Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
Хэргийн индекс | 106/2016/0000/э |
Дугаар | 159 |
Огноо | 2016-11-02 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | Г.Эрдэмбаатар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн
улсын яллагч Г.Эрдэмбаатар
шүүгдэгч Б.Шинэбаяр, түүний өмгөөлөгч М.Энхжаргал
иргэдийн төлөөлөгч Б.Он-Ой
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626021468 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 1 дүгээр сарын 3-нд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Бэрх сум дахь Булганы уурхайд ажиллаж байсан гэх, ам бүл; 8, ах, эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 75 дугаар гудамж 10 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 128 дугаар гудамж 98 тоотод түр оршин сууж байгаа гэх, ялгүй, ЗЮ83010371 дугаарын регистртэй, Дугант овогт Баатарчулууны Шинэбаяр
Шүүгдэгч Б.Шинэбаяр 2016 оны 5 дугаар сарын 10-ны өглөө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Рич нэртэй зочид буудлын үүдэнд таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Сайндаатай маргалдан түүнийг шатнаас түлхэн унагааж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Шинэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би хохирогч Сайндаатай маргалдсан нь үнэн. Гэхдээ би түүнийг шат руу түлхэж унагаагүй. Тэрээр өөр хүмүүст зодуулсан гэдэг юм билээ. Хохирогч Сайндаа хаана байгаа нь олдохгүй байгаа юм. Хэрвээ түүнтэй уулзвал ярилцаж байгаад мөнгө төгрөг өгмөөр байна гэв.
Шүүгдэгч Б.Шинэбаярын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 52/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 50-51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 49/,
гэрч Баатарчулууны Наранчимэгийн ... Баатарчулууны овогтой Шинэбаяр нь миний төрсөн дүү ба эхээс бид нар тавуулаа. Шинэбаяр Дундговь аймгийн Мандалговь суманд 1983 онд төрж, өссөн ба 1990 оноос Дундговь аймгийн 2 дугаар арван жилд суралцаж 8 дугаар ангийг төгсөж, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Дараа нь мал маллаж байгаад 2003 онд цэрэгт татагдаж цэргийн албыг нэг жилийн хугацаатай хааж халагдсан. Үүний дараа 2004 онд Улаанбаатар хотод орж ирээд 2014 он хүртэл барилгын ажил хийж байгаад 2014 оноос өдийг хүртэл Хэнтий аймагт ажиллаж байгаа. Шинэбаяр эхнэр, хүүхэдгүй, ганц бие, манайд амьдардаг юм. Элдэв муу зуршил байхгүй, баяр ёслолын үеэр л архи дарс хэрэглэдэг. Хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Төлөв даруу мөрөөрөө хүн. Архи дарс уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй, унтаад л өгдөг. Архийг бол байнга уугаад байхгүй. амралттай, ажилгүй байх үедээ хааяа уудаг. Тамхи татдаг гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,
гэрч Батдоржийн Тунгалагийн ... Шинэбаяр миний нөхөр Ууганбаярын төрсөн дүү нь. Шинэбаяр бүрэн бус дунд боловсролтой, цэргийн алба хаасан. 2004 онд Улаанбаатар хотод орж ирээд 2014 он хүртэл барилгын ажил хийж байгаад 2014 оноос өдийг хүртэл Хэнтий аймагт ажиллаж байгаа. Шинэбаяр үг дуу цөөтөй, хүнтэй нөхөрсөг, элдэв муу зан ааш гаргаад байдаггүй, даруухан хүн. Хааяа архи уудаг. Уусан үедээ хүнтэй хэрэлдэж муудалцаад байдаггүй. Одоогоор эхнэр, хүүхэдгүй. Төрсөн эгч Наранчимэгийн гэрт нь хамт амьдардаг. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй гэсэн мэдүүлэг /хх-н 22/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Шинэбаяр 2016 оны 5 дугаар сарын 10-ны өглөө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Рич нэртэй зочид буудлын үүдэнд таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Сайндаатай маргалдан түүнийг шатнаас түлхэн унагааж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан
хохирогч Балжингийн Сайндаагийн ... би 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумаас Улаанбаатар хот руу орж ирээд такси бариад Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах Рич нэртэй зочид буудал руу явж байх замдаа хотын төвийн Сакура зочид буудлын орчмоос нэг эмэгтэйтэй танилцаад таксиндаа авч суулгаад буудал руу явсан. Буудалд тэр эмэгтэйтэй хамт нэрийг нь сайн мэдэхгүй байна бид хоёр нэг давхарт байрлах 2 номерийн буудлын өрөөнд ороод пиво ууж юм яриад сууж байгаад орой болж, шөнийн 01 цагийн үед тэр эмэгтэй ажилтай болчихлоо явлаа гээд яваад өгсөн. Би ганцаараа үлдээд пивоо ууж дуусгаад, архи олж уухаар гарсан. Доошоо алхаж байтал таксинд явдаг бололтой машинаас нэг эрэгтэй архи пиво зарж байна гэхээр нь 5000 орчим төгрөгөөр 2 литрийн Боргио пови аваад буцаж зочид буудал руу орж уугаад тэндээсээ буцаж гараад үүрийн 05 цагийн орчим Шинээ, Эрка хоёртой Таац дэлгүүрийн үүдэнд танилцаад хамт архи авч уухаар болоод мөнгөө нийлүүлэх гэтэл би тэр хоёроос биедээ байсан мөнгөө нуугаад, та хоёрт хэдэн төгрөг байгаа юм гэтэл 5000 төгрөг гаргаж ирээд тэр хоёрын нэг нь чи тэгвэл гар утсаа өгчих гээд миний гар утсыг авсан. Тэгээд тэр хавиас нэг дэлгүүрээс Улаанбаатар нэртэй 1 шил архи аваад манай буудал руу орж уусан. Тэндээ маргалдаад буудлын өрөөнөөс гараад үүдэнд барьцалдаж аваад зодолдсон. Яг яаж зодолдсон талаараа санахгүй байна. Сүүлийн 1 шил 0,75 гр Улаанбаатар архийг хувааж уугаад тэр архиндаа бараг тасарсан байсан. Нэг мэдэхэд Шинээ гэх залуутай барьцалдаж, зодолдож байсан. Харин хажууд Эрка бид хоёрын зодооныг салгах гээд дундуур орж ирж байсан. Нэг мэдэхэд намайг түлхэж би газар толгойгоороо баруун талаараа мөргөж унатал Шинээ миний дээр гарч гараараа нүүр рүү 3-4 удаа цуохиод толгой руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөхөд нь би ухаан алдаад унаснаа санаж байна. Дараа нь ухаан ортол Гэмтлийн эмнэлэгт ирсэн босч чадахгүй, ах, эгч нар ирсэн байсан. Удалгүй цагдаа нар ирээд надаас тайлбар аваад явсан. Миний санаж байгаагаар би гар утсаа буцааж авмаар байна гэж муудалцаад зодоон болсон байх. Өөр зүйл санахгүй байна. Миний биед учирсан гэмтлийг Шинээ гэх залуу зодож учруулсан. Харин хажууд нь байсан Эрка гэх залуу бид хоёрыг салгах гээд оролдоод байсан. Миний биеийн байдал толгойгоор хатгаж өвдөөд гэмтэлтэй байгаа. Шөнө нойр хүрэхгүй, зовиуртай хэцүү байна. Эмчилгээний зардал, ажилгүй байсан өдрүүдээ бодож мөнгө авмаар байна. Эрүүл мэндээрээ хохирсондоо харамсалтай байна /хх-н 17-19/ гэсэн,
гэрч Цэрэндагвын Мөнхзулын ... 2016 оны 5 дугаар сарын 10-ны өглөө Рич зочид буудал дээрээ ээлж хүлээлцэж авахаар ажилдаа иртэл урьд шөнө нь 103 номерт байсан гэх Сайндаа гэх залуу гаднаас хоёр эрэгтэй хүн дагуул орж ирэх гэхээр нь буудал руугаа оруулахгүй гэж хэлсэн. Гуйж байгаад саравчтай малгайтай Шинэбаяр гэх залууг нь үүдэнд үлдээгээд 103 номер руу Сайндаатай хамт Эрдэнэбаяр нь ороод тэр хоёр хоорондоо муудалцаад Шинэбаяр гэх биеэр жижгэвтэр залуу нь 103 номерын өрөө рүү ороод удалгүй гурвуулаа гадагшаа гарсан. Гадаа гараад Рич зочид буудлын шатан дээр хохирогч Сайндаа нь Шинэбаяр гэх залуутай барьцалдаж аваад ноцолдож, зодолдоод дундуур нь бор царайтай Эрдэнэбаяр гэх залуу нь салгах гээд оролдоод байсан. Тэгээд ресепшний өрөөний хяналтын камерийн бичлэг үзээд байж байхад Шинэбаяр, Сайндаа гэх хоёр залуу хоорондоо ноцолдож байгаад Шинэбаяр гэх залуу нь Сайндааг түлхэж унагаад, ах нь гэж байсан Эрдэнэбаяр гэх залуу Шинэбаяртай хамт цаашаагаа зугтаагаад яваад өгөхөөр нь би цагдаад дуудлага өгөөд бас түргэний эмнэлэг дуудаж түргэний машин түрүүлж ирээд Сайндааг авч яваад цагдаа нар ирээд нөгөө ах нь гэх Эрдэнэбаярыг барьж аваад явсан. Тухайн үед Эрдэнэбаяр, Шинэбаяр нарыг ямар хувцастай явсан талаар санахгүй байна. Шинэбаяр нь арай намхан туранхай, Эрдэнэбаяр Шинэабаярыгаа бодвол арай өндөр, тарган, туранхай биш хэвийн жинтэй залуу байсан. Хохирогч Сайндаа Рич зочид буудлын өрөө рүү ах Эрдэнэбаяр гэгчийг өрөөндөө оруулаад явуулахгүй гэж хориод, дүү Шинэбаярыг нь оруулахгүй гадаа байлгаж байснаа бөөндөө гадагшаа гараад Сайндаа гэх залуу нь өөрөө эхэлж зодоон эхлүүлсэн. Миний харснаар Сайндаагийн буруутай үйлдэл байсан. Ах, дүү гэх Шинэбаяр, Эрдэнэбаяр нар нь явах гэхэд Сайндаа явуулахгүй гээд муудалцаад байсан. Тухайн үед Эрдэнэбаяр нь согтуу байж тэр хоёрын хоорондуур ороод салгах гээд хүчрэхгүй байсан ба миний харснаар зодоонд оролцоогүй. Харин салгах гээд л үзээд байсан. Манай ресепшний өрөөнөөс дэлгэцээр харахад гадна талын 2 дугаар хяналтын камерт бичигдсэн байсан. Манай ажлын хяналтын камер чанарын хувьд сайн биш, заримдаа алдаа заагаад байдаг талтай. Хяналтын камерийн бичлэгийг нөхөн үзэхэд заримдаа болоод заримдаа болдоггүй юм. Тухайн үед тэд нарыг хоорондоо зодолдож ноцолдоод буудлын гарах хаалганы үүдэнд байхад нь манай ажилчид болиулж байгаад гадагшаа гаргасан. Гадагшаа гарсан үед нь өөр хүн харсан үзсэн талаар би сайн мэдэхгүй байна. Буудлын ресепшний хяналтын камераар би ганцаараа харсан. Тэгээд цагдаа, түргэний эмч дуудсан байгаа /хх-н 63-65/ гэсэн,
шинжээч эмч Норовдоржийн Энхцолмонгийн ... 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр би хохирогч Сайндаагийн биед ГССҮТ-д гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийж 6703 дугаартай дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтээр Сайндаагийн биед баруун зулайн, чамархайн ар хэсгээр доош хөхлөг сэртэн чихний суваг дайран сфинойд синус, турк эмээл хүрсэн шугаман хугарал, баруун хөхлөг сэртэн, сфинойд хөндийн цус хуралдалт, баруун чамархай, дагз хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн дух, чамархайн хатуу бурхүүл доорх цусан хураа, субарахнойдал зайн цус харвалт, тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, унах үед аль алинаар нь үүсгэгдэх боломжтой /хх-н 25/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Сайндаан биед баруун зулайн, чамархайн ар хэсгээр доош хөхлөг сэртэн чихний суваг дайран сфинойд синус, турк эмээл хүрсэн шугаман хугарал, баруун хөхлөг сэртэн, сфинойд хөндийн цус хуралдалт, баруун чамархай, дагз хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн дух, чамархайн хатуу бурхүүл доорх цусан хураа, субарахнойдал зайн цус харвалт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн 6703 тоот дүгнэлт /хх-н 26/,
эрүүгийн төлөөлөгчийн Илтгэх хуудас /хх-н 9/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-н 11, 70-72/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 12-15/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 62/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 66-67/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 68-69/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул
Дугант овогт Баатарчулууны Шинэбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй,
прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Шинэбаярт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзав.
Харин түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг нь хөнгөрүүлэн өөрчлөв.
Хохирогч Б.Сайндаа ... миний биеийн байдал толгойгоор хатгаж өвдөөд гэмтэлтэй байгаа. Шөнө нойр хүрэхгүй, зовиуртай хэцүү байна. Эмчилгээний зардал, ажилгүй байсан өдрүүдийн мөнгөө авмаар байна /хх-н 19/ гэх боловч хэргээс үзвэл зөвхөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахтай холбоотой зардал буюу 3000 төгрөгийн баримт л хэрэгт хавсаргагджээ. /хх-н 24/ Иймд дээрх мөнгийг шүүгдэгч Б.Шинэбаяраас гаргуулж хохирогч Б.Сайндаад олгохоор шийдвэрлэж, хохирогчийн цаашид нэхэмжлэлээ гаргах эрхийг нээлттэй үлдээв.
Хохирогч Б.Сайндааг шүүх хуралдаанд биечлэн оролцуулахаар шүүхээс дуудаж, ажиллагаа явуулсан боловч түүнтэй холбогдож чадаагүйг дурдах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Шинэбаяр цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон