Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1434

 

 

С.Оюунтуяа, Ц.Цолмонбаатар нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/01032 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Оюунтуяа, Ц.Цолмонбаатар нар хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК-д холбогдуулсан гэрээний үүрэгт 6 804 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлт-Очирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Оюунтуяагийн өмгөөлөгч О.Батсүх, хариуцагч талд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Цолмонбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Ц.Цолмонбаатар 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Юу Би Эйч Проперти ХХК-ийн захиалан бариулж буй "Хэппи Таун" орон сууцны ХД-73 дугаар байранд 2 өрөө байр захиалж, урьдчилгаа 30 хувь буюу 25 056 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 70 хувийн төлбөрийг Улаанбаатар хотын банкны 8 хувийн зээлээр төлсөн. Юу Би Эйч Проперти ХХК-иас 2015 оны 11 сард орон сууцыг хүлээн авсаны дараа 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр "Тоонто Гранд" ХХК-иар орон сууцны өрөө, тасалгааны талбайн хэмжээг тогтоолгоход 3.78 м.кв дутуу буюу 42.62 м.кв талбайтай 2 өрөө байр болох нь тогтоогдсон юм. Энэ тухай Юу Би Эйч Проперти ХХК-д мэдэгдэхэд зөрүү төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн болно. Иймд хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК-иас орон сууцны м.кв-ын зөрүү болох 3,78 м.кв-ын үнэ 6 804 000 төгрөгийг зохих журмын дагуу гаргуулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Юу Би Эйч Проперти" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "Юу Би Эйч Проперти" ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, Хэппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот, барилгыг "Өндөрбуянт ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг "Өндөр буянт" ХХК болон "Алъянстехник" ХХК, "Хай кик" ХХК, "Сигма-Отис" ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн. Бид боруулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд уг орон сууцыг худалдан авсанаас хойш хуулийн хугацаанд манай компанид гомдол, шаардлага гаргаагүй. Манай компани барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон байгаа тул бид хөндлөгийн компанийн талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 352.2.3-т заасныг баримтлан хариуцагч "Юу Би Эйч Проперти" ХХК-иас 6 732 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунтуяа, Ц.Цолмонбаатар нарт хувь тэнцүүлэн олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 72 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зуйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Оюунтуяа, Ц.Цолмонбаатар нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Юу Би Эйч Проперти" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 122 662 төгрөгийг гаргуулан нзхэмжлэгч С.Оюунтуяа, Ц.Цолмонбаатар нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах журмаар гаргасан гомдолд: Юу Би Эйч Проперти ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот "Үл хедлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ"-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хэппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот, барилгыг "Өндөрбуянт холдинг" ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг Өндөр буянт ХХК болон Алъяанстехник ХХК, Хай кик ХХК, Сигма-Отис ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн. Барилгын ажлыг 2008 оны 5 сараас эхэлж барьж эхэлсэн бөгөөд тухайн үед Монгол Улсад MNS 6058:2009 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөөгүй байсан. Иймд манай компани уг стандартыг хэрэгжүүлэх бодит боломж байгаагүй. Харин бид худалдан авагчидтайгаа гэрээ байгуулахдаа орон сууцны м.кв буюу талбайн хэмжээг гэрээгээр тогтоосон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т талбайн хэмжээг харилцан тохиролцож тогтоосон байдаг бөгөөд үүнд MNS 6058:2009 стандартыг баримтлая, талбайн хэмжээг тогтооно гэж огт заагаагүй. Харин уг орон сууцны талбайн хэмжээг тооцохдоо "захиалсан талбайн нийт м.кв-ийг тооцохдоо хананаас хана хүртэлх хэмжээсээр тооцож гаргах бөгөөд гадна тагтны хэмжээг 0.5 хувиар тооцож сууцны нийт хэмжээнд оруулна тооцно" гэж талбайн хэмжээг харилцан тохиролцсон. Гэвч үүнийг анхан шатны шүүх дүгнэхдээ талуудын гэрээгээр тохиролцсон м.кв тооцох аргачлал нь MNS 6058:2009 стандартад нийцэж байна гэж үндэслэлгүй дүгнэжээ. Уг стандартад гадны тагтны хэмжээг 0.3 хувиар тооцохоор заасан байгаагаас үзвэл шууд уг стандартыг хэрэглэх боломжгүй. Мөн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Тодруулбал талуудын хооронд байгуулагдсан орон сууц .захиалгаар бариулах тухай гэрээг 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, мөн оны 2-р улиралд ашиглалтанд оруулахаар тохиролцсон, мөн хэрэгт авагдсан 2013 онд уг барилга угсралтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байсан талаарх нотлох баримтыг үгүйсгэсэн үйл баримт тогтоогддогүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөл бол 2 өрөө орон сууц, түүний үнийг төлөх талаар тохиролцсон бөгөөд уг орон сууцны талбайн хэмжээ нь гэрээний гол нөхцөл гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчид нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан. Өөрөөр хэлбэл талбайн дутуу гэх доголдол нь орон сууцны ашиглалтын явцад үүсч бий болдоггүй доголдол бөгөөд тухайн эд хөрөнгийг хүлээн авах үедээ илрүүлэх боломжтой доголдол юм. Илрүүлэх боломжтой байсан нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 5 дугаарсарын 18-ны өдөр "Тоонто Гранд" ХХК-иар хэмжүүлж, орон сууцны талбайн хэмжээг тогтоолгосон үйл баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцыг хүлээн авах үедээ уг доголдлыг илрүүлэх боломжтой байсан боловч түүнийг хүлээн авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтыг үнэлэх талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч С.Оюунтуяа, Ц.Цолмонбаатар нар хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 6 804 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч уг орон сууцыг барилгын зураг төслийн дагуу чанар стандартад нийцүүлэн барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар хийж гүйцэтгүүлсэн, зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон гэж маргажээ.

Талуудын хооронд гэрээ байгуулагдаж, орон сууцны үнэ бүрэн төлөгдөж, орон сууц Ц.Цолмонбаатар, С.Оюунтуяа нарын өмчлөлд шилжсэн үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, гүйцэтгэгч Юу Би Эйч проперти ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол хаягт байрлах Хэппи таун орон сууцны ХД-73 дугаар байрны 1 дүгээр орц, 16 давхарт 46.4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2014 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч Ц.Цолмонбаатар нь гэрээнд заасан хөлс 83 520 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон баримт авагдсан. /хх.9/ Юу Би Эйч проперти ХХК маргааны зүйл болох орон сууцны барилгыг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Өндөр буянт холдинг ХХК-иас худалдан авсан талаарх хариуцагчийн тайлбарыг /хх.65/ нэхэмжлэгч няцаагаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар байгуулах тухай гэж нэрлэгдсэн дээрх гэрээнд тухайн улиралд буюу 2014 оны 2 дугаар улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулахаар заасан, түүнчлэн хариуцах байгууллага нь уг орон сууцны барилгыг өөр этгээдээс худалдан авсан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэхгүй.

 

Маргаан бүхий орон сууцны талаар хэлцэл хийгдэх үед гэрээний зүйл болох орон сууц баригдсан, нэхэмжлэгч нар нь тухайлан орон сууцыг сонгож, гэрээ байгуулан төлбөр төлөхөөр хариуцагчтай тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд бусдын өмчлөлд хөрөнгө хариу төлбөртэйгээр шилжүүлэх буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын шаардах эрх, үүргийн зохицуулалт энэ маргаанд хэрэглэгдэх учиртай.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар худалдан авагч доголдолтой эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй.

Ийнхүү илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуулийн дээрх зохицуулалтад хамаарахаар байх боловч нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Орон сууц захиалгаар байгуулах гэрээний 1.4-т Захиалсан сууцны нийт м.кв-ыг тооцохдоо хананаас хана хүртэлх хэмжээсээр тооцож гаргах бөгөөд гадна тагтны хэмжээг 0.5 хувиар тооцож сууцны нийт хэмжээнд оруулан тооцно. гэж заасан байгаагаас үзэхэд худалдан авагч нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авах үедээ орон сууцны талбайн зөрүүтэй байж болох талаар мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан.

Өөрөөр хэлбэл орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдлын талаар гэрээнд тодорхой нөхцөлөөр зохицуулсан байх тул уг доголдлыг нэхэмжлэгч мэдэх боломжгүй гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулах шаардлагатай.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/01032 дугаар шийдвэрийг хүчингүй болгож Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Оюунтуяа, Ц.Цолмонбаатар нарын хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК-д холбогдуулсан гэрээний үүрэгт 6 804 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 122 670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

     ШҮҮГЧ                                                     Ш.ОЮУНХАНД

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ