Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1272

 

                                                  

                                       

 

 

 

                                             

 

 

2018 оны 5 сарын 22 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01272                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 9 хороо, Буянт-Ухаа 23 гудамж, 905 тоотод оршин суух,  Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Рапид хороолол, 28 байр, 4 тоот, Шанага долоо супер маркетад байрлах, “Ш” ХХК-д  холбогдох

Ажлаас халагдсаны тэтгэмжид 1.500.000 төгрөг, олгогдоогүй цалин олговорт 3.101.112 төгрөг, нийт 4.601.112 /дөрвөн сая зургаан зуун нэг мянга нэг зуун арван хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгон-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Ш” ХХК-д 2017 оны 8 сарын 01-нээс ерөнхий нягтлан бодогчоор ажиллахаар 2017 оны 9 сарын 30-нд 2 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Байгууллага 8, 9, 10 саруудын цалинг олгосон ч 11 сарын цалинг ХХБ-ы дансны хуулгын тайланг /2017 оны харилцахын тайланг программ дээр шивээгүй байсныг би бүх саруудыг программд шивсэн/ программд шивсны дараа олгоно гэсэн тайлбар хийж олгоогүй. ХХБ-ы харилцахын тайланг 2017 оны 12 сард программ дээр бичилт хийж дууссаны дараа ч цалин олголгүй жилийн эцсийн тайлан гарахаар цалинг чинь нэг мөсөн өгнө гэсэн. 2018 оны 2 сард эксэл программаар тайланг гаргаж /тайлан шивэхийг Алтантуяа захирал зөвшөөрсөн/, цахим тайланг илгээсэн тайлантай таарахгүй /цахимаар төрийн харилцагч байгууллага руу санхүүгийн тайлан нь программ буюу бодит тайлантай тэнцэхгүй байх тодорхой шалтгаануудыг компанийн үйл ажиллагааг удирддаг хүмүүс нь мэдсээр байж цалин өгөхгүй байх шалтгаан болгосон/ шалтгаанаар 11, 12, 1, 2 сар нийт 4 сарынхыг олгоогүй. Улмаар ажлаас халах тушаал гар дээр бичгээр ирээгүй байхад 2018 оны 2 сарын 21-нд ажлаа хүлээлгэж өгөх мэдэгдэл өгсөн. Миний зүгээс өөрт оногдсон ажлаа цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлж явтал Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19.1.2, 23.1.3 дахь заалт, Татварын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажлаас халсан тул тэтгэмж 1.500.000, олгогдоогүй цалин 3.101.112, нийт 4.601.112 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О нь 3 худалдагч, 1 менежер хариуцсан өөрөөр хэлбэл бага орлоготой нэгэн дундаж гэр бүлийн санхүү, нягтлан бодохын ажлыг гүйцэтгэхээр томилогдсон ч ажлаа маш хангалтгүй гүйцэтгэж, ирсэн. Компанийн удирдлагын зүгээс түүнийг дадлагажиж, ажилдаа гаршиж, зүгшрэх болов уу, жижиг байгууллага байнга боловсон хүчин солиод яахав гэж хүлээсэн ч З.О ямар ч үр дүн гаргаагүй учир үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэр тус компанид 2017 оны 8-р сарын 01-нээс сарын 600.000 төгрөгийн цалинтай, нягтлан бодогчийн ажилд томилогдсон ч дэлгүүрт засвар орсон тул ажилчидтайгаа тохирч тэдний хүсэлтээр цалингүй чөлөө олгосон. Дэлгүүр 2017 оны 09 сарын 09-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Ажил жигдэрмэгц 2017 оны 09 сарын 30-наас ажилчиддаа Ажлын байрны тодорхойлолтыг танилцуулан, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Оийн ажилласан хугацааны нийт олгохоор тооцсон 3.595.640,40 төгрөг цалингаас НД болон ЭМ даатгалын шимтгэлд 370.131,87 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 278.575,82 төгрөг, тооллогын дутагдалд 277.554 төгрөг, ажлаас хоцорсон цагийн төлбөр 476.900 төгрөг хасч гарт олгох цалин 2.192.442, 59 төгрөг болсон. Авсан цалинг сар бүрээр харуулбал: 8 сард 450.647,54 төгрөг, 9 сард 601.100 төгрөг, 10 сард 1.119.338 төгрөг, 11 сард 633.445 төгрөг, 12 сард 775.934 төгрөг, 2018 оны 01 сард 247.743 төгрөг, 2 сард 592.818,50 төгрөг, нийт 4.321.026,04 төгрөг олгосон. Зөрүү 2.128.583,45 төгрөг илүү олгосон. З.От цалин болон ажлаас халагдсаны тэтгэмж төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шанаган ундрах” ХХК нь үйл ажиллагааныхаа хүрээнд Шанага долоо хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Энэ хүнсний дэлгүүр орон сууцны байрны доор байрладаг, 100 мкв хүрэхгүй дэлгүүр. Нягтлан бодогч 2 кассын худалдагч нийт 5 хүний орон тоотой үйл ажиллагаа явуулдаг том аж ахуйн нэгж биш. 8 дугаар сараас хойш З.Одонтунгалагийг нягтлан бодогчийн ажилд авснаас хойш хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн хуульд заасан үүрэг хариуцлагын дагуу цалин олгож байсан. Ажил олгогчийн зүгээс З.Одонтунгалагийг ажлаа сайн хийсэн гэж үзэхгүй. Удаа дараагийн хамт олны хурал дээр ажлаа зохих түвшинд хийхийг шаардаж байсан. Өөрийнх нь өргөдөл дээр бичсэн Алтантуяа нь нягтлан бодох мэргэжилтэй. Би өөрөө нягтлан бодох мэргэжилгүй учраас албан ёсны нягтлан аваад аятайхан ажиллуулья  эгчийгээ зөвлөөд өгөөч З.Одонтунгалаг чадахгүй байна гэж хэлээд явж байсан. З.Одонтунгалаг ажлаа хийдэггүй, ажлын байранд заагдсан сар бүр тооцоо нийлэх, НӨАТ-ын баримтаа цуглуулах ёстой гэсэн ажлууд байгаа ч хийгдсэн ажил байхгүй. Тайлан өгөх сүүлийн өдөр тайлан шивж байна гэж байгаад байсан. Тухайн үед компьютер засуулахаар хүн авчирсан байна  түр босоод өгөөч гэхээр үгүй би тайлан шивж байна гэсэн. Удирдлагаас ямар ч зөвшөөрөлгүй, удирдлагад танилцуулсан зүйл байхгүй байж тайлан шивнэ гэж юу яриад байгаа юм бэ гэсэн яриа хүртэл явагдаж байсан. З.Одонтунгалагийг ажлаа хариуцлагатай хий гэж удаа дараа шаардсан ч хийгээгүй, танайд ажиллахгүй гэдэг байсан. Цалингийн хувьд бид нар шүүхэд хариу тайлбар гаргаж өгөхдөө нэг бүр гаргаж өгсөн. Миний хүнсний дэлгүүрийн хувьд З.Одонтунгалагийн цалинг санаатай өгөөгүй, ашиглах гэсэн ёс зүйгүй үйлдэл байхгүй. Хөдөлмөрийн гэрээний дагуу олгохоор тооцсон цалин 3.595.640 төгрөг байх ёстойгоос хувь хүний орлогын албан татвар, ажлаас хоцорсон төлбөр, нийгмийн даатгал эрүүл мэндийн шимтгэлийг төлөөд гар дээр 4.321.000  төгрөг олгосон байгаа. Олгох ёстой байсан 2.192.000 төгрөгийн зөрүү 2.100.000 төгрөг гарч байна. З.Одонтунгалагийн манайхаас авсан цалин өдөр бүр хөтөлж байсан кассын дэвтрийг хөөж үзэхээр хувь хүн өөрөө хүсэлтээ гаргаад өдөр мөнгөөр, бараагаар авдаг байсан. Манайх жижиг байгууллага учраас хүний нөөцөө тогтвортой байлгах үүднээс ажилчдыгаа дэмжих үүднээс хүсэлтэд нь 1 ч удаа татгалзаж байгаагүй. Бэлэн мөнгө болон цалинг өгч байхад ажилдаа хариуцлагагүй хандсан. Цалин бодох үйл ажиллагаа З.Одонтунгалагийн ажил, түүний бодсоны дагуу бид цалингаа өгөх ёстой. З.Одонтунгалаг тухайн үед цалингаа бараа материалаар цалингаа авсан юм уу, ямар ч байсан нягтлан бодохын өөрийнх нь бодох ёстой ажил. Тухайн үед З.Одонтунгалаг касснаас авсан мөнгийг тооцоолсон хувилбар нэгтгэгдэж гарсан байх. Гэрээнд 2 удаа хөдөлмөрийн цалин өгнө гэж тохиролцсон. Хувь хүн хүсэлт гаргахаар бараагаар юм уу, бэлэн мөнгөөр гар гэрийнхээ хүсэлт гаргадаг. Нэхэмжлэгч гардаж аваагүй учраас сөрөг нэхэмжлэлээ татаж аваад жич гаргана гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

З.О нь “Ш” ХХК-д холбогдуулан ажлаас халагдсаны тэтгэмжид 1.500.000 төгрөг, 4 сарын хугацааны олгогдоогүй цалин олговорт 3.101.112 төгрөг гаргуулах тухай холбогдуулан нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ ажлаа цаг тухайд нь хариуцлагатай биелүүлж явтал халсан тул тэтгэмж авах эрхтэй, ажилласан 4 сарын хугацааны цалинг олгоогүй тул гаргуулна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халсан тул тэтгэмж авах эрх үүсэхгүй, дээрх хугацааны цалингаа дэлгүүрийн орлогоос авснаа Кассын дэвтэрт өөрөө бүртгэсэн тул цалин олгох үндэслэлгүй гэж маргалаа.

 

 “Ш” ХХК нь З.Оийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 07 тоот  тушаалаар тус компанийн “Шанага долоо” супермаркетад ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд сарын 600.000 төгрөгөөр цалинжуулахаар томилж, түүнтэй 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулжээ.

 

Хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалинг 600.000 төгрөгөөр, нэмэгдэл цалинг гэрээний 3.2.7-д заасан ажлын гүйцэтгэлийн үр дүнгээс хамаарч нийт цалингийн 40 хувиар олгохоор тохиролцсон байна.

 

Ажил олгогч нь З.Оийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05 тоот тушаалаар 2017 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайланг хуулийн хугацаанд гаргаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргийн ажлаа хийж гүйцэтгээгүй буюу Хөдөлмөрийн гэрээний 6.3.5, 6.3.7, 6.3.15-д заасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Талууд Хөдөлмөрийн гэрээний 6.3.5-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 өдөр ажил тасалсан бол, 6.3.7-д удирдлага болон өөрийн шууд удирдах дээд албан тушаалтны өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол, 6.3.15-д ажилтан ажлын гүйцэтгэлийн үнэлгээг 3 сар дараалан 60 хувиас доош хангасан, хугацаат үүрэг даалгаврыг биелүүлж чадаагүй бол ноцтой зөрчил гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан ба нэхэмжлэгч нь дээрх тушаалаар халагдсан үндэслэлийг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь ажлаас халагдсаны тэтгэмж авахаар гаргасан шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 1 сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор заажээ.

 

Өөрөөр хэлбэл талууд хөдөлмөрийн гэрээний хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулиар тэтгэмж авах эрх үүсэхгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулахаар шаардах эрхгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж заасан ба талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.4-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлсийг ажилтанд тогтсон хугацаанд олгох үүргийг хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч нь “Ш” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажилласан 2017 оны 11, 12 дугаар сар, 2018 оны 01, 02 дугаар сарын цалин хөлсөө  ажил олгогчоос шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “дэлгүүрийн орлогоос цувуулж 11 сард 633.445 төгрөг, 12 сард 775.934 төгрөг, 2018 оны 01 сард 247.743 төгрөг, 2 сард 592.818,50 төгрөг авсан тул цалинг олгосон, нэхэмжлэгч өөрөө Кассын дэвтэр хөтөлдөг байсан” гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан Кассын дэвтэрт нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, түүний бичилт мөн эсэхэд шинжээч томилуулахаар хүсэлт гаргаагүй, хариуцагчийн төлөөлөгч нь “гэрээгээр 2 удаа цалин өгөхөөр тохиролцсон” гэж тайлбарласан тул ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлсийг олгосон гэж үзэхгүй юм.

 

Талууд гэрээгээр сарын цалинг 600.000 гэж тодорхойлсон, хариуцагчийн төлөөлөгч нь жижиг байгууллага учраас хүний нөөцөө тогтвортой байлгах, дэмжих үүднээс нэмэгдэл олгож 11 сард 633.445 төгрөг, 12 сард 775.934 төгрөг, 2018 оны 01 сард 247.743 төгрөг, 2 сард 592.818 төгрөг буюу нийт 2.249.940 төгрөгийг цалин гэж олгосон талаар тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн олгосон гэж тодорхойлсон хэмжээнд нэхэмжлэгчийн цалинг олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Ш” ХХК-иас 2017 оны 11, 12 дугаар сар, 2018 оны 01, 02 дугаар сарын цалин олговорт 2.249.940 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч З.От олгож, шаардлагаас үлдэх 2.371.762 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

 

Хариуцагч тал илүү олгосон цалинг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба энэ өдрийн шүүх хуралдаан дээр тусдаа бие даасан нэхэмжлэлээр гаргах үндэслэлээр  сөрөг нэхэмжлэлээ татаж авах хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар батлах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 50.620 төгрөг гаргуулан орлогод оруулав.

 

Сөрөг нэхэмжлэлийг татан авсантай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 49.007 төгрөгийг буцаан олголоо. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан “Ш” ХХК-иас 2017 оны 11, 12 дугаар сар, 2018 оны 01, 02 дугаар сарын цалин олговорт 2.249.940 /хоёр сая хоёр зуун дөчин есөн мянга есөн зуун дөч/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч От олгож, шаардлагаас үлдэх 2.371.762 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 50.620 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 49.007 төгрөгийг буцаан олгосугай.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.   

 

 

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ