Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 06

 

               “Рэмет” ХХК-ийн нэхэмжлэлтэй

           захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай, гуравдагч этгээд “Монголиан тангстен корпорэйшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 465 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0657 дугаар магадлалтай, “Рэмет” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 465 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2-т заасныг баримтлан “Рэмет” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0657 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Гуравдагч этгээд “Монголиан тангстен корпорейшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1. Магадлалд “нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй” гэж дүгнэжээ. Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан хэмээн үзэж нэг удаа хойшлуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-д заасныг үндэслэн тухайн асуудлаар хүндэтгэн үзэх нөхцөл байдал арилаагүй байхад хэмээн хянаж байгаа нь үндэслэлгүй юм. Тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах эрхийг хангасан ба хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мэдээгүй гэдэг талаар ямар нэгэн байдлаар маргаагүй байдаг. Дээрхээс үзэхэд Захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй байх зарчмыг зөрчиж байна гэж дүгнэж болохоор байна. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас илүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Сонгуульт ажилд томилогдон ажиллах нь чухал хэмээн үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлах, нотлох, мэтгэлцэх боломжийг хангасаар байтал уг боломжийг хангаагүй мэт дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. 2. Магадлалд “… “Рэмет” ХХК зээлийг хэрхэн төлж дуусгасан талаарх баримтууд хэрэгт авагдаагүй” гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “Рэмет” ХХК-ийн нотлох баримт гаргуулах бүхий л хүсэлтийг хангаж, шүүхээс цуглуулах шаардлагатай нотлох баримтуудыг бүгдийг цуглуулсан байтал дутуу хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” хэмээн заасаар байтал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.4-т заасныг үндэслэн шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

                                                                                       ХЯНАВАЛ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.3-т зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “нотлох баримт гаргаж өгөх, ...нотлох баримт цуглуулах, ...шүүх хуралдаанд оролцох” зэрэг эрхтэй оролцох бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулж  болно.

“Рэмет” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох уг захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/134 дүгээр албан бичгээр Н.Наранбаярт олгосон итгэмжлэлийг үндэслэн шүүх түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан байна.

Уг захиргааны хэргийг хэлэлцэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр товлосон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр “2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сонгуулийн ажилтай” гэсэн үндэслэлээр хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлж, шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4671 дүгээр захирамжаар “хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай” гэж үзэн шүүх хуралдааныг мөн сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулж, товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн байна.

Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасантай нийцсэн байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах эрхийг хязгаарласан аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байхад давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж дээрх нөхцөл байдалд үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-д заасантай нийцэхгүй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс “... “Рэмет” ХХК-ийн зээлийг хэрхэн дуусгавар болгож, “Монголиан тангстен корпорэйшн” ХХК-д тусгай зөвшөөрлийг ямар байдлаар шилжүүлсэн талаарх нотлох баримтыг цуглуулах шаардлагатай” гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Рэмет” ХХК 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №ЗГ0002/091007 тоот “Зээлийн гэрээ”-г  “Улаанбаатар хотын банк” ХХК-тай байгуулж, 967,000 еврогийн зээл авч, ашигт малтмалын ашиглалтын 14937А тусгай зөвшөөрөл, түүний хавсралт, тоног төхөөрөмж /экскаватор/-ийг барьцаалан ЗБГ0002/091007 тоот “Зээлийн барьцааны гэрээ” хийсэн байх бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаасныг Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 816 дугаар шийдвэрээр бүртгэсэн байна.

“Рэмет” ХХК зээлийн хэмжээг 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1,217,000 евро, 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 4,637,000 евро болгон нэмэгдүүлж, талууд тухайн бүрт гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж ирсэн байх бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,053,700, үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү 1,597,181, нийт 5,650,882 еврогийн үлдэгдэлтэй, үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Харин “Рэмет” ХХК анх зээл авахад тус компанийн хувьцаа эзэмшигч Г.Чинзориг “хувьцааны 80 хувиар батлан даалт гаргасан тухай”  2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Батлан даалтын гэрээ”, барьцаа хөрөнгийн жагсаалтыг “...“Рэмет” ХХК-ийн хувьцааны 50 хувь” болгож өөрчилсөн 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №ЗБГ0002/110607 тоот “Зээлийн барьцааны гэрээ” зэрэг баримтууд хэрэгт авагдсан бөгөөд үүнтэй холбоотойгоор “Рэмет” ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийг хэрхэн хангуулахаар талууд тохиролцсон; Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн үнэлгээг зээлийн гэрээ байгуулахдаа харилцан тохиролцоно” гэж заасны дагуу гэрээний талууд барьцааны зүйлийн үнэлгээг харилцан тохиролцсон байдал, үүнээс ямар хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой зэрэг гэрээний эрх зүйн асуудлыг талууд хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Үүний улмаас МҮ-014937А тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, түүний хавсралт, тоног төхөөрөмжийг “Монголиан тангстен корпорэйшн” ХХК-д шилжүүлсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа  Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасантай нийцсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:” гэж заасан ба барьцаалуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу ямар хэмжээгээр биелүүлээгүй, үүнд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудал бүрэн хамааралтай /бусад барьцааны зүйлээр хангагдах боломжтой байсан/ эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай байжээ.

Иймд, анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нэхэмжлэгч болон “Улаанбаатар хотын банк” ХХК-иас тодруулж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлэхээс гадна давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд "Монголиан тангстен корпорэйшн” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0657 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Монголиан тангстен корпорэйшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                            ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН