Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 739

 

 

 

 

 

    2018 оны 03 сарын 27 өдөр   

Дугаар 183/ШШ2018/00739

            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Богджавзандамбын гудамж, 17-5 дугаар байрны 205 тоотод байрлах “Жи ББСБ”ХХК /РД: 5416078/-ийн төлөөлөгч Я.Хандсүрэнгийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

            шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг  хүчингүй болгож,  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг  даалгахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Хандсүрэн, Р.Мөнхзул, хариуцагчийн төлөөлөгч Э.Батхишиг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Хандсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 483/ШШ2016/00030 дугаар захирамжаар А.Зоригтбаатараас 25.774.087 төгрөгийг гаргулж манай компанид олгохоор шийдвэрлэсэн. А.Зоригтбаатар нь заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгө болох улсын Ү-2206027965 дугаарт бүртгэлтэй,  Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, ХД-104 дүгээр байрны зоорийн давхрын 26 тоотын 18.48 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай  үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Уг зогсоолыг шинжээчийн тогтоосон үнэ болох 18.400.000 төгрөгийн 50 хувь буюу 9.200.000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 11.200.000 төгрөгөөр худалдан борлуулсан байна. Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101 тоот битүүмжилсэн, хураасан, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх тухай тогтоолд төлбөр төлөгч төлбөрийг бүрэн төлсөн гэж дурдсан байдаг. Гэтэл бид А.Зоригтбаатараас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШШ2016/00030 тоот захирамжийн дагуу 25.774.087 төгрөгийг гаргуулах бөгөөд ийнхүү авто зогсоолыг 11.200.000 төгрөгөөр худалдан борлуулснаар үллдэгдэл төлбөрөө авч чадалгүй14.774.087 төгрөгийн хохирол хүлээж байна. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь  хэсэгт  төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  дуусгавар болгоно гэж заасан байтал төлбөрийг бүрэн төлөгдөөгүй байхад  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь  хууль зөрчсөн үйлдэл байна. 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн бол ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн дуусгавар болгох тухай, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т  хуульд өөрөөр заагаагүй бол  төрийн албан хаагч үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад  гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо  зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын  дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж тус тус заажээ. Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлж дуусаагүй байхад  хууль зөрчиж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, мөн хуульд  заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу шүүхийн байгууллагаар хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, хангагдаагүй үлдсэн 14.774.087 төгрөгийг А.Зоригтбаатарын бусад эд хөрөнгөөс гаргуулах ажиллагаа үргэлжлүүлэн явуулахыг Нийслэлийн шүүхийн шийвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэв.

            Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч Э.Батхишиг шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ныөдрийн 183/ШШ2016/00030/ дугаар захирамжаар А.Зоригтбаатараас 25.781.332 төгрөгийг гаргуулж “Жи”ББСБ-д олгохоор, заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжилсэн. Шийдвэр гйүцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17290204 дүгээр тогтоолоор үүсгэж, шүүхийн шийвэр, гүйцэтгэх хуудсанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар дурдсан тул барьцааны Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, ХД-104 дүгээр байрны зоорийн давхар, 26 тоот авто зогсоолыг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 139/106/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 136/106/03 дугаар тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээчийн тогтоосон үнэ болох 18.400.000 төгрөгийн 70 хувь буюу 12.880.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй, 2 дахь дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ болох 18.400.000 төгрөгийн 50 хувь буюу 9.200.000 төгрөгөр 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр оруулахад 11.200.000 төгрөгөөр худалдан борлогдож, дуудлага худалдааны ялагчид хөрөнгийг, төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийвэр, гүйцэтгэх хуудсанд заасан үйл ажиллагааг гүйцэтгэдэг бөгөөд шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсанд дурдсанаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан ажиллагааг гүйцэтгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болгосон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.Зоригтбаатар Жи ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, барьцаанд нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 104 дүгээр байрны зоорийн давхрын 26 тоот авто зогсоолыг барьцаалсан. Тухайн зээлээ төлж чадаагүй тул хуульд заасны дагуу Жи эс би нь Хан- Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд А.Зоригтбаатар Жи эс би нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан учир Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Эвлэрлийн гэрээгээр дээр дурдсан авто зогсоолоор төлбөрийг барагдуулахаар заасан болно. Жи ББСБ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гаргуулахаар хүсэлт гаргаж, захирамж гаргуулж, гүйцэтгэх хуудас бичүүлсэн байна. Гүйцэтгэх хуудсанд авто зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуульд заасны дагуу ажлаа гүйцэтгэсэн. Талуудаас үнийн саналыг авч үнэлгээний дүн зөрүүтэй байсан тул үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээ тогтоосны дараа анхдагч болон хоёрдогч дуудлага худалдаа хуульд заасны дагуу явагдаж, хоёр дахь дуудлага худалдаагаар Банзрагчийн Мөнхбадрах гэдэг хүн ялсан учир өмчийн эзэмшигчийн нэр шилжүүлэх тухай албан тоотыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан. Авто зогсоол зарсан мөнгийг нь Жи ББСБ-д өгсөн. Энэ нь хууль журмын дагуу явагдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан. Миний хувьд энэ хэрэгт хууль зөрчсөн 2 асуудал байна гэж харж байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд гомдол гаргах тухай заасан. Тухайн гомдлыг 7 хоногийн дотор Ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана, ахлах шийдвэр гүйцэтгэгчээс хариугаа аваад Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 14 хоногийн дотор дахин гомдол гаргана гэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гарсан. Ийм байхад Жи ББСБ нь 2018 онд гомдол гаргасан. Энэ гомдлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэрэг үүсгэхээс татгалзаад, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэж хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд байгаа, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан байдаг. 2 сарын дараа шүүхэд өгдөг, шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажил хийгдээгүй гээд буцаачихаар, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаад өнөөдөр шүүхэд ороод ирж байгаа юм. Өнөөдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ байгууллагын гомдлыг хүлээж аваад хариу өгөх нь хуулинд нийцэж байгаа юу гэдгийг шүүх дүгнэж үзэх байх гэж бодож байна.  Гомдол гаргах хугацаа нь дууссан, гомдол гаргах боломжгүй байсан байна гэж үзэж байна. Дараагийн хоёр дахь асуудал нь энэ хэрэг хуульд заасны дагуу дууссан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар тодорхой заасан байна. 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэж байгаа юм. Анхнаасаа эвлэрэлийн гэрээгээр авто зогсоолоо өгье гэсэн. Авто зогсоолоо дуудлага худалдаагаар худалдаад төлбөрийг төлсөн. Өнөөдөр А.Зоригтбаатарыг гуравдагч этгээдээр татах биш дуудлага худалдаанд ялсан ялагчийг дуудах ёстой байсан гэж бодож байна.  29 дүгээр зүйлийн 3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс бусад 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.8-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж заасан. Энэ хэрэгт анхнаасаа авто зогсоолыг барьцаалсан, авто зогсоолоор гүйцэтгэлийг хангуулъя гэсэн, авто зогсоолоо худалдаж, гүйцэтгэлийг хангуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу дууссан гэж үзэж байна. Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

        Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “Жи ББСБ”ХХК нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг  хүчингүй болгож,  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг даалгахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх үзэв.

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00030 дугаар шүүгчийн захирамжаар А.Зоригтбаатараас 25.774.087 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Жи ББСБ”ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шүүгчийн захирамж болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 106 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 139/106/02 тоот эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолоор төлбөр төлөгч А.Зоригтбаатарын барьцааны хөрөнгө болох Т.Лхамын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, ХД-104 дүгээр байрны зоорийн давхрын 26 тоотын авто зогсоолын зориулалттай 18.48 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 139/106/03 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураажээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 149 дүгээр тогтоолоор барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоохоор “Сэлэнгэ эстимэйт”ХХК-ийг шинжээчээр томилжээ.

            “Сэлэнгэ эстимэйт”ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар  барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, ХД-104 дүгээр байрны зоорийн давхрын 26 тоотын авто зогсоолын зориулалттай 18.48 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 18.400.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоожээ.

            Улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/32 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч анхны албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон 18.400.000 төгрөгийн 70 хувь буюу 12.880.000 төгрөгөөр тогтоон 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт дуудлага худалдааг явуулахаар төлбөр төлөгчид 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3/14023 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна.

            Гэвч дээрх үл хөдлэх эд хөрөнгө нь анхны албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/32 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон 18.400.000 төгрөгийн 50 хувь буюу 9.200.000 төгрөгөөр тогтоон 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт дуудлага худалдааг явуулахаар төлбөр төлөгчид 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3/16917 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна.

            2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр болсон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар  төлбөр төлөгчийн барьцаа зүйл болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, ХД-104 дүгээр байрны зоорийн давхрын 26 тоотын авто зогсоолын зориулалттай 18.48 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 11.200.000 төгрөгөөр худалдан борлогдож, төлбөр авагчид төлбөрийн мөнгийг,  дуудлага худалдааны ялагчид хөрөнгийг тус тус шилжүүлжээ.

            Улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 505 тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д заасныг үндэслэн төлбөр төлөгч А.Зоригтбаатарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд  тооцсон байна.

            Нэхэмжлэгч “Жи ББСБ”ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь барьцааны хөрөнгө болох автозогсоолыг 11.200.000 төгрөгөөр худалдан борлуулснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь төлбөр төлөгч А.Зоригтбаатараас шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсанд заасан 25.774.087 төгрөгийн төлбөр гаргуулах авах нэхэмжлэгч байгууллагын эрхийг зөрчиж, 14.774.087 төгрөгөө авч чадаагүй хохирсон учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг  хүчингүй болгож,  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг  даалгахаар шаардсан бол хариуцагч байгууллагаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00030 дугаар шүүгчийн захирамжаар А.Зоригтбаатараас 25.781.332 төгрөг гаргуулж, “Жи ББСБ”ХХК-д олгохоор, хэрэв заасан хугацаан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэний дагуу шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудсанд заагдсан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

            Учир нь төлбөр төлөгч А.Зоригтбаатар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00030 дугаар шүүгчийн захирамж болон уг шүүгчийн захирамжид бичигдсэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 106 дугаар гүйцэтгэх хуудсанд заасан 25.774.087 төгрөгийн төлбөрөө  бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          Хариуцагч байгууллага төлбөр төлөгч А.Зоригтбаатарын барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, ХД-104 дүгээр байрны 26 тоотын 18.48 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулан 11.200.000 төгрөгөөр худалдан борлуулснаар төлбөр авагч А.Зоригтбаатарыг төлбөрөө бүрэн  төлсөн гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцэхгүй байна.

            Хариуцагч А.Зоригтбаатар нь нэхэмжлэгч “Жи ББСБ”ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 25.774.087 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх, заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, ХД-104 дүгээр байрны 26 тоотын 18.48 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00030 дугаар шүүгчийн захирамж болон уг шүүгчийн захирамжид бичигдсэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 106 дугаар гүйцэтгэх хуудас нь хоорондоо зөрүүтэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжгүй, илтэд үндэслэл муутай, ойлгомжгүй гарсан байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан иргэний шийдвэр  гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг явуулах үүрэгтэй болно.

            Үүний дагуу төлбөр төлөгч А.Зоригтбаатарын барьцааны эд хөрөнгийг  битүүмжлэн хурааж, улмаар албадан дуудлага худалдаагаар  худалдан борлуулж, дуудлага худалдаанаас олсон 11.200.000 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлэх ажиллагаа явуулсан нь зүйтэй боловч энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болгох үндэслэл болохгүй юм.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  бүхэлд нь дуусгавар болгох үндэслэл нь төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн байхыг ойлгоно.

            Гэтэл хариуцагч байгууллага төлбөр төлөгчийн барьцааны эд хөрөнгийг албадан борлуулахтай холбоотой ажиллагаа явуулсан, уг ажиллагаагаар төлбөр авагчийн төлбөр бүрэн барагдаагүй тул тэрээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болсон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00030 дугаар шүүгчийн захирамж болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 106 дугаар гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч А.Зоригтбаатар нь 25.774.087 төгрөгийн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд  барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар заажээ.

Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулна гэдэг нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндсэн дээр  барьцааны зүйлийг албадан худалдах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг даалгасан гэж үзэхээр байна.

Гэтэл хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч А.Зоригтбаатар нь 25.774.087 төгрөгийн төлбөр үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлийг төлбөр авагчид шилжүүлэхээр талууд тохиролцсон гэж үзэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь буруу байна.

Хэрэв талууд барьцааны зүйлийг төлбөр авагчид шилжүүлэхээр талууд тохиролцсон бол барьцааны зүйлийг хураан, битүүмжилж төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэх ажиллагаа хийгдэхээс эд хөрөнгийг үнэлэн дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явагдах үндэслэлгүй юм.

Хариуцагч байгууллага нь үүний дагуу барьцааны эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулан борлуулах ажиллагаа хийсэн, уг борлуулсан орлого нь төлбөр авагчийн  шаардлагыг хангахад хүрэлцэхгүй байхад төлбөр төлөгчийн бусад эд хөрөнгөнөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулаагүй нь төлбөр авагч “Жи ББСБ”ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар тэжээн тэтгэх үүрэг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4-29.1.7-д зааснаас бусад тохиолдолд  энэ хуулийн 29.1.3-т заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч гомдол гаргах эрхгүй гэж заасан, хариуцагч байгууллагаас уг шийдвэрээ хүчингүй болгоогүй тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтын хүрээнд төлбөр авагч “Жи ББСБ”ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж, төлбөр төлөгч А.Зоригтбаатарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг  хүчингүй болгож,  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах үндэслэлтэй байна.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.830 төгрөгөөс 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 91430 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 505 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, төлбөр төлөгч А.Зоригтбаатарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи ББСБ”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140.000 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 91.430 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи ББСБ”ХХК-д олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР