Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00424

 

 *******, *******, Б.Пунцаг, Н.Дэжидмаа, Л.Наранцэцэг, А.Өдөр, Д.Нягт-Ундрал, О.Алтанцэцэг, М.Хишигжаргал, М.Мөнгөнтуяа, Я.Алтанцаг, Т.Өнөрцэцэг, Д.Долгор, Л.Жагдаг, Т.Баасанжав нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 157/ШШ2019/00114 дүгээр шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 216/МА2019/00014 дүгээр магадлалтай,

*******, ******* нарын нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох,

Хэнтий Хангай ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь хууль бус болох, хурлаас гаргасан тогтоолыг хүчингүй болгуулах, компаний хувьцааны тоо, нэг бүрийн үнэ, өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувь хэмжээг хүчингүй болгуулах, эргүүлэн тогтоолгох, төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлагын гишүүдийг сонгохдоо нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан сонгоно гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг хариуцагч нарт даалгах, Амгалангийн өв залгамжлагч Балжмаа нь Хэнтий Хангай ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлах эрхгүй болохыг тогтоолгох, дахин хурал зарлахгүй байхыг даалгуулах, тус компаний тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар ашиглахгүй байх, хуулийн дагуу зарлагдан хуралдах хурлын даргад тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: хариуцагч *******, түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунтуяа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.*******, Т.Алтансүх нарын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цагт хуралдуулсан Хэнтий Хангай ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь хууль бус болох, хурлаас гаргасан тогтоолыг хүчингүй болгуулах:

Хэнтий аймгийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлтэй Хэнтий Хангай ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид, Я.Алтанцаг, Т.Баасанжав, Л.Жагдаг, А.Өдөр, Д.Долгор нар нь тус компанийн өв залгамжлагчид юм. Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн Шүүх хуралдааны 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 104 тоот тогтоолоор Хэнтий Хангай ХХК-ийн шинэчилсэн дүрмийг 2001 онд бүртгэсэн улсын бүртгэл нь хуульд нийцсэн, 2007 оны бүртгэл нь хүчингүй болохыг тогтоосноор тус компани 29 хувьцаа эзэмшигчидтэй болсон. Гэтэл *******, Т.Алтансүх нарын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цагт зарласан ээлжит бус хурал дээр М.Лувсангомбын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульч мэргэжилтэй өмгөөлөгч гэж өөрийгөө танилцуулсан Х.Цогтсайхан нь сүүлийн үед компаниуд хурлыг дандаа хувиар хийж байгаа 2007 оны бүртгэл, Улсын бүртгэлийн хэлтсээс авсан лавлагаагаар 23 гишүүнтэй гэж байгаа гээд хурлыг эхлүүлж өөрийгөө хурлын даргаар хууль бусаар томилсон. Компанийн 2001 оны дүрмийн 8.3-т Компанийн хувьцаа нэг бүр нь нэг саналын эрхтэй байх бөгөөд энгийн хэлбэртэй байна гэсний дагуу 10440 ширхэг саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид хуралд оролцож санал өгөх ёстой байсан бөгөөд өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувиар санал өгнө гэж ямар ч хууль, дүрмэнд заагаагүй. Я.Алтанцаг нь нөхөр Ш.Батболдын 4 ширхэг хувьцааг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 38 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр эзэмших эрхтэй болсон. Я.Алтанцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд суух гэхэд хувьцаа эзэмшигч биш гээд хуралд суулгахгүй хууль болон дүрмийг зөрчиж хохироосон. 23 хувьцаа эзэмшигчидтэй гэж үзээд хувьцаа эзэмшигч Л.Наранцэцэг, Б.Батбаяр, өв залгамжлагч Я.Алтанцаг, З.Батбилэг нарт хурлын урилга зарыг мэдэгдээгүйгээс компанийн тухай хуулийн 64,1, 65 дугаар зүйлийг зөрчиж хувьцаа эзэмшигчдийг хохироосон. Дээрх үндэслэлүүдээр *******, Т.Алтансүх нарын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний 12 цагт Хэнтий аймгийн Тамгын газрын Иргэний танхимд хуралдуулсан Хэнтий ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь хууль бус болсон тул уг хууль бус болохыг тогтоож, энэ хурлаас гаргасан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

2. Хэнтий Хангай ХХК-иин 2001 оны дүрэмд заасан хувьцааны тоо, нэг бүрийн үнэ, өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувь хэмжээг өөрчлөх.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/17307 тоот албан бичигт заасны дагуу шүүхэд хандаж байна. Хэнтий Хангай ХХК-ийн 2001 оны дүрмийн 8.1-д Компанийн өөрийн хөрөнгө буюу сан нь 30,2 сая төгрөгийн үл хөдлөх ба хөдлөх хөрөнгө 57,6 сая төгрөгийн нийт 8 сая төгрөгийн хөрөнгөтэй байна. Энэхүү хөрөнгө хувьцаанд хуваагдсан байх бөгөөд нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10440 ширхэг хувьцаа байна. Иймд Хэнтий Хангай ХХК-ийн 2001оны дүрэмд заасан хугацааны тоо, нэг бүрийн үнэ, өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувь хэмжээг доорх байдлаар өөрчилж өгнө үү.

3. Хариуцагч ******* нарт Хэнтий Хангай ХХК-ийн 2001 оны дүрмийн 8.3-т компанийн хувьцаа нэг бүр нь нэг саналын эрхтэй гэх хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг даалгах тухайд:

Компанийн тухай хуулийн заалтуудыг зөрчин хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийг өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувиар тогтоохгүй дээрх хуулийн заалтууд, компанийн дүрмийн 8,3 дугаарыг дагаж мөрдөхийг даалгаж өгнө үү.

 4. Амгалангийн өв залгамжлагч ******* нь Хэнтий Хангай ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлах эрхгүй болохыг тогтоолгож, дахин хурал зарлахгүй байхыг даалгуулах тухайд:

******* нарын 2013 оны 11 сарын 18-ны өдөр хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 11-ний өдрийн 234 тоот шийдвэрээр, мөн ******* нарын 2015 оны 07 сарын 22-ны өдөр зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан шийдвэрийг Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний Хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 001/ХТ2017/00006 тоот тогтоолоор тус тус хүчингүй болгуулсан. Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн Шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 179 тоот тогтоолоор *******г 39 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасны дагуу цахим санд бүртгэсэн тул "Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/1011 тоотод заасны дагуу Компанийн тухай хуулийн 7.1 Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална. 17.9 Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу Хэнтий Хангай ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэн өв залгамжлах эрхийн гэрчилгээ авсан хувьцаа эзэмшигчид дүрмэнд өөрчлөлт оруулж улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх нь баталгаажих ёстой.

Иймд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль бусаар зарлан хуралдуулахгүй байхыг даалгаж өгнө үү.

 5. Хэнтий Хангай ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар ашиглахгүй байх, Хэнтий Хангай ХХК-ийн хуулийн дагуу зарлагдан хуралдах хурлын даргад тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг өгөхийг даалгах тухайд:

Хэнтий Хангай ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь 2 удаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулсан боловч тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй шалтгаанаар бүртгүүлж чаддаггүй. ******* нь Хэнтий Хангай ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар авсан байдлаа ашиглан 3 дахь удаагаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын холбогдох баримтанд дарж ашиглан Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр хандаж тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах эрх нь баталгаажаагүй байхад ашиглаж байгаа байдлыг тогтоон хууль бусаар ашиглахгүй байх, Хэнтии Хангай ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 29 гишүүдтэй нэг хувьцаа нэг саналын эрхтэй гэж заасны дагуу зарлан хуралдуулах хурлын даргад байгууллагын тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагч *******, *******, М.Лувсангомбо, Т.Алтансүх нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний хурал бол хууль ёсны дагуу хүчин төгөлдөр хурал болсон байдаг. Үүнийг юун дээрээс үндэслэж хийсэн бэ гэвэл компанийн ганц тодорхойлох зүйл бол улсын бүртгэлийн гэрчилгээ байдаг. Уг гэрчилгээ нь дээр 23 гишүүнтэй гэж бичсэн байдаг. Албан байгууллага бол бичиг баримт дутуу, хуурамч байсан бол мэдээж бүртгэж авахгүй байсан. Улсын бүртгэл дээр улаан дэвтэр гэж байдаг. Хуулийн этгээдийн жагсаалт хөтлөх журам гэж байгаад бүртгэдэг. Үүн дээр аж ахуй нэгжийн гэрчилгээг 2006 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Монгол улс даяар аж ахуй нэгжийн тооллого хийгээд шинэ хууль батлаад, бүртгэлийн хуулиар өөрчлөлт орсон байдаг. Энэ хуулиар өөрчлөлт ороод, үүн дээр тэмдэглэгээ хийсэн байдаг. 2006 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэж байгаад үүсгэн байгуулсан гишүүний тоо 23, хурал хийж байгаад аж ахуй нэгжийн гэрчилгээнд өөрчлөлт орж байгаад шинээр гэрчилгээ авсан. Би сүүлд орж ирсэн хувьцаа эзэмшигч би үүнийгээ хүлээн зөвшөөрнө. Би аавынхаа оронд орж ирсэн хүн. Нэхэмжлэгч *******гийн өмнө нь шүүхэд гаргаж өгсөн өөрийнх нь гарын үсэгтэй өөрийнх нь бичигтэй, 23 гишүүнтэй гэсэн баримт бичгүүд байгаа. Би шүүхэд хүсэлт гаргасан боловч улсын бүртгэлээс үүнийг өгөөгүй байна. 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийнх нь бичигтэй, 23 хувьцаа эзэмшигчтэй байтал хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийж чадахгүй байна гэсэн тухай гомдол гаргаад хүртэл ******* нь явж байсан. Хавтас хэрэгт *******гийн өөрийн шүүхэд гаргаж өгсөн гарын үсэг, тамга тэмдэгтэй Лувсангомбо хүртэл байгаа гэсэн баримт бичиг байгаа. Мөн 23 хувьцаа эзэмшигчдийн жагсаалтын хавсралт нь улсын бүртгэлийн хуулийн этгээдийн лавлагаанд байдаг. Үүн дээр нэхэмжлэгч *******нгийн гарын үсэг байдаг. Гэхдээ үүн дээр захирлын гарын үсэг байхгүй байгаа нь гайхмаар байдаг гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 157/ШШ2019/00114 дүгээр шийдвэрээр: Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 17 дугаар зүйлд зааснаар Хэнтий Хангай ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, *******г ерөнхий захирлаар томилсон мөн өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 216/МА2019/00014 дүгээр магадлалаар: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 157/ШШ2019/00114 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, ИХШХШТХуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 157/ШШ2019/00114 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 216/МА2019/00014 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гаргаж байна.

Давж заалдах шатны магадлалын дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй байна.

Тухайлбал: Хэнтий Хангай ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Амгалан нь 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зуурдаар нас барсан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаанаас шалтгаалж өнөөг хүртэл компани гүйцэтгэх удирдлагагүй явж ирлээ. Үүнээс шалтгаалж компанийн үйл ажиллагаа бүрэн зогсонги байдалд орж, өмч хөрөнгө нь эзэнгүйдэж, хулгай орж, үрэгдэж шамшигдуулах асуудал газар авч маш хүнд нөхцөл байдалд ороод удлаа. Шүүхийн шийдвэрт заасан Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр Хэнтий Хангай ХХК-ийн 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуулийн этгээдийн бүртгэлийн жагсаалтад өөрчлөлт орж 6 /зургаан/ хувьцаа эзэмшигчтэйгээр бүртгэгдсэн бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101 дүгээр магадлалын тогтоох хэсэгт: Хэнтий Хангай ХХК-ийг улсын бүртгэлд 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүртгэсэн бүртгэлээс *******, Ш.Сандагдорж, Б.Пунцаг, Ж.Батдолгор, Т.Алтансүх, Н.Дэжидмаа, Ё.Егүүр, М.Хишигжаргал, М.Мөнгөнтуяа, А.Өдөр, Л.Энхтуяа, Т.Өнөрцэцэг нарын компанид оруулсан хөрөнгө, хувийг өөрчлөн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож,...нэхэмжлэгч *******, Д.Нягт-Ундрал, Б.Саруулсайхан нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл дээр нэр дурдагдсан 12 хүний эрхийг сэргээсэн ба бусад этгээдүүдийн гомдол гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Шүүхийн магадлалын заалтуудыг сайтар хянаж үзвэл 2007 оны хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгосон зүйл заалт байхгүй болох нь нотлогдоно. Зөвхөн дээр нэр дурдагдсан 12 хүний 0 болгосон хувийг өөрчлөлт оруулж 0,54 хувийн хувьцаа эзэмших эрхийг нь сэргээсэн байгаа болно.

Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101 дүгээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 2001 оны хувь нийлүүлэгч гэж бүртгэгдсэн Ч.Зоригт, Б.Батбаяр, А.Аюуш,О.Алтанцэцэг, Л.Наранцэцэг, Ш.Батболд нар нь гомдол, нэхэмжлэл гаргаагүй учраас хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж тооцогдохгүй. Эдгээр иргэд нь компанид хувьцаагаа худалдан,мөнгө хөрөнгө авч хувьцаа эзэмшигчээс хасагдсан. Тийм учраас улсын бүртгэлийн 23 хувьцаа эзэмшигчийн тоонд ороогүй.

Нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүх, захиргааны шийдвэрүүд дээр үндэслэж, тэдгээрийг хэрэгжүүлж *******гийн зохион байгуулсан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг буруутгах үндэслэлгүй. Өнөөдрийн байдлаар Хэнтий Хангай ХХК-ийн 23 хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэр байхгүй болно. Хэрвээ хэн нэгэн этгээд нь өөрийн эрхийг хохирсон гэж үзвэл гомдол гаргах эрх нь нээлттэй. Шүүх тодорхой эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичгүүд дээр үндэслэж шийдвэр гаргах болохоос хийсвэрээр нэхэмжлэгч нарын нотолгоогүй, баталгаагүй үндэслэлүүдийг дагаж, компанийн үйл ажиллагааг бодит байдал дээр үндсэндээ зогсоож болохгүй. Тус компанийн хувьцаа эзэмшигчид Компанийн тухай Монгол улсын хуулийг баримтлан Хэнтий Хангай ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын ээлжит бус хурлыг 2018 оны 09 дугаар сарын 21-ны өдөр зарлан хуралдуулсан бөгөөд тус хурлаас *******г компанийн гүйцэтгэх захирлаар томилсон.

Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 01 сарын 06 ны өдрийн Дугаар 001/ ХТ2017/00006 тоот тогтоолд Хувьцаа эзэмшигчдийн тоог нэг талаас 23 нөгөө талаас 29 гэж маргасан нөхцөлд улсын бүртгэлийг үндэслэнэ заасан байдаг. 2001 оны хувь нийлүүлэгч гэж бүртгэгдсэн Ч.Зоригт, Б.Батбаяр, А.Аюуш, О.Алтанцэцэг, Л.Наранцэцэг, Ш.Батболд нар нь гомдол, нэхэмжлэл гаргаагүй учраас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж тооцогдохгүй. А.Аюуш, О.Алтанцэцэг нар нь А.Өдөрийн аав болон эхнэр бөгөөд хувьцаа нь түүнд шилжиж бүртгэгдсэн болно. Нэхэмжлэгч ******* нь өмнө шүүхэд 22 хувьцаа эзэмшигчдийн хэн нь хэдэн хувьцаа эзэмшдэгийг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байсан боловч энэхүү нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь Хэнтий аймгийн сум дундын 1-р шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 415 дугаар захирамжаар тогтоогддог.

Нэхэмжлэгч Ц. Оюунтуяа, Н. Долгор нарын өмнө нь бас өөрсдийнх нь 2015 онд Хэнтий аймгийн Сум дундын 28 дугаар шүүхэд гаргасан иргэний хэргийн нэхэмжлэл, Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 11-ний өдрийн № 234 дугаартай шийдвэр одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Энэхүү шийдвэр дээр давах гомдол тухайн нэхэмжлэгч нар гаргаагүй болно. 2001 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд, захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авсанаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д иргэн, хуулийн этгээд ... энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн заалтыг зөрчсөн тул нэхэмжлэгч нар нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

Хэнтий Хангай ХХК нь 23 хувьцаа эзэмшигчтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /XX 59-60/, Хэнтий Хангай ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /XX- 61/, /XX 98-102/, Хэнтий аймгийн улсын бүртгэлийн архивт байгаа Хэнтий Хангай ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэвтрийн 2006 оны 05 дугаарын 06-ны өдрийн хуулийн этгээдийн бүртгэлийн жагсаалтын 24-т Үүсгэн байгуулсан гишүүдийн тоо: 23, 25-т эрх бүхий байгууллагын шийдвэрийн нэр дугаар: Бүх гишүүдийн хурал, мөн хавтсанд байгаа Ц. Оюунтуяагийн гарын үсэг, тамгатай Хэнтий Хангай ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн жагсаалт, Ц. Оюунтуяа нь өөрөө Хэнтий аймгийн захиргаа болон иргэний хэргийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байсан хувьцаа эзэмшигчдийн жагсаалт, 2008 оны 11 дүгээр сарын 03, 06 нд хуралдсан Хэнтий Хангай ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын проткол / хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан./, Хэнтий Хангай ХХК-ийн Хас банкны- зээлийн анкет / Ц. Оюунтуяагийн гарын үсэгтэй /, Ц. Оюунтуяагийн 2012-2013 онуудад Хэнтий аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газруудад гаргаж байсан өргөдөл, хүсэлтүүд, Татварын ерөнхий газрын гаргаж өгсөн татвар төлөгчийн карт зэргээр тогтоогддог. Энэхүү ээлжит бус хурал нь компанийн тухай хууль, компанийн дүрэм болон бусад холбогдох хуулийн шаардлага хангаж байгаа тул захирал нь нас барсны улмаас 7 жил гаруй үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа компанийн хэвийн үйл ажиллагааг нэн даруй хангахын үүднээс хурлын шийдвэрийг хүчин төгөлдөрт тооцож, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, урд нь шүүхээр хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн маргаанаар ахин нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 157/ШШ2019/00114 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 *******, *******, Б.Пунцаг, Н.Дэжидмаа, Л.Наранцэцэг, А.Өдөр, Д.Нягт-Ундрал, О.Алтанцэцэг, М.Хишигжаргал, М.Мөнгөнтуяа, Я.Алтанцаг, Т.Өнөрцэцэг, Д.Долгор, Л.Жагдаг, Т.Баасанжав нар нь *******, *******, М.Лувсангомбо, Т.Алтансүх нарт холбогдуулан Хэнтий Хангай ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018.09.21-ний өдрийн ээлжит бус хурал нь хууль бус болохыг тогтоолгох, хурлаас гаргасан тогтоолыг хүчингүй болгуулах, компанийн дүрэмд заасан хувьцааны тоо, нэг бүрийн үнэ, өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувь хэмжээг өөрчлөх, Компанийн тухай хуулийн 63.6-д хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлагын гишүүдийг сонгохдоо нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүнийг сонгоно гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг, ******* нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлах эрхгүй болохыг тогтоолгох, дахин хурал зарлахгүй байхыг, компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар ашиглахгүй байх, хуулийн дагуу зарлагдан хуралдах хурлын даргад тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.   Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч  маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

1.Хэнтий Хангай ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018.09.21-ний өдрийн ээлжит бус хурал нь хууль бус болохыг тогтоолгох, хурлаас гаргасан тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг хангахдаа хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хэнтий хангай ХХК-ийн 2001 оны дүрмийн хавсралтад зааснаар нийт 29 хувьцаа эзэмшигчтэй, тэдгээрээс Ц.Амгалан 39 хувь, ******* 29 хувь, С.Дорждэрэм 7.2 хувь, М.Лувсангомбо 3.16 хувь, Т.Алтансүх 1 хувь, Ч.Зоригт 1.6 хувь, Д.Нягт-Ундрал 5.5 хувь, Ш.Батболд 2.2 хувийн, бусад хувьцаа эзэмшигчид тус бүр 0.54 хувийн хувьцаа эзэмшихээр тодорхойлжээ.

Тус компанийн нийт хувьцааны 75.2 хувийг эзэмшигч Ц.Амгалан, *******, С.Дорждэрэм нар оролцож, компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, дүрмийг шинэчлэн, уг дүрмийн өөрчлөлтийг 2001 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн нь тогтоогджээ /хэргийн 1хх-18-23 тал/. 

Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг тул дүрэм улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ ...дүрэмд зааснаар компани 29 хувьцаа эзэмшигчтэй, энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, ...6 хувьцаа эзэмшигчид хурлын зар хүргээгүй, тэднийг хуралд оролцуулаагүй... гэж тайлбарласан байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...2006 онд аж ахуйн нэгжийн тооллого хийгээд бүртгэлийн хуулиар өөрчлөлт ороод компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 23 гишүүнтэй гэж бичигдсэн, ...тэдгээр хувьцаа эзэмшигч нарт хурлын зар хүргэсэн... гэж маргажээ.

Хэнтий хангай ХХК нь хэдэн хувьцаа эзэмшигчтэй болох, хувьцаа эзэмшигчдийн 2018.9.21-ний өдрийн ээлжит бус хурал, түүнээс гарсан шийдвэр хүчинтэй эсэх нь маргааны зүйл болсон байна.

Иймд зохигчдын хооронд үүссэн маргаантай асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг дурдах шаардлагатай гэж үзлээ. Үүнд:

а.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013.08.08-ны өдрийн 255 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013.10.14-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор ...*******г Хэнтий хангай ХХК-ийн 39 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчинтэй байна /1хх 63-72 тал/.

 ******* тус компанийн хувьцааны 39 хувийг эзэмшигч тул тэрээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулсан нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2, 61.7-т заасныг зөрчөөгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

б.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014.02.26-ны өдрийн 101 дүгээр магадлалаар Хэнтий хангай ХХК-ийг улсын бүртгэлд 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүртгэсэн бүртгэлээс *******, Ш.Сандагдорж, Б.Пунцаг, Ж.Батдолгор, Т.Алтансүх, Н.Дэжидмаа, Ё.Егүүр, М.Хишигжаргал, М.Мөнгөнтуяа, А.Өдөр, Л.Энхтуяа, Т.Өнөрцэцэг нарын компанид оруулсан хөрөнгө, хувийг өөрчлөн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас Хэнтий хангай ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг 2001 онд улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэл, гуравдагч этгээд *******гийн гаргасан бие даасан шаардлага, нэхэмжлэгч *******, Д.Нягт-Ундрал, Б.Саруулсайхан нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014.5.19-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор хэвээр үлдээжээ.

 Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх  ...Хэнтий хангай  ХХК нь 2001 онд дүрмийн шинэчилсэн найруулгыг Хэнтий аймгийн Татварын хэлтэст бүртгүүлэхдээ нийт 29 хувьцаа эзэмшигчтэй бүртгэсэн, хариуцагч захиргааны байгууллага нь Хэнтий хангай ХХК-ийг 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлд шинэчлэн бүртгэхдээ компанийн үүсгэн байгуулах баримт бичигтээ өөрчлөлт оруулсан шийдвэр болон бүртгүүлэх хүсэлт гаргаагүй байхад бүртгэлд өөрчлөлт хийсэн нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн тул уг бүртгэлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, хувьцааг өөрчилж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2015.12.08-ны өдрийн 17307 тоот албан бичигт ...шүүхийн шийдвэрийг биелүүлж, хүчин төгөлдөр 2001 оны дүрмийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг цахим санд оруулж бүртгэхэд хувийн хэргийн нотлох баримт болох жагсаалтын 29 хувьцаа эзэмшигчдийн хувь хэмжээ, эзэмшиж байгаа хувьцааны тоо болон нийт хувьцааны тоо зөрүүтэй байгаагаас бүртгэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна... гэжээ /1хх 9-17, 27, 216-218, тал/.

 Өөрөөр хэлбэл, дээрх шалтгаанаар 23 хувьцаа эзэмшигчтэй гэж бүртгэгдсэн бүртгэлд өөрчлөлт ороогүй байх тул хариуцагчийн ...улсын бүртгэлийн гэрчилгээнд 23 хувьцаа эзэмшигч бүртгэгдсэн гэх тайлбар үндэслэлгүй.

в. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.10.26-ны өдрийн 1796 дугаар магадлалаар ...29 хувьцаа эзэмшигчтэй байхад 23 хувьцаа эзэмшигч нарт хурлын товыг мэдээлж үлдэх хувьцаа эзэмшигч, тэдгээрийн өв залгамжлагч нарт хурлын товыг мэдэгдээгүй, ...хурлын зарыг компанийн нийт хувьцаа эзэмшигч нарт мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж, Хэнтий хангай ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, *******г гүйцэтгэх захирлаар томилсон 02 тоот тогтоолыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.01.06-ний өдрийн 6 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээжээ /1хх 24-26, 2хх 231-237 тал/.

Дээрх шийдвэрээс хойш Хэнтий хангай ХХК-ийн хувьцаа эзэмшигч 23 болж өөрчлөгдсөн эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдсон үйл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу дахин нотлох шаардлагагүй юм.

2.Хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн эрх барих дээд байгууллага бөгөөд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна гэж, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2-т зааснаар саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал шаардлага гаргасан бол хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах журамтай.

 Түүнчлэн мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-өөс тогтоосон бүртгэлийн өдрөөр тасалбар болгон компанийн үнэт цаас эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх эрх бүхий этгээд гарган тухайн хурал зарласан этгээдэд хүргүүлнэ, 65 дугаар зүйлийн 65.1.-т энэ хуулийн 60.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ, 65.2.-т хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх журам, хугацааг компанийн дүрмээр тогтоож болно, 65.4.-т хувьцаа эзэмшигчдийн хурлын зард компанийн оноосон нэр, байршил, хурал хийх өдөр, цаг, газар, хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр, хурлаар хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам зэрэг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад мэдээллийг тусгасан байна гэж тус тус заасан.

Хэнтий хангай ХХК-ийн дүрмийн Тав-ын 1-д хувь нийлүүлэгч компанийн гэрээ дүрмэнд заасан журмын дагуу компанийн үйл ажиллагааг удирдахад оролцохын хамт хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцүү санал өгөх, ногдол ашиг авах эрхтэй, Ес-ийн 3-т хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлыг Компанийн тухай хуулийн 60,62 дугаарт заасны дагуу хуралдуулж болно гэж тус тус заажээ.

Саналын эрх бүхий хувьцааны 39 хувийг эзэмшигч ******* хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах санал, шаардлагыг 2018.08.09-ний өдөр гаргаж, ээлжит бус хурлыг 2018.09.21-ний өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэжээ.

Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг хүргэхдээ 23 гишүүнтэй гэж үзэж, 29 хувьцаа эзэмшигчийн 6 хувьцаа эзэмшигч тодруулбал, Я.Алтанцаг, Л.Наранцэцэг, Б.Батбаяр, Ч.Зоригт, А.Аюуш, О.Алтанцэцэг болон тэдгээрийн өв залгамжлагч нарт мэдэгдээгүй болох нь тогтоогдсон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна /1хх 221-225 тал/.

Мөн сонинд өгсөн зард хуульд заасан мэдээллийг тусгаагүй байна.

Дээр дурдсанаас үзвэл, компанийн дүрэмд заасан хувьцаа эзэмшигч, тэдгээрийн өв залгамжлагч нарыг хуралд оролцож, компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгоход санал өгөх талаар зохицуулсан Компанийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1., 65 дугаар зүйлийн 65.1, 65.4., 62 дугаар зүйлийн 62.2.3.-т заасныг зөрчсөн байх тул хурал болон хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй.

Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д энэ хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй бол хувьцаа эзэмшигч нь хурал, түүний шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.Пунцаг, Н.Дэжидмаа, Л.Наранцэцэг, А.Өдөр, Д.Нягт-Ундрал, О.Алтанцэцэг, М.Хишигжаргал, М.Мөнгөнтуяа, Я.Алтанцаг, Т.Өнөрцэцэг, Д.Долгор, Л.Жагдаг, Т.Баасанжав нар *******д өөрсдийгөө бүрэн төлөөлөх итгэмжлэлийг олгосон, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тус бүрээс олгосон итгэмжлэлийнх нь талаар асууж тодруулан тайлбар авсан, итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлээс Хэнтий Хангай ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, *******г ерөнхий захирлаар томилсон мөн өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүйд тооцож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч нарын нэрийг бичээгүй, хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж дурдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй байна.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

3.Нэхэмжлэлийн зарим шаардлага болох компаний дүрэмд заасан хувьцааны тоо, нэг бүрийн үнэ, өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувь хэмжээг өөрчлөх, Компанийн тухай хуулийн 63.6-д хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлагын гишүүдийг сонгохдоо нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүнийг сонгоно гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг, ******* нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлах эрхгүй болохыг тогтоолгох, дахин хурал зарлахгүй байхыг, компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар ашиглахгүй байх, хуулийн дагуу зарлагдан хуралдах хурлын даргад тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг өгөхийг даалгах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй байна.

4.Хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-5.5 дах хэсэгт зааснаар зохицуулагдах бөгөөд А.Аюуш, Ш.Батболд, Л.Наранцэцэг, Б.Батбаяр, Ч.Зоригт, О.Алтанцэцэг нар хувьцаагаа компанид худалдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

Шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, талаас нь үнэлсэн байх тул хариуцагчийн нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 216/МА2019/00014 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 157/ШШ2019/00114 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-т заасныг баримтлан *******, *******, Б.Пунцаг, Н.Дэжидмаа, Л.Наранцэцэг, А.Өдөр, Д.Нягт-Ундрал, О.Алтанцэцэг, М.Хишигжаргал, М.Мөнгөнтуяа, Я.Алтанцаг, Т.Өнөрцэцэг, Д.Долгор, Л.Жагдаг, Т.Баасанжав нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Хэнтий Хангай ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, *******г ерөнхий захирлаар томилсон мөн өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, нэхэмжлэлээс компаний дүрэмд заасан хувьцааны тоо, нэг бүрийн үнэ, өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувь хэмжээг өөрчлөх, Компанийн тухай хуулийн 63.6-д хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлагын гишүүдийг сонгохдоо нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүнийг сонгоно гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг, ******* нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлах эрхгүй болохыг тогтоолгох, дахин хурал зарлахгүй байхыг, компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар ашиглахгүй байх, хуулийн дагуу зарлагдан хуралдах хурлын даргад тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг өгөхийг даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ