Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/01612

 

­­­­­

 

 

 

 

 

 

 

 

З.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/01272 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч З.О,

Хариуцагч “Ш” ХХК-д холбогдох,

Ажлаас халагдсаны тэтгэмжид 1 500 000 төгрөг, олгогдоогүй цалин олговорт 3 101 112 төгрөг, нийт 4 601 112 төгрөг гаргуулах иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч З.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгон-Эрдэнэ, өмгөөлөгч Б.Баярмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ерөнхий нягтлан бодогчоор ажиллахаар 2 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хариуцагч 8, 9, 10 саруудын цалинг олгосон боловч 11 дүгээр цалинг дансны хуулгын тайланг программд шивсний дараа олгоно гэсэн тайлбар хийж олгоогүй. 2017 оны бүх тайланг программ дээр шивсэн ч жилийн эцсийн тайлан гарахаар цалин олгоно гэсэн.

2018 оны 2 дугаар сард эксел программаар тайлан гаргаж болно гэсэн н.Алтантуяа захирлын зөвшөөрлийн дагуу тайланг гаргасан. Цахим тайлан илгээсэн тайлантай таарахгүй байна гэсэн шалтгаанаар 11, 12, 1, 2 сарын буюу нийт 4 сарын цалин олгоогүй. Санхүүгийн тайлан нь цахим программ болон бодит тайлантай таарахгүй байдаг шалтгаануудыг мэдсээр байж хариуцагч тал үүнийг шалтгаан болгосон.

2018 оны 2 дугаар сарын 21-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөх мэдэгдэл өгсөн. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсаны тэтгэмж 1 500 000 төгрөг, олгогдоогүй цалин 3 101 112 төгрөг, нийт 4 601 112 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 3 худалдагч, 1 менежер хариуцсан боловч ажлаа хангалтгүй гүйцэтгэж ирсэн. Компанийн удирдлагын зүгээс нэхэмжлэгчийг ажилдаа гарших болов уу гэж хүлээсэн ч, ямар ч үр дүн гараагүй тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 2018 оны 8 дугаар сарын 1-ны өдрөөс сарын 600 000 төгрөгийн цалинтай нягтлан бодогчийн албыг хашиж байсан ч дэлгүүр засварт орсон тул ажилчидтайгаа тохирч нэг сарын цалингүй чөлөө олгосон ба 2017 оны 9 дүгээр сарын 09-ны өдрөөс дэлгүүр ажиллаж эхэлсэн.

2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс ажилчиддаа ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчид олгох нийт цалин 3 595 640,40 төгрөг, үүнээс эрүүл мэндийн даатгалд 370 130,87 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 278 575,32  төгрөг, тооллогын дутагдалд 277 554 төгрөг, ажлаас хоцорсон цагийн төлбөр 476 900 төгрөг хасч, гарт 2 192 442,59 төгрөг олгох ёстой байсан.

Авсан цалинг сар бүрээр тодруулбал: 8 дугаар сард 450 647,54 төгрөг, 9 дүгээр сард 601 100 төгрөг,  10 дугаар сард 1 119 338 төгрөг, 11 дүгээр сард 633 445 төгрөг, 12 дугаар сард 775 934 төгрөг, 2018 оны 1 дүгээр сард 247 743 төгрөг, 2 дугаар сард 592 818,50 төгрөг буюу нийт 4 321 026,04 төгрөг олгосон. Зөрүү 2 128 583,45 төгрөг илүү олгосон. Иймд нэхэмжлэгчид үлдэгдэл цалин болон тэтгэмж төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг  баримтлан “Ш”  ХХК-иас 2017 оны 11, 12, 2018 оны 1, 2 дугаар сарын цалин олговорт 2 249 940 төгрөг гаргуулан нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 2 371 762 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 50 620 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 49 007 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бодитой харьцуулан дүгнээгүй, цалингийн хүснэгт байхгүй гэсэн үндэслэлээр бусад нотлох баримтыг үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчид 2017 оны 11 дүгээр сард 633 000 төгрөг, 12 сард 775 934 төгрөг, 2018 оны 1 дүгээр сард 247 743 төгрөг, 2 дугаар сард 592 818 төгрөгийн цалин олгосон нь кассын дэвтэр болон бусад гарын үсэг зурсан баримтаар тогтоогдож байгаа. Кассын дэвтэрт нэхэмжлэгч гарын үсэг зураагүй тул цалин хөлс олгосон гэж үзэхгүй байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч энэ мөнгийг аваагүй гэдгээ баримтаар нотлоогүй, мөн шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулж нэхэмжлэгчийг нотлох баримт гаргаж өгөх хангалттай хугацаа олгосон гэж үзэж байна. Кассын дэвтэрт бичигдсэн гүйлгээ, ажил үйлчилгээг нэхэмжлэгч компьютерт шивж, тайлан гаргадаг ба түүний аваагүй зүйл кассын дэвтэрт бичигдсэн бол няцаах эрх нь түүнд байсан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаар няцаасан.

Хуулийн дагуу нэхэмжлэгчид олгосон цалингаас шимтгэл төлж, мэдээ тайланг тогтоосон хугацаанд гаргаж нэхэмжлэгч өөрөө даатгалын байгууллагад хүргүүлсэн. Ийнхүү цалингаа бүрэн авсан нь тогтоогдсоор байхад цалин авсан гарын үсэг байхгүй гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх маргаж буй үйл баримттай холбоотой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            Нэхэмжлэгч З.О нь “Ш” ХХК-д холбогдуулан ажлаас халагдсаны тэтгэмжид 1 500 000 төгрөг, олгогдоогүй цалин 3 101 112 төгрөг, нийт 4 601 112 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халагдсан тул тэтгэмж авах эрхгүй, цалинг бүрэн олгосон гэжээ.

            Ажил олгогч З.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайланг хуулийн хугацаанд гаргаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ гүйцэтгэлгүй хөдөлмөрийн гэрээний 6.3.5, 6.3.7, 6.3.15-д заасныг зөрчсөн гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тушаал хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч нь уг тушаалыг үндэслэлгүй, ажлаас халагдах ёсгүй байсан гэж маргаагүй, харин ажлаас гэнэт халагдсан тул тэтгэмж авна гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсаны тэтгэмж авах үндэслэлд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт хамаарахгүй тул тэтгэмж авах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй бөгөөд хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Харин шүүх маргаж буй үйл баримтад холбоотойгоор талуудын харилцан тохиролцож тогтоосон үндсэн цалин 600 000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн олгосон гэж хариуцагчаас шүүхэд ирүүлсэн З.О-ийг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, компаниас нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлсэн тайлан, кассын зарлагын дэвтэр зэрэг бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн, маргаанд хамааралтай талаас нь үнэлж чадаагүйгээс шүүх цалин дутуу олгогдсон гэсэн алдаатай дүгнэлтийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг 2017 оны 11, 12, 2018 оны 01, 02 дугаар сарын цалин хөлсийг шаардах эрхтэй гэж дүгнэн, олгогдоогүй цалин 3 101 112 төгрөг нэхэмжилсний 2 249 940 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болсныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Ажил олгогч “Ш” ХХК З.О-ийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар тушаалаар компанийн ерөнхий нягтлан бодогчоор томилон ажиллуулахдаа сарын үндсэн цалинг 600 000 төгрөг гэж /хх-20/, мөн 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.4 дэх заалтаар цалин хөлсийг 1 000 000 төгрөг, үүний 60 хувь нь үндсэн цалин, 40 хувь нь нэмэгдэл буюу хувьсах цалин гэж харилцан тохиролцож тогтоожээ. /хх-35/

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч З.О-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-6/-аар үндсэн цалин 600 000 төгрөгийг олгож, түүнээс шимтгэл төлж бичилт хийсэн, мөн нягтлан бодогч өөрөө нийгмийн даатгалын байгууллагад гаргасан тайландаа 600 000 төгрөгийн цалинд шимтгэл төлснөө тайлагнасан байна. /хх-47, 50, 53/ Дээрх баримтуудаас ажил олгогчоос олговол зохих 600 000 төгрөгийн үндсэн цалинг нэхэмжлэгч З.О-т бүрэн олгосон нь тогтоогдож байна.

З.О-т дээрх байдлаар үндсэн цалинг олгосноос гадна зээл, унааны мөнгө зэрэг хэлбэрээр нэмэгдэл өгч байсан нь компанийн кассын зарлагын дэвтэрт бичигдсэн, нэхэмжлэгч уг баримтыг үгүйсгээгүй байна. Иймд шүүх нэмэгдэл байдлаар бэлнээр олгогдсон 2 249 940 төгрөгийг гарын үсэггүй гэх үндэслэлээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн цалинг дутуу олгосон гэх нэхэмжлэлийн үндэслэл баримтаар няцаагдсан, харин илүү урамшуулал хөнгөлөлтөд 2 249 940 төгрөгийг олгосон нь тогтоогдсон тул олгогдоогүй цалин гэж 3 101 112 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажлаас халагдсаны тэтгэмжид 1 500 000 төгрөг, олгогдоогүй цалин 3 101 112 төгрөг, нийт 4 601 112 төгрөгийг “Ш” ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/01272 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг баримтлан ажлаас халагдсаны тэтгэмж, олгогдоогүй цалин нийт 4 601 112 төгрөгийг “Ш” ХХК-аас гаргуулах нэхэмжлэгч З.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                                                            А.ОТГОНЦЭЦЭГ