Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 123/ШШ2021/0008

 

 

2021 оны 04 сарын 01 өдөр                     Дугаар                                         Зуунмод сум

                                                         123/ШШ2021/0008                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн З сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Э” ХХК-ийн ХV-020000 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн З сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг З сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, хариуцагч Төв аймгийн З сумын Засаг даргын өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 –т заасны дагуу батлагдсан журмын дагуу зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад оролцож 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн З сумын Төмстэй багийн нутаг дэвсгэрт орших “Өвөр Наймганы ам” нэртэй газар хайгуулын XV-020000 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон. Манай компани тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуулын үйл ажиллагаа явуулахын тулд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулах”, 38.1.3-т энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах” гэж заасны дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулан З сумын Засаг даргаар батлуулахаар 2017 оны 08 сарын 21-ний өдөр хүргүүлсэн боловч тус сумын Засаг дарга нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж өгөөгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “Сум дүүргийн Засаг дарга нь 38.1.3-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасныг зөрчин, манай компанийг хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Манай компанийн хувьд тус сумын Засаг даргаар байгаль орчны төлөвлөгөөг батлуулахаар 2017, 2018, 2019, 2020 онуудад жил бүр албан бичгүүд хүргүүлж, хүсэлтээ удаа дараа тавьж байсан боловч байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлах эрх бүхий субъект буюу орон нутгийн Засаг дарга нь өнөөдрийн хүртэл баталж өгөөгүй, бид хайгуулын ажлаа эхлүүлж чадаагүй байна. З сумын Засаг дарга нь манай компанийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйгээ “иргэд эсэргүүцээд байна, иргэд танай компанийн төлөвлөгөөг баталж өгөхгүй, иргэд танай компанид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхийн шийдвэр гартал батлахгүй” гэх зэргээр тайлбарладаг бөгөөд энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг төлөвлөгөөг батлахгүй байх хууль зүйн үндэслэл биш юм. Бид тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Мөн манай компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр гараагүй учир З сумын Засаг дарга нь манай компанийн төлөвлөгөөг батлахгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй болно. Манай компанийн хувьд З сумын нутгийн иргэд болон орон нутгийн удирдлагуудын хүсэлт шаардлагыг хүндэтгэн үзэж нийт эзэмшиж байсан талбайн 11534.16 га  талбайг орон нутагт буцаан хүлээлгэн өгч, бусад этгээдүүдийн үйл ажиллагааны улмаас буюу хууль бусаар олборлолт явуулсны улмаас хөндөгдөж эвдэрсэн 3946.91 га талбайд хайгуулын ажил хийхээр үлдээсэн.

Хамгийн сүүлд 2020 оны 06 сарын 12-ны өдөр З сумын Засаг даргад байгаль орчны төлөвлөгөөг батлуулах тухай албан бичиг хүргүүлсэн боловч 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 1/264 тоот албан бичгээр “танай тусгай зөвшөөрөл нь хууль бусаар олгогдсон, уг зөвшөөрлийг олгосноор байгалийн унаган төрх алдагдах, гол горхи ширгэх, булаг шанд ширгэх, сөрөг хүчин зүйл үүснэ, нутгийн иргэдийн ашиг сонирхол зөрчигдөнө гэж иргэд эсэргүүцэж байгаа” гэсэн утга бүхий хариуг ирүүлсэн. З сумын Засаг даргын энэ эс үйлдэхүй нь Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ үндэслэлгүйгээр хэрэгжүүлэхгүй байгаа явдал бөгөөд тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д “нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага нь харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах үүрэгтэй”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх хайх эрхтэй” гэж тус тус заасныг зөрчиж байгаа үйлдэл юм. Манай компани тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлдөг бөгөөд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлагдсан тохиолдолд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болох төлбөрийг байршуулах бүрэн боломжтой байдаг. Харин Засаг даргын эс үйлдэхүйн улмаас манай компани хайгуулын үйл ажиллагааг эхлүүлэх боломжгүй болж, ингэснээр хуульд заасны дагуу хуулын ажлын зардлын доод хэмжээнд хүрэхгүй нөхцөл байдал үүсч байна. Ашигт малтмалын тухай хуулийн 31, 56 дугаар зүйлүүдэд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн жил бүр хийсэн хайгуулын ажил нь зардлын доод хэмжээнд хүрэхгүй бол энэ нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохоор хуульчлагдсан байдаг. З сумын Засаг даргын эс үйлдэхүйн улмаас манай тусгай зөвшөөрөл цуцлагдах, сунгагдахгүй байх нөхцөл байдал үүссэн тохиолдолд учирсан хохирлыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг Засаг даргад мэдэгдсэн боловч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, эс үйлдэхүй гаргасаар байгаа тул “Э” ХХК-ийн эзэмшиж буй XV-020000 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн З сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь ашигт малтмалын тухай хуулийн 10.1.2 дахь хэсэгт заасны дагуу батлагдсан журмын дагуу зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад оролцож 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн З сумын Төмстэй багийн нутаг дэвсгэрт орших Өвөр Наймганы ам нэртэй газар хайгуулын XV-020000 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон. Манай компани тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуулын үйл ажиллагаа явуулахын тулд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3-т заасны дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулан З сумын Засаг даргаар батлуулахаар 2017 оны 08 сарын 21-ний өдөр хүргүүлсэн боловч тус сумын Засаг дарга нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж өгөөгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасныг зөрчин, манай компанийг хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Манай компанийн хувьд тус сумын Засаг даргаар байгаль орчны төлөвлөгөөг батлуулахаар 2017, 2018, 2019, 2020 онуудад жил бүр албан бичгүүд хүргүүлж, хүсэлтээ удаа дараа тавьж байсан боловч байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлах эрх бүхий субъект буюу орон нутгийн Засаг дарга нь өнөөдрийн хүртэл баталж өгөөгүй, бид хайгуулын ажлаа эхлүүлж чадаагүй байна. З сумын Засаг дарга нь манай компанийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйгээ иргэд эсэргүүцээд байна, иргэд танай компанийн төлөвлөгөөг баталж өгөхгүй, иргэд танай компанид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхийн шийдвэр гартал батлахгүй гэх зэргээр тайлбарладаг бөгөөд энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг төлөвлөгөөг батлахгүй байх хууль зүйн үндэслэл биш юм. ... Төв аймгийн З сумын Засаг дарга 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа шүүх иргэдийн гаргасан нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон тохиолдолд, шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдвэл танай компани хүсэлтээ өгвөл байгаль орчны төлөвлөгөөг батлахад саадгүй гэж тайлбарласан.

Хамгийн сүүлд бид 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өмнөх хэрэг эцэслэн шийдвэрлэгдээд дууссан учир энэ тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна, үйлчлэлийн хүчин төгөлдөр хугацаа яваад эхэлсэн тул хариу тайлбартаа дурдсан төлөвлөгөөг баталж өгөөч гэж хүсэлтдээ төлөвлөгөөгөө хавсарган явуулахад хариу ирүүлээгүй. З сумын Засаг даргын уг эс үйлдэхүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1.1-т тус тус заасныг зөрчиж байгаа үйлдэл юм. Энэ үед өмнөх шүүхийн хэрэг 08 дугаар сард эцэслээд дууссан учир 11 дүгээр сард баталж өгөхгүй байх ямар ч хуульд заасан үндэслэл байгаагүй. Манай компани тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлдөг бөгөөд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлагдсан тохиолдолд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болох төлбөрийг байршуулах бүрэн боломжтой байдаг. Харин Засаг даргын эс үйлдэхүйн улмаас манай компани хайгуулын үйл ажиллагааг эхлүүлэх боломжгүй болж, ингэснээр хуульд заасны дагуу хуулийн ажлын зардлын доод хэмжээнд хүрэхгүй нөхцөл байдал үүсэж байна. ... Өөрөөр хэлбэл 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хэрэг эцэслэн шийдвэрлэгдээд тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа яваад эхэлсэн. 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хугацаа 2021 оны 02 дугаар сараар тасалбар болж байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл 2020 оны төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь бидэнд маш их гарз хохирол учруулж байна. Цаашлаад тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас цуцлах хүртэл үндэслэл үүсэх гээд байна. ...Үндэслэлгүйгээр эс үйлдэхүй гаргаад байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2020 оны төлөвлөгөөг батлахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төв аймгийн З сумын Засаг дарга Л.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дугаар тушаалаар З сумын Өвөр наймганы ам нэртэй  3946.91 гектар газарт  “Э” ХХК-д ХҮ-020000 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосны улмаас тус сумын малчин иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон малын бэлчээрийн талбай хомсдож эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, байгаль орчны унаган төрх алдагдах, гол горхи, булаг шанд ширгэх зэрэг олон сөрөг хүчин зүйлээр нөлөөлж болзошгүй тул малчин иргэд дээрх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.... хамгийн сүүлд Улсын Дээд Шүүхийн Захиргаан хэргийн танхимаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2020 оны 08 сарын 24-ний өдрийн 11.30 цагт товлогдсон байгаа болно. Өнөөдрийн байдлаар уг маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй, тусгай зөвшөөрлийг олгосон захиргааны актын биелэлтийг шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн... маргаан бүхий тусгай зөвшөөрөл болох 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дугаар тушаалаар олгогдсон ХҮ-020000 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн З сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь ХҮ-020000 дугаар тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг шүүх түдгэлзүүлсэн үед сумын Засаг дарга уг тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй юм. ...Гэтэл маргаантай үед тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Засаг дарга батлах нь иргэдийн шүүхэд гомдол гаргах эрхийг үл хүндэтгэсэн, мөн шүүхийн шийдвэрийг зөрчсөн хууль бус үйлдэл болно. ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...манай компани байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар 2017, 2018, 2019 , 2020 онуудад жил бүр албан бичгүүд хүргүүлдэг, биечлэн очиж удаа дараа хүсэлтээ тавьсан боловч сумын Засаг дарга өнөөдрийн хүртэл баталж өгөөгүй...” гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д заасны даггуу Засаг даргын эс үйлдэхүй дээр компани гомдолтой бол тухайн үед дээд шатны Засаг дарга буюу аймгийн Засаг даргад хуулийн хугацаанд гомдлоо гаргах эсхүл шүүхэд эс үйлдэхүй гаргаснаас хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлээ гаргах байсан. Гэвч нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1, 54.1.3, 54.1.8-д заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг биелүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн байх тул нэхэмжлэлийг Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3, 54.1.8-д заасны дагуу хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрөхгүй байгаа шалтгаан байгаа ба үндэслэлгүйгээр татгалзсан шалтгаан биш юм. Яагаад гэвэл Засаг дарга гэдэг субъект нь иргэдийнхээ эрх ашигийг төлөөлж ажилладаг. Энэ хүнд хувийн ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Төв аймгийн З сумд хууль бусаар тусгай зөвшөөрөл олгодсоны улмаас гол мөрөн байгаль орчин сүйдээд, байгалийн унаган төрх алдагдаад, нутгийн малчин иргэдийн малын бэлчээрийн талбайг байхгүй болгосон. Энэ сум нь хууль бус уул уурхайн улмаас усгүй, малгүй, тоосжилтой болсон тул Монголдоо хүн амьдархад хэцүү газар юм. Төв аймгийн иргэдийн хурал 2015 онд тусгай хэрэгцээнд авсан, дараа нь З сумын иргэдийн хурал 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр бас тусгай хэрэгцээнд аваад Засгийн газраас тогтоол гаргаад Төв аймгийн З сумыг бялуу хувааж байгаа юм шиг нөхөн олговроо өгч чадалгүйгээр “Э” ХХК-д олгосон. З сумд ганц үлдсэн эрүүл талбай нь энэ байдаг. Уг зөвхөн эвдэрсэн газрыг тусгай зөвшөөрөлд олгох гэж шийдсэн. Гэтэл 3000 гаруй га маш том газар. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх үзлэг хийсэн. Тэнд тал хөндий л байгаа. Энэ газар нь олборлолтод өртсөн газар биш юм. Иргэд Засаг даргыг компанийн талд байна уу, өөрсдийнх нь талд байна уу гэдгийг хардаж байдаг. Өмнө нь гурван иргэн маргасан нь үнэн. Анхан шатны шийдвэр гарч ялсан нь үнэн. Давж заалдах шатны шүүхээс нотлох баримт дутуу байна гээд шийдвэр гарсан. Тэгээд дээд шүүхээс буцаасан нь үнэн. Анхан шатны шүүх шийдвэр гаргасан... гомдол гаргах хугацааг бид бие биедээ найдаж яваад хэтрүүлчихсэн юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч бид 11 дүгээр сард ялсан гэдгээ хэлж байна. Гэхдээ иргэн Цогтбаатар, Олонбаатар нар дахин гомдол гаргаад хэрэг үүсээд явж байна. Энэ хэрэг яаж шийдэгдэх нь тодорхой биш, нотлох баримт цуглуулаад явж байгаа. Засаг даргын хувьд Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлээд иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар Засаг дарга өөрөө хяналт тавих эрхтэй. Нэгэнт иргэдийн хурал үүнийг эсэргүүцээд явсан учир уг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх, төлөвлөгөөг нь батлах боломжгүй болж байна. ...Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан, энэ нь хуультайгаа зөрчилдөж байна. Тэгэхээр Засаг дарга 38 дугаар зүйлийн 1.1, 1.6, 1.2, 1.3-д зааснаар төлөвлөгөөг батлах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлж, дүгнэн дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн “Э” ХХК-ийн ХV-020000 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа З сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг З сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3.энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах” гэж заажээ.

2. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр тушаалаар “Э” ХХК-д Төв аймгийн З сумын Өвөр наймганы ам гэх нэртэй 15541.08 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын XV-020000 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг[1] олгосон, Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 тоот шийдвэрээр 11594.16 гектар талбайг, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 139 тоот шийдвэрээр 25.63 гектар талбайг буцаан өгснөөр[2]  нэхэмжлэгч 3921.28 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон байна.

 

3. “Э” ХХК-д XV-020000 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 тоот шийдвэр, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 тоот шийдвэрийг хүчингүй болгуулахаар З сумын иргэн Ч.Б нарын иргэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2018/6975 дугаар захирамжаар[3] Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг тухайн захиргааны хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй болно.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулан З сумын Засаг даргаар батлуулахаар 2017 оны 08 сарын 21-ний өдөр хүргүүлсэн боловч тус сумын Засаг дарга

 

төлөвлөгөөг баталж өгөөгүй, 2017, 2018, 2019, 2020 онуудад жил бүр албан бичгүүд хүргүүлж, хүсэлтээ удаа дараа тавьж байсан боловч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга өнөөдрийн хүртэл баталж өгөөгүй, бид хайгуулын ажлаа эхлүүлж чадаагүй байна...” гэсэн тайлбар гаргасан ч хариуцагчийн гаргасан гэх эс үйлдэхүйтэй холбогдуулан 2017, 2018, 2019 онуудад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, мөн шүүгчийн захирамжаар тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн байх тул нэхэмжлэгчийн тайлбарт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

4.“Э” ХХК нь XV-020000 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг  батлуулахаар 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20/03 дугаар албан бичгээр[4] З сумын Засаг даргад хүргүүлсэн. Хариуцагч  2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/264 дугаар албан бичгээр[5] “...тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, ...шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар зөвшөөрлийг олгосон захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн үед... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах нь хуульд нийцэхгүй тул танай компаниас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. Нэхэмжлэгчийн хүсэлтэд 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/264 дугаартай албан бичгээр хариу өгсөн хариуцагчийн энэхүү үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т ”Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заасныг үндэслэн тухайн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5. “Э” ХХК-д XV-020000 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийн биелэлтийг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлснээр нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Ийнхүү нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахыг шүүхийн шийдвэрээр хориглосон тохиолдолд хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянан батлах эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй тул хариуцагчийн “ХV-020000 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэр “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5-т заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0001 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Б нарын иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн[6] бөгөөд шүүхийн шийдвэрт оролцогчид давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Нэхэмжлэгчээс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “...хэрэг эцэслэн шийдвэрлэгдээд дууссан учир тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна... төлөвлөгөөг баталж өгнө үү...” гэсэн хүсэлтийг З сумын Засаг даргад хүргүүлсэн ч хариуцагч хариу өгөөгүй, нэхэмжлэгчийн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй байх бөгөөд хариуцагчийн энэ эс үйлдэхүйтэй холбогдуулан нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй харин шүүхэд “2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өмнөх хэрэг эцэслэн шийдвэрлэгдээд дууссан учир энэ тусгай зөвшөөрөл маань хүчин төгөлдөр байна, үйлчлэлийн хүчин төгөлдөр хугацаа яваад эхэлсэн тул хариу тайлбартаа дурдсан төлөвлөгөөг баталж өгөөч гэж хүсэлт бичээд төлөвлөгөөгөө хавсарган явуулахад хариу ирүүлээгүй. З сумын Засаг даргын уг эс үйлдэхүй нь Ашигт малтмалын тухай 12 дугаар зүйлийн 12.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1.1-т заасныг зөрчсөн“ гэсэн тайлбар гаргасан байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ...асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан тул шүүх нэхэмжлэгчийн “2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... албан бичгээр хүргүүлсэн хүсэлтэд хариу өгөөгүй, хүсэлтэд хавсаргаж хүргүүлсэн ХV-020000 дугаартай талбайн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй...” гэсэн тайлбартай холбогдуулан  хариуцагчийн эс үйлдэхүйд дүгнэлт өгөх, шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй  байна.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “ХV-020000 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа З сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг З сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 7-14-р хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 10-12-р хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 153-156-р хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 19-р хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 20-р хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 143-152-р хуудас