Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 219

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Р.Бямбадуламд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Алтансүх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мандах, түүний өмгөөлөгч О.Батсүх,

ялтан Р.Бямбадулам, түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мандах, ялтан Р.Бямбадулам, түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Р.Бямбадуламд холбогдох 727648 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шар мухлай овогт Равдангийн Бямбадулам, 1975 оны 3 дугаар сарын 8-нд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 217 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3, 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 8 дугаар сарын 7-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: УХ75030862/;

Р.Бямбадулам нь 1997 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 245 тоотод оршин суух иргэн М.Элбэгзаяаг онц харгис хэрцгий аргаар буюу цээжний зүүн өмнө хөндий рүү, мөн хэвлийн зүүн суганы дунд шугамаар 12 дугаар хавирганы хөндий рүү хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Р.Бямбадуламд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шар Мухлай овогт Равдангийн Бямбадуламыг хүнийг онц харгис хэрцгий аргаар санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1986 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар Р.Бямбадуламд 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Р.Бямбадуламд оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар, Р.Бямбадуламын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 332 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь заалтыг үндэслэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гарын мөр бэхжүүлсэн 13 ширхэг фото цаас, хохирогчийн үсний дээж 5 ширхэг /цаасан ууттай/, ДВД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээж, Р.Бямбадуламын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутга хэрэгт эд мөрийн баримтаар хадгалагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Бямбадуламаас 5,458,126 төгрөг гаргуулж хохирогч Еэншэгүү овогт Элбэгзаяагийн Мандах /РД:УХ88060985/-д олгон, хохирогч Э.Мандахын 10,727,874 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.Мандах нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэмт этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Бямбадуламд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Ялтан Р.Бямбадулам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын дээд шүүхээс шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон. Хүнийг онц хэрцгийгээр санаатай алсан шалтгаан, ямар нотлох баримтаар нотлогдож байгааг тогтоогоогүй гэдгийг дээд шүүхийн тогтоолд дурдсан байдаг. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасныг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх, улсын яллагч, мөрдөн байцаагч нар Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хуулийг бурууг ашигласныг дараах үндэслэлээр няцааж байна.

Тус хэрэг 1997 онд гарсан бөгөөд намайг энэ хэрэг хийснийг тухайн үед сэжиглэсэн бол энэ олон жилийн дараа яллахгүй байсан. Хэрэг гарснаас 19 жилийн дараа сэжигтэн, яллагдагчаар татсан. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан атал холбогдолгүй хүнийг ялласанд гомдолтой байна. Би 19 жилийн хугацаанд оргон зайлаагүй, хэвийн амьдралаар амьдарч, тогтвортой оршин сууж ирсэн. Хэргийн газрын үзлэг хийхэд миний буруугаас амь нас нь хохирсон бол тухайн үед намайг шалгах боломжтой байсан.

Сэжигтнээр байцаалт авахад согтолт ихтэй өөрийгөө хянах чадвар дунд зэрэг байсан. Мөрдөн байцаагч нар согтуу байгаа юм уу, эсвэл мансуурсан байгаа юм уу гэх мэтээр хэлж мансууруулах бодис хэрэглэсэн үгүйг тогтоодог тестээр шалгаж үзсэн. Энэ нь хавтаст хэрэгт байдаггүй. Онц хүн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн байцаагч олон жилийн өмнөх хэрэгт тодруулах шаардлагатай зүйлс байгаа учраас шалгаж байна, чамд ял тулгасан юм байхгүй, гарын үсгээ зурчих гэж хууран мэхлэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Үүнээс болж миний эрх ноцтой зөрчигдөж байна. Байцаалт авахдаа хуулийн зөвлөгөө аваагүй, огт танихгүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийгээгүй өмгөөлөгч байцуулж миний эрхийг зөрчсөн.

Хэргийн газрын үзлэг хийхэд 36-37 размерын гутлын мөр байдаг. Үүнийг шалгаагүй бөгөөд би тухайн үед пүүзтэй яваагүй. Намайг хохирогчийн гэрээс гарахад хувцастай үлдсэн боловч хэргийн газрын үзлэгээр нүцгэн байсан. Мөн хэргийн газар хиам, огурцы, помидор байсан ба хэргийн газрын үзлэгээр хиам, огурцы, помидор илрээгүй. Байгалмаагийн мэдүүлэгт хохирогч бид хоёр хэн хэнийгээ мэдэхгүй гэж хэлсэн байгаа. Хутган дээрх хурууны хээ миний хурууны хээтэй тохирдоггүй. Хэргийн газрын үзлэгээр олдсон 42 ширхэг гарын хэнээс 19 нь шинжилгээнд тэнцсэн. Үүнээс хоёр нь миний хурууны хээтэй тохирдог. Үлдсэн 17 ширхэг гарын хээ хэнийх болохыг олж тогтоогоогүй. Хэргийн газраас олсон үсний дээжтэй тохирдоггүй. Хохирогчид үүссэн гэмтлээс харахад хохирогчтой их ноцолдоон болсноос хэрэгтний ус унасан байх боломжтой.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 663 дугаар дүгнэлтээс үзвэл яллагдагч хутгаа баруун гартаа барьж дээшээ харж хэвтсэн, хохирогч дээрээс нь харсан байрлалтай байх үед хохирогчийн үхэлд хүргэсэн цээжний хөндий нэвтэрсэн арьс цоолсон, хавьж орсон гэмтлүүд үүсэх боломж муутай. Шинжээч эмч Мөнхбатын мэдүүлэгт цээжний хөндий рүү буюу шууд зүрхийг гэмтээсэн 1 шарх, хэвлийн хөндий нэвтэрсэн 1 шарх байгаа ба хоёулаа амь насанд аюултай. Яг үхэлд хүргэсэн гэмтэл нь цээжний хөндий нэвтэрч зүрхийг гэмтээсэн шарх юм гэсэн байдаг. Уг үхлийн гэмтлийг хоёулаа хэвтээ байрлалд авах боломжгүй гэдэг нь дүгнэлтээр нотлогддог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа нь учир дутагдалтай. Учир нь Улсын дээд шүүхийн тайлбарт хохирогчид олон тооны шарх учруулсан хэрэг болгоныг онц харгис, хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэж болохгүй. Харин онц харгис, хэрцгий аргаар гэдэгт субъект өөрийн сонгосон аргынхаа харгис, хэрцгий шинжийг ухамсарласан өөрийнхөө үйлдлийг харгис, хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчилнэ гэж тайлбарласан.

Хохирогч Элбэгзаяа хүчиндэх завдалт гаргасныг тогтоох ажиллагаа хийгдээгүй байхад ийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь буруу юм. Гэмт хэргийн гадаад илэрх хэлбэр, дотоод санаа, зорилго зэрэг шинжийг хангасан нөхцөл байдал тогтоогүй атал онц хүнд зүйл ангиар ялласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт “эмэгтэйчүүдийг цаазаар авах ял оногдуулахгүй” гэж заасан боловч шүүх цаазаар авах ялыг хэлтрүүлээгүй байж хөөн хэлэлцэх хугацааг шийдвэрлэх эрхгүй. Уг хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татаж шалгаагүй байж Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйл, 90 дүгээр зүйл ангиар ял эдэлсэн хөөн хэлэлцэх хугацаа тасарсан гэж дүгнэсэн нь эрүүгийн хуультай зөрчилдөж байна.

Шүүхээс хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн бүхий л нөхцөл байдал, түүний дотор санаа зорилго, сэдэлттэй төрөл арга хэрэгсэл, бусад нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн үе шат, үр дагаврыг хүнд, хөнгөн гэм буруутай этгээдийн хувийн байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүх талаас нь бүрэн дүүрэн тооцох үүрэгтэй. Шүүх бүрэлдэхүүн ял оногдуулахдаа өөрийн холбогдсон хэргийн талаарх мэдүүлгийг гэм буруугийн талаар маргасан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байгаа юм.

Амь хохирогчийн эхнэр болох Байгалмаагийн мэдүүлэгт тухайн үед хэрэг гарсан үед гэртээ очиход ойр дотны гэхээр 3 хүн цугтаа ууж наргисан байдалтай байсан тухайгаа найзууд дотроосоо уг хэргийг хийсэн байх магадлалтай хүмүүсийг нэр зааж дурдсан боловч шалгаагүй. Мөн хохирогчийн хөршүүдийн мэдүүлснээр “хүмүүс ууж наргиж, дуу чимээ гаргаж байсан, ойролцоо насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн хохирогчийнд орж байсан” гэх мэдүүлэг зэргийг нягтлан шалгах, энэ талаар ажиллагаа хийсэн зүйл огт байхгүй байгаа юм. Намайг биеэ хянах чадваргүй үед хуурч авсан мэдүүлгийн хэмжээнд хүн амины хэрэгт гүтгэж байгаад гомдолтой байна.

Гэрч Ганцэцэг “намайг хүн хутгалчихаад утсаар ярьсан” гэх мэдүүлэг өгсөн байдаг. Ганцэцэгтэй нүүрэлдүүлж мэдүүлэг аваагүй. Ганцэцэгийн худал мэдүүлэг өгснийг нотлох хүн байна. Шүүх хэргийг нотлох баримтын хэмжээнд бус, мэдүүлгээр дүгнэж шийдвэрлэж байгаа байдалтай санал нийлэхгүй байна. Үүнээс болж миний эрх зүйн байдал дордож, нялх үрээсээ амьдын хагацал үзэж байна. Хэргийн талаар шалгаагүй олон зүйлс байгааг шүүх авч хэлэлцээгүй. Хохирогчийн гэр бүлийг ойлгож байгаа ч гэмт хэрэг үйлдсэн жинхэнэ эзэн нь олдоосой гэж хүсэж байна. Надад холбогдсон хэргийн нөхцөл байдлыг дахин нягтлан шалгаж хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Ялтан Р.Бямбадуламын өмгөөлөгч А.Төмөрчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах байдлаар давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс Р.Бямбадуламыг М.Элбэгзаяаг онц харгис хэрцгий аргаар санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 1986 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийтгэх тогтоолд заасан. Р.Бямбадуламд ял оногдуулахдаа “цаазаар авах ял оногдуулж болох гэмт хэрэг” гэснийг арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял, эсхүл цаазаар авах ял шийтгэхээр хуульд заасан онц хүнд төрлийн гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд Р Бямбадуламын үйлдсэн хүнийг онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, хор уршигийн шинж чанар хэр хэмжээ ...гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан түүний үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ” гэжээ.

Гэтэл 1986 оны Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “цаазаар авах ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн этгээдэд” гэж онцолж хуульчилсан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 21.3, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 53 дугаар зүйлийн 53.4-т “арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүнчлэн эмэгтэйчүүд, жараас дээш насны эрэгтэйчүүдэд цаазаар авах ял оногдуулж болохгүй” талаар тодорхойлж өгсөн байна.

Шүүхээс ял оногдуулахдаа эмэгтэй хүнд цаазаар авах ял оногдуулж болохгүй гэдгийг анхаарч үзээгүй бөгөөд 1986 оны Эрүүгийн хуулийн 44.1.Г-д заасан хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл 1986 оны Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь зөвхөн эрэгтэй хүнд хамаарагдана.

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”, 80.1.6 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” бүрэн тогтоогдоогүй байхад хохирогчид учирсан 16 тооны шарх үүнээс 4 нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр буюу биеийн өөр өөр хэсэгт үүсгэгдсэн, шалбаралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхад онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хохирогч М.Элбэгзаяа, Р.Бямбадулам нарын хооронд урд өмнө ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа, өс хонзон, өр авлага байхгүй талаар шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг болон гэрч Байгалмаагийн “Талийгаач болон Бямбадулам нар хоорондоо үг ярьж байгаагүй” хохирогч гэр цэвэрлүүлэхээр дуудсан, бэлгийн харьцаанд орохоор шаардсан, хутгатай үед нь тэвэрч авсан зэргээс дүгнэлт хийхэд хэргийн нөхцөл байдал онц харгис хэрцгийгээр шууд санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байна.

Р.Бямбадуламын хувьд биеэ хамгаалах нөхцөл байдал үүссэн, хохирогчтой ноцолдох, тэмцэлдэх үед дээрх шархууд үүсгэгдсэн байх боломжтой, өөрөөр хэлбэл хүчингүй болсон 1986 оны Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлд заасан бусдыг болгоомжгүй алсан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байгаа ба хутганы 4 шарх үүссэнээр онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэх нь хэт нэг талыг барьж Р.Бямбадуламын эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн 71 дүгээр шийтгэх тогтоолтой хэргийг тал бүрээс нь хянан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мандах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шагаы шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1997 оны 8 дугаар сарын 5-ны өдөр миний эцэг М.Элбэгзаяа бусдад онц хэрцгийгээр хорлогдон нас барсан бөгөөд 19 жилийн дараа энэ хэрэг илэрч, хэрэгтэн Р.Бямбадуламыг шүүх анхан шатны шүүх хурал 2 дахь удаагаа болж өнгөрлөө. Хэрэгтэнг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсгийг үндэслэн 18 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийтгэжээ. Ялласан зүйл ангийг бол хүлээн зөвшөөрч байна. Хэрэгтэн давтан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасны дагуу чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх нь зүйн хэрэг юм. Харин оногдуулсан ялын хугацаа дээр гомдолтой байна. Хэрэг үйлдэгдээд 19 жилийн дараа илэрсэн. Улсын дээд шүүхээс буцаж эцсийн шийдвэрээ хүлээсээр бүтэн жил сунжирсан. Насаа барагдтал ясаа цайтал амиа алдартал хүлээсэа эмээ, өвөө хоёрын маань амссан бүхнийг 18 жилээр хэмжих нь утгагүй юм. Бид бүхэл бүтэн 19 жил хүлээсэн. Зарим нь хүлээж дийлээгүй өвчний улмаас амиа алдсан. Харин алуурчин бидний хажууд 19 жилийн турш мөр зэрэгцэн амьдарч, бүүр ээжтэй минь үг сольж юу ч болоогүй юм шиг биднийг хараандаа байлгаж хүссэнээрээ доромжилж тохуурхан амьдарч иржээ. Алуурчин 22 настай байсан ба баригдах хүртлээ залуу насны 19 жилийн амьдралаа эрх чөлөөтэй өнгөрөөж ирсэн. Алуурчны залуу насны 19 жилийн амьдрал ингэж өнгөрч байхад нөгөө талд 1943, 1936 онд төрсөн эмээ, өвөө, 1988, 1993 онд төрсөн хүүхдүүд 19 жилийн хугацаанд өтөл нас, хүүхэд насаа хэрхэн өнгөрөөж ирснийг харгалзаж үзээч гэж гуйж байна. Гэтэл шүүхээс зүйл ангийн хамгийн бага хэмжээ болох 18 жилийн хорих ял оногдуулжээ. Үүнийг зүйл ангид байгаа хамгийн дээд хэмжээ болох 25 жил болгож өгөхийг хүсэж байна. 1997 онд аавыг минь хөнөөснөөсөө 3 жилийн дараа төрсөн эцгийгээ хутгалж ял авч байсан давтан гэмт хэрэгтэн гэдгийг харгалзан үзнэ үү.

1998 онд гарсан С.Зоригийг алдсан хүмүүст 25 жилийн ял оногдуулсан. Энэ хэрэг үүнтэй адилхан шударгаар шийдэгдэх ёстой. Хууль хүн бүрийн өмнө эрх тэгш үйлчилнэ гэж найдаж байна. Алуурчин гэм буруутай гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн нотлох баримт болон өөрийн нь мэдүүлэг, мөрдөн байцаалтын туршилтаар бүрэн нотлогдож, прокурорын шат, анхан шатны шүүх дээр нотлогдож дүн гарсан тул гэм буруугийн тал дээр дахин хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна.

Алуурчин биднээс уучлал гуйгаагүй, нэг ч төгрөгийн хохирол нөхөн төлөөгүй. Хэрэг илэрснээс хойш бид улам илүү зовлон шаналалыг туулах боллоо. Учир нь хэрэг илэрсэний дараагаас ээжийн маань архаг хүнд нурууны өвчин сэдэрч хэвтэрт орсон бөгөөд хагалгаанд орох шаардлагатай болсон. Анхан шатны шүүхээс тогтоосон 5,458,126 төгрөгийн хохирлыг гаргуулж өгөхийг шаардаж байна. Бид хэдэн хүнээ алдаж, хичнээн удаан хүлээх ёстой юм. Энэ хугацаанд мөнгө санхүүгээрээ хохирлоо. Тохуурхаж байгаа юм шиг хэргийг ахин дахин буцааж зовсон биднийг удаа дараалан мөнгөний зовлонд унагаах шүүхийн үйл ажиллагаа хэрээс хэтэрлээ. Шүүх хуралд орох болгонд бид өмгөөлөгчид мөнгө төлж байна. Арай дэндэж байна. Р.Бямбадулам нөхөр, насанд хүрсэн эрэгтэй хүүхэдтэй. Тэд нар нь бүгд эрүүл саруул, ажил хөдөлмөр эрхэлж амьдарч байна. Тэднээс энэ хохирлын мөнгийг яаралтай барагдуулж өгөхийг шаардаж байна. Р.Бямбадулам анхны шүүх хурал дээр ар гэрээсээ тусламж аван хохирлыг барагдуулна гэж мэдүүлж байсан нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хурлын тэмдэглэлд бичсэн байгаа болно. Иймээс нэн даруй бидний хохирлын мөнгийг гаргуулж өгнө үү. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолын зүйл ангийг хэвээр үлдээж, ялын дээд хэмжээ 25 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мандахын өмгөөлөгч О.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэг, 1986 оны Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “цаазаар авах ял шийтгүүлж болох гэмт хэрэг” гэж заасан. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт гэмт хэрэг нь цаазаар авах ялтай. 2002 оны Эрүүгийн хууль ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа. Хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй...” гэв.

 

Прокурор Ч.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Р.Бямбадулам энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Ганцэцэг, Золзаяа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогддог. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлд зааснаар оногдуулах ялын хэмжээг хөнгөрүүлж байгаа тул 2002 оны Эрүүгийн хуулийг баримтлах нь ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж байна. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Прокуророос Р.Бямбадуламд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасанд нийцээгүй байна.

 

2002 оны Эрүүгийн хуулиар “Хүнийг онц харгис хэрцгий аргаар санаатай алах гэмт хэрэг”-ийн ялын доод хэмжээг хөнгөрүүлсэн байгаа боловч 1986 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 44  дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “г”-д зааснаар “...энэ хуульд зааснаар таван жилээс дээш хугацаагаар хорих, эсхүл түүнээс хүнд ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш арван жил өнгөрвөл ...гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй...” гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.4 дэх хэсэгт “....онц хүнд гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин таван жил өнгөрсөн...” гэж хүндэрч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээргүй болжээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт “...шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэх эрхтэй...”, 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт “...давж заалдах шатны шүүх хөнгөн ялтай хууль хэрэглэж болно...” гэж тус тус зааснаар шүүх Р.Бямбадуламын үйлдлийг хүнд ялтай 1986 оны Эрүүгийн хуулиар өөрчлөн зүйлчилж, дүгнэлт хийн шийдвэрлэх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Р.Бямбадуламд холбогдох хэрэгт магадлалд дурдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Р.Бямбадуламд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжин прокурорт очтол Р.Бямбадуламд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.              

 

                                                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.БАТСАЙХАН

 

                       ШҮҮГЧИД                                                             Ц.ОЧ

 

                                                                                                     Д.ОЧМАНДАХ