Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2024/0171

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа

Нэхэмжлэгч: “Н” ХХК

Хариуцагч: БОАЖС

Гуравдагч этгээд: “Э” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖСын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/281 дүгээр тушаалын Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд “Э” ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0004 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Э.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2022/0065/З

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь БОАЖСад холбогдуулан “БОАЖСын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/281 дүгээр тушаалын Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд “Э” ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0004 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖСад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №128/ШШ2024/0004 шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

БОАЖС нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр А/281 тушаал гарган Богдхан уулын дархан цаазат газарт “Э” ХХК-д газар ашиглах эрх олгохдоо дараах байдлаар хууль тогтоомж зөрчсөн. Үүнд:

3.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ ... гаргана” гэж заасан. Газрын тухай хуулийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.1.6-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална” гэж заасан. Тэгвэл Газрын тухай хуулийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж,

Мөн хуулийн 33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж тус тус хуульчилсан. Гэтэл БОАЖС нь Газрын тухай хуулийн 33.1.2, 33.5 заалтыг зөрчин дуудлага худалдаа явуулалгүй “Э” ХХК-д газар ашиглах эрх олгон хууль зөрчсөн. Анхан шатны шүүх хууль тогтоомжийн энэ зохицуулалтыг хэрэглэхдээ “...2023.01.06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан тул энэ нь тухайн маргаан бүхий 2020 оны тушаалын хууль зүйн үндэслэлийг хянах харилцаанд хэрэглэгдэхгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйл нь тус хууль батлагдсан 1994.11.15-ны өдрөөс (2002.06.07-нд нэмэлт орсон) хойш

Иймд “... 2023.01.06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан тул энэ нь тухайн маргаан бүхий 2020 оны тушаалын хууль зүйн үндэслэлийг хянах харилцаанд хэрэглэгдэхгүй ...” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм.

3.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д зааснаар хязгаарлалтын бүсэд зөвхөн аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглохыг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл ууланд алхах, салхинд гарах, аялахыг зөвшөөрдөг бөгөөд харин уг зорилгоор газар ашиглах эрх олгогддоггүй. Харин орон байрны тухайд зөвхөн ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл одон орон судлалын зорилгоор баригдсан Хүрэл тогоот шиг зохих журмын дагуу баригдсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг, ингэхдээ тухайн орон байрыг барих асуудал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.2 болон 27.8, 41 дүгээр зүйлд заасан зохицуулалтын дагуу тусгай журмаар зөвшөөрөл авч батлагдсан хүрээнд судалгаа, шинжилгээний зориулалттай орон байр баригддаг. Түүнээс аялагч түр буудаллах, отоглох зорилгоор орон байр барина гэдэг хуулийн ойлголт байхгүй юм. Гэтэл БОАЖС нь хуулийн заалтыг гуйвуулан ашиглах замаар 5139 м2 газарт барилга байгууламж барих эрх олгож хууль зөрчсөн, хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Тэгвэл хууль зөрчин газар ашиглах эрх авсан “Э” ХХК нь хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг зөрчин тухайн газар дээр таун хаус барьж хуулийн зөрчил улам нэмэгдсэн.

3.3. Тусгай хамгаалалттай гаар нутгийн тухай хуулийн 36.1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүс, ... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан. Гэтэл Байгаль орчны яамны бүтцийн албан тушаалтнууд хуйвалдах замаар газар ашиглах асуудлыг шийдвэрлэж хуульд заасан журмыг баримтлан дүүргийн Засаг даргын саналыг үндэслээгүй хуулийн шаардлагыг зөрчсөн. Энэ талаар анхан шатны шүүхээс Хан-Уул дүүргийн Засаг даргаас тодруулга авч нотлох баримт бүрдүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлон дүүргийн Засаг даргаас өгсөн хариу нотлох баримт хэрэгт хадгалагдаж байгаа юм.

3.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.2-т “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл БОАЖС нь “Н” ХХК нь тухайн газрыг 2017 оноос хойш хашаалан хамгаалалтын хашаа хайс хийчихсэн, гэр барьчихсан, уг газраа ашиглах хүсэлтээ удаа дараа өгч гурав дөрвөн жил хөөцөлдсөөр байтал тухайн газрыг нь ашиглахаар өөр этгээд хүсэлт гаргахад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.2 зохицуулалтыг хэрэгжүүлэлгүй хууль зөрчсөн.

3.5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1-т зааснаар дархан цаазат газарт газар хагалах, ухах, 12.5-д зааснаар ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаас өөр орон байр барихыг хориглосон. Өөрөөр хэлбэл аялагч, зөвшөөрөл бүхий хүн хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчаас зөвшөөрөл аваад түр буудаллаад явах, отоглоод хөдлөх ийм л хуулийн зохицуулалттай. Гэтэл БОАЖС нь газар ашиглах эрх олгох зорилгоор хуулийн үг хэллэгийг гуйвуулан ашиглах замаар “Э” ХХК-д газар ашиглах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй байхад нь газар ашиглах эрх, орон байр ашиглах хүсэлт гаргаагүй байхад нь орон байр ашиглах эрх олгон хууль зөрчсөн.

Тодруулбал: “Э” ХХК нь газар ашиглах хүсэлт гаргаагүй, харин “... 6000 м2 талбайд аялал жуулчлалын бааз байгуулах хүсэлтэй байгаа тул байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжиж тодорхойлолт гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байхад БОАЖС нь түүний агуулгыг нь газар ашиглах хүсэлт болгон, талбайн хэмжээг нь 5139 м2 болгон тус тус өөрчлөх замаар шийдвэр гаргасан (гэрлийн хурдаар 1 сарын хугацаанд) нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ нь “Э” ХХК-д газар ашиглах эрх олгох ажиллагаа ямар байдлаар явагдсаны нотолгоо юм.

3.6. Захиргааны ерөнхий хуулийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж, 39.1-т “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 47.1-т Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэж тус тус хуульчилсан.

БОАЖС нь 2020.04.20-ны өдөр А/281 тушаал гаргах эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан хууль зөрчин “Э” ХХК-д газар ашиглах эрх олгох зорилгоор Тусгай хамгаалалттай  газар нутгийн тухай хуулийн 11.7 болон Захиргааны ерөнхий хуулийн 39.1, 47.1.1 зохицуулалтыг зөрчин эрх зүйн зөрчилтэй, утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гаргасан.

Тодруулбал: А/281 тушаалын 1 дэх хэсэгт “... “Э” ХХК-д 5139 м2 газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосугай” гэж заасан. Энэ тушаал нь орон байр ашиглах эрх олгосон агуулгатай, харин эрх зүйн үр дагаврын хувьд газар ашиглах эрх олгоогүй болно.

Тэгвэл тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах хориотой бол, мөн хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хязгаарлалтын бүсэд зөвхөн аялагч, зөвшөөрөл авсан хүн түр буудаллах, отоглох боломжтой болохоос бус аялагчийг түр буудаллуулах, отоглуулахад зориулан газар ашиглах эрх олгох ёсгүй юм. Харин орон байрны тухайд зөвхөн ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.2, 27.8 болон 41 дүгээр зүйл (Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээний ажил явуулах), бусад хууль тогтоомжийн дагуу баригдсан (Жишээ нь Хүрэл тогоот) орон байрыг ашиглах боломжтой. Ингэж тусгай хамгаалалттай газар нутагт орон байр барих явдал нь тухайн зориулалтаар газар ашиглуулах үндэслэлээс эхлээд гаргах хүсэлтийн төрөл, агуулга, боловсруулагдах төсөл, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, хэн, хэрхэн шийдвэрлэх эрх хэмжээ, хууль тогтоомжийн зохицуулалт зэрэг олон талаараа ялгаатай эрх зүйн зохицуулалттай.

Гэтэл БОАЖС нь “Э” ХХК-нд газар ашиглах эрх олгох зорилгоор А/281 тушаалыг зориуд эрх зүйн зөрчил, утга агуулгын алдаатай байдлаар гаргасан. Уг тушаал нь аялагчид түр буудаллах, отоглох эрх олгож байгаа юм шиг боловч цаанаа хууль зөрчин газар ашиглах эрх, эсхүл орон байр ашиглах эрх олгосон мэт хуулийг гуйвуулан ашиглахад тохируулсан зөрчил, алдаа гаргасан. Ингэж гаргасан тушаалд нь үндэслэн Энх эрдэнэ мөнх ХХК нь тухайн газарт таун хаус барих замаар хууль тогтоомжийн зөрчил нэмэгдэж байна. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутагт "орон байр" ашиглах эрх бусдад олгох эрх хэмжээг ямар нэг хууль тогтоомжоор БОАЖСад олгогдоогүй болно. Нөгөө талаас тэрээр А/281 тоот тушаалд "барьсан орон байрыг" гэж нэгэнт бий болсон, бүтээчихсэн мэт өнгөрсөн цаг хугацааны агуулгаар тодорхойлсон боловч тухайн газар нь ямар нэгэн бүтээн байгуулалтгүй, хоосон газар юм.

3.6.1. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №13 тоот тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Т.Аубакир, Б. Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм. Уг ажлын хэсэг хяналт шалгалт хийгээд гаргасан гол дүгнэлт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7 заалтыг гуйвуулан ашиглаж байгаа тухай асуудал байсан бөгөөд энэ чиглэлээр хууль тогтоомжийг шинэчлэхэд онцгой анхаарахаар шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл шүүх эрх мэдлийн байгууллагын хувь ч мөн хууль тогтоох эрх мэдлийн нэгэн адил хуулийг гуйвуулан ашиглах замаар хууль зөрчиж байгаа үйлдэлтэй тэмцэж энэ зорилгоор гаргасан захиргааны актыг хүчингүй болгох шаардлагатай юм.

3.7. Байгаль орчны сайдын 2001.10.26-ны өдрийн №218 тушаалаар батлагдсан "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам"-ын 2.2-т "...иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах тухай өргөдөл, хүсэлт, хэрэгжүүлэх төслийг хянан үзээд Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд заагдсан газар ашиглуулах чиглэл, байршилд нийцсэн бол..." судлан үзэхээр, 3.1.-т... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгжүүлэх төслийг доорх шалгуураар хянан үзнэ. Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний чиглэл, зорилгод тохирсон эсэх" гэж тус тус заасан. Тэгвэл Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газар нутгийн менежментийн төлөвлөгөө байхгүй, заагдсан газар ашиглуулах чиглэл, байршилд нийцээгүй байхад Энх эрдэнэ мөнх ХХК-ийн хүсэлтийн дагуу газар ашиглуулах агуулгаар тушаал гаргасан нь хууль тогтоомж зөрчсөн. Энэ нь бүх талаар нотлогдож байвч анхан шатны шүүх үндэслэл болгон авч үзээгүй нь буруу юм.

3.8. БОАЖС нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10-р зүйлийг зөрчин дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх олгон хууль зөрчсөн. Тодруулбал: А/281 тоот тушаалд хязгаарлалтын бүсэд газар олгож байгаа мэтээр дурдсан боловч тухайн хэсэг нь хамгаалалтын бүсэд хамаардаг байна. Тэгвэл тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд мөн хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсөж үржих нөхцөлийг хангах, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлэхээс бус тэнд газар ашиглах, газар ашиглах эрх олгох ёсгүй юм.

Тодруулбал: газар дээр барилга байгууламж барих, уг зорилгоор газар ашиглах эрх олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байх хуулийн шаардлага тавигдаж байх боловч БОАЖС нь хуулийн энэ шаардлагыг хангалгүйгээр, хангагдаагүй байхад 2020 оны А/281 тоот тушаал гарган “Э” ХХК-нд газар ашиглах эрх олгож хууль зөрчсөн. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.25-ны өдрийн 128/ШШ2024/0004 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх “Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн, улмаар шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч “Н” ХХК-иас “БОАЖСын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/281 дүгээр тушаалын Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд “Э” ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... манайх Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын Арцатын аманд бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаагүй газар сонгон хашаажуулсан. Улмаар уг сонгосон газартаа стандарт, тав тухтай байдлыг эрэлхийлэгч гэр бүлийн аялагчдад зориулсан жуулчдын төв байгуулах зорилгоор төсөл боловсруулан газар ашиглах эрх хүсэж 2017 оноос хойш хөөцөлдсөн боловч судалж байна, хугацаа сунгасан, удахгүй шийдэж өгнө, тийм юм болохгүй байна гэхчлэн элдэв арга заль хэрэглэсээр эцэст нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай газрыг БОАЖСын 2020 оны А/281 дүгээр тушаалаар “Э” ХХК-д олгосон талаар хариу өгсөн” гэж тайлбарлан маргажээ.

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасан.

2.3. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах боломжгүй.

2.4. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах” агуулгаар тодорхойлсон нь яг ямар эрхээ, хэрхэн сэргээлгэхээр шаардсан нь тодорхойгүй гэж үзэхээр байх төдийгүй уг шаардлагыг хангаж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн ямар эрх хэрхэн  сэргэх нь тодорхойгүй байхад шүүх үүнийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

3.1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчээс ямар эрхээ хэрхэн хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган маргаж буйг тодруулсны үндсэн дээр хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

3.2. Нөгөөтээгүүр өмнө нь тухайн газрыг ашиглахаар нэхэмжлэгч талаас удаа дараа хүсэлт гаргахад татгалзаж байсан үндэслэл нь хэзээ, хэрхэн арилсан болох, гуравдагч этгээдэд ямар үндэслэлээр ашиглах эрх олгосон, дээрх үндэслэл, шалтгаанууд арилсан байсан эсэх талаар мөн тодруулж, холбогдох баримтыг цуглуулах шаардлагатай байжээ.

3.3. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ