Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00342

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

              иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Ундрах, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01471 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1761 дүгээр магадлалтай, 

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох, 

67,881,486 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн төлөөлөгч Б.Золбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа, М.Чингис, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бодь Даатгал ХХК-тай байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ЭТТ-2015/203 дугаартай Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулан хамтран ажиллаж байсан ба гэрээний хүчинтэй хугацаанд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Уурхайн Үйлдвэрлэл хариуцсан захирлаар ажиллаж байсан Б.Гантулгатай холбоотой даатгалын тохиолдол үүссэн бөгөөд энэ тухай Даатгагчид шаардлагатай мэдээллийг хүргүүлж байсан.

Б.Гантулгын Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00273 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 873 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00962 дугаар тогтоолоор Б.Гантулгад ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор 53,263,433 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424,267 төгрөгийг Эрдэнэс-Таван толгой ХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Эрдэнэс-Тавантолгой ХК нь ЭТТ-2015/203 дугаартай Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээ-ний дагуу даатгалын нөхөн төлбөр, тэмдэгтийн хураамж нийт 53,687,701 төгрөгийг Даатгагчаас гаргуулах эрхтэй. Санхүүгийн зохицуулах хорооноос Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр оролцогчийг сонсох ажиллагаа явуулахад даатгагчид бодитоор эдийн болоод эдийн бус ноцтой хохирол учирсан хэмжээ нь тогтоогдоогүй тул даатгагч нь даатгалын гэрээний дагуу даатгуулагчид нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Гэтэл Бодь Даатгал ХХК нь өнөөдрийг хүртэл даатгалын гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. ЭТТ-2015/203 дугаартай Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээ-ний 6.1-д заасны дагуу Даатгагч нөхөн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг Даатгуулагчид төлөх үүрэгтэй. Энэ тухай Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02/516 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр алдангийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тооцохоор мэдэгдсэн. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 338 хоногоор тооцоход 76,479,807.56 төгрөг бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу 22 627 162 төгрөгийн алданги төлөхөөр байна.

Иймд Бодь Даатгал ХХК-тай байгуулсан ЭТТ-2015/203 дугаартай Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээний дагуу Б.Гантулгад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх даатгалын нөхөн олговорт 45,254,324 гэрээний дагуу тооцсон алданги 22,627,162, нийт 67,881,486 төгрөгийг *******-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Даатгуулагч Эрдэнэс таван толгой ХК Иргэний хуулийн 439.1, 439.5, Гэрээний 6.1-т заасан үүргүүдийг биелүүлээгүй төлбөр төлөх боломжгүй гэж үзэж байгаа. Энэ нь даатгалын тохиолдол гарсан даруй даатгагчид мэдэгдээгүй. Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлын хэмжээг үлэмж нэмэгдүүлэн улмаар нэхэмжлэлийн үнийн дүн өссөн байна. Даатгалын тохиолдол гарсан талаар даатгагчид мэдэгдсэн гэх боловч мэдэгдсэн өдөр нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр буюу давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш 20 гаруй хоногийн дараа бидэнд мэдэгдсэн байгаа. Давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш энэ тухайн мэдэгдсэнийг бид нэн даруй мэдэгдсэн гэж үзэхгүй байна. Иймд ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд даатгуулагчид мэдэгдэх ёстой байсан гэж үзэж байна. 2-рт Даатгалын тохиолдол нь ажил олгогч удирдах ажилтны хариуцлага алдсан бол даатгалын тохиолдол бий болсон гэж үзнэ. Гэтэл Эрдэнэс таван толгой ХК-ийн хувьд ийм шинж байхгүй байгаа. Яагаад гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т зааснаар ээлжийн амралттай байхад ажилтныг ажлаас чөлөөлж болохгүй бөгөөд энэ талаар нэн даруй ажилтанд мэдэгдээгүй учраас даатгалын тохиолдлыг хангахгүй байгаа юм. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл нөхөн төлбөр олгох талаар бүрдүүлбэрийг өгөөгүй. Ийм учраас даатгалын тохиолдол бий болсон эсэх нь тодорхой бус байгаа юм. Бидний зүгээс даатгалын нөхөн төлбөрийн зарим хэсгийг хангаж шийдсэн нь мэдээж Эрдэнэс таван толгой ХК-тай цаашдын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх гэсэн дотоод асуудлаас тодорхой хэмжээгээр нөхөн төлбөрийг шийдсэн. Эрдэнэс таван толгой ХК нь ч гэсэн хариуцлагагүй үйл ажиллагаагаа ойлгож харилцан буулт хийх байх гэдэг үүднээс үлдсэн дүнгээс нь татгалзаж шийдвэрлэсэн. 1-рт Даатгалын тохиолдол гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 431.1-т заасан шинжийг хангахгүй байна. 2-рт Нэн даруй мэдэгдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01471 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч *******-иас бүгд 67,881,486 /жаран долоон сая найман зуун наян нэгэн мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эрдэнэс-Таван толгой ХК-д олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Эрдэнэс-Таван толгой ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 497,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 497,358 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эрдэнэс-Таван толгой ХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1761 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01471 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497,360 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Золбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын 30- ний өдрийн 1761 дугаартай магадлалыг Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Хавтаст хэрэгт Эрдэнэс таван толгой ХК-ийн даатгалын ажилтан Я.Содчимэгийн мэйл хаягаас 2017 оны 4 сарын 24-ний өдөр Бодь Даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн ахлах мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ-д анх удаа даатгалын тохиолдол бий болсныг мэдэгдсэн баримт авагдсан бөгөөд уг баримтаар даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болсон талаар даатгагчид Б.Гантулгыг ажлаас чөлөөлснөөс хойш 270 гаруй хоног, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэж ажиллагаа явагдаж давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш 20 гаруй хоногийн дараа хандсан буюу нэн даруй мэдэгдээгүй гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдох боломжтой юм. Даатгалын тохиолдлын талаар даатгагчид мэдэгдээгүй байхад маргааны талаар даатгагчтай зөвлөлдөх боломжгүй гэдэг нь логикийн энгийн дүгнэлт билээ. Гэтэл шүүхээс дээрх байдлаар шалгаж хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдож буй нөхцөл байдал буюу даатгуулагч Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан Даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүйн улмаас Хохирлын хэмжээ эрс нэмэгдсэн-ээс үүсэх эрх зүйн үр дагаврыг харгалзан үзээгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 6 дугаар хэсгийн 6.А.1-Д Удирдах ажилтнуудын эсрэг нэхэмжилж буй аливаа хохирол нь энэхүү гэрээний дагуух хамгаалалтад тусгагдсан нөхцөлд даатгуулагч нь даатгагчид мэдэгдэх үүрэгтэй, б.Е-д Компани даатгагчийг шаардлагатай мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд даатгагч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд бүхий л асуудлаар хамтран ажиллана гэж, Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.5-д Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болох үед аюулыг зайлуулах буюу хохирлыг багасгах арга хэмжээг даатгагчийн зааврын дагуу авна гэж тус тус заасан байна. Дээрх үүргээ биелүүлээгүйн улмаас гарах үр дагаврыг талууд харилцан тохиролцож гэрээний 5 дугаар хэсгийн 5.0.4.11-т Даатгалын тохиолдлын талаар даатгагчид цаг тухайд нь мэдэгдээгүй бол нөхөн төлбөр олгохгүй хэмээн заасан байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын 30-ний өдрийн 1761 дугаартай магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

Эрдэнэс таван толгой ХК нь Бодь даатгал ХХК-с 67,881,486 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч талууд 2015 оны 12 дугаар сарын 08ы өдөр Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан байх ба Эрдэнэс таван толгой ХХК нь удирдах ажилтны болон компанийн хариуцлагыг даатгуулж, даатгалын хураамжид 39,600,000 төгрөг төлсөн нь тогтоогджээ /хэргийн 8-26 дугаар тал/. 

Ажил олгогч 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б/283 дугаар тушаал гаргаж, үйлдвэрлэл хариуцсан захирал Б.Гантулгатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны 273 дугаар шийдвэрээр Б.Гантулгыг ажилд эгүүлэн тогтоож, Эрдэнэс таван толгой ХК-с ажилгүй байсан хугацааны олговорт 53,263,433 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэжээ /хэргийн 37-43 дугаар тал/.  

Хариуцагч даатгалын нөхөн төлбөрт 8,433,377 төгрөг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 45,254,324 төгрөг, алданги 22,627,162 төгрөг нэхэмжилсэн байна.  

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа ...даатгалын тохиолдол болоогүй, нэн даруй мэдэгдээгүй гэжээ.  

Зохигчийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээ, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасантай нийцсэн байна. 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж  төлөх үүргийг тус тус хүлээдэг.  

Даатгагч нь даатгалын гэрээний даатгах нөхцөл гэсэн хэсэгт дурдсанаас удирдах ажилтны буруутай үйл ажиллагаанаас /ажлын байрны маргаан мөн орно/ үүдсэн гэрээнд заасан бүхий л хохирлыг нөхөн төлөх зорилгоор гэрээнд оролцохыг зөвшөөрсөн байх ба хохирол гэдэгт удирдах ажилтны буруутай үйл ажиллагааныхаа төлөө шүүх, арбитрын шийдвэрийн дагуу, эсвэл шүүх арбитрын үйл ажиллагаатай холбоотой хуулийн дагуу төлөх ёстой мөнгөн төлбөрийг ойлгоно гэж тодорхойлжээ.  

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж, хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 45,254,324 төгрөгийг гаргуулсан нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-д нийцжээ. 

2. Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээнд зааснаар даатгагч нөхөн төлбөрийн баримтуудыг хүлээн авч, шаардлага хангасан гэж үзвэл нэхэмжлэлийг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэж, нөхөн төлбөрийг олгох ба хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг даатгуулагчид төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-т заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлага, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэсэнтэй нийцсэн байна. 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. 

Б.Гантулгыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр, магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 сарын 15-ны өдрийн 962 дугаар тогтоолоор хэвээр үлдээснээр тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Ингэснээр нэхэмжлэгч даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр даатгалын нөхөн төлбөр олгохыг хүсч хариуцагчид хандсан, нэхэмжлэгч алдангийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тооцсоныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэжээ.  

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж нэхэмжлэлийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.  

3. Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.5-т даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болох үед аюулыг зайлуулах буюу хохирлыг багасгах арга хэмжээг даатгагчийн зааврын дагуу авна гэж заасан.  

Б.Гантулгатай холбоотой хөдөлмөрийн эрх зүйн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан хэдий ч Эрдэнэс таван толгой ХХК нь даатгалын тохиолдол бий болж болзошгүй тухайгаа даатгагчид 2017 оны 4 дүгээр сарын 24-нд цахим шуудангаар мэдэгдсэн, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна /хэргийн 93-94 дүгээр тал/.  

Иймд хариуцагчийн ...даатгалын тохиолдлын талаар цаг тухайд нь мэдэгдээгүй гэх гомдлыг хангах боломжгүй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01471 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1761 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Золбаярын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 497,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Б.УНДРАХ 

Х.СОНИНБАЯР  

Г.ЦАГААНЦООЖ