Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 01594

 

    В.Г-ийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01237 дугаар шийдвэртэй, В.Г-ийн нэхэмжлэлтэй, Ё.П-д холбогдох

  Зээлийн гэрээний үүрэгт нийт 81 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

    Нэхэмжлэгч В.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оноос удаа дараа Ё.П-д мөнгө зээлүүлж байсан. Гэтэл дээрх мөнгийг Ё.П төлөөгүй залилж байсан тул энэ талаарх гомдлыг 2012 онд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээр шалгуулж тус хэрэг хэрэгсэхгүй болж дахин сэргээсэн боловч 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон. Мөн Ё.П-гаас В.Г-т холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 140 000 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд миний бие өөрийн зүгээс зээлсэн болон хөрөнгө оруулалтад буцаан авсан “АССЭ” ХХК-иас өгсөн модон материал, тулаасны зардал 76 000 000 төгрөг, хувиасаа цувуулж зээлсэн 80 000 000 төгрөгт тооцон авсан гэснийг тус шүүхээс хэрэгсэхгүй болгож, В.Г-ийг дээрх зээл хөрөнгө оруулалтыг тусад нь нэхэмжлэх асуудал гэж 3 шатны шүүх шийдвэрлэсэн.

      2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 2 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй хугацаа хэтрүүлсэн хоногт 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон бөгөөд нийт 3 100 000 төгрөг, Ё.П-ийн өөрийн 01-97 улсын дугаартай Ланд-100 маркийн автомашинаа Л.С-д барьцаанд тавьсныг чөлөөлсөн төлбөрт 22 000 000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, Баянголын аманд байрлах 2 газар Ё.П өөрийн “Арвис интернэшнл” ХХК дээр худалдан авсны төлбөр н.Н-т В.Г надаар төлүүлсэн 48 000 000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлсэн 11 800 000 төгрөг нийт 84 900 000 төгрөгийг Ё.П-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ё.П шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөгийг зээлд нийт 3 100 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэ нь мөнгийг буцаагаад төлчихсөн. Мөн тухайн нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Төлбөр тооцоо дууссан нь 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн В.Г бид хоёрын дунд байгуулсан үлдэгдлийн баталгааг аст хэрэгт өгсөн байгаа. Бидний дунд өр төлбөргүй, тооцоо дууссан гээд 5 484 300 төгрөгийг төлж дуусаад баримт болгон авч үлдсэн. 01-97 улсын дугаартай Ланд-100 маркийн автомашинаа Л.С-д барьцаанд тавьсныг 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 22 000 000 төгрөг төлсөн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн баримт В.Г гэсэн гарын үсэг ч байхгүй В.Г-оос төлүүлсэн гэсэн баримт биш. Энэ мөнгийг би өөрөө барьж очсон.

Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд байрлах 2 газар нэгийг “Ганхүлэг хурд” ХХК-д 20 000 000 төгрөгөөр нөгөө газрыг “Арвис интернейшнл” ХХК-д 30 000 000 төгрөгөөр нийт 50 000 000 төгрөгөөр тооцож худалдсан. Тухайн “Арвис интернейшнл” ХХК нь 30 000 000 төгрөгөөр худалдаж авсан газрыг Ланд-100 маркийн автомашинаар сольж авсан. Харин “Ганхүлэг хурд” ХХК-д 20 000 000 төгрөгөөр худалдаж авсан газрыг В.Г өөрөө эхнэрийнхээ унаж байсан улаан өнгөтэй Nissan маркийн машинаар сольж дээр нь 8 000 000 төгрөгийг өгч компанийхаа нэр дээр болгосон. Ингээд нэг газрыг би машинаараа сольж авсан нөгөө газрыг В.Г өөрийн нэр дээр болгож авчихаад надаас 2 газрын мөнгө гэж нэхэж байгааг ойлгохгүй байна. Дээрээс нь 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 11 800 000 төгрөг зээлсэн гэсэн гүйлгээний утгатай В.Г-оос орсон орлого болох “Голомт банк” ХХК-ийн дансны хуулгыг хэрэгт ирүүлсэн байна. Иймд 81 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В.Г-ийн 81 100 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ё.П-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгтзаасныг баримтлан нэхэмжлэгч В.Г-оос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 582 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, гомдлыг гаргаж байна. Хэргийн үйл баримтаас үзвэл, анх Ё.П нь "Баянгол дүүрэгт 3 га газар, Сонгинохайрхан дүүрэгт 10 газар нийт 13 га газрыг хямдхан авахаар боллоо" гээд В.Г-оос 48 000 000 төгрөгийг авсан байдаг. Ё.П 48 000 000 төгрөгийг иргэн В.Г-той харилцан тохиролцсны үндсэн дээр хүлээн авсан тул "иргэн Ё.П"-д холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Ё.П-аас 48 000 000 төгрөгийг В.Г-т төлөх нь иргэн хоорондын харилдаан дээр үүссэн асуудал бөгөөд хуулийн этгээд хоорондын маргаан биш юм. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 48 000 000 төгрөгийг В.Г-оос зээлж авсан тухайгаа Ё.П хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй боловч төлсөн тухайгаа баталж чадаагүй нь хэрэгт авагдсан тайлбар, мэдүүлгээс харагддаг./Эдгээр нь үйл баримтаар тогтоогддог./ Иргэн Ё.П 48 000 000 төгрөгийг В.Г-оос эээлээд тус газраа хамтын "Хүрхрээ солонго" ХХК-ийн нэр дээр шилжүүлээд, дараа нь өөрийн "Арвис интернэшнл" ХХК руу шилжүүлэн авсан. Үүнийг анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсөн бөгөөд газрыг шилжүүлсэн ажиллагаатай холбогдуулан шүүхээс В.Г-оос Ё.П-гийн зээлсэн мөнгийг компани хоорондын маргаан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд В.Г-оос Ё.П-д зээлсэн 48 000 000 төгрөгийн шаардах эрхтэй бөгөөд уг зээлсэн мөнгөө Ё.П юу худалдаж авч, аль компани руу шилжүүлсэн нь хэрэгт ач холбогдолгүй ба иргэд хоорондоо өгч, авсан мөнгийг хуулийн этгээд хоорондын маргаан гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас 11 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гомдолтой байна. Учир нь: Ё.П Грентологийн барилгын анхны санхүүжилтийг 2012 оны 09 дүгээр сард авсан бөгөөд үүнээс өмнөх бүх санхүүгийн эх үүсвэрийг В.Г-оос зээлээр авч, үйл ажиллагаа явуулж байсан ба үүнтэй холбоотой Ё.П 2011 оны 12 дугаар сарьш 28-ны өдөр В.Г-оос 11 800 000 төгрөгийг зээлж, өөрийн дансаар шилжүүлэн авсан. Уг мөнгийг В.Г-оос зээлж авахдаа Ё.П "Хүнээс зээлсэн мөнгөний хүүг хийх хугацаа болчлоо, хүүгээ цагт нь төлчвөл дахиж зээл авах гэсэн юм" гэсэн тайлбарыг хэлж авсан байдаг. Хариуцагч Ё.П уг мөнгийг хувийн дансаараа В.Г-оос шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдох ба нэхэмжлэгч өөрийн зээлүүлсэн мөнгөө хариуцагчаас эргүүлэн мөнгөн хэлбэрээр шаардах эрхтэй бөгөөд В.Г-оос нэхэмжилсэн 11 800 000 төгрөгийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

В.Г-ийн Ё.П-тай байгуулсан 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алдангийн хамт нийт 3 100 000 төгрөгийг зээлийн төлбөрт нэхэмжилснийг талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

В.Г-н Ё.П-аас шаардаж буй 2 000 000 төгрөгийн зээл, 22 000 000 төгрөгийн зээл, 48 000 000 төгрөгийн зээл, 11,8 төгрөгийн зээл нь В.Г-ийн 2012 оны өргөдөлтэй эрүүгийн хэргийн хууль сануулж өгсөн тайлбар мэдүүлэгт дурдагдаж байсан бөгөөд эрүүгийн журмаар Ё.П-гийн яллагдагчаар татаж авсан тайлбар мэдүүлгээр нотлогддог. Анхан шатны шүүхээс зээлийн гэрээний хугацаа дууссан өдрийг үндэслэж хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь хөөн хэлэллцэх хугацаа тоолох журмыг зөрчсөн байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хугацааг тоолсон нь үндэслэлгүй, талуудын хоорондын зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч В.Г-оос зээлсэн мөнгөө Ё.П-гаас төлөхгүй талаар мэдэгдэж байгаагүй, уг төлбөрийг Ё.П төлнө гэж итгэж, найдаж ирсэн боловч 2012 онд талуудын хооронд маргаан үүсч Ё.П-г эрүүгийн журмаар шалгуулж, 2013 онд уг эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж, 2013-2015 онд иргэний журмаар В.Г-т холбогдуулан гаргасан 140 000 000 төгрөгийн иргэний хэрэгт дээрх төлбөрүүдийн асуудал яригдаж, тусдаа нэхэмжлэх нь хуулийн хүрээнд нээлттэй гэснээр В.Г нь иргэний шүүхийн журмаар өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой болсон бөгөөд уг 5 хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь Иргэнйй хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд нийцэх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч В.Г-ийн нэхэмжлэлийн үндэслэлийг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартай тодорхой заасан, нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны хүрээнд.нотлох баримтад үндэслэн гаргасан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь судалж шийдвэр гаргаагүйд нь гомдолтой байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч В.Г хариуцагч Ё.П-д холбогдуулан 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 3 100 000 төгрөг, автомашин барьцаанаас чөлөөлсөн төлбөрт 22 000 000 төгрөг, газар худалдан авсны төлбөр төлүүлсэн 48 000 000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлсэн 11 800 000 төгрөг нийт 81 100 000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь “төлөх төлбөргүй, зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж эс зөвшөөрч маргажээ.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8826 дугаар шийдвэрээр В.Г-оос зээлийн гэрээний 140 000 000 төгрөгийг гаргуулж, Ё.П-д олгож шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. /хэргийн 7-9, 102-104 дүгээр тал/

Нэхэмжлэгч В.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар энэ талаар маргах эрхгүй гэж үзнэ.

Уг маргаантай асуудлыг шийдвэрлэхэд хариуцагч В.Г-гоос “Ё.П-аас авсан 140 000 000 төгрөгийг надад төлөх ёстой мөнгө байсан тул миний АССЭ ХХК-ийн барилгад хэрэглэсэн барилгын модон материалын үнэ 50 000 000 төгрөг, үүний 5 000 000 төгрөгийг буцааж төлсөн, 6 м урттай 800 ширхэг, 2 м урттай 1400 ширхэг тулаасны үнэ 21 600 000 төгрөг, 2010 онд Ё.П Ланд-100 маркийн автомашинаа Ч.С-д барьцаанд тавьсан төлбөрт 22 000 000 төгрөг, газар худалдан авах төлбөрт 48 000 000 төгрөг, хувиасаа зээлдүүлсэн 2 000 000 төгрөг эдгээр нь 140 000 000 төгрөг болсон” гэж тайлбарласан боловч энэ талаарх тайлбар нь баримтаар нотлогдоогүй гэж анхан шатны шүүх үзсэн нь зөв.  

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Түүнээс гадна шүүх нэхэмжлэгчийн 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлсэн гэх 11 800 000 төгрөгийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01237 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА