Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2018/01237

 

 

 

 

 

 

 

 

 

      2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2018/01237

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: В.Г-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ё.П-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 81 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нарантуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, хариуцагч Ё.П, хариуцагчийн өмгөөлөгч С.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунтуяа нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.Гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оноос удаа дараа Ё.Пд мөнгө зээлүүлж байсан. Гэтэл дээрх мөнгийг Ё.П огт төлөөгүй залилж байсан тул энэ талаарх гомдлыг 2012 онд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээр шалгуулж тус хэрэг хэрэгсэхгүй болж дахин сэргээж явсаар 2016 оны 6 сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон. Мөн Ё.Пгаас В.Гт холбогдуулан 2013 оны 10 сарын 04-ний өдөр 140 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд миний бие өөрийн зүгээс зээлсэн болон хөрөнгө оруулалтад буцаан авсан АССЭ ХХК-иас өгсөн модон материал, тулаасны зардал 76 сая төгрөг, өөрөө хувиасаа цувуулж зээлсэн 80 гаруй сая төгрөгт тооцон авсан гэснийг тус шүүхээс хэрэгсэхгүй болгож, В.Гийг дээрх зээл хөрөнгө оруулалтыг тусад нь нэхэмжлэх асуудал гэж 2015 оны 12 сарын 10-ны Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс тус тус шийдвэрлэсэн. 2011 оны 1 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 2 000 000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй хугацаа хэтрүүлсэн хоногт 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон бөгөөд нийт 3 100 000 төгрөг, Ё.Пгийн өөрийн 01-97 улсын дугаартай Ланд-100 маркийн автомашинаа Л.Содномпилд барьцаанд тавьсан байсныг чөлөөлсөн төлбөрт 22 000 000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, Баянголын аманд байрлах 2 газар Ё.П өөрийн Арвис интернэшнл ХХК дээр худалдан авсны төлбөр Нямбаатар гэдэг хүнд В.Г надаар төлүүлсний 48 000 000 төгрөг, 2011 оны 12 сарын 28-ны өдөр зээлсэн 11 800 000 төгрөг нийт 84 900 000 төгрөгийг Ё.Пгаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ё.П болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2011 оны 01 сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөгийг зээлсэн алданги хүү тооцоод нийт 3 100 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэ нь 2011 оны 01 сарын 27-ны өдрийн энэ зээлсэн мөнгийг буцаагаад төлчихсөн. Мөн тухайн нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан. Төлбөр тооцоо  дууссан гэдэг нь юугаар нотлогдох вэ гэхээр 2012 оны 05 сарын 14-ний өдрийн Ганзориг бид хоёрын дунд байгуулсан Үлдэгдлийн баталгааг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Бидний дунд өр төлбөргүй, тооцоо дууссан гээд 5 484 300 төгрөгийг төлж дуусаад баримт болгон авч үлдсэн. 01-97 улсын дугаартай Ланд-100 маркийн автомашинаа Л.Содномпилд барьцаанд тавьсан байсныг 2011 оны 06 сарын 18-ны өдөр 22 000 000 төгрөг төлсөн гэсэн байна. Үүнийг Эрүүгийн хэрэг үүсэж байхад л ярьж байсан. Байнга ярьж нэхэгдэж явдаг. Пүрэвдаваагаас төлсөн гэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн баримт нь Ганзориг гэсэн гарын үсэг ч байхгүй Ганзоригоос төлүүлсэн гэсэн баримт биш. Энэ мөнгийг би өөрөө барьж очсон. 3-рт нэхэмжилсэн байгаа Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд байрлах 2 газар гэсэн байна. Тухайн 2 газрын нэгийг нь “Ганхүлэг хурд” ХХК 20 000 000 төгрөгөөр нөгөө газрыг нь “Арвис интернейшнл” ХХК 30 000 000 төгрөгөөр нийлүүлээд 50 000 000 төгрөгөөр тооцож худалдаж авсан. Тухайн Арвис интернейшнл” ХХК 30 000 000 төгрөгөөр худалдаж авсан газрыг Ланд 100 маркийн автомашинаараа сольж авсан. Харин “Ганхүлэг хурд” ХХК 20 000 000 төгрөгөөр худалдаж авсан газрыг Ганзориг өөрөө эхнэрийнхээ унаж байсан улаан өнгөтэй Nissan маркийн машинаар сольж дээр нь 8 000 000 төгрөгийг өгч компанийхаа нэр дээр болгож авсан. Ингээд нэг газрыг би машинаараа сольж авсан нөгөө газрыг Ганзориг өөрийнхөө нэр дээр болгож авчихаад яагаад надаас 2 газрын мөнгө гэж нэхээд байгааг сайн ойлгохгүй байна. Дээрээс нь 2011 оны 12 сарын 28-ны өдөр 11 800 000 төгрөг зээлсэн гэсэн байна. Төлбөр зээл гэсэн гүйлгээний утгатай  Ганзоригоос орсон орлого болох Голомт банкны дансны хуулгыг хавтаст хэрэгт ирүүлсэн байна.  2011 оны 12 сарын 28-ны өдөр надад өгөх ёстой байсан 11 800 000 төгрөгөө төлсөн байсан дансны хуулгыг Эрүүгийн хэргээс олж аваад энэ мөнгийг Пүрэвдаваагаас нэхэмжилж болох юм гэж бодсон юм шиг байна. 2011 оны 08 сараас хойш  энэ Урангэрэл өмгөөлөгч надад 8 жилийн ял оногдуулна гээд хэл ам хэрүүл тэмцэл хийгээд Ганзоригтой нийлээд яваад байдаг. Улсын дээд шүүхийн 2016 оны 04 сарын 26-ны өдрийн эцэслэн шийдвэрлэсэн 130 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй арга саам хийж төлөхгүй гэхдээ ийм үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна. Хуульч хүн худлаа гүтгэж, нэр хүндээ унагаагаад янз бүрийн байдлаар хүнтэй муудаад явах өөрт нь ашигтай байдаг юм уу би ойлгохгүй байна. Иргэн хүнийхээ хувьд ингэж их гүтгүүлж, доромжлуулж гадуур ярьж хэлж байгаа юмнуудыг нь сонсож явах таатай биш байна. Иймд 81 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.Г нь хариуцагч Ё.Пд холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ 2011 оны 1 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 2 000 000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй хугацаа хэтрүүлсэн хоногт 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон бөгөөд нийт 3 100 000 төгрөг, Ё.Пгийн өөрийн 01-97 улсын дугаартай Ланд крузейр-100 маркийн автомашинаа Л.Содномпилд барьцаанд тавьсан байсныг чөлөөлсөн төлбөрт 22 000 000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, Баянголын аманд байрлах 2 газар Ё.П өөрийн Арвис интернэшнл ХХК дээр худалдан авсны төлбөр Нямбаатар гэдэг хүнд В.Г надаар төлүүлсний 48 000 000 төгрөг, 2011 оны 12 сарын 28-ны өдөр зээлсэн 11 800 000 төгрөг нийт 84 900 000 төгрөгийг Ё.Пгаас гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын ... Ё.Пгийн өөрийн 01-97 улсын дугаартай Ланд-100 маркийн автомашинаа Л.Содномпилд барьцаанд тавьсан байсныг чөлөөлсөн төлбөрт 22 000 000 төгрөг биш 18 200 000 төгрөг төлсөн гээд ... нэхэмжлэлийн нийт шаардлагыг багасгаж, нийт 81 100 000 төгрөг болгосон байна.  

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч В.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...энэ асуудлуудаар 2012 оноос Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээр шалгуулж, ...явсаар 2016 оны 6 сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон. Мөн 2015 оны 12 сарын 10-нд Баянзүрх дүүргийн шүүхээс энэ асуудлаар тусд нь нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх асуудал гэж шийдвэрлэсэн” гэж тайлбарласныг, хариуцагч Ё.П “ямар нэг өр төлбөр байхгүй, зээлийн гэрээний хувьд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх тайлбарыг гаргаж маргасан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Ё.Пгийн Ч.Содномпилийн 190 000 000 төгрөгийг залилсан, иргэн В.Гийн А хоёр бетон зуурмагийн үйлдвэрээс 104 000 000 төгрөгийн бетон зуурмагийг 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 20-ны хугацаанд төлбөрөө хийхгүй итгэл эвдэн хуурч мэхэлж авсан гэх үйлдэлд 2012 оны 10 сарын 17-ны өдөр эрүүгийн 201201060893 дугаартай хэрэг үүсгэж, нэгтгэн шалгаж, 2013 оны 7 сарын 03-ны өдрийн 377 дугаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын Прокурорын тогтоолоор, 2015 оны 2 сарын 27-ны өдрийн 964 дүгээр Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын Прокурорын тогтоолоор, 2016 оны 6 сарын 30-ны өдрийн 671 дүгээр Хан-Уул дүүргийн прокурорын газрын Прокурорын тогтоолоор тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./хх-ийн 47, 97, 108-111/

Ё.Пгийн нэхэмжлэлтэй В.Гт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 140 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8826 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдэж, Давж заалдах болон Хяналтын шатны шүүхээр хянагдсан байна./хх-ийн 102-104/

 

Эдгээр баримтууд болон шүүх хуралдааны тэмдэглэл, В.Гийн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, тайлбар зэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой мэдүүлэг, тайлбарыг гаргаж байсан болох нь тогтоодож байгаа хэдий ч энэ нь нэхэмжлэгч В.Гийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй байна.

Тодруулбал, уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар хариуцагч Ё.Пд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй байх бөгөөд үүнийг эрүүгийн хэргээр тогтоогдсон үйл баримт гэж үзэхгүй. 

 

Түүнчлэн хавтаст хэргийн 57-58 дугаар талд 2011.06.17-ны өдөр Баянхайрхан сервис ХХК болон Ганхөлөг хурд ХХК-ийн хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг, мөн 2011.10.04-ний өдөр Хүрхрээ солонго ХХК болон Арвис интенэшнл ХХК-ийн хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус ирүүлж, уг гэрээний дагуу газрын үнийг Нямбаатарт В.Г надаар төлүүлсний 48 000 000 төгрөгийг гаргуулна гэж шаарджээ.

Дээрх гэрээнүүд хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан, түүнчлэн уг гэрээний шаардах эрхийг нэхэмжлэгч В.Г нь өөртөө шилжүүлэн авсан нь болон хариуцагч Ё.П нь уг төлбөрийг хариуцан төлөх талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлсэн 11 800 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан шаардлагын үндэслэл тодорхойгүй, түүнчлэн  талуудын байгуулсан 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. 

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа дууссан 2011 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцон үзэхэд даруй 7 жил өнгөрсөн байх ба энэ нь 2002 оны Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгааг нотолж байна. Дээрх хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхээ нэхэмжлэгч тал нотлоогүй тул шүүх уг хугацааг сэргээх боломжгүй юм.

 

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч В.Г нь хариуцагч Ё.Пд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В.Гийн 81 100 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ё.Пд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В.Гоос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 582 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

                                         

 

 

ДАРГАЛАГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ