Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 1823

 

 

 

 

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2018/01823

Улаанбаатар хот

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.С /-д холбогдох,

******* улсын дугаартай ******* маркийн автомашины шударга өмчлөгч нь Б.Э  мөн болохыг тогтоолгож, уг автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагч Б.С , хариуцагчийн өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “Б.Э  нь Б.С тай 2012 оноос 2017 он хүртэл хамтран амьдарч байсан. Б.Э  нь 2017 оны 06 сарын 21-нд Хаан банкнаас 15,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, Б.С гийн ах Б.У аас 10,000,000 төгрөгөөр хар өнгийн ******* улсын дугаартай Prius 20 маркийн автомашин худалдан авсан. Уг автомашиндаа Дорноговийн дугаар авах гэсэн боловч Улаанбаатар хотод хонох шаардлагатай болсон. Б.Э  маргааш өглөө нь ээлжийн ажилтай байсан бөгөөд өөрийнхөө өмчлөлд бүртгүүлэх гэтэл Хэнтий аймгийн хаягтай байсан учир нэр шилжүүлэхэд асуудал гарч, улмаар хамтран амьдарч байсан Б.С гийн нэр дээр бүртгэл хийлгэсэн. Б.Э  нь банкнаас авсан зээлийн мөнгөөр уг автомашиныг худалдаж авсан тул ******* улсын дугаартай Prius 20 маркийн автомашины шударга өмчлөгч нь Б.Э  болохыг тогтоолгох, уг автомашиныг Б.С гийн өмчлөлөөс нэхэмжлэгч миний өмчлөлд шилжүүлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Э  миний нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “Хариуцагч: Б.Э тай 2012 онд танилцан 2013 оноос манай аав ээжтэй хамт амьдарч эхэлсэн. Ингэхдээ Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар курсийн оюутан нэг анги байсан. Б.Э  нь сургуулиасаа гараад цэрэгт 1 жил явж ирсэн. Ингээд манай аав, ээжийн гэрт 2017 он хүртэл 5 жил амьдарсан. Энэ хугацаанд 2017 оны 01 сарын 26-нд охин Аминзаяаг төрүүлсэн. Дараа нь 2016 оны 06 сард жирэмсэн болсон байсан ба уг хүүхдийг Б.Э  нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаанд орж, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учир 4 сартай байхад нь жирэмслэлтийг зогсоож хагалгаанд орсон. Б.Э  нь ******* Приус машиныг 2017 оны 06 сард намайг хүүхэд төрүүлж өгсөн гэж баярласнаа илэрхийлэн надад бэлгэнд авч өгсөн юм. Тэгэхдээ манай нагац ах Б.У аас хямд авсан. Надад бэлгэнд авч өгч байгаа гэдгээ манай ах Б.У т хэлж байсан ба чамд л авч өгч байгаа юм чинь чи өөрөө сонго гэж байгаад би машины өнгийг сонгосон. Б.Э  нь Дорноговь аймгийн харъяат мөн боловч тухайн үед хөл хугарсан, ажилдаа яваагүй гэртээ байсан. Мөн Хэнтий аймгийн хаягтай байсан гэдэг нь ч худлаа юм. Өөрийн нэр дээр шилжүүлэх боломжтой байсан. Өөрөө надад авч өгсөн учраас миний нэр дээр шилжүүлэхийг хүссэн юм. Энэ машинаас өөр өмч бид хоёрын дунд байхгүй, одоо 1 ой 2 сартай хүүхэдтэй би үлдэж байгаа тул уг машиныг охин бид хоёр авах ёстой гэж үзэж байна. Б.Э  нь 2016 оны 09 сард ажилд орсон ба өмнөх хугацаанд манай аав, ээжийнд амьдарч байхдаа хоол унд, бусад зардалд мөнгө өгч байгаагүй, ажилд орсноос хойш байр хөлслөн тусдаа амьдарч байсан боловч хүүхэд дээрээ ирэн очин байсан. Өмнөх хугацаанд бид манай аав ээжээр тэжээлгэж байсан. Би хүүхэд гаргахаасаа өмнө оюутан байхдаа давхар ажил хийж мөнгө олдог байсан. “Гео мастер” гэдэг газар мэргэжлээрээ буюу кадастрын инженерээр, заримдаа ээжийнхээ оёдлын газар туслах ажилтан хийж байсан. Б.Э гийн хувьд Мишээл экспод 2 сар ажиллаад энэ ажилд орох хүртлээ ажил хийгээгүй. Одоо тэгээд хүн чанаргүй зан гаргаж надад бэлэглэсэн машинаа буцаан авах гэж байгаад гомдолтой байна. Б.Э  нь шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд тухайн машиныг Б.Э  нь банкнаас зээл авч авсан гэдэгтэй маргаагүй. Гагцхүү уг машиныг авахад бид хамтран амьдарч байсан төдийгүй, өөрөө хүүхэд гаргаж өгсөнд талархаж надад бэлэглэж байгаа юм гэж хэлж байсан. Гэтэл одоо машинаа авна гэдэг нь миний хувьд хуурч байгаатай ялгаагүй зүйл болж байна. Би Б.Э г өөрийн нөхрөө гэж бодож явсан. Б.Э  нь нэхэмжлэлдээ дурдсанчлан Хэнтий аймгийн хаягтай байсан гэдэг нь худлаа, уг машиныг авахад анхнаасаа л би чамд авч өгч байгаа юм чинь чи өөрийнхөө нэр дээр ав гэж байсан. Мөн авах машиныхаа өнгийг чи өөрөө сонго гэж хэлж байсан. Тэгсний дагуу би өөрөө машиныг сонгож авсан. Манай ах дүүд минь авч өгч байгаа юм бол хямдхан өгнө гэж тухайн үеийн зах зээлийн ханшнаас хямд өгсөн. Би Б.Э г хүүхэдтэй болсон болохоор цаашид хамт байх л юм шиг санаж явсан. Энэ хүнээс болж би бие сэтгэлээрээ хохирч үлдэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэсгүй” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э  нь хариуцагч Б.С д холбогдуулан ******* улсын дугаартай ******* маркийн автомашины шударга өмчлөгч нь Б.Э  мөн болохыг тогтоолгож, уг автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэргийн үйл баримтаар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг Б.Э  нь 2017 оны 06 сарын 21-ний өдөр Хаан банкнаас авсан цалингийн зээлийн 10,000,000 төгрөгөөр худалдан авч, 2017 оны 06 сарын 22-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.С гийн нэр дээр гаргуулсан, уг автомашин одоо Б.С гийн эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Э  нь Хаан банктай 2017 оны 06 сарын 21-ний өдөр ******* дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан болох нь хэрэгт авагдсан гэрээ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-6-8/

Б.Э  нь ******* улсын дугаартай ******* маркийн автомашины төлбөрийг 2017 оны 06 сарын 21-ний өдөр Хаан банкин дахь өөрийн ******* дугаартай данснаас тус банкин дахь Б.У ын ******* дугаартай данс руу шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Б.У ын мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-10 дугаар хуудасны ар тал, 40-42/

Хариуцагч Б.С  нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй автомашиныг нэхэмжлэгч Б.Э гийн банкнаас авсан зээлээр худалдан авсан талаар маргаагүй боловч уг автомашиныг түүнд бэлэглэсэн тул буцааж өгөх үүрэггүй гэх тайлбарыг гарган маргасан.

Иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Өмчлөгч нь тухайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч мөн гэдгийг баталж, өмчлөгч гэдгээ нотолсон байх шаардлагатай.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Э  автомашины үнэ болох 10,000,000 төгрөгийг бүрэн төлсөнөөр автомашиныг шилжүүлсэн болох нь уг автомашиныг худалдсан  Б.У ын мэдүүлгээр тогтоогдож байх тул Б.Э г  ******* улсын дугаартай ******* маркийн автомашины өмчлөгч гэж үзнэ.

Өмчлөгчийн хувьд Б.Э  нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг хариуцагч Б.С гийн эзэмшилд бодитойгоор ашиглагдаж байгааг хууль бус гэж үзэж шаардах эрхтэй.

Хариуцагч нь уг тээврийн хэрэгслийг Б.Э  түүнд бэлэглэсэн гэх тайлбарыг гарган маргаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно. Бэлэглэлийн гэрээнд нэг тал нь бэлэг өгөх, нөгөө тал нь үүнийг хариу төлбөргүй хүлээн авахыг зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Б.Э , хариуцагч Б.С  нарын хооронд маргаан бүхий автомашиныг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн ******* улсын дугаартай ******* маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ хариуцагч Б.С гийн нэр дээр байгаа нь түүнийг автомашины өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Э г ******* улсын дугаартай ******* маркийн автомашины өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байх тул ******* улсын дугаартай ******* маркийн автомашины өмчлөгч нь Б.Э  болохыг тогтоож, уг автомашиныг хариуцагч Б.С гаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр лүү шилжүүлэхийг хариуцагч Б.С д даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:                                                                                              

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг тус тус баримтлан ******* улсын дугаартай ******* маркийн автомашины өмчлөгч нь Б.Э  болохыг тогтоож, ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг  хариуцагч Б.С гаас гаргуулж нэхэмжлэгч Б.Э д олгож, ******* улсын дугаартай ******* маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Э гийн нэр лүү шилжүүлэхийг хариуцагч Б.С д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод  хэвээр үлдээж, хариуцагч Б.С гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөг, 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Б.Э д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР