Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 01471

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Э” ХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Б” ХХК/РД: /-д холбогдох,

 

67 881 486 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа, Э.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Э” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э” ХК нь “Б” ХХК-тай байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ЭТТ-2015/203 дугаартай “Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулан хамтран ажиллаж байсан ба гэрээний хүчинтэй хугацаанд “Э” ХК-ийн Уурхайн Үйлдвэрлэл хариуцсан захирлаар ажиллаж байсан Б.Гантулгатай холбоотой даатгалын тохиолдол үүссэн бөгөөд энэ тухай Даатгагчид шаардлагатай мэдээллийг хүргүүлж байсан.

Б.Гантулгын Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00273 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 873 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00962 дугаар тогтоолоор Б.Гантулгад ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор 53 263 433 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 267 төгрөгийг “Э” ХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн.

“Э” ХК нь ЭТТ-2015/203 дугаартай “Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээ”-ний дагуу даатгалын нөхөн төлбөр, тэмдэгтийн хураамж нийт 53 687 701 төгрөгийг Даатгагчаас гаргуулах эрхтэй.

Даатгагч нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох ...”, ЭТТ-2015/203 дугаартай Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээний II дахь хэсгийн А. “...Нэхэмжлэл...”, D. “...Хавсралт 01-д заасан албан тушаал бүхий ажилтнуудыг хэлнэ...”, “...УДИРДАХ АЖИЛТАН” бүрэн эрхийнхээ хүрээнд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа зөвхөн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хамгаалалтад даатгал үйлчилнэ...” I. “... захирал болон удирдах ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэх явцад гаргасан аливаа гомдол... ”, V дахь хэсгийн А. “... Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь Монгол улсын Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, заавар, даатгалын гэрээгээр зохицуулна...”, VII хэсгийн I.”... энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон тэдгээртэй холбогдон гарсан бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө...”, L.”... Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь Монгол улсын Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, заавар, даатгалын гэрээгээр зохицуулагдана ...” гэж заасны дагуу нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй.

Гэтэл “Б” ХХК нь 45 254 324 төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоос татгалзсаныг хүлээн зөвшөөрөхгуй тул Санхүүгийн зохицуулах хороонд шалгаж, дүгнэлт гаргуулахаар хандсан.

Санхүүгийн зохицуулах хорооноос Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр оролцогчийг сонсох ажиллагаа явуулахад даатгагчид бодитоор эдийн болоод эдийн бус ноцтой хохирол учирсан хэмжээ нь тогтоогдоогүй тул даатгагч нь даатгалын гэрээний дагуу даатгуулагчид нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Гэтэл “Б” ХХК нь өнөөдрийг хүртэл даатгалын гэрээний үүргээ биелүүлэхгүй байна.

ЭТТ-2015/203 дугаартай “Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээ”-ний 6.1-д заасны дагуу Даатгагч нөхөн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногтутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг Даатгуулагчид төлөх үүрэггэй. Энэ тухай “Э” ХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02/516 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр алдангийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тооцохоор мэдэгдсэн. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 338 хоногоор тооцоход 76 479 807.56 төгрөг бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу 22 627 162 төгрөгийн алданги төлөхөөр байна.

ЭТТ-2015/203 дугаартай “Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээ”-ний VII.M-2-д “... шүүхэд гомдол гаргаж болно ...” гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргасан.

Иймд “Б” ХХК-тай байгуулсан ЭТТ-2015/203 дугаартай Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээний дагуу Б.Гантулгад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх даатгалын нөхөн олговорт 45 254 324 гэрээний дагуу тооцсон алданги 22 627 162, нийт 67 881 486 төгрөгийг “Б” ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Б” ХХК-тай байгуулсан Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээ нь нийт 26 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Үүнд гүйцэтгэх захирлын даатгалын үнэлгээ нь 2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байдаг. Энэ талаар гэрээний 2 дахь хэсэгт зааснаар удирдах ажилтны буруутай үйл ажиллагаа /ажлын байрны маргаан/ орно гэж заасан бөгөөд үүнийг нөхөн төлөхөөр гэрээнд тодорхой зааж өгсөн байгаа. Хариуцагч талаас нэн даруй мэдэгдээгүй, удирдах ажилтны хариуцлага алдсан гэж тайлбарлаж байна. Удирдах ажилтны гэм буруугийн хувьд МУҮХ-д зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр тогтоогдоогүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд үл тооцож болно гэсэн үндсэн зарчим болон ИХШХШТХ-д зааснаар ажлаас сахилгын зөрчил гаргаж халагдсантай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ шүүх хуралдаанд Эрдэнэс таван толгой ХК буюу гүйцэтгэх захирлын зүгээс гэм буруу байгаа эсэх талаар мэтгэлцэж оролцсон. Шүүхийн шийдвэр ИХШХШТХ-ийн 120, 176.2.3-т зааснаар эцэслэн шийдвэрлэгдсэнээр буруутай үйл ажиллагаа тогтоогдсон гэж үзсэн. Түүнээс өмнө Даатгалын тухай хуулийн 4.1.4-т Даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг гэсэн байдаг учраас бид мэдэгдсэн. Мөн тус хуулийн 8.4.4-т Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт гэж зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх, УДШ-ын тогтоолыг албан ёсны баримт бичиг гэж үзэж байгаа. Даатгалын тухай хуулийн 9.1.4-т даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй гэж байна. Мөн даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгуулагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн байна. Иймд бид мэдэгдсэн бөгөөд “Б” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа. Иймд нэхэмжлэгч талын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б ХХК-ийн зүгээс нэхэмжилсэн үнийн дүнгийн зарим хэсгийг олгож, зарим хэсгийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Учир нь Б ХХК нь даатгуулагч Эрдэнэс таван толгой ХК Иргэний хуулийн 439.1, 439.5, Гэрээний 6.1-т заасан үүргүүдийг биелүүлээгүй төлбөр төлөх боломжгүй гэж үзэж байгаа. Энэ нь даатгалын тохиолдол гарсан даруй даатгагчид мэдэгдээгүй. Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлын хэмжээг үлэмж нэмэгдүүлэн улмаар нэхэмжлэлийн үнийн дүн өссөн байна гэж үзэж байгаа юм. Даатгалын тохиолдол гарсан талаар даатгагчид мэдэгдсэн гэх боловч мэдэгдсэн өдөр нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр буюу давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш 20 гаруй хоногийн дараа бидэнд мэдэгдсэн байгаа. Энэ талаар бидэнд мэдэгдэхдээ и-мэйл хаягруу даатгалын тохиолдол гарсан гэж мэдэгдсэн бөгөөд яг ямар үндэслэлээр, хэзээ чөлөөлсөн болон энэ талаар маргаж байгаа эсэх нь тодорхойгүй байсан. Даатгуулагч нь даатгагчид даатгалын тохиолдол бий болсон бол тухайн бүх нотлох баримтыг бүрэн хэмжээгээр нь өгч, үүнийг нь шалгасны дараа бид төлөх талаар шийдвэрлэх ёстой байхад мэдээлсэн гэснээрээ даатгалыг нөхөн төлөх үүрэгтэй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш энэ тухайн мэдэгдсэнийг бид нэн даруй мэдэгдсэн гэж үзэхгүй байна. Иймд ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд даатгуулагчид мэдэгдэх ёстой байсан гэж үзэж байна. 2-рт Даатгалын тохиолдол нь ажил олгогч удирдах ажилтны хариуцлага алдсан бол даатгалын тохиолдол бий болсон гэж үзнэ. Гэтэл Эрдэнэс таван толгой ХК-ийн хувьд ийм шинж байхгүй байгаа. Яагаад гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т зааснаар ээлжийн амралттай байхад ажилтныг ажлаас чөлөөлж болохгүй бөгөөд энэ талаар нэн даруй ажилтанд мэдэгдээгүй учраас даатгалын тохиолдлыг хангахгүй байгаа юм. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл нөхөн төлбөр олгох талаар бүрдүүлбэрийг өгөөгүй. Ийм учраас даатгалын тохиолдол бий болсон эсэх нь тодорхой бус байгаа юм. Бидний зүгээс даатгалын нөхөн төлбөрийн зарим хэсгийг хангаж шийдсэн нь мэдээж Эрдэнэс таван толгой ХК-тай цаашдын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх гэсэн дотоод асуудлаас тодорхой хэмжээгээр нөхөн төлбөрийг шийдсэн. Эрдэнэс таван толгой ХК нь ч гэсэн хариуцлагагүй үйл ажиллагаагаа ойлгож харилцан буулт хийх байх гэдэг үүднээс үлдсэн дүнгээс нь татгалзаж шийдвэрлэсэн. 1-рт Даатгалын тохиолдол гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 431.1-т заасан шинжийг хангахгүй байна. 2-рт Нэн даруй мэдэгдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

         Нэхэмжлэгч “Э” ХК хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 45 254 324/дөчин таван сая хоёр зуун тавин дөрвөн мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийг, алдангид 22 627 162/хорин хоёр сая зургаан зуун хорин долоон мянга нэг зуун жаран хоёр/ төгрөгийг, бүгд 67 881 486/жаран долоон сая найман зуун наян нэгэн мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь даатгалын тохиолдол гэж үзэхгүй, нэн даруй мэдэгдээгүй гэж маргасан.

 

          2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “Б” ХХК-ийн өмгөөлөгч Л.Банзрагчид 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагчийн өмгөөлөгч Л.Банзрагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-ийн өмгөөлөгч Л.Банзрагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1/нэг/ жилийн хугацаатай “Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ байгуулж, нэхэмжлэгч нь даатгалын хураамжид 39 600 000/гучин есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг төлөх, хариуцагч нь даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын нөхөн төлбөр олгох үүргийг тус тус хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Тус Гэрээгээр нэхэмжлэгч нь сайн дураар Хавсралт № 1-т заасан удирдах ажилтны болон компанийн хариуцлагыг даатгуулсан болох нь зохигчийн тайлбар, Гэрээний болон Хавсралт № 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ... даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 432 дугаар зүйлийн 432.1-т “Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна.”, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 432 дугаар зүйлийн 432.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасныг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Үйлдвэрлэл хариуцсан захирал Б.Гантулгатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/283 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 273 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 873 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 962 дугаар тогтоолоор иргэн Б.Гантулгыг Үйлдвэрлэл хариуцсан захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 53 263 433/тавин гурван сая хоёр зуун жаран гурван мянга дөрвөн зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулахаар, улсын тэмдэгтийн хураамжид 424 267/дөрвөн зуун хорин дөрвөн мянга хоёр зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар буюу нийт 53 687 700/53263433+424267=53687700/ /тавин гурван сая зургаан зуун наян долоон мянга долоон зуу/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 273 дугаар шийдвэрийн болон Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 962 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний хоёрдугаар бүлгийн 1 дэх хэсгийн А, B, 2 дахь хэсгийн А-ийн 5, D, F, I, J-ийн 1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулах буюу нөхөн төлбөрт нийт 53 687 700/тавин гурван сая зургаан зуун наян долоон мянга долоон зуу/ төгрөгийг олгох үүрэгтэй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 273 дугаар шийдвэрийн болон Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 962 дугаар тогтоолын хуулбар, Гэрээний болон Хавсралт №1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид нөхөн төлбөрт олгох нийт 53 687 700/тавин гурван сая зургаан зуун наян долоон мянга долоон зуу/ төгрөгийн нөхөн төлбөрөөс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.5, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтад заасныг зөрчсөн үндэслэлээр 8 433 377/найман сая дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун далан долоо/ төгрөгийг олгож, үлдсэн 45 254 324/дөчин таван сая хоёр зуун тавин дөрвөн мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийг олгохоос татгалзсан болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн № 02/516 Мэдэгдэл хүргүүлэх тухай болон 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн № 2/145 Нөхөн төлбөрийн тухай албан бичгийн хуулбар, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн № 02/759 Нөхөн төлбөрийн тухай болон 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн № 02/182 Хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.5-д “Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болох үед аюулыг зайлуулах буюу хохирлыг багасгах арга хэмжээг даатгагчийн өгсөн зааврын дагуу авах бөгөөд ... гарсан зардлыг даатгагч хариуцна.”, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “... даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, даатгагчид нэн даруй мэдэгдэх;” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Гэрээний хоёрдугаар бүлгийн хоёр дахь хэсгийн D, F, J-ийн 1-т заасан нэхэмжлэгчийн удирдах ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хуулийн дагуу мөнгөн төлбөр төлөх буюу хохирол төлөх даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба уг тохиолдол нь Улсын дээд шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б.Гантулгын нэхэмжлэлтэй нэхэмжлэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэснээр үүссэн болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 273 дугаар шийдвэрийн болон Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 962 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Б.Гантулгатай холбоотой даатгалын тохиолдол гарсан гэж үзэж байгаа талаар цахим шуудангаар мэдэгдсэн талаар зохигчид маргаагүй болно.

 

Хариуцагч нь Гэрээнд заасан даатгалын тохиолдол би болж болзошгүйг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр мэдсэн байх ба нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.5 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтад зааснаар мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад зааснаар хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 45 254 324/дөчин таван сая хоёр зуун тавин дөрвөн мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 22 627 162/хорин хоёр сая зургаан зуун хорин долоон мянга нэг зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, 232.6-д “... хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.

 

Зохигчид Гэрээний хоёрдугаар бүлгийн 5 дахь хэсгийн G-д алдангийг 0.5/тэг аравны тав/ хувь байхаар харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 05/2279 тоот албан бичгээр даатгалын тохиолдол бий болсныг мэдэгдэж, материалыг хүргүүлсэн болох нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн № 02/516 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний хоёрдугаар бүлгийн 5 дахь хэсгийн G-д зааснаар хариуцагч нь 10/арав/ хоногийн дотор нөхөн төлбөрийг олгоогүй байх тул нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс алданги тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 22 627 162/45254324x0.5%=226271, 226271x365=82589139, 45254324:2=22627162/ /хорин хоёр сая зургаан зуун хорин долоон мянга нэг зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагчаас бүгд 67 881 486/жаран долоон сая найман зуун наян нэгэн мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас бүгд 67 881 486/жаран долоон сая найман зуун наян нэгэн мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас бүгд 67 881 486/жаран долоон сая найман зуун наян нэгэн мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Э” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 497 358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 497 358 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ