Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 98

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал,

хохирогч Х.Баянмөнх,

хохирогч Х.Бадамзул, түүний өмгөөлөгч Г.Дашдамба /үнэмлэхний дугаар 1950/

гэрч Т.Эрдэнэном,

шүүгдэгч Э.Уянга, түүний өмгөөлөгч М.Энхжаргал /үнэмлэхний дугаар 0368/

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаран овогт Энхболдын Уянгад холбогдох эрүүгийн 201624000668 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 35 настай, дээд боловсролтой, хүний нөөцийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, охины хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2д-72 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Жаран овогт Энхболдын Уянга /РД:УИ91111061/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Э.Уянга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонгины амралтын хажуу талаас Х.Бадамзулын эзэмшлийн 64-49 УНЧ улсын дугаартай Субару Импрез /Subaru Impreza/ маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаасан,

Мөн өдөр 17 цаг 45 минутын орчим Х.Бадамзулын эзэмшлийн 64-49 УНЧ улсын дугаартай Субару Импрез / Subaru Impreza/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Морингийн давааны зүүн замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, .........хэрэглэсэн, ........үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Х.Баянмөнхийн биед хүндэвтэр, Х.Бадамзул, Т.Эрдэнэном нарын биед хөнгөн зэргийн гэмтэл  учруулж, 64-49 УНЧ улсын дугаартай Субару Импрез /Subaru Impreza/ маркийн автомашинд 3.727.000 төгрөгийн шууд, 4.407.000 төгрөгийн нийт хохирол учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Уянга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр найз залуу Х.Баянмөнх, Х.Бадамзул, Т.Эрдэнэном бид дөрөв Сонгины амралт явж хоносон. Тэгээд маргааш нь бид нарын ууж идэх юм дуусаад бэлэн мөнгө байхгүй байсан тул Х.Бадамзулын картнаас мөнгө авахаар Нисэхийн АТМ-рүү явсан. Тухайн үед майханы хажуугаас машинаар хөдлөх гэж байхад Х.Баянмөнх намайг арай гайгүй эрүүл байгаа юм чинь миний хайр машинаа барьчих гэж хэлсэн. Ийм зүйл хийсэндээ маш их  харамсаж байна гэв.

Хохирогч Х.Бадамзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байхад Э.Уянга, Х.Баянмөнх нар ирээд хамт амралтанд явах уу гээд Т.Эрдэнэном, Э.Уянга, Х.Баянмөнх бид дөрөв хамт Сонгины амралт руу явсан. Тухайн үед би архи их уусан байсан тул юу болсон талаар сайн мэдэхгүй байна гэв.

Хохирогч Х.Баянмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 07 дугаар сарын 11-ний шөнө ажлаар хөдөө явж ирээд Э.Уянгатай уулзсан. Тухайн өдөр би Х.Бадамзулын машиныг унаж явсан. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Х.Бадамзул, Э.Уянга, Т.Эрдэнэном бид дөрөв Сонгины амралт явсан боловч амралт хүн дүүрсэн байхаар нь голын эрэг дээр хоносон. Маргааш нь бид нарын идэж уух зүйлүүд дууссан байсан. Т.Эрдэнэном бид хоёр босоод хажууд байсан хэдэн хүмүүс дээр очиж архи хувааж уусан. Гэтэл Э.Уянга, Х.Бадамзул хоёр унтаж байгаад сэрээд идэж, уух юм дууссан байна ойрхон АТМ байхгүй байна гэхээр нь бид хамтдаа Нисэхийн АТМ орохоор болсон. Гэтэл Х.Бадамзул бүгдээрээ согтуу юм чинь машин барихгүй гэж хэлээд машиндаа ороод унтсан. Э.Уянга, Т.Эрдэнэном бид гурав ярилцаж байхад Т.Эрдэнэном би машин барих уу гэхээр нь яах гээд байгаа юм гэж хэлсэн. Гэтэл Э.Уянга би зүгээр байна би машин барина гээд барьсан. Харин машиныг авч зугтаасан зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй гэв.

Гэрч Т.Эрдэнэном шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 07 дугаар сарын 14-ний өглөөний 08 цагт Х.Бадамзулын машиныг барьж Х.Баянмөнхийн хамт дэлгүүр орж пиво, идэж уух зүйлүүд авч ирсэн. Тэгээд манай майханы хажууд хэдэн залуучууд гэр бүлээрээ явж байсан, тэр хүмүүстэй архи хувааж уусан. Тухайн үед би маш их согтуу байсан тул Х.Бадамзул намайг машин дотор унтуулсан. Түүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би Гэмтлийн эмнэлэгт ирээд сэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Мөн хавтаст хэргээс:

Шүүгдэгч Э.Уянга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянмөнх бид хоёр хороололд уулзаад Тааз нэртэй зочид буудалд хоносон, маргааш өглөө нь буюу 2016.07.13-ны өдөр зочид буудлаас гараад Их Монгол хороолол орж, тэнд Бадамзул, Эрдэнэном хоёртой уулзсан. Тэндээсээ Бадамзулын машиныг Баянмөнх жолоодоод Баянзүрхийн товчооны цаад талын Туул гол орсон. Тэнд очоод Бадамзул, Эрдэнэном, бид гурав 0,75 гр-тай хоёр шил архи хувааж уусан, харин Баянмөнх жолоо барьж явсан болохоор уугаагүй, ингээд оройноо хотод ирээд хорооллын Тааз зочид буудалд 4-үүлээ архи, пиво ууж хоносон. Маргааш нь буюу 2016.07.14-ний өдөр Сонгины амралт руу явахаар шийдээд Бадамзул дуудлагын жолооч дуудаад явсан, уг амралтанд сул өрөө  байхгүй байсан тул голын хажууд майханаа бариад 4-үүлээ архи, пиво, дарс ууж хоносон. Тухайн өдөр 15.00 цагийн үед 4-үүлээ унтаж амарсан. 17.00 цаг болж байхад сэрээд харахад Баянмөнх, Эрдэнэном, Бадамзул гурав сэрчихсэн үргэлжлүүлэн архи, пиво ууж байсан. Энэ үед ус дуусчихсан тул хамтдаа дэлгүүр явахаар болсон. Майханы гадна талаас Бадамзулын машиныг Баянмөнх жолоодоод би хажуу талд арын суудал дээр Эрдэнэном, Бадамзул нар сууж явсан. Тэгээд хэсэг явж байгаад машин жолоодох хүн олдохгүй болохоор нь би жолоодоод Сонгины амралтын гадаа очиход бид нарт мөнгө байхгүй тул АТМ орж мөнгө авахаар болж төв зам руу ороод явж байтал нэг мэдсэн чинь замын хажуу руу унаад онхолдчихсон байсан, харин Эрдэнэном, Бадамзул нар ёолоод машин дотор хэвтэж байсан, би тэр хоёрыг гаргаад Баянмөнхийг гаргах гэхэд дийлэхгүй байсан тул зам руу очиж машинуудыг зогсоож, хүмүүс гуйж байгаад гаргасан. Би согтуугаар автомашин жолоодож болохгүйг мэднэ. Тухайн үед гадаа бороо орж байсан. Би согтуу байсан болохоор замаас гараад онхолдсон байх. Би Баянмөнхтэй үерхээд 1 жил гаран болж байна. Би Бадамзултай утсаар яриад одоохондоо хохирлыг төлөх боломжгүй байна. Учир нь манай ээжийн бие муу гэртээ байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 94-97-р хуудас/,

Хохирогч Х.Баянмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр найз охин Уянга, дүү Бадамзул, түүний найз залуу Эрдэнэном нарын хамтаар Сонгины амралтын газрын хажуу талын Туул голын эрэг дээр майхан барьж амарсан юм. Тухайн үед бид нар Бадамзулын 64-49 УНЧ улсын дугаартай Субару маркийн автомашинтай явсан. Улмаар бид нарын мөнгө дуусаад АТМ явах хэрэгтэй болсон. Тэр үед Эрдэнэном нилээн согтуу би машин бариад АТМ явъя гэсэн. Тэгэхэд нь Бадамзул чи согтуу байж яах гээд байгаа юм гээд түүнийг аваад машиныхаа арын суудал руу орж унтсан. Тухайн үед машины арын суудлыг ор шиг засчихсан байсан. Тэгэхэд Уянга за за би машин бариад явъя гээд жолооны ард суусан, харин би хажуу талын суудал дээр суусан. Тэгээд асфальтан зам руу ороод явж байсан, нэг мэдсэн чинь осолд орчихсон байсан. Уянга өөрөө л машиныг би жолоодоё гээд Эрдэнэномоос авсан. Харин Эрдэнэномыг Бадамзул аваад машины ард орж унтсан. Уянгад машин жолоодох зөвшөөрөл өгсөн хүн байхгүй. Уянга "би баръя гээд л түлхүүрийг аваад жолооны ард суусан. АТМ орж нэмж архи авах гэж байсан, Бадамзул бол нойр нь хүрээд унтаад өгсөн, Уянга бид 2 гайгүй, гэхдээ бол архи уусан байсан, болсон асуудлыг санаж байгаа, харин Эрдэнэном нилээн согтсон байсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжпэх зүйлгүй, одоогийн байдлаар 2-3 сая төгрөгийн эмчилгээ хийлгээд байна. Гэхдээ надад гомдол санал байхгүй учраас дээрх төлбөрийг нэхэмжлэхгүй, Осол болсон өдөр Уянга майханы гаднаас Бадамзулын машиныг жолоодсон. Майханаа бид нар Сонгины амралтын хажуу талд барьсан /хх-ийн 24-25-р хуудас/,

Хохирогч Х.Бадамзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ ...тэгтэл бид нар мөнгөгүй болчихсон ба АТМ орох уу гэж ярилцаж байсан. Тэгэхэд нь би бүгд уучаад, хэн машин барьдаг юм гэж хэлээд Эрдэнэномыг аваад машины ард орж унтсан. Нэг сэрсэн чинь машин онхолдчихсон, Эрдэнэном, Баянмөнх хоёр ухаангүй, Уянга машинаас буучихсан, тэгээд биднийг түргэн тусламж аваад явсан. Яаж осол болсныг мэдэхгүй байна, би машины арын суудал дээр Эрдэнэномын хамтаар унтаж явсан, нэг мэдэхэд л их доргилт болсон. Эрдэнэном бид хоёрыг унтахаас өмнө оройхондоо архи дарсаа гаргачихаад УБ хот руу хөдөлье гэж ярилцсан. Тэгээд би унтаж амарсан. Намайг унтаж амрахаас өмнө Уянга би бариад явчихья, та нараас би арай дээр гэж ярилцаж байсан, тэгэхэд нь би хэрэггүй, цагдаа их байгаа гэж хэлж байсан. Машины түлхүүр голын хайрцаганд байсан, би унтаж байсан болохоор яагаад хөдөлснийг мэдэхгүй байна. Би машинаа Уянгаар жолоодуулах зөвшөөрөл өгөөгүй, би согтоод унтчихсан байсан. Надаас зөвшөөрөл аваагүй, би согтуу хүнээр машинаа жолоодуулахгүй байсан. Уянгааг машин жолоодож эхлэхэд би арын суудал дээр унтаж байсан. Ослын улмаас машиныг журмын хашаанд хийсэн, журмын хашаанд сар гаран болсон, журмын хашааны төлбөр өдрийн 5000 төгрөг, мөн ослын газраас журмын хашаа руу машиныг маань ачуулсан ачилтын машины төлбөр 70.000 төгрөг, ингээд нийтдээ журмын хашаанд 290.000 төгрөг төлж байж машинаа авсан. Мөн машины эвдрэл гэмтэл, түүний хохирлын 4.407.000 төгрөг, уг хохирлыг тооцож гаргуулахад гарсан үнэлгээний газрын төлбөр 184.000 төгрөг төлсөн. Үүнээс гадна эмчилгээнд багцаагаар 1.500.000 орчим төгрөг зарцуулсан баримтууд нь байгаа байх. Би Уянгад дээрх төлбөрийн асуудлаар хандаж байсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 41-45-р хуудас/,

Гэрч Т.Эрдэнэном мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...тухайн үед би нилээн согтчихсон байсан ба Бадамзул намайг авч машиныхаа арын суудал дээр унтуулсан, унтаж байхад чихэнд Бадамзул, Уянга, Баянмөнх гурав АТМ орно ч гэлүү нэг юм яриад байсан. Удалгүй Бадамзул миний хажуугаар орж ирээд надтай хамт хэвтсэн. Нэг мэдсэн чинь машин хөдөлж байсан ба би босох гэсэн боловч нойрондоо дийлдээд үргэжлүүлэн унтсан. Тэгээд унтаад явж байхад донслох шиг болсон, тэрнээс хойш юу ч санахгүй байна, нэг мэдсэн чинь Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ухаан орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/

Гэрч Б.Уранбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ ...2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед шиг санаж байна, би хамаатны эгч Долгормаагийн хамтаар 39-54 УНА улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинтай Биогийн цаана байрлах Зэвсэгт хүчний 120 дугаар анги орчихоод буцаад хот руу явж байсан. Ингээд Морингийн давааны замаар явж байхад урд талд Субару маркийн цагаан өнгөтэй машин явж байснаа гэнэт л баруун тийш эргээд, замаас гараад жалга руу уначихсан. Тэгэхлээр нь би машинаа зогсоогоод, онхолдсон машин дээр очтол жолооч нь гэх эмэгтэй хүн байсан ба тэрээр гаргаад өгөөч, авраарай гээд орилоод байсан. Би эгч Долгормаагийн хамтаар онхолдсон машинаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй татаж гаргасан, харин жолооч нь гэх эмэгтэй өөрөө машинаас гарсан. Жолооч нь гэх эмэгтэй нилээн согтуу байсан ба би чи согтуу байгаа юмуу гэхэд өөрөө уугаагүй гээд байсан, мөн дотор нь байсан гурван хүн мөн адил согтуу байсан. Тэгээд би Долгормаагийн 91266665 дугаараас 102, 103 дугаарлуу залгаж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа, түргэн тусламж ирсэн. Угаасаа зам дээр уг машины гарсан мөр нь байсан, мөн би ч харсан. Яг осол болох үед бол надаас өөр машинтай хүн байгаагүй, харин осол болчихсоны дараа тэр замаар явсан машинууд зарим нь зогсоод харж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9898 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Баянмөнхийн биед хүзүүний 7-р нугаламын арын сэртэн, бүсэлхийн 1,2-р нугаламын их биеийн хугарал, зүүн тохойн зулгаралт, зүүн шууны шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. /хх-ийн 69-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10099 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Бадамзулын биед тархи доргилт, зулай, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, бугалгад зулгаралт, уруулд шарх, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 72-р хуудас/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10098 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Эрдэнэномын биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 75-р хуудас/,

 

   2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Техникийн шинжээчийн 424 дугаартай дүгнэлтэнд: 64-49 УНЧ улсын дугаартай Subaru Impreza маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Уянга нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна./хх-ийн 86-р хуудас/,

Ашид билгүүн ХХК Автомашин техникийн үнэлгээний тайлан: шууд зардлын дүн-3.727.000 төгрөг, нийт дүн 4.407.000 төгрөг /хх-ийн 82-84-р хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /64-49 УНЧ улсын дугаартай Субару маркийн автомашин Халзангийн Бадамзулын эзэмших /хх-ийн 51-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас шүүгдэгч Э.Уянга /хх-ийн 119-р хуудас/

Хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 117-р хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э.Уянгыг согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонгины амралтын хажуу талаас Х.Бадамзулын эзэмшлийн 64-49 УНЧ улсын дугаартай Субару Импрез /Subaru Impreza/ маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаасан,

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, .........хэрэглэсэн, ........үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Х.Баянмөнхийн биед хүндэвтэр, Х.Бадамзул, Т.Эрдэнэном нарын биед хөнгөн зэргийн гэмтэл  учруулж, 64-49 УНЧ улсын дугаартай Субару Импрез  /Subaru Impreza/ маркийн автомашинд 3.727.000 төгрөгийн шууд, 4.407.000 төгрөгийн нийт хохирол учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийг авч зугтаах гэмт хэргийн бүрэлдэхүүн нь бусдын өмчлөлд байгаа тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан идэвхитэй үйлдэл буюу обьектив талын шинж, тээврийн хэрэгслийг түр зуур унах, зугатаах, оргох зэрэг шууд санаатай, тодорхой сэдэлттэй субьектив талын шинжийн нэгдлээр тодорхойлогдоно.

   Хохирогч Х.Баянмөнхийн ... бид нарын идэж, уух юм дууссан байна ойрхон АТМ байхгүй байна гэхээр нь бид хамтдаа Нисэхийн АТМ орохоор болсон. Гэтэл Х.Бадамзул бүгдээрээ согтуу юм чинь машин барихгүй гэж хэлээд машиндаа ороод унтсан. Э.Уянга, Т.Эрдэнэном бид гурав ярилцаж байхад Т.Эрдэнэном би машин барих уу гэхээр нь яах гээд байгаа юм гэж хэлсэн. Гэтэл Э.Уянга би зүгээр байна би машин барина гээд барьсан гэх мэдүүлэг,

   Хохирогч Х.Бадамзул мөрдөн байцаалтанд ...бид нар мөнгөгүй болчихсон ба АТМ орох уу гэж ярилцаж байсан. Тэгэхэд нь би бүгд уучаад, хэн машин барьдаг юм гэж хэлээд Эрдэнэномыг аваад машины ард орж унтсан. Нэг сэрсэн чинь машин онхолдчихсон байсан гэх мэдүүлэг,

   Гэрч Т.Эрдэнэном мөрдөн байцаалтанд ...тухайн үед би нилээн согтчихсон байсан ба Бадамзул намайг авч машиныхаа арын суудал дээр унтуулсан, унтаж байхад чихэнд Бадамзул, Уянга, Баянмөнх гурав АТМ орно ч гэлүү нэг юм яриад байсан гэх мэдүүлэг,

   Гэрч Б.Уранбилэг мөрдөн байцаалтанд ... онхолдсон машинаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй татаж гаргасан, харин жолооч нь гэх эмэгтэй өөрөө машинаас гарсан гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Э.Уянга нь 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд банкны автомат машинаас мөнгө авах зорилгоор Х.Бадамзулын эзэмшлийн 64-49 УНЧ улсын дугаартай Субару Импрез /Subaru Impreza/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодох үед хохирогч Х.Баянмөнх, Х.Бадамзул, Т.Эрдэнэном нар хамт явсан болох нь нотлогдож байна.

           Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд: Шүүгдэгч Э.Уянгад бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаах зорилго бүхий сэдэлт, субьектив тал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Э.Уянга нь согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны замд Х.Бадамзулын эзэмшлийн 64-49 УНЧ улсын дугаартай Субару Импрез / Subaru Impreza/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, .........хэрэглэсэн, ........үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Х.Баянмөнхийн бие махбодид хүндэвтэр, Х.Бадамзул, Т.Эрдэнэном нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, 64-49 УНЧ улсын дугаартай Subaru Impreza маркийн автомашинд 3.727.000 төгрөгийн шууд, 4.407.000 төгрөгийн нийт хохирол учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Хохирогч Х.Баянмөнх шүүхийн хэлэлцүүлэгт ...бид нарын идэж, уух юм дууссан байна ойрхон АТМ байхгүй байна гэхээр нь бид хамтдаа Нисэхийн АТМ орохоор болсон. Гэтэл Х.Бадамзул бүгдээрээ согтуу юм чинь машин барихгүй гэж хэлээд машиндаа ороод унтсан. Э.Уянга, Т.Эрдэнэном бид гурав ярилцаж байхад Т.Эрдэнэном би машин барих уу гэхээр нь яах гээд байгаа юм гэж хэлсэн. Гэтэл Э.Уянга би зүгээр байна би машин барина гээд барьсан. Харин машиныг авч зугтаасан зүйл байхгүй гэх мэдүүлэг,

            Хохирогч Х.Бадамзулын ...Т.Эрдэнэном, Э.Уянга, Х.Баянмөнх бид дөрөв хамт Сонгины амралт руу явсан. ...тэгтэл бид нар мөнгөгүй болчихсон ба АТМ орох уу гэж ярилцаж байсан. Тэгэхэд нь би бүгд уучаад, хэн машин барьдаг юм гэж хэлээд Эрдэнэномыг аваад машины ард орж унтсан. Нэг сэрсэн чинь машин онхолдчихсон, Эрдэнэном, Баянмөнх хоёр ухаангүй, Уянга машинаас буучихсан, тэгээд биднийг түргэн тусламж аваад явсан. Яаж осол болсныг мэдэхгүй байна, би машины арын суудал дээр Эрдэнэномын хамтаар унтаж явсан, нэг мэдэхэд л их доргилт болсон.Тухайн үед би архи их уусан байсан тул юу болсон талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

            Гэрч Т.Эрдэнэномын ...Тухайн үед би маш их согтуу байсан тул Х.Бадамзул намайг машин дотор унтуулсан. Түүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би Гэмтлийн эмнэлэгт ирээд сэрсэн гэх мэдүүлэг,

Гэрч Б.Уранбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ ...2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед шиг санаж байна, би хамаатны эгч Долгормаагийн хамтаар 39-54 УНА улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинтай Биогийн цаана байрлах зэвсэгт хүчний 120 дугаар анги орчихоод буцаад хот руу явж байсан. Ингээд Морингийн давааны замаар явж байхад урд талд Субару маркийн цагаан өнгөтэй машин явж байснаа гэнэт л баруун тийш эргээд, замаас гараад жалга руу уначихсан. Тэгэхлээр нь би машинаа зогсоогоод, онхолдсон машин дээр очтол жолооч нь гэх эмэгтэй хүн байсан ба тэрээр гаргаад өгөөч, авраарай гээд орилоод байсан. Би эгч Долгормаагийн хамтаар онхолдсон машинаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй татаж гаргасан, харин жолооч нь гэх эмэгтэй өөрөө машинаас гарсан. Жолооч нь гэх эмэгтэй нилээн согтуу байсан ба би чи согтуу байгаа юмуу гэхэд өөрөө уугаагүй гээд байсан, мөн дотор нь байсан гурван хүн мөн адил согтуу байсан. Тэгээд би Долгормаагийн 91266665 дугаараас 102, 103 дугаарлуу залгаж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа, түргэн тусламж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,

 

           Техникийн шинжээчийн 424 дугаартай дүгнэлтэнд: 64-49 УНЧ улсын дугаартай Субару Импрез /Subaru Impreza/ маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Уянга нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 86-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9898 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Баянмөнхийн биед хүзүүний 7-р нугаламын арын сэртэн, бүсэлхийн 1,2-р нугаламын их биеийн хугарал, зүүн тохойн зулгаралт, зүүн шууны шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. /хх-ийн 69-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10099 дугаартай дүгнэлтэнд: Бадамзулын биед тархи доргилт, зулай, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, бугалгад зулгаралт, уруулд шарх, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 72-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10098 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Эрдэнэномын биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжгой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 75-р хуудас/,

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн осол, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11-р хуудас/, Э.Уянгын согтуурал шалгасан магадлагаа: драйгер багажаар үлээлгэн шалгахад 1.70% /хх-ийн 12-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож  байна.

           Иймд шүүгдэгч Э.Уянгын согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Х.Баянмөнх, иргэний нэхэмжлэгч Т.Эрдэнэном нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг шүүхийн тогтоолд дурдаж,

Харин Х.Бадамзул нь эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг, журмын хашаанд автомашин байсан төлбөр 290.000 төгрөг, автомашинаа ачуулсан зардал 70.000 төгрөг, автомашины эвдрэл гэмтэл түүнийг засах зардалд 4.407.000 төгрөг,  үнэлгээ хийлгэсэн төлбөр 184.000 төгрөг, нийт 6.451.000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар автомашинд учирсан эвдрэл гэмтэл, түүнийг засах зардлыг тогтоосон  Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээ 4.407.000 төгрөг /хх-ийн 82-84-р хуудас/, үнэлгээ хийсэн төлбөр 184.000 төгрөг /хх-ийн 81-р хуудас/, нийт 4.591.000 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

Иймд шүүгдэгч Н.Уянгаас 4.591.000 төгрөг гаргуулж, хохирогч Х.Бадамзулд олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Х.Бадамзул нь гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Уянга нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 Шүүгдэгч Э.Уянга нь  2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн 2 нас 10 сар 14 хоногтой охин Б.Гоодарийн /хх-ийн 117-р хуудас/ хамт амьдардаг ба тэрээр гурван нас хүрээгүй хүүхэдтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, Э.Уянга нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1, 301 дүгээр зүйлийн 301.1-т заасныг удирдлага болгон     

                                                                                               

ТОГТООХ НЬ:

1. Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Энхболдын Уянгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т заасан авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Жаран овогт Энхболдын Уянгыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар Э.Уянгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Э.Уянгад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.        

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар Э.Уянгад 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шүүгдэгч Э.Уянга нь цагдан хоригдсон  хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Х.Баянмөнх, иргэний нэхэмжлэгч Т.Эрдэнэном нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Э.Уянгаас 4.591.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Бадамзулд олгосугай.

8. Хохирогч Х.Бадамзул нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Уянгад авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР