Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 31

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          А.Ц, Т.Д нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Б.Буяндалай

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч             Д.Насанжаргал

            Шүүгдэгч                                           А.Ц, Т.Д

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Ц болон түүний өмгөөлөгч Д.Насанжаргалын нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн, А.Ц, Т.Д нарт холбогдох 1812006650115 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн, ял эдэлж байгаад тус аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 89 дугаартай захирамжаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, мөн тус аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар нийт 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн, ял эдэлж байгаад Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаартай захирамжаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, М овогт Аийн Ц  

 

М Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, Х овогт Ты Д

 

А.Ц, Т.Д нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг дэвсгэр “Урт булаг” гэх газраас хохирогч Ж.Аийн нийт 14 тооны адуу буюу олон тооны адууг хулгайлж, түүнд 8.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас А.Ц, Т.Д нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч М овогт Аийн Ц, Х овогт Ты Д нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, М Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Дыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цад оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Т.Дд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч А.Ц, Т.Д нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийн үнэ болох 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч А.Цаас 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Т.Даас 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Шүүгдэгч А.Ц, Т.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Ц, Т.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Цын гаргасан давж заалдах гомдолд: “2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/118 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. А овогтой Ц миний бие дээрх шийдвэрээр 2 жил 3 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон. Миний бие нь хохирогч Ж.Аийн нэхэмжилсэн бүх хохирлыг бүрэн барагдуулж гомдолгүй болгосон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Манайх ам бүл 6, ээж, эхнэр, 1-6 насны 3 хүүхэдтэй. Ээж маань хэвтэрт эхнэр бид хоёрын асаргаанд байдаг. Өөр харж хандах хүн байхгүй. Иймд ээж болон ар гэрийн минь нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Насанжаргалын гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Аийн Ц, Ты Д нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн эдгээр байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан А.Ц, Т.Д нарт оногдуулсан хорих ялыг өөрчилж хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Буяндалай би шүүгдэгч А.Ц, Т.Д нарт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Дд 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Цад 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, А.Цад оногдуулах хорих ялыг хаалттай хорих ангид, Т.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн. Шүүгдэгч А.Ц өмнө нь 2004, 2005, 2011 онуудад гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан. А.Ц нь уг гэмт хэргийг үйлдэх санаачлагыг гаргаж үйлдсэн. Тийм учраас түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж А.Цад оногдуулсан хорих ялын дэглэмийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан тухайн шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх эсэх асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ. Гэвч шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал нь эрүүгийн хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ”Хуульд өмнө нь ял эдэлж байсан бол хөнгөрүүлж болохгүй гэж заагаагүй байгаа. Тэгш эрхийн зарчим алдагдахаар байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүгдэгч нарт хэрэглэж өгнө үү.”гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч А.Ц болон түүний өмгөөлөгч Д.Насанжаргалын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч А.Ц, Т.Д нар нь бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан А.Ц, Т.Д нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүхээс А.Ц, Т.Д нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан “хорих” ял оногдуулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Иймээс Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ц, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Насанжаргал нарын гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч А.Ц, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Насанжаргал нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн тул хувийн байдлыг харгалзан үзэж  хорих ялыг өөрчилж хөнгөрүүлж, дэглэм бууруулж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч нарт шүүх тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан, хорих ял эдлүүлэх дэглэм нь шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна.

 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд улсын яллагчаар хяналтын прокурор Э.Билгүүн оролцсон болох нь дуу дүрсний бичлэгээр тогтоогдож байгаа бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Б.Буяндалай гэж бичсэн, шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг * хулгайлсан* гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба шүүх хуралдааны тэмдэглэлд бүлэглэн бусдын олон тооны малыг *хулгай хийсэн* гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж хуульд заасан нэр томъёог хэрэглэж бичээгүй байгаа зэргийг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар нь хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад тус бүр 55 хоног цагдан хоригдсон болно.

 

М Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ц, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Насанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч А.Ц, Т.Д нар нь хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад тус бүр 55 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дах хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ