Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 123

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч Р.Батнасан,

Гэрч Г.Мэгжиджанрайсаг,

Шүүгдэгч С.Ганпүрэв, түүний өмгөөлөгч Ц.Гүенбат /ҮД: 0045/,

Шүүгдэгч Ч.Чүлтэмжамц, түүний өмгөөлөгч  Ш.Мягмарцэрэн /ҮД: 0407/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хайтал овогт Сэргэлэнбилэгийн Ганпүрэв, Боржигон овогт Чулуунбатын Чүлтэмжамц нарт холбогдох эрүүгийн 201625021198 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх дүүгийн хамт Сонгинохайрхан  дүүрэг, 30 дугаар хороо, Хилчингийн 5 дугаар гудамж 17 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Хайтал овогт  Сэргэлэнбилэгийн Ганпүрэв, /РД:ДЮ90041275/

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 21-ны өдөр Завхан аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хаан” банкны Чингэлтэй салбарын харъяа Бөмбөгөр тооцооны төвд теллер ажилтай, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулангийн 10-352 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 243а тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 476 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Чулуунбатын Чүлтэмжамц, /РД:ИЦ90072173/

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нар нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн орчимд иргэн Ч.Саранзолбоог хашаа руу шээж болохгүй гэж шаардлага тавихад эсэргүүцэн бүлэглэн зодож, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Чүлтэмжамц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Ч.Чүлтэмжамц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр найз Ганпүрэв, Бат-эрдэнэ, найз охин Сарангэрэл нарын хамт Дэнжийн 1000-н орчимд Ганпүрэвийн машин дотор сууж байгаад Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво 2 савыг найз охин Сарангэрэл Бат-эрдэнэ нарын хамт хувааж уусан. Тухайн үед Бат-эрдэнэ аавынхаа ажил дээр очно гэсний дагуу 58-р сургуулийн хажууд байрлах дугуй засвар руу очсон. Тэгээд би машинаас буугаад 58-р сургуулийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах гудамжинд бие засаж байхад миний ар хэсгээр машин өнгөрөх шиг болсон. Тэгээд намайг бие засаад зогсож байхад ар нуруу хэсэг рүү өшиглөх шиг болохоор нь эргээд харахад Саранзолбоо нь нилээн согтуу байдалтай гудамжинд бие заслаа гэж загнахаар нь уучлаарай ахаа гэж хэлэхэд миний дух хэсэг рүү гараараа 1 удаа цохихоор нь би Саранзолбоотой маргалдсан. Тэгээд Ганпүрэв цаанаас хүрч ирээд Саранзолбоо бид хоёрыг салгасан. Саранзолбоо нь Ганпүрэвийн нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. Тэгээд Ганпүрэв Саранзолбоотой маргалдаж эхэлсэн. Ганпүрэв нь хохирогч Саранзолбоотой маргалдаж зодолдох зорилгоор ирээгүй. Бид хоёрыг салгах зорилгоор очсон юм. Би Саранзолбоог цохиж зодсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх  68-70 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Ганпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч С.Ганпүрэв мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 15-р хороо Алтантэвшийн 30б тоотод байж байгаад орой 20 цагийн үед гэрээсээ гараад найз охинтойгоо “Тэнгис” кино театрт кино үзсэн. Тэгээд 23 цагийн үед найз Чүлтэмжамц миний утас руу залгаад 1-р хороололоос хүрч ирээд намайг аваадахаач гэж хэлэхээр нь за би завтай болчихоод залгая гэж хэлсэн. Тэгээд 00 цагийн үед найз охиноо гэрт нь хүргэж өгчихөөд 03 цагийн үед Чүлтэмжамцийг 1-р хорооллоос Бат-эрдэнэ гэх найзынх нь гэр болох Хайлаастад очоод машин дотроо Нийслэл нэртэй 0.5 литрийн пиво Чүлтэмжамц бид 2 хувааж уугаад унтсан. Тэгээд 10 цагийн үед сэрээд миний машин дотор 2.5 литрийн 2 пиво байсныг Бат-эрдэнэ, Чүлтэмжамц 2 хувааж уусан. 17 цагийн үед Сарангэрэлийг 32-р тойргийн орчимоос бид гурав машинтай очиж аваад 32-р тойргийн хажуу талын сургууль дээр очоод Сарангэрэл нь хүнтэй уулзана гэж хэлээд орсон юм. Тэгээд Сарангэрэл нь 1 цаг гарангийн дараа хүрч ирээд бид нар машинтай Нийслэлийн 58-р сургуулийн хажууд очсон. Тэгээд сууж байтал Чүлтэмжамц нь “би бие заслаа” гэж хэлээд машинаас буусан. Тухайн үед Сарангэрэл нь надад хандан Чүлтэмжамц нь гудамжинд нэг хүнтэй барьцалдаад авлаа гэж хэлэхээр нь би салгах зорилгоор машинаас бууж очиход цайвар өнгийн пиджактай залуутай Чүлтэмжамцтай барьцалдчихсан зогсож байсан. Хажууд нь мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн автомашинтай залуу машинаасаа буугаад ирсэн. Тэгээд би очоод нөгөө саарал пиджак өмсчихсөн 40 гаран насны залууд хандан ах юу болоод байна гэж хэлсэн чинь нөгөө ах намайг үгийн зөрүүгүй зүүн шанаа хэсэг рүү гараараа цохихоор нь би гуя хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөхөд Чүлтэмжамц араас нь орж ирээд Саранзолбоог гараараа толгой хэсэг рүү нь цохих шиг болсон. Чүлтэмжамц гартаа барьчихсан байсан блокны хэлтэрхийг газар унагааж байсан. Саранзолбоо нь газраас блокны хэлтэрхий аваад Чүлтэмжамцыг цохино гэж орилоод дайраад байсан. Тэгээд блокны хэлтэрхийгээ шидэхэд Чүлтэмжамц доош сууж бултсан. Тэгээд Саранзолбоо нь над руу дайрахаар нь би биеэ хамгаалах зорилгоор Саранзолбоогийн эрүү хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохиход Саранзолбоо бөгсөөрөө арагшаагаа унасан. Би босож ирээд миний толгойны үснээс хоёр гараараа зулгаан газар хэсэг рүү дарахаар нь би Саранзолбоод хандаж миний үснээс тавь гэж хэлсэн чинь тавихгүй байхаар нь “би хоолойг чинь боолоо шүү” гэж хэлээд Саранзолбоог гараараа заамдсан чинь миний үснээс тавьсан. Тэгэхээр нь би заамдахаа болиод Чүлтэмжамц руу очиход Чүлтэмжамц бараан өнгийн хувцастай залууг доош нь дарчихсан зогсож байхаар нь би Чүлтэмжамцийг нуруунаас нь татаад машинд суу гэж хэлэхэд 20 орчим насны бараан хувцастай залуу миний зүүн гараас зуурчихаад тэр хүн чинь босохгүй байна гэж хэлээд миний гараас зуурчихаад тавихгүй байхаар нь би гараа тавиулаад машин руугаа очиж жолооч талын суудал дээр суухад нөгөө залуу хүрч ирээд машины хаалга татаж онгойлгоод үгийн зөрүүгүй миний доод уруул болон баруун хацар руу гараараа цохиод чи архи уусан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд хандан би уугаагүй шүү гэж хэлээд нүүр хэсэг рүү нь үлээсэн. Би хохирогч Саранзолбоогийн хөл хэсэг рүү нь 1 удаа өшиглөж эрүү хэсэг рүү нь 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх 72-75 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Саранзолбоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 5 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед өөрийн ажил болох Нийслэлийн 58-р сургуулиас гараад гэр рүүгээ харихаар явж байтал сургуулийн зүүн талын гудамжинд хашаа руу 30 орчим насны намхан нуруутай, цагаан өнгийн цамцтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай залуу шээж байхаар нь “чи битгий наанаа шээгээд бай чиний шээдэг газар биш” гэж хэлсэн чинь нөгөө залуу “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд миний цээж хэсэг рүү гараараа түлхсэн. Тэгээд би тэр залуутай маргалдаад зогсож байтал манай сургуулийн төгсөгч Мэгжиджанрайсаг гэх залуу хүрч ирээд намайг барьж аваад нөгөө залуутай маргалдахыг зогсоосон. Тэгээд байж байтал цаанаас 30 орчим насны махлаг 175 гаран см-ийн өндөртэй цайвар хувцастай залуу хүрч ирсэн ба нөгөө намхан залуу “миний хаана шээх чамд ямар хамаатай юм” гэж хэлээд нөгөө махлаг залуугийн хамт миний баруун зүүн хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би та нар яагаад байгаан гэж хэлээд нөгөө хоёр залуу дээр очиход намхан залуу нь миний толгойноос үсдээд төмөр хашааг толгойгоор минь мөргүүлсэн би арай гэж нөгөө залуугаас салаад зогсож байтал нөгөө өндөр махлаг залуу нь хүрч ирээд намайг дахин үсдэж газар доош нь дараад 2-3 удаа миний толгой хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би нөгөө залуутай ноцолдож байгаад босч ирээд гарыг нь тавиулаад эргээд харахад нөгөө намхан залуу нь Мэгжиджанрайсагийг үстчихсэн доош нь тонгойлгочихсон байхаар нь “хүүе чи болиоч” гэж хэлсэн чинь араас толгой руу нөгөө өндөр биетэй махлаг залуу цохих шиг болсон тэгээд би ухаан алдчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 21-23 дугаар хуудас/, 

Гэрч Г.Мэгжиджанрайсаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”... Тэр өдөр манай 10 жилийн ангийнхан уулзаад би харих гээд явж байсан. Сургуулийн зүүн хойд талд энэ залуу /Чүлтэмжамц/ шээгээд зогсож байсан. Сургуулийн хойд хаалгаар Саранзолбоо багш гарч яваа харагдсан. Саранзолбоо хажуугаар нь өнгөрөхдөө Чүлтэмжамцтай муудалцаад “наана чинь шээдэггүй” гэж хэлж байгаа сонсогдсон. Муудалцах өнгө аястай байхаар нь болиулах гээд машинаасаа буусан. Цаана машинаас наад талын залуу /Ганпүрэв/ бууж ирээд зодолдож эхэлсэн. Саранзолбоог Чүлтэмжамц цохиж зодооныг эхлүүлсэн. Дараа нь Ганпүрэв зодолдсон. Би Чүлтэмжамцтай зууралдсан. Би Чүлтэмжамцтай зууралдаж байгаад эргэж харахад багш цохиулаад унаж байсан. Ганпүрэв хавираад өшиглөж байгаа харагдсан. Миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн. Хэрэг болсноос хойш нилээд хугацаа өнгөрсөн тул зарим зүйлийг сайн санахгүй байна...” гэв.

Гэрч Г.Мэгжиджанрайсаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ”... 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өөрийн төгссөн сургууль болох 58-р сургууль дээр ангийхантайгаа 18 цагийн үед уулзчихаад сургуулиас гараад өөрийн эзэмшлийн 49-70 УБА улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашинтай 58-р сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талын гудамжаар харихаар явж байтал манай сургуулийн дуу хөгжмийн багш болох Саранзолбоо миний явж байсан гудамжаар алхаж байсан. Сургуулийн эсрэг талын хашаа руу 25 гаран насны намхан залуу шээж байхаар нь багш “наад хашаа руу чинь шээдэггүй юм” гэж хэлээд нөгөө залууг түлхсэн чинь нөгөө залуу Саранзолбоо багшид хандан “чи яах юм чамд ямар хамаатай юм” гэж хэлээд маргалдаж эхлэхээр нь би машинаас бууж очоод салгах гэж байтал хашааны үзүүрт зогсож байсан машинаас 30 орчим насны өндөр биетэй залуу бууж ирээд Саранзолбоо багш руу нөгөө намхан залуутай нийлээд зодох гэж дайраад байсан. Би салгахаар дундуур нь ороод нөгөө өндөр залууд хандаж “намхан залуугаа аваад яв” гэж хэлсэн чинь намхан залуу нь Саранзолбоо багшийн нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тухайн үед би Саранзолбоо багшийн араас нь тэвэрчихсэн салгахаар зогсож байтал намхан залуу нь бас миний толгой руу гараараа цохиж дахин над руу дайраад байсан. Намхан залуу нь Саранзолбоо багшийн нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиж, гуя хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Мөн Саранзолбоо багшийг нөгөө өндөр залуу нь хөлөөрөө цээж хэсэг рүү нь өшиглөж унагагаагаад нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөөд байсан. Би нөгөө намхан залуугаас мултраад Саранзолбоо багш руу харахад нөгөө өндөр залуу нь Саранзолбоо багшийн нүүр хэсэг рүү гараараа цохиход багш арагшаагаа дагз хэсгээр газарт савж унаад ухаан алдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 27-29 дүгээр хуудас/,

Шинжээч Г.Энхбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн үйлчлэлээр удаагийн цохих, өшиглөх үед үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүдийг авсан даруйдаа толгой хүчтэй өвдөх, түр зуур ухаан балартах шинжүүд илрэх боломжтой боловч хувь хүний биеийн онцлогоос шалтгаалан үйл хөдөлгөөн хийх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх 33-34 дүгээр хуудас/

               Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6322 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. Ц.Саранзолбоогийн биед баруун чамархай, зулай ясны далд хугарал, тархины баруун чамархай, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, духны хуйханд зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэжээ /хх 35 дугаар хуудас/,  

 

Гэрч С.Мэгжиджанрайсагийн тайлбар /хх-ийн 9/, хохирогч Ц.Саранзолбоогийн тайлбар /хх-ийн 11-12/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-14, 17-18/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 20/, өвчний түүх /хх-ийн 78-90/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 100, 115/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /101, 116/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 106-112, 127-133/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 137/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нар бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 58 дугаар дунд сургуулийн орчимд хохирогч Ч.Саранзолбоог “хашаа руу биеэ засч болохгүй” гэж зүй ёсны шаардлага тавьсныг эсэргүүцэн танхайн сэдэлтээр түүний толгой, нүүр, цээж, гуяан тус газар нь хүч хэрэглэн цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас бие махбодид нь баруун чамархай, зулай ясны далд хугарал, тархины баруун чамархай, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, духны хуйханд зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

шүүгдэгч С.Ганпүрэвийн “…Чүлтэмжамц нь “би бие заслаа” гэж хэлээд машинаас буусан. Би очоод нөгөө ах намайг үгийн зөрүүгүй зүүн шанаа хэсэг рүү гараараа цохихоор нь би гуя хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөхөд Ч.Чүлтэмжамц араас нь орж ирээд Ч.Саранзолбоог гараараа толгой хэсэг рүү нь цохих шиг болсон. Би Ч.Саранзолбоогийн эрүү хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохиход Т.Саранзолбоо бөгсөөрөө арагшаагаа унасан. …” гэсэн мэдүүлгээр,

шүүгдэгч Ч.Чүлтэмжамцын “…намайг бие засаад зогсож байхад ар нуруу хэсэг рүү өшиглөх шиг болохоор нь эргээд харахад Ч.Саранзолбоо нь “гудамжинд бие заслаа гэж загнахаар нь уучлаарай ахаа гэж хэлэхэд миний дух хэсэг рүү гараараа 1 удаа цохихоор нь би Ч.Саранзолбоотой маргалдсан.…” гэсэн мэдүүлгээр,

хохирогч Ч.Саранзолбоогийн “…30 орчим насны намхан нуруутай, цагаан өнгийн цамцтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай залуу шээж байхаар нь “чи битгий наанаа шээгээд бай чиний шээдэг газар биш” гэж хэлсэн чинь нөгөө залуу “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд миний цээж хэсэг рүү гараараа түлхсэн. Нөгөө намхан залуу “миний хаана шээх чамд ямар хамаатай юм” гэж хэлээд нөгөө махлаг залуугийн хамт миний баруун зүүн хөл рүү өшиглөсөн. Намхан залуу нь миний толгойноос үсдээд төмөр хашааг толгойгоор минь мөргүүлсэн би арай гэж нөгөө залуугаас салаад зогсож байтал нөгөө өндөр махлаг залуу нь хүрч ирээд намайг дахин үсдэж газар доош нь дараад 2-3 удаа миний толгой хэсэг рүү өшиглөсөн…тэгээд араас толгой руу нөгөө өндөр биетэй махлаг залуу цохих шиг болсон тэгээд би ухаан алдчихсан…” гэсэн мэдүүлгээр,

гэрч Г.Мэгжиджанрайсагийн “...Сургуулийн эсрэг талын хашаа руу 25 гаран насны намхан залуу шээж байхаар нь багш “наад хашаа руу чинь шээдэггүй юм” гэж хэлээд нөгөө залууг түлхсэн чинь нөгөө залуу Саранзолбоо багшид хандан “чи яах юм чамд ямар хамаатай юм” гэж хэлээд маргалдсан. 30 орчим насны өндөр биетэй залуу ирээд Саранзолбоо багш руу нөгөө намхан залуутай нийлээд зодох гэж дайраад байсан. Намхан залуу нь Саранзолбоо багшийн нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиж, гуя хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Мөн Саранзолбоо багшийг нөгөө өндөр залуу нь хөлөөрөө цээж хэсэг рүү нь өшиглөж унагагаагаад нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөөд байсан. Би намхан залуугаас мултраад Саранзолбоо багш руу харахад нөгөө өндөр залуу нь Саранзолбоо багшийн нүүр хэсэг рүү гараараа цохиход багш арагшаагаа дагз хэсгээр газарт савж унаад ухаан алдчихсан...” гэсэн мэдүүлгээр, 

               Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6322 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт: 1. Ц.Саранзолбоогийн биед баруун чамархай, зулай ясны далд хугарал, тархины баруун чамархай, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, духны хуйханд зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. …3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” гэсэн шинжээчийн дүгнэлт,

 эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, өвчний түүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь олон нийтийн газарт шүүгдэгч Ч.Чүлтэмжамцад хохирогч Ч.Саранзолбоо нь “гудамжинд шээж болохгүй, олон нийтийн газар биеэ зөв авч яв” гэж зүй ёсны шаардлага тавьсаныг эсэргүүцэн, шүүгдэгч С.Ганпүрэв нь тэдгээрийн муудалцсан шалтгааныг үл тоомсорлон хохирогчийн биед бүлэглэж, хүч хэрэглэн зодож зүй бус үйлдлээ идэвхитэй үргэлжлүүлж улмаар хохирогч Ч.Саранзолбоогийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогджээ.  

Иймд шүүгдэгч Ч.Чүлтэмжамц, С.Ганпүрэв нарыг танхайн сэдэлтээр, бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “…хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шинжээчийн байцаалт зөрүүтэй, гэмтэл тус бүрийг тогтоогоогүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, болсон хэрэг явдлын талаар бичсэн камерын бичлэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах…” талаар гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь мөрдөн байцаалтын явцад шинжээч нь Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №6322 дугаартай актыг гаргахдаа хохирогчид учирсан гэмтэл тус бүрийг дэлгэрэнгүй тусгаж, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2 дахь хэсэгт  зааснаар тэдгээр гэмтлүүдийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж дүгнэлтээ гаргасан нь холбогдох хууль, журмыг зөрчөөгүй гэж үзлээ.

Мөн хэрэг болох үед байсан гэрч Г.Мэгжиджанрайсаг нь шүүгдэгч нарын хохирогчийг зодож буй үйлдлийг таслан зогсоох явцад шүүгдэгч нар түүнтэй зууралдаж саад учруулан тэдгээрийн эмх замбараагүй идэвхитэй үйлдэл бүрийг нэг бүрчлэн ажиглах боломжгүй байсныг хохирогчийн мэдүүлэгтэй зөрүүтэй гэж үзэхгүй ба хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь хэрэг болсон үйл явдлын талаар онцын зөрүүгүй мэдүүлсэн байна.

Шүүхээс хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэрэг явдлын талаарх дүрс бичлэг бүхий сидинд талуудын хүсэлтээр шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон боловч Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №5264 дугаартай шинжээчийн дүгнэлтээр  дүрс бичлэгт дүрслэгдсэн зүйлийг тодруулах боломжгүй талаар дурьдсан тул үүнийг хангах боломжгүй юм.           

Шүүгдэгч Ч.Чүлтэмжамц, С.Ганпүрэв нараас мөрдөн байцаалтын явцад хохирогчийн бие махбодид учирсан гэм хорын хохиролд 3.470.000 төгрөгийг хохирогч Ч.Саранзолбоод төлсөн талаар баримт хэрэгт авагдсан ба хохирогч Ч.Саранзолбоо нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Шүүх шүүгдэгч Ч.Чүлтэмжамц, С.Ганпүрэв нарт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүгдэгч Ч.Чүлтэмжамц нь 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 243а тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 476 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагджээ.

Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чүлтэмжамцын дээрх шүүхийн шийтгэх тогтоолоор шийтгүүлж, хорих ялаа эдэлж дууссанаас хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн  хугацаа хэрэгсэхгүй болж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нар хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчид хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, тэдгээрийн хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шүүгдэгч Ч.Чүлтэмжамцын цагдан хоригдсон 1 хоног, шүүгдэгч С.Ганпүрэвийн цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

            1. Хайтал овогт Сэргэлэнбилэгийн Ганпүрэв, Боржигон овогт Чулуунбатын Чүлтэмжамц нарыг бүлэглэн, танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чүлтэмжамц, С.Ганпүрэв нарт 4 /дөрвөн/ жил 08 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чүлтэмжамц, С.Ганпүрэв нарт оногдуулсан 4 /дөрвөн/ жил 08 /найман/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганпүрэвийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоног, Ч.Чүлтэмжамцын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох бичлэг бүхий нэг ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Чүлтэмжамц, С.Ганпүрэв нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН

               ШҮҮГЧИД                                         Ү.ТҮМЭНЖАРГАЛ

        Б.МӨНХ-ЭРДЭНЭ