Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/01774

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/01774

 

 

 

Цүзүкү юмэ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/01122 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Цүзүкү юмэ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт санхүүжилт 41 852 623 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ё.Батбаяр, Г.Чулуунцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Мягмарсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2008 онд байгуулагдан хог тээврийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2013 оноос эхлэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай 2013 оны 10 сарын 10-ны өдөр 165 дугаартай, хог тээвэрлэх гэрээ, 2014 оны 01 сарын 10-ны өдөр 16 дугаартай, хог тээвэрлэх гэрээ, 2015 оны 8 сарын 1-ний өдөр хог хаягдлын үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2016 оны 1 сарын 15-ны өдөр хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээг тус тус байгуулан өнөөдрийг хүртэл хамтран ажилласаар байгаа болно. Дээрх гэрээнүүдээр манай компани нь тус дүүргийн 16 дугаар хорооны буюу 5 дугаар бүсийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг цуглуулж, ачиж тээвэрлэх, тухайн бүсийн нутаг дэвсгэр дахь ил задгай болон эзэнгүй үүсмэл хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэж төвлөрсөн цэгт хүргэж буулган хариуцсан бүсийг хог хаягдалгүй цэвэр байлгах үүргийг дүүргийн өмнө хүлээж энэхүү үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсээр 2017 оны 7 дугаар cap хүртэл ажилласан бөгөөд 2017 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн дахин Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулан хог хаягдлын үйлчилгээг үзүүлсээр байна. Дээрх гэрээнүүдийг дүүрэгтэй байгуулахдаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2013 оны 9 сарын 26-ны өдөр баталсан 12/45 дугаартай хог тээврийн тариф батлах тухай тогтоолын дагуу хог тээврийн үйлчилгээний хөлсийг тонн километрийн системд шилжүүлэн 1 тонн хог хаягдлыг тээвэрлэх тарифыг тогтоосон бөгөөд дээрх гэрээнүүд нь энэхүү тогтоолд нийцэж байгуулагдсан болно. Энэ гэрээнүүдэд оролцогч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын зүгээс манай компаниас үзүүлэх хог хаягдлын үйлчилгээнд хяналт тавих, дүгнэх, шалгах Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн баталсан хог тээврийн тариф батлах тухай тогтоолд нийцүүлэн гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн нэмэлт санхүүжилт олгох үүргийг хүлээсэн байдаг. Манай компанийн зүгээс өмнө нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2014, 2015, 2016 оны 6 дугаар cap хүртэл хугацааны хог хаягдлын нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл болох 56 638 562 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас нэхэмжилсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 184 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 676 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 00690 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага бүрэн биелүүлсэн болно. Манай компанийн дүүргийн засаг даргын тамгын газартай байгуулсан хог тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.2, 8.4.3-т зааснаар: ... сум, дүүргийн засаг дарга нь аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах журмын дагуу хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, сонгон шалгаруулсан иргэн, аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд бидний хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэх тул хууль болон гэрээнд заасны дагуу шаардах эрхтэй гэж ойлгож байгаа болно. Хамгийн сүүлд байгуулсан 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 32 тоот хог тээвэрлэх түр гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт: ... хог тээвэрлэгч байгууллагын санхүүжилт нь айл өрхийн хог хаягдлын хураамж буюу УБЦТС ХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төв, орон сууцны конторууд, Сууц өмчлөгчдийн холбоодоор дамжуулан орсон орлого, тухайн хорооны аж ахуй нэгж, байгууллагуудын тээвэрлэгч байгууллагуудтай байгуулсан хог тээврийн гэрээний хураамжаар дүүргийн татварын дансанд төвлөрсөн орлого, дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтээс бүрдэнэ ... , мөн гэрэний 4 дүгээр зүйлийн 4.3 хэсэгт: ... Дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтийг хариуцсан гэр хорооны айл өрх, хүн амын тоо, хог хаягдал үүсэх хэмжээ, хогийн цэг хүртэлх цай, тээвэрлэсэн хогны тонн жин зэргийг харгалзан нийслэлээс гаргасан аргачлалын дагуу тооцож захиалагч талын холбогдох албан тушаалтнуудын баталгаажуулсан үнийн дүнгээр дараа сарын 5-нд олгоно ... гэж заасан боловч хариуцагчийн зүгээс энэхүү үүргээ огт биелүүлэхгүй байгаа юм. Манай компани нь дүүрэгтэй байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар, хугацаанд нь биелүүлж cap бүр ажлын гүйцэтгэлийн нэгтгэлийг гарган хүргүүлж байсан бөгөөд хийсэн ажлын талаар талуудын хооронд ямар нэгэн маргаан байхгуй гэж ойлгож байгаа болно. Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас гэрээний үүргийн биелэлт болох нэмэлт санхүүжилтийн төлбөрт 2016.7 дугаар сараас 2016.12-р cap хүртэлх төлбөрт 18 481 720 төгрөг, 2017.01 сараас 2017.12 cap хүртэл 23 370 903 төгрөг, нийт 41 852 623 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цүзүкү юмэ ХХК-ийн нэхэмжлэлтэй, тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийн 2016 оны 7 дугаар сараас 12 дугаар cap, 2017 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын хоорондох гэрээний үүргийн гүйцэтгэлийн нэмэлт санхүүжилтийн 41 852 623 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Цүзүкү юмэ ХХК-тай дүүргийн Засаг даргын Тамгын газар нийтийн эзэмшил, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын төлбөр тооцоо болон хог тээвэрлэлтэд гарах аливаа харилцааг зохицуулахаар нэхэмжлэгчтэй хог тээвэрлэх түр гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 20, 3 дугаар сарын 01, 12 дугаар сарын 01-ний өдөр, хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус байгуулан ажиллаж ирсэн. Гэрээний хугацаанд cap болгон журамд заасны дагуу хянан баталгаажуулж гэрээнд заасан төлбөрийг барагдуулж ирсэн. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, гэрээний нэмэлт санхүүжилттэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус санхүүжилтийн талаар дээрх гэрээнүүдэд тохиролцсон зүйл байхгүй бөгөөд гэрээнд заасан гэрээний төлбөрт уг асуудлыг тусгагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох нэмэлт санхүүжилттэй холбоотой 41 852 623 төгрөгийг манай байгууллагаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дүүрэг өөрийнхөө төсөвт суусан хэмжээнд боломжит хэмжээгээр мөнгийг гэрээний тээврийн зөрүү буюу нэмэлт санхүүжилтийг тухай бүр олгосон. Хэрэв дүүрэг нэмэлт санхүүжилтийг олгоогүй байхад тогтоосон мөнгө өгөхгүй, эсхүл төвлөрүүлсэн орлогыг нь дутуу өгөөд байгаа ч юмуу ийм байдал байсан тохиолдолд танайх ингэсэн тэгсэн гэсэн маргаан байхыг үгүйсгэхгүй. Засаг даргын тамгын газар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд төвлөрүүлсэн орлого болон өөрийн төсөвт боломжит хэмжээнд байгаа мөнгийг гэрээний нэмэлт санхүүжилт буюу тээврийн зөрүү болгож өгсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Урьд нь хог тээвэрлэлтийн компани манайхтай зарга үүсгээд 2017 онд шүүхээс хангаад бид мөнгийг гаргаж өгсөн байдаг. Нэмэлт санхүүжилт нь хүрдэггүй. Гэтэл нэг гэрээ хийчихсэн байдаг. Гэрээгээ буруу зөрүү дутуу ойлгоод хийсэн зүйл байдаг. Энэ байдлыг засах үүднээс бид гэрээгээ шинэчлээд ийм байдал дахин гаргахгүй байх үүднээс талууд харилцан тохиролцож ийм арга хэмжээ авч байгаа. Энэ байдлыг шүүхээс харгалзаж үзэх байх. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 41 852 623 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цүзүкү юмэ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Цүзүкү юмэ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 367 213 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цүзүкү юмэ ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас бүгд 41 852 623 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цүзүкү юмэ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь гэрээний нэмэлт санхүүжилттэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд санхүүжилтийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн журам батлах тухай 86 дугаар тогтоолоор зохицуулдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа гэрээний үүргийн нэмэлт санхүүжилт 41 852 623 төгрөг нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулахдаа гаргасан зардал бөгөөд тус зардлыг бүрэн төлнө гэсэн гэрээний зохицуулалт байхгүй. Хариуцагч тал нэхэмжлэгчид Иргэний хуулийн 343.1 дэх хэсэгт захиралагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу гэрээнд заасан ажлын хөлсийг бүрэн төлж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн журам батлах тухай 86 дугаар тогтоолын дагуу дүүргийн төсвөөс сар бүр нэмэлт санхүүжилтийг төсөвт багтаан сар бүр олгосон байхад нэхэмжлэгчийн гаргасан зардлыг гэрээний нэмэлт санхүүжилт хэмээн үзэж нэхэмжлэгчид гаргуулахаар шийдсэн нь төсвийн мөнгийг үргүйдүүлэх нөхцөл байдал үүсгэж байна. Иймд 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/01122 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Цүзүкү юмэ ХХК нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан, хог тээвэрлэх гэрээний дагуу нэмэлт санхүүжилтэд нийт 41 852 623 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан эсэхэд маргаагүй боловч нэмэлт санхүүжилтийн талаар гэрээнд тохиролцоогүй хэмээн хариуцагч татгалзан маргасан байна.

Зохигчид 2013 оноос ажил гүйцэтгэх гэрээний дагуу хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2016 оны 6 сар хүртэлх хугацааны төлбөр тооцооны маргааныг шүүх шийдвэрлэсэн боловч 2016 оны 6 дугаар сараас хойшхи хугацаанд талуудын хороонд гэрээ дахин байгуулагдсан тул өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтад тооцохгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нэмэлт санхүүжилтийн талаар хариуцагч маргасан тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагыг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Гэвч нэхэмжлэлээр шаардсан 2016 оны 7 сараас 2016 оны 12 сар хүртэлх хугацааны нэмэлт санхүүжилттэй холбоотой гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй, 2017 оны 1 сарын 20-ны өдрийн 32 тоот, хог тээвэрлэх түр гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт ... бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу болжээ. /хх-ийн 20-21 дугаар тал/

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/01122 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар нь давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 367 213 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ