Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00640

 

 

О.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Ундрах, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00862 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1198 дугаар магадлалтай, 

О.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй,

Мэдээлэлхолбооны сүлжээ ХХК-д холбогдох, 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамирын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгэл, Г.Чингбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтайсайхан, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч О.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-нд 2014 оны 10 дугаар сарын 13-нд хөдөлмөрийн гэрээ байгуулан хуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. 2016 оны 02 дугаар сараас жирэмсний болон амаржсаны амралт болон хүүхэд асрах чөлөө авсан. Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин жирэмсэн болж 2017 оны 12 дугаар сард хүүгээ төрүүлж дахин хүүхэд асрах чөлөөгөө сунгах хусэлтээ өгч үргэлжлүүлэн чөлөөтөй байж байгаад 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ бичгээр өгсөн. Тэгээд 2020 оны 01 дугээр сарын 17-ны өдөр Хүний нөөцийн ажилтантай очиж уулзахад Мэдээлэл холбооны сулжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дугээр сарын 17-ны өдрийн Б/17 дугаартай О.Оюунтуяаг ажилд эргүүлэн томилох тухай тушаалтай танилцуулсан. Тушаалд намайг Захиргаа, хуулийн хэлтсийн өр, авлага хариуцсан ажилтнаар томилсон байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зуйлийн 35.1.4-т заасны дагуу Мэдээлэл холбооны сүлжээ ХХК хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах үүрэгтэй байтал цомхтгол нэрээр харин ч орон тоог нэмэгдүүлж, ажлын байрны нэршлийг өөрчилж байгаад ажлын байрны гүйцэтгэх үүрэг, цалинг бууруулж өөр ажил албан тушаалд бусдыг томилж ажилтныг хохироож байгааг ажлаас халсан буюу өөр ажилд үндэслэлгүй шилжүүлсэн гэж үзэж байна. Иймд намайг өмнө ажиллаж байсан Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Мэдээлэлхолбооны сүлжээ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь О.Оюунтуяатай 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Хуулийн албаны хуулийн зөвлөхөөр томилсон. О.Оюунтуяа 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан. О.Оюунтуяа нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орох хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Ажил олгогчийн зүгээс ажилтны хүсэлтийг шийдвэрлэж 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар О.Оюунтуяаг Ерөнхий удирдлагын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн өр, авлага хариуцсан ажилтнаар томилсон.Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 59/01 дүгээр Бүтэц батлах тухай тогтоолоор Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг баталсан. Уг бүтцээр О.Оюунтуяагийн ажиллаж байсан Хуулийн алба нь Ерөнхий удирдлагын газрын Захиргаа, хуулийн хэлтэс болон өөрчлөн байгуулагдсан бөгөөд чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй. Ажил олгогчийн зүгээс хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг З жил 10 сарын хугацаанд төлсөн байх бөгөөд ажлын байрыг нь хэвээр хадгалсан. О.Оюунтуяаг өөрийнх нь хүсэлтийн дагуу ажилд нь авсан тушаал нь гарсан, очоод ажиллахад бэлэн байна. Харин цалин хөлсийг зөвшөөрөхгүй, энэ хүн хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад ажилдаа орсон, тийм учраас цалин хөлс олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00862 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч О.Оюунтуяаг хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн ерөнхий удирдлагын газрын захиргаа, хуулийн хэлтэст хуулийн зөвлөх /хуулийн мэргэжилтэн/-ийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1198 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00862 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч О.Оюунтуяаг хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн ерөнхий удирдлагын газрын захиргаа, хуулийн хэлтсийн хуулийн зөвлөх /хуулийн мэргэжилтэн/-ийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 7,486,780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Оюунтуяад олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-д даалгасугай. гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 134,738 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1198 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Ажил олгогчийн зүгээс ажилтны ажилдаа эргэн орох хүсэлтийг нь үндэслэн өмнөх эрхэлж байсан албан тушаалынх нь чиг үүрэг өөрчлөгдөөгүй албан тушаалд томилсноос гадна үндсэн цалинг нь нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалынх нь чиг үүргийг өөрчилж, хөдөлмөрлөх эрх ашгийг нь хохироосон үйлдэл гаргаагүй гэж үзэж байна.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх ...нэхэмжлэгч О.Оюунтуяа нь хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад гүйцэтгэх захирлын 2020.01.17- ны өдрийн Б/17 тоот тушаалын дагуу Ерөнхий удирдлагын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн өр, авлага хариуцсан ажилтнаар хэлбэрийн хувьд томилогдсон байх боловч бодит байдал дээр уг ажлыг огт хийгээгүй, тушаалыг зөвшөөрөхгүй гэж шүүхэд хандсан, тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 49 дүгээр зүйлд зааснаар цалин хөлс аваагүй байх бөгөөд түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосноор Хөдөлмөрийн тухай хуулийн 69, 46 дугаар зүйлд заасан үр дагавар үүсэхгүй, цалин хөлсөөр хохирсон гэж үзэхгүй, цалин хөлсийг дагасан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үндэслэл бүрдэхгүй гэж үзсэн болно. гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 1198 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00862 дугаартай шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

О.Оюунтуяа нь Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй, маргасан байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулжээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, О.Оюунтуяа нь Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад жирэмсний амралт авч, хүүхэд төрүүлсэн ба хүүхэд асрах чөлөөтэй байсан болох нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч 2019.12.15-ны өдөр ажилд орох хүсэлт гаргасан, ажил олгогч 2020.01.17-ны өдөр Ерөнхий удирдлагын газрын захиргаа, хуулийн хэлтсийн өр, авлага хариуцсан ажилтнаар томилжээ /хэргийн 11 дүгээр тал/. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг ажил олгогч хүлээнэ. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй талаар заажээ.  

Нэхэмжлэгч ажилдаа орох хүсэлт гаргасан нь түүнийг өмнө эрхэлж байсан ажилд үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэл болох бөгөөд нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч ...өр барагдуулах ажлын чиг үүрэг нь хуулийн зөвлөхийн чиг үүрэгтэй бараг адил, нэршил нь өөрчлөгдсөн гэсэн тайлбар гаргажээ. 

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн ТУЗ-ийн 2016.11.09-ний өдрийн 59/01 дүгээр тогтоолоор баталсан бүтцээр хуулийн алба нь Ерөнхий удирдлагын газрын харьяанд захиргаа, хуулийн хэлтэс болсон ба хуулийн зөвлөхийн ажил, албан тушаал хэвээр байгаа болох нь тогтоогджээ /хэргийн 26-32 дугаар тал/.  

Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийг хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон нь зөв боловч бодит байдал дээр ажил хийгээгүй, цалин хөлсөөр хохирсон гэж үзэхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

Нэхэмжлэгч ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн, энэ тохиолдолд ажил олгогч түүнийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шаардах эрхтэй.  

Давж заалдах шатны шүүх ...хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ажлаас халсантай адилтган үзнэ... гэж дүгнэж, ажилгүй байсан 4 сар 12 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 7.486.780 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.2.-т нийцжээ.  

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1198 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрахтамирын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 136,908 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Б.УНДРАХ 

Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ