Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/00400

 

Т.Шинэбаярын нэхэмжлэлтэй

                     иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02477 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1919 дүгээр магадлалтай, 

Т.Шинэбаярын нэхэмжлэлтэй,

Б.Баяндоржид холбогдох, 

Хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай үндсэн,

Автомашинд учирсан хохирол 11,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэлмэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Баяндорж, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч Т.Шинэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Туяабадрахын хамт 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгаас Улаанбаатар руу ирж явахдаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн зам дээр осол гаргасан. Осол гарах үед Т.Шинэбаярын эзэмшлийн Ланд круйзер 80 /Land cruiser 80/ маркийн 39-99 ХОА улсын дугаартай автомашиныг Б.Туяабадрах жолоодож явсан ба хариуцагч Б.Баяндоржийн Ланд круйзер 200 /Land cruiser 200/ маркийн 72-72 УНД улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Хариуцагч анх ярилцаж байснаараа хэний автомашинд нь ямар хэмжээний хохирол учирсан гэдгийг хамтдаа тогтоолгохгүйгээр өөрийн автомашины засварын хөлс гэж хэт их хэмжээний буюу 12,682,000 төгрөгийг нэхэмжилж эхэлсэн. Ингээд талууд цагдаа болон прокурорын байгууллагаар маргаанаа шийдвэрлүүлэхээр хөөцөлдсөн боловч эцэстээ Зөрчлийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарснаар уг гарсан зам тээврийн осолд хэн буруутайг цагдаагийн байгууллага тогтоож чадаагүй. Нэгэнт цагдаа цагдаа, прокурорын байгууллагаас ослын буруутай этгээдийг тогтоохгүй, хэргийг хэрэгсэхгүй болгосон тул өөрийн өмчлөлийн Ланд круйзер 80 /Land cruiser 80/ маркийн 39-99 ХОА улсын дугаартай автомашиныг хариуцагч Б.Баяндоржийн хууль бус эзэмшлээс гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Баяндорж шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагт миний эзэмшлийн Ланд круйзер 200 маркийн 72-72 УНД улсын дугаартай автомашиныг миний хадам аав болох Б.Мөнх-Алдар жолоодож явахад нэхэмжлэгчийн Ланд круйзер 80 маркийн 39-99 ХОА улсын дугаартай машин жолоочийн эсрэг талаас хурдтай орж ирээд мөргөсөн. Ослын улмаас машины хоёр хаалга, урд купер, хойд бөгсний гэрэл, хойд хонго, гишгүүр, урд их гэрэл, доод цап зэрэг эд ангиуд эвдэрч, гэмтэн тэнхлэг тохиргоо алдагдсан. Эдгээр эд ангиудыг Хэт моторс ХХК болон ТL моторс ХХК-д оношлогоо хийлгэн засуулахад нийтдээ 12,682,000 төгрөг зарцуулсан. Үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Баяндорж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Шинэбаяр нь өөрөө бичгээр ...би хохирлыг төлнө гэж бичиж өгсөн баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. Нэгэнт зам тээврийн осол Т.Шинэбаярын буруутай үйлдлээс болж гарсан учир би өөрийн автомашиныг засварлуулахад гарсан зардлыг түүнээс нэхэмжилж байна. Анх 12,682,000 төгрөгийг нэхэмжилж байсан. Гэвч нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс томилогдон ажилласан шинжээч ...11,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн учир би өөрийн шаардлагаа 11,000,000 төгрөг болгон багасгаж байна. Иймд 11,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Шинэбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч Т.Шинэбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэлийг хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан. Хэрэгт авагдсан лавлагаанаас үзэхэд Ланд круйзер 200 /Land cruiser 200/ маркийн автомашины өмчлөгч нь Б.Баяндорж биш, ондоо хүн байна. Мөн зам тээврийн осол хэний буруугаас болж гарсныг хуулийн байгууллага албан ёсоор тогтоогоогүй, тогтоосон бичиг баримт байхгүй. Т.Шинэбаярын автомашиныг Б.Туяабадрах жолоодож яваад осол гаргасан. Тийм учраас Б.Баяндорж нь буруу хүнээсээ хохирлоо нэхэмжлээд байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02477 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан 39-99 ХОА улсын дугаартай, Тоёота ланд круйзер 80 /Toyota land cruiser 80/ автомашиныг хариуцагч Б.Баяндоржийн хууль бус эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч Т.Шинэбаярт олгож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Шинэбаяраас 11,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Баяндоржид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 217,862 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баяндоржоос 282,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Т.Шинэбаяраас 190,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1919 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02477 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэлмэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны 1919 дугаарт магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Зам тээврийн осолд яг хэн нь буруутай гэдгийг хуулийн байгууллага албан ёсоор тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл зам тээврийн ослын талаар замын цагдаагийн албанаас зохих ажиллагаа хийгдэж, улмаар прокурорын байгууллагаас уг зам тээврийн ослын буруутай этгээдийг тогтоож эрүүгийн шүүх гэм бурууг эцэслэн шийдвэрлээгүй атал иргэний шүүх зам тээврийн ослын дүгнэлтийг хийж улмаар Т.Шинэбаярыг гэм буруутай гэж тогтоож, цаашлаад хохирлыг Т.Шинэбаяраас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл иргэний шүүх Т.Шинэбаяр нь тоёота ланд круйзер 80 маркийн автомашиныг жолоодож явсан гэж, зам тээврийн осол Т.Шинэбаярын буруутай үйлдлээс шалтгаалан гарсан гэж дүгнэх эрхгүй. Хэрвээ тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлсэн үйлдэл нь тогтоогдож байвал тухайн үйлдэлдээ л хариуцлага хүлээхээс биш уг тээврийн хэрэгслийн жолоодож явсан хүний буюу Б.Туяабадрахын өмнөөс хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн 72-72УНД улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 маркийн автомашины өмчлөгч нь Б.Баяндорж биш учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1919 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

Т.Шинэбаяр нь Б.Баяндоржийн хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах нэхэмжлэл гаргахдаа үндэслэлээ ...осол болох үед Тоёота ланд круйзер 200 маркийн машиныг Б.Баяндоржийн хадам аав унаж явсан,...тэрээр ослын газар ирээд хохирлоо тохиролцъё гээд өөрийн обьектод миний машиныг авч үлдсэн, гэвч хохирлыг хамтдаа тогтоолгүй, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн, ...цагдаад хандахад хэн буруутайг тогтоох боломжгүй гэсэн... гэж тайлбарлажээ.  

Хариуцагч ...осол болсон газарт очиход Т.Шинэбаяр, түүнтэй хамт явсан Б.Туяабадрах нар хоёулаа согтуу байсан,...хохирол төлбөрийг чинь маргааш төлнө, цагдаа битгий дууд гэсэн тул гомдол гаргаагүй, ...хохирлоо төлчихвөл машиныг нь буцаагаад өгнө гэсэн тайлбар гаргаж, улмаар автомашинд учирсан хохиролд 11,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргажээ.  

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, СХД-ийн нутаг дэвсгэр Эмээлтийн замд 2018.05.21-ний өдөр Тоёота ланд круйзер 80 маркийн 39-99 ХОА улсын дугаартай, 72-72 УНД улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарсан байх ба энэ үйл явдлын талаар зохигч маргаагүй байна.  

Харин зам тээврийн осол болох үед тухайн тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан, осол хэний буруугаас гарсан нь маргааны зүйл болжээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлд Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 2018.09.17-ний өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай, 2018.11.15-ний өдрийн Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг дурдсан ба уг тогтоолоор Б.Туяабадрахад холбогдох хэргийг зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна /хэргийн 8-9 дүгээр тал/.  

Харин хариуцагчаас гаргаж өгсөн 2018.05.21-ний өдрийн баримтад ...миний бие Т.Шинэбаяр нь машины эвдрэлийг бүрэн барагдуулна, энэ хугацаанд ямар нэг асуудал гаргахгүй зохицно... гэжээ/ хэргийн 34-35 дугаар тал/.  

Түүнчлэн хэргийн 97-98 дугаар талд авагдсан CD бичлэгт үзлэг хийсэн 2019.6.25-ны өдрийн тэмдэглэлд ...Т.Шинэбаяраас хохиролгүй болгож өгнө, ...Туяабадрахаас цагдаа нар ирвэл яаж тохирох вэ гэхэд Т.Шинэбаяраас одоо утастаад болиулчих, тохиролцъё гэх яриа бичигдсэн, дээрх тэмдэглэлийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.  

Т.Шинэбаяр тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон, өөрийн буруугаас осол гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, уг ослын улмаас Б.Баяндоржийн өмчлөлийн машинд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон, шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоожээ.  

Өөрөөр хэлбэл, ...тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан... талаарх хариуцагчийн тайлбар, баримтыг Т.Шинэбаяр эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар энэ үйл баримтыг нэхэмжлэгч зөвшөөрсөн гэж үзнэ.   

Хариуцагч Б.Баяндорж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 11,000,000 төгрөг шаардахдаа, үндэслэлээ ...Т.Шинэбаяр зам тээврийн осол гаргасан ...миний машиныг засахад шинжээчийн дүгнэлтээр материалын зардал 10,050,000 төгрөг, ажлын хөлс 950,000 төгрөг... гэж тайлбарлажээ. Осолд хэн буруутай гэдгийг хуулийн байгууллага тогтоогоогүй, тухайн үед машиныг Б.Туяабадрах барьж явсан гэсэн тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.  

Гэрэгэ эстимейт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд ...72-72 УНД улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн машинд учирсан хохирлын дүнг 11,000.000 төгрөг... гэж тогтоосон, нэхэмжлэгч үгүйсгээгүй байна /хэргийн 67-72 дугаар тал/.  

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-т зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.  

Шүүх тухайн үед тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан, зам тээврийн осол гаргасан гэм буруу, ослын улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүргийг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй дүгнэж, шийдвэр, магадлалд энэ талаарх эрх зүйн дүгнэлтийг тодорхой тусгасан байна.  

Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан, нэхэмжлэгчийн 39-99 ХОА улсын дугаартай Тоёота ланд круйзер 80 маркийн автомашин өөрийнх нь эзэмшилд байгааг хариуцагч үгүйсгээгүй, шүүх Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан өөртөө туслах үйлдэл хийх зайлшгүй шаардлагатай байсан нь тогтоогдоогүй гэж үзэн үндсэн нэхэмжлэлийг хангасанд хариуцагч гомдол гаргаагүй байна.  

Хариуцагч Б.Баяндорж нь 72-72 УНД улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг 2018.12.24-нд бусдад худалдсан байх боловч энэ нь нэхэмжлэгчийг хохирол төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.    

Анхан болон давж заалдах шатны шүүх гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02477 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1919 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэлмэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ 

  Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД