж цуглуулах, тээвэрлэх, хариуцагч нь уг үйлчилгээг санхүүжүүлэх, төвлөрүүлэх үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 3, Гэрээ 4-т зааснаар нэхэмжлэгч нь айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хогийг ачиж цуглуулах, тээвэрлэх ажил гүйцэтгэх, хариуцагч нь уг үйлчилгээг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн тус Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 3, Гэрээ 4 нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ гэж үзнэ.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 3, Гэрээ 4 нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээ 1-т зааснаар 2016 оны 7 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын нэмэлт санхүүжилтын үлдэгдэл төлбөрт 18 481 720/арван найман сая дөрвөн зуун наян нэгэн мянга долоон зуун хорь/ төгрөгийг, Гэрээ 2, Гэрээ 3, Гэрээ 4-т зааснаар 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 07 дугаар cap хүртэл үлдэгдэл төлбөрт 23 370 903/хорин гурван сая гурван зуун далан мянга есөн зуун гурав/ төгрөгийг, бүгд 41 852 623/дөчин нэгэн сая найман зуун тавин хоёр мянга зургаан зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 3, Гэрээ 4-т ажлын хөлсийг Нийслэлээс гаргасан аргачлалын дагуу тооцохоор харилцан тохиролцсон талаар зохигчид маргахгүй байна.

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12/45 дугаар тогтоолын хавсралтад 1 тонн хог хаягдлыг 1 км-т тээвэрлэх тарифыг 2 700/хоёр мянга долоон зуу/ төгрөгөөр тогтоосон болох нь зохигчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 184 дугаар шийдвэрээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан ... эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн ... бодож хөлс төлнө.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажлын хөлсийг 2 700/хоёр мянга долоон зуу/ төгрөгөөр тооцож олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэмэлт санхүүжилттэй холбоотойгоор гэрээнүүдэд тохиролцсон зүйл байхгүй гэж маргаж байна.

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам”-ын 8 дугаар зүйлийн 8.6-д зааснаар тухайн дүүргийн айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого хог хаягдлын үйлчилгээг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиололд нийслэлийн төсвөөс нэмэлт санхүүжилт олгож болно, 8 дугаар зүйлийн 8.8.2, 8.8.3-д зааснаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нэмэлт санхүүжилтийг дүүргийн төрийн санд шилжүүлэн, дүүргийн санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж баталгаажсан гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг хог хаягдлын үйлчилгээний байгууллагад олгохоор заасан болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 184 дугаар шийдвэрийн болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 676 дугаар магадлалын, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 690 дугаар тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолд зааснаар хариуцагч нь хог хаягдлын нэмэлт санхүүжилтийг хариуцах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл, 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 07 дугаар cap хүртэл бүгд 41 852 623/дөчин нэгэн сая найман зуун тавин хоёр мянга зургаан зуун хорин гурав/ төгрөгийн нэмэлт санхүүжилтийн ажил гүйцэтгэсэн болох нь Хаан банкин дахь нэхэмжлэгчийн 5027400491 тоот төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2016 он, 2017 оны нэмэлт санхүүжилтийн тооцоолол, Хог тээвэрлэлтийн гүйцэтгэлийг баталгаажуулсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүгд 41 852 623/дөчин нэгэн сая найман зуун тавин хоёр мянга зургаан зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЦЮ” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүгд 41 852 623/дөчин нэгэн сая найман зуун тавин хоёр мянга зургаан зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЦЮ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “ЦЮ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367 220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 367 213 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЦЮ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ