Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00399

 

*******ийн нэхэмжлэлтэй

                      иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/01115 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 155 дугаар магадлалтай, 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******ад холбогдох, 

Хүүхдийн тэтгэлэг, алданги 11,938,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймгийн сум дундын шүүхийн /тухайн үеийн нэрээр/ 1102 дугаартай шийдвэрээр *******ыг охин Э.Буян-Ундрахын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Охин Э.Буян-Ундрах нь одоо 13 настай, зүрхний хавхлагын өөрчлөлттэй тул эмчилгээ хийлгүүлж байгаа, мөн 2019 оны 07 дугаар сарын 01-нд Эрдэнэт хотод хоолойны гүйлсэн булчирхайн хагалгаанд орсон, эмнэлэгт нэлээн хэдэн удаа хэвтэж эмчлүүлсэн, эм тариа их авсан. Тэгтэл эцэг болох ******* нь ямар ч туслалцаа үзүүлээгүй, тэтгэлгийн мөнгө төгрөгөө ч өгөөгүй сураггүй алга болсон. ******* нь 2006 онд Жаргалант сумын фондны өвсийг архидан согтуурсан үедээ шатаасан хэрэгт холбогдоод 5 сая гаруй төгрөгний өрөнд ороод хорих ялаа эдэлж гарч ирээд алданги нэмэгдээд 7 сая орчим төгрөгийн өр нэмэгдээд дахин ял эдлэх асуудал үүссэн. Тэгээд ******* нь хүүхдийн тэтгэлгээ түр хугацаагаар хаачихъя, би чамд 1 сая төгрөг өгье, үүнийг аваад та хоёр байж бай, би энэ асуудлаа шийдчихээд дараа нь хүүхдийнхээ хэрэгцээнд тохируулаад мөнгө төгрөг өгнө, тэтгэлгээ өгнө гээд уйлаад гуйгаад байхаар нь би нэгд өрөвдөөд, хоёрт итгээд 1.000.000 төгрөг аваад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон юм. Тэгтэл ******* нь амласан амлалтаа биелүүлэхгүй охиндоо нэг ч төгрөг өгөхгүй тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн. Тиймээс би *******аас хуульд заасны дагуу хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг буюу 7.959.300 төгрөгийг нөхөн төлүүлэх, алдангид төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн хуулийн заалтын дагуу 3.979.650 төгрөгийг нэмж, нийт 11.938.950 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мотоциклтой явж байгаад осолд орж тойгны яс бяцарсан бөгөөд улмаар Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэс засалд орж хөлөндөө 10 гаруй хадаастай одоо эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалттай доголж явдаг хүн юм. Анх өвс шатаасан хэргээр хорих ял авч хоригдохдоо *******т өөрийн бүрэн тавилгатай эрээн гэр зэргийг орхиод явсан бөгөөд энэхүү гэрийг би *******ээс буцааж аваагүй үр хүүхдээ бодоод үлдээсэн. Би хүүхдээ өөрөө овоглох болно. Нэгэнт намайг ******* гүтгэж гүжирдэж нэхэмжлэл гаргасан тул би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй өвчин зовлонтой асуудлаа бичсэн байсан. Би ч гэсэн өөрийн орон гэрээ түүнд болон хүүхдэдээ өгчхөөд орох оронгүй хорих ангиас суллагдаж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болголоо гэж болгочхоод хүссэн үедээ сэргээгээд байдаг тоглоом, шоглоом мэт Шийдвэр гүйцэтгэх байгууллага ажилладаг юм байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/01115 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******ад холбогдуулан гаргасан хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг, алданги нийт 11.938.950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 07 сарын 16-ны өдрийн 3669 дугаартай захирамжаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 155 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ/2019/01115 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав би Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1115 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 155 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс *******ийн төрсөн эцэг Ч.Дондовыг шүүх хуралд гэрчээр оролцуулж, *******ын талаар, охин Э.Буян-Ундрахыг хэрхэн харж хамгаалдаг, тэжээн тэтгэх үүргээ хэр биелүүлдэг, охины биеийн байдлын талаар асуух, Э.Буян-Ундрахыг насанд хүрээгүй гэрчээр шүүх хуралд оролцуулж, эцэг ******* нь охинтойгоо уулздаг эсэх, ямар харилцаатай байдаг талаар, *******ын хэзээ, хаана, ямар хэрэгт холбогдож ямар ялаар шийтгүүлсэн талаарх ял шийтгэлийн баримтыг болон шийтгэх тогтоолыг Прокурорын байгууллагаас гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэж хангахаас татгалзсан. Нэхэмжлэлд дурдсан хүүхдийн нөхөн төлөгдөөгүй тэтгэлгийг түр зогсоох эрх зүйн үйл явдал анх *******ын үйлдсэн эрүүгийн хэргээс улбаатай, түүнийг хохирлоо төлөхгүй бол дахин хорих ял эдлэх нөхцөл байдал үүссэнээс болсон. Тэгтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий *******ын үйлдсэн хэргийн талаарх нөхцөл байдлыг тогтоохыг эрмэлзэхгүйгээр шууд хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргасан. Нэр дурдсан гэрчүүдийн мэдүүлэг нь мөн *******ыг ямар хэрэгт, хэзээ, хэрхэн холбогдсон, ямар өр зээлтэй байсан түүнийгээ дарахын тулд ямар үйлдэл хийсэн, хүүхдийн тэтгэлгээ өгч байсан эсэх, охинтойгоо уулздаг, түүнийг халамжилдаг, анхаарал тавьдаг эсэх зэрэг хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтын чухал шинж чанартай, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжийг бүрдүүлэх, нэхэмжлэгч талын мэтгэлцэх, үнэн бодит байдлыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоох, шүүгчээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх зэрэг ач холбогдолтой байсан. Уг захирамждаа миний гаргасан хүсэлтүүдийг яагаад хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй, үүнээс харахад шүүхээс зөвхөн *******ийн бичсэн бичвэр, шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг нотлох баримт гэж үзсэн. ******* хүүхдийн тэтгэлэг өгөх үүрэг дуусгавар болсон гэж ойлгоод тэтгэлгээ өгөөгүй гэж ярьдаг гэтэл тэтгэлэг өгөх ёстой үедээ буюу 1 жил 3 сарын хугацаанд тэтгэлгээ өгөөгүй, сүүлд 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 19-58/01 дугаартай дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэл мөн л хүүхдийн тэтгэлгээ өгөөгүй зэргээс харахад хүүхдийн тэтгэлгээ төлөхөөс санаатай зайлсхийдэг болох нь харагдаж байна. Тэгэхээр ******* хүүхдийн тэтгэлгээ шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн дагуу огт төлж байгаагүй, үүнээс байнга зайлсхийж ямар нэгэн арга саам хайж харж явдаг, ингэхийн тулд ял эдлэх гээд байгаа мэтээр *******т ойлгуулж, санаатай зайлсхийсэн үйлдэл байгааг харгалзаж үзэх шаардлагатай байсан. Малчин хүний цалин хөлс бусад орлого гэдэг нь малаас гарч буй ашиг шим /үүнд сүү, мах, ноос, ноолуур, арьс шир гэх мэт орно/, малаа зарж борлуулсны ашиг зэргийг ойлгодог, тэгэхээр ******* огт орлогогүй, хөрөнгөгүй хүн бол биш юм. *******ын Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан цалин хөлс бусад орлогоо нуун дарагдуулсан үйлдэл нь өөрийнх нь хэлж ярьж байсан үг, өөрийнх нь анхан шатны шүүх дээр гаргасан тайлбар зэргээр тодорхой тогтоогдож байхад 2 шатны шүүх харгалзаж үзээгүй. *******ын нэр дээр тоологдсон 221 толгой мал гэнэт өнөөдөр бий болоогүй олон жилийн ажил хөдөлмөрийн үр дүнд бий болдог тэгэхээр надад ямар ч мал байхгүй бүгд хүний мал гээд байсан *******ыг хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэл байсан. Хариуцагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-д төлбөр авагч төлбөр авахаас татгалзаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан-аар Энхцэцэг төлбөр авахаас татгалзах хүсэлт гаргаж улмаар шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон гэж маргаад байгаа. Тэгэхээр тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болгож буй үндэслэл нь буруу гэдэг нь харагдаж байна, Тус зүйлийн 29.3- дах хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны Оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.8-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж заасан нь хүүхдийн тэтгэлгийн талаарх үүргээс бусад шийдвэрт гомдол гаргах эрхгүй харин хүүхдийн тэтгэлгийн талаарх шийдвэрт гомдол гаргаж болно гэдгийг тодорхой заажээ. Тэгэхээр *******ын охин Э.Буян-Ундрахыг тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох хууль зүйн үндэслэл байхгүй. *******аас хуульд заасны дагуу хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг буюу 7.959.300
төгрөгийг нөхөн төлүүлэх, алдангид төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй
гэсэн хуулийн заалтын дагуу 3.979.650 төгрөгийг нэмж, нийт 11.938.950 төгрөгийг
нэхэмжилж анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ тооцоог би гаргахдаа зохих байгууллагаас гаргасан амьжиргааны доод түвшингийн хэмжээг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон үеэс эхлэн нэхэмжлэл гаргасан өдрөөр дуусгавар болгож тооцсон.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2, дах хэсэгт зааснаар Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1115 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 155 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

******* нь *******аас 11,938,950 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа хүүхдийн тэтгэлэг 7,959,300 төгрөг, алданги 3,979,650 төгрөг гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Орхон аймаг дах сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1102 дугаар шийдвэрээр *******ыг Э.Буян-Ундрахын төрсөн эцгээр тогтоож, сар бүр хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн /хэргийн 7-9 дүгээр тал/ байх ба энэ талаар маргаагүй байна.  

Харин ******* шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг төлж байсан болох, тэтгэлгийг нөхөн төлүүлэх эсэх нь маргааны зүйл болжээ.  

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-т зааснаар хариуцагч нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-т зааснаар тэтгэлэг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх учиртай.  

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа ...хэрэгт холбогдоод ...өрөнд орсон, ...нэг сая төгрөг өгье, тэтгэлгээ түр хугацаагаар хаачихья,...асуудлаа шийдчихээд хүүхдийнхээ хэрэгцээнд тохируулаад мөнгө төгрөг өгнө гэсэн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон, ...амлалтаа биелүүлээгүй,...нэг ч төгрөг өгөөгүй талаар дурдан улмаар тэтгэлгийг тухайн үед дагаж мөрдөж байсан амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тооцож, нэхэмжилжээ.  

Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэж буй үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх ...нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон, ...хариуцагч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, орлогоо нуун дарагдуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.  

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүйгээс гадна нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзэхдээ хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлээгүй шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 Гэр бүлийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-т зааснаар тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан бол шүүх тэжээн тэтгүүлэгчийн нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болох ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон нь хариуцагчийг тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүйг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Түүнчлэн ******* нь өөрийн нэр дээр 221 толгой мал тоолуулсан баримт хэрэгт авагдсан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүйгээс гадна түүнийг орлогоо нуун дарагдуулсан гэх байдал тогтоогдоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна, 42.2.-т зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно гэж тус тус заасан. 

Хариуцагч тэтгэлэг төлж байснаа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тэрээр нэхэмжлэлийг үгүйсгэж чадаагүй байна.  

Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон 2013.4.29-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2019.7.9-ний өдөр хүртэл хугацаанд тэтгэлгийг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцож 7.959.300 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлтэй.  

Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасан, талууд тэтгэлэг төлөх хугацааг тохиролцоогүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй болно.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 155 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/01115 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасныг баримтлан хариуцагч *******аас 7,959,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 3,979,650 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын ...дурдсугай гэснийг ...дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 142,299 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШЗ2019/06004 дүгээр шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

  Х.ЭРДЭНЭСУВД