Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 143/2019/00175/И |
Дугаар | 001/ХТ2021/00362 |
Огноо | 2021-04-08 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2021/00362
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 143/ШШ2019/00246 дугаар шийдвэр,
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 203/МА2019/00012 дугаар магадлалтай,
*******-ийн нэхэмжлэлтэй,
*******ид холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,032,243 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгбаяр, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн банкны Өмнөговь салбарын харьяа Ханхонгор тооцооны төв нь Ж.Гэрэлт-Од, хамтран зээлдэгч ******* нартай 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 341601165486 тоот зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд: Зурагт, 2 хаалгатай хөргөгч, хөлдөөгч, цалин зэргийг барьцаалсан. Зээлдэгч Ж.Гэрэлт-Од нь 2018 оны 01 дүгээр сард нас барсан ба хамтран зээлдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна. Хамтран зээлдэгч *******ид банкны зүгээс зээл төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлийн төлбөр төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. 2019 оны 05 дүгээр сарын 30-ны байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 5,119,520.53 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 883,987.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 28,735.21 төгрөг, нийт 6,032,243.09 төгрөг байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн зээлийг Ж.Гэрэлт-Од авч байсан боловч Ж.Гэрэлт-Од, ******* хоёр зээлийг авч ашиглаагүй. Гэрэлт-Одын найзууд нь зээл гарсан өдөр нь түүнээс зээлсэн. Өөрөө авч ашиглаагүй зээлийг төлөх нь шударга бус байна гэжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 143/ШШ2019/00246 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,446 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 203/МА2019/00012 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 143/ШШ2019/00246 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,466 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 12 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Магадлалд дурдагдсан үндэслэлүүд нь бүхэлдээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгч, хариуцагч өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэг хүлээдэг позитив зарчмыг буруу тайлбарласан.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан 2019 оны 05 сарын 30-ны өдрөөс хойш шүүх хуралдаан болсон 2019 оны 09 сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбар, байр суурь илэрхийлж ирсэн. Энэ урт хугацаанд нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, баримтыг өөрөө гаргаж өгөх эрхийг нь шүүхээс хангаж байсан. Шүүх хуралдаанд шүүгчээс нэхэмжлэгчийн төлөөлөгчид асуулт тавьж нэхэмжлэлийн шаардлагын талаар хангалттай тодруулсан.
Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн нотлох баримт өөрт нь байгаа эсэхийг өөрөө тодруулах, өөрөө шаардаж авах эрх байхгүй. Энэ тохиолдолд анхан шатны шүүхийн эс үйлдлийг буруутгах боломжгүй. Эсрэгээрээ нотлох баримтыг зохигчоос өөрийн санаачлагаар шаардах, гаргуулж авах нь зөрчил болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид 2017 оны 10 сарын 25-ны өдөр *******-тай байгуулсан гэрээ хэрхэн хэрэгжсэн, уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, зээлийн гэрээний дагуу зээлийг Ж.Гэрэлт-Одод өгсөн эсэх гэх мэт үйл баримтуудыг судлах, мэдэх, таамаг дэвшүүлж шалгах шаардлага гарсан. Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн зүгээс зээлийн хувийн хэрэгтэй танилцах боломж олгохгүй байсан нь хүндрэл учруулж байсан. 2017 оны 10 сарын 25-ны өдөр ******* тай байгуулсан гэрээний дагуу Ж.Гэрэлт-Одод зээлийг олгосон, үүнийгээ өөр этгээдэд зээлсэн гэх хүсэлт болон тайлбарт бичигдэж байгаа зүйл бол бидний таамаг. Уг таамгаа шалгах үүднээс гэрч асуулгах хүсэлт гаргаж байсан боловч Мөнх-Эрдэнэ өөрөө бидэнд зээлийг хариуцахгүй, уг зээлд хамааралгүй гэх хариугаа өгсөн тул шүүхээс гэрчээр тогтоож асуух шаардлагагүй гэж үзэн хүсэлтээс татгалзсан. 2017 оны 10 сарын 25-ны өдөр ******* тай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлбөр шаардаж байгаа бол уг зээлийг олгосон гэдгээ нэхэмжлэгч нотлох ёстой. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ хэрэгжүүлсэн гэдгээ нотлохгүй бөгөөд шүүх хуралдаанд эсрэг агуулгатай тайлбар өгч байгаа, хариуцагч нэхэмжлэгчийг зээлийг олгосон эсэхээ нотлохгүй байгаа талаар маргаж байхад шүүх үүнээс өөр дүгнэлт хийх боломжгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд зээлийг олгосон баримт байхгүй талаараа, Ж.Гэрэлт-Одыг нас барснаас хойш Ганзориг, Мөнх-Эрдэнэ нараар зээлийн төлбөрийг төлүүлж байгаа талаараа тайлбар өгсөн гэдгийг анхаарч үзнэ үү. Шүүгчийн туслах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдсэн баримтуудад Монгол бичгээр гарын үсгээ зурсан нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн байна. Үүнийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ Монгол хэлээр явагдаж, крилл үсгээр тэмдэглэгдсэн. Шүүгчийн туслах гарын үсгээ Монгол бичгээр бичсэн боловч тэр бүхэн нь крилл үсгээр бичигдсэн тайлалтайгаа хамт бичигдэж байгаа.
Иймд Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 12 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 04-ны өдрийн 246 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Төрийн банкны Өмнөговь аймгийн салбар нь *******оос зээлийн төлбөрт 6,032,243 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл бүрдсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй, *******ийг хамтран зээлдэгч гэж үзсэн үндэслэлээ шийдвэрт заагаагүй гэсэн үндэслэлийг магадлалд дурдсаныг буруутгах боломжгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ж.Гэрэлт-Од нь Төрийн банкны Өмнөговь салбартай 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 7,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан, гэрээнд ******* хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх ба Ж.Гэрэлт-Од 2018 оны 1 дүгээр сард нас баржээ.
Хариуцагч зээлийг аваагүй гэж маргаж, Ж.Гэрэлт-Одыг нас барсны дараа өөр этгээд зээл төлж байсан талаар тайлбар гаргажээ.
Өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргийг талууд хүлээх ба нэхэмжлэгч гэрээний зүйл болох мөнгийг хэнд шилжүүлсэн, зээлийн төлбөрийг хэн төлж байсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй бөгөөд хэрэгт буй баримтын хэмжээнд дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 203/МА2019/00012 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 111,466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД