Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 652

 

          Ж.Э-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч Ж.Э-ын өмгөөлөгч Н.Цэрэнчимэд,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2019/ШЦТ/279 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Э-ын өмгөөлөгч Н.Цэрэнчимэдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Э-д холбогдох эрүүгийн 1811018770152 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ж.Э-, 19.. оны 2 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .............. хамт .......... дүүргийн ... дугаар хороо, ....... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................../;

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Ж.Э- нь 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Н-ээс “автомашиныг чинь зараад өгье, зараад өгтөл манай эгчийн 58-81 УББ улсын дугаартай автомашиныг барьцаанд нь унаж бай, болохгүй бол нэр дээр чинь шилжүүлж өгнө” гэж хуурч итгэмжлэл хийлгэн 73-06 УНП улсын дугаартай Pruis-20  маркийн автомашиныг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэн бусдад 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ж.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Э-ын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цаг буюу 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Ж.Э-оос 9.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Н-т олгуулахаар тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Э-ын өмгөөлөгч Н.Цэрэнчимэд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Ж.Э-ыг иргэн Л.Н-ийн өмчлөлийн 73-06 УНП улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн автомашиныг Л.Н-ийн төрсөн дүү Л.Эрдэнэсүх зуучлан 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 9462 тоот зээлийн гэрээ, итгэмжлэл хоёрыг нэг зэрэг хийлгүүлэн уг автомашиныг 9.000.000 төгрөгөөр зарж өгөхөөр тохиролцон Л.Н-ийн автомашиныг авч, оронд нь “миний эгч С.Солонгын автомашин, үүнийг унаж байна. Эгч Солонгос улсад байгаа, ирэхээр нь нэрийг нь шилжүүлж өгье” 58-81 УББ улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн суудлын автомашиныг үлдээгээд Л.Н-ийн автомашиныг 5.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, мөнгийг нь өөрийн хэрэгцээнд зарцуулсан байна. Шүүх Ж.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүгдэгч Ж.Э- анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон, шүүх хохирогч Л.Н-ийн хохирлыг барагдуулахтай холбоотой 5 хоногийн завсарлага олгосон боловч энэ үетэй зэрэгцэн ар гэрт нь хүнд гачигдал тохиолдож, хохирогчийн төлбөрийг барагдуулах боломжоо алдсан. Ж.Э- шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хохирлыг барагдуулахаа илэрхийлснээс гадна 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хохирогч Л.Н-т 1.500.000 төгрөгийн хохирол төлсөн, цаашид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул Ж.Э-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ж.Э- өөрийн гэм буруугийн асуудлаар маргаагүй, хохирол төлбөр төлөгдөж эхэлсэн, төлж барагдуулахаа илэрхийлсэн байх бөгөөд түүнийг тэнсэх бүрэн боломжтой боловч энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:                     

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааы үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Ж.Э- нь 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Н-ээс “     Автомашиныг чинь зараад өгье, зараад өгтөл манай эгчийн 58-81 УББ улсын дугаартай автомашиныг барьцаанд нь унаж бай болохгүй бол нэр дээр чинь шилжүүлж өгнө” гэж хуурч итгэмжлэл хийлгэн хохирогч Л.Н-ийн эзэмшлийн 76-03 УНП улсын дугаартай Тоёота Приус /Toyota prius/-20 маркийн автомашиныг шилжүүлэн авч, залилан бусдад 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Л.Н-ийн “...Э- буцаж ирээд та надад итгэмжлэл хийгээд өгчих. Би барьцаанд нь 58-81 УББ автомашиныг танд үлдээчихье, манай эгчийн нэр дээр байдаг юм. Эгч Солонгос явчихсан байгаа, ирэхээр нь таны нэр дээр шилжүүлээд өгч болно гэж хэлсэн. Тэгээд би машиныг нь авч үлдээд Э-ын нэр дээр итгэмжлэл хийж өгөөд явуулсан.” /хх 18-19/,

Гэрч Л.Эрдэнэсүхийн “...Э-ыг эгч Л.Н- дээр дагуулж ирээд манай машиныг гараад өгье гэж байна. Машин зарагдах хооронд 58-81 УББ улсын дугаартай машиныг унаж бай, сарын дараа нэрийг нь шилжүүлээд өгье гэж байна гэж хэлсэн. Эгч зөвшөөрөөд “Да Хүрээ” зах дээр очоод итгэмжлэл хийж өгсөн...” /хх-21/,

Гэрч С.Солонгын “... Уг тээврийн хэрэгслийг анх 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр худалдаж авсан ба 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Э- гэх хүнд уг тээврийн хэрэгслийг “зээлээр худалдах, худалдан авах гэрээ” хийж шилжүүлэхээр тохиролцож байсан бөгөөд тус машиныг 15.000.000 төгрөгөөр Э-д зарах нөхцөлтэй байсан. Э- нь 7 хоног тутам 150.000 төгрөгийг гэрээний миний данс руу шилжүүлдэг бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл гэрээний дагуу шилжүүлж байгаад чимээ аниргүй, үлдэгдэл мөнгийг төлөлгүй алга болчихсон...Үүнээс хойш Э-ыг эргээд надтай холбогдоно гэж бодоод хүлээлтийн байдалтай хэсэг байж байгаад олдохгүй болохоор нь хавар Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаж өөрийн 58-81 УББ улсын дугаартай машинаа олж авах арга хэмжээ авч байсан.” /хх-30/ гэх мэдүүлгүүд,

Эд зүйлийн үнэлгээ /хх-36/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ/ хх-59/,  “Toyota Prius” маркийн 58-81 УББ, 19-47 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаанууд /хх 104-109/, шүүгдэгч Ж.Э-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ. 

 

Шүүгдэгч Ж.Э-ын өмгөөлөгч Н.Цэрэнчимэд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулахаа илэрхийлж байгаа тул шүүгдэгч Ж.Э-д тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Э-ын өмгөөлөгч Н.Цэрэнчимэдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэргийг давж заалдах шатны шүүхэд хянагдах явцад шүүгдэгч Ж.Э- нь анхан шатны шүүхийн шийдвэрт заасан төлбөрөөс 1.500.000 төгрөгийг нь хохирогч Л.Н-т төлсөн болохыг энэ магадлалд дурьдах нь зүйтэй ба мөн шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуульд заасан тухайн гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлоогүйг зөвтгөж, зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2019/ШЦТ/279 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ж.Э- нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2019/ШЦТ/279 дугаартай шийтгэх тогтоолд төлөхөөр заагдсан нийт 9.000.000 төгрөгөөс 1.500.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

 

3. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэнчимэдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ