Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 876

 

 

 

 

 

       2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2018/00876

           Улаанбаатар хот

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо,  Баянголын 10 дугаар гудамжны  16 тоотод оршин суух Жалайр овогт Гэндэнгийн Б /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо,  Нархан хотхон, 65 дугаар байрны 701 тоотод оршин суух Уран дархан овогт Сандагийн  М /РД: /,

            Хариуцагч:  Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 14 дүгээр байрны 31 тоотод оршин суух  Боржигон овогт Эрдэнэцогтын Э /РД: / нарт холбогдох

            гэм хорын  хохирол 63.896.721 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Отгон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү, хариуцагч С.Э, хариуцагч С.Мгийн төлөөлөгч С.Энхбаатар, иргэдийн төлөөлөгч Ц.Чимгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Г.Б шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Г.Б миний бие С.М, С.Э нарт холбогдууулан анх гэм хорын хохирол 25.138.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба дараа нь 38.758.724 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 63.896.724 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10 дугаар гудамжны 17 тоотод оршин суух манай хөрш болох С.М нь өөрийн газартаа байшин барих зорилгоор 2015 оны 6 дугаар сард газар ухаж эхэлсэн. Миний бие анх газар ухаж байхад нь манай байшинд нөлөөлж хохирол учруулах асуудал гарах вий гэдэг үүднээс урьдчилан сэргийлж зайтай ухахыг шаардаж нилээдгүй хэл ам болж байж 8 метрийн зайтай ухуулсан. Тэнд газар ухаж байсан хүмүүс, мөн Э.Э гэгч нөхөр манайх 12 давхар байшин барина, энэ жилдээ барих учир санаа зоволтгүй гэж хэлсэн. Анх эд нар зоорь ухна гэж хэлээгүй, 12 давхар байшин барина гэж байсан. Тэр өдрөө доошоо 3.50 метр ухаж ус гарчихлаа гээд хийж байсан ажлаа орхиод барилга барилгүй тэр чигээр нь орхисон. Энэ үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор газрын нуралтууд явагдаж, 6-8 метрийн зайтай ухуулсан нүх нь нурсаар байгаад 1 метрийн зайтай болсоноос манай байшингийн хананд битүү цууралт өгч, байшингийн суурь хазайж, хүн амьдрах боломжгүй, эрсдэлтэй болсон. Ингээд байшинд гарсан цууралт томорсоор байсан тул арга буюу үйлчилгээний төвөө хаасан. Энэ талаар мэргэжлийн хяналтын байгууллагад удаа дараа гомдол гаргахад мэргэжлийн хяналтын байгууллагаас ухсан нүхийг булуулах арга хэмжээ авсан. Гэтэл уг шийдвэрийг биелүүлэхгүй 2 жил болсоны эцэст 2017 оны 10 дугаар сард тэр нүхийг булсан. Гэсэн хэдий ч үл хөдлөх хөрөнгөнд учирсан хохирол хэвээрээ байна. 2016 оны 4 дүгээр сард Э.Э гэгч залуу ахин ирж би бичиг баримтаа шилжүүлээд авсан, одоо ажлаа эрчимжүүлнэ гээд ярьж байхад нь байшингаа үзүүлэн, танай ухаад хаяад явсан газраас чинь болж манай байшингуудад цууралт үүслээ, мөн манайх үсчин, халуун усны үйл ажиллагаа явуулдаг газраа цууралтаас болоод зогсоосон тухай хэлсэн. Гэтэл Э.Э манайх ажлаа эхэлчихвэл танай хохирлыг барагдуулна, цаашлаад танайхыг худалдан авна гэж хэлсэн. Мөн тэр өдрөө ухсан нүхэн дэх усаа холдуулж, ажлаа эхэлмээр байна, тог танайхаас авъя гэж хэлээд 10 хоног тог хэрэглээд тогны мөнгөө ч төлөлгүй хаяад явсан болно. Миний бие  хохирол учирсан үл хөдлөх эд хөрөнгөндөө үсчин, халуун усны үйл ажиллагаа явуулж, гэр бүлдээ тодорхой хэмжээний тогтмол орлого олдог байсан. Гэтэл байшин цуурсантай холбоотойгоор энэ бүх үйл ажиллагаа зогссон. Иймд үл хөдлөх хөрөнгөнд учирсан хохирлыг хүн амьдрах боломжтой, хэвийн байдалтай болгоход 20.000.000 төгрөг шаардлагатай гэсэн учир байшинг засварлах зардал 20.000.000 төгрөг,  байшинд явуулж байсан үйл ажиллагаанаас сарын 1.000.000 төгрөгийн орлого олох боломжтой гэж үзээд 5 сарын 5.000.000 төгрөгийг, ухсан нүхнээс усыг зайлуулахын тулд манайхаас авч хэрэглэсэн тогны мөнгө 138.000 төгрөгийн хамт нийт 25.138.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох мэргэжлийн байгууллагуудаас тухайн байшинд хүн амьдрах боломжгүй, байшинг буулгаж шинээр барихаас өөр аргагүй гэсэн дүгнэлт гарсан. Үүнтэй холбоотойгоор уг зардал нь 55.008.721 төгрөг болно гэсэн учир байшинд учирсан хохирол 20.000.000 төгрөг гаргуулах шаардлагаа 38.758.721 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Иймд үл хөдлөх хөрөнгөнд учирсан хохирол 55.008.721 төгрөг, олох ёстой байсан орлого 8.400.000 төгрөг, шинжээчид төлсөн зардал 350.000. төгрөг, хэрэглэсэн цахилгааны мөнгө 138.000 төгрөг, нийт 63.896.721 төгрөг төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч С.Э шүүхэд урьд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: С.М өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10 дугаар гудамжны 17 тоотод байрлах газартаа 2015 оны 6 дугаар сард зоорь барихаар газар ухуулах үед иргэн Г.Бгийн нэхэмжлэлд дурдсан 2 давхар байшин нь хойд талд хэдийнээ цууралт үүссэн байсан ба түүнийг засварлаж будах, дээвэр хийх ажил хийж байсан юм. Г.Б нь уг байшиндаа халуун ус, үсчний газар ажиллуулдаг байсан бөгөөд халуун уур, байнгын чийгтэй байдгаас шалтгаалан байшин цуурсан байх гэж үзэж байна. Түүнчлэн нийтийн халуун усны барилга, эсхүл түүний тодорхой хэсэгт ус, усны уур, чийгээс барилгын хана, бүтээцийг хамгаалах, тусгаарласан байх ёстой. Газрын хөрс нь хөрсний гүний усны түвшин, хөлдөх үеийн хөрсний чийгшлээс шалтгаалан овойх болон хонхойдог тул ямар ч барилга үүнийг тэсвэрлэх бүтээцтэй байж өндрөөсөө хамаарч барилгын суурийн өргөн, гүнийг нь тогтоодог. Харин Г.Бгийн 2 давхар байшингийн суурь, ханын өргөн, ханыг ямар материалаар босгосон, улмаар хэрэглэсэн зуурмагийн чанар гээд олон хүчин зүйл тухайн байшингийн ердийн насжилтыг хангах эсэх талаар мэдэх боломжгүй бөгөөд шаардлага хангасан гэж нэхэмжлэгч өөрөө үзсэн нь өрөөсгөл юм. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь энэхүү нуралт нь нүх ухсанаас болоогүй, газар нь угаасаа цэвдэгтэй газар байсан. Ийм газар өөрсдөө зураг төсөлгүй ахуйн аргаар байшин барьсан байдаг. Иймд С.М өмчлөлийн газартаа зоорь барихаар нүх ухсан нь  иргэн Г.Бгийн эд хөрөнгөд шууд болон шууд бусаар хохирол учруулаагүй, учруулах ч боломжгүй тул түүний гаргасан үл хөдлөх хөрөнгөд учруулсан хохирол гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин 2016 оны 6 дугаар сарын 10-13-ны хооронд 3 хоног эднийхээс тог ашигласан нь үнэн тул тогны мөнгө гэх 138.000 төгрөгийн шаардлагыг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

            Хариуцагч С.Мгийн төлөөлөгч С.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хариуцагч нар нь өөрийн өмчлөлийн газар дээр нэхэмжлэгчийн байшинг ямар нэгэн байдлаар хөндөлгүйгээр 8 метр орчим зай үлдээгээд зоорийн зориулалтаар нүх ухсан байна. Ухсан нүхнаас ус гарсантай холбоотойгоор хөрсний шинжилгээ хийлгэхэд уг газар нь намагтай, их эрсдэлтэй хөрс учир тодорхой хэмжээний нөхөн сэргээлт хийсний дараа барилга байгуулмж барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан учир ажлыг үргэлжлүүлгүй зогсоосон. Судалгаа хийгээд үзэхэд тэнд байсан хог хаягдлыг зайлуулаад эрүүл хөрсөөр буцаагаад дарсан газар байсан. Хэргийг шийдвэрлэх явцад нэхэмжлэгчид учирсан хохирол нь  хөрш айл нь нүх ухсанаас болсон уу, эсхүл чанар, стандартын шаардлага хангаагүй цэвдэгтэй, намагтай газар баригдсан барилгын ашиглалтын явцад үүссэн гэмтэл эсэхийг тогтоолгохоор удаа дараа хүсэлт гаргасны дагуу шинжээч томилсон. Барилгын хөгжлийн төв зураг төсөв, ил далд ажлын акт байхгүй учир дүгнэлт гаргах боломжгүй гэсэн. Хөрөнгийн үнэлгээний компани мөн 2 удаа дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтүүдийг бидний зүгээс мэргэжлийн дүгнэлт гэж үзэхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний компани тухайн барилгын хөрс, норм дүрэмтэй холбоотой асуудлыг судлан дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал уг маргаан бүхий байшинг норм, дүрмийг зөрчиж баригдсан гэдэгтэй маргадаггүй, ахуйн зориулалтаар барьсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагдсан байгаа. Эдэлбэр газрын төлөвлөлт ба барилгажилтыг норм дүрэмд заахдаа төвлөрлийн шууд барилгаас хажуу айлын эдэлбэр газрын хмил хязгаар хүртэлх зай нь 3 метр байна гэж заасан байдаг. Гэтэл энэ нь кадастын зурагтай тулгаад хашаатайгаа хамт газрын зааг дээр барьсан байгаа. Үнэлгээний компанийн ирүүлсэн ажлын тайланд зураг төсөлгүй, ил далд ажлын актгүй баригдсан гэдгийг тодорхой хэлдэг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн хохирол учирсан гээд байгаа барилга нь стандарт журмын дагуу биш Газрын тухай хуулд заасан норм нормативыг зөрчиж баригдсан тул энэ барилгад учирсан хохирлыг шууд хариуцах боломжгүй. Хөрсний шинжилгээ дүгнэлт хийж, ус зайлуулах арга хэмжээ авсан. Үүнтэй холбоотойгоор бүх ажиллагааг хийсний дараа барилга барих дүрэмтэй. Одоо уг газар дээр барилга байгууламж баригдаагүй, ухсан нүхийг булсан байгаа. Мэргэжлийн хяналтад хандсаны үндсэн дээр нүхийг булуулсан гэж байна, гэтэл ийм зүйл огт болоогүй. Бид хөрсөө шинжлэн судласны үндсэн дээр газрыг булсан байгаа. Хариуцагч Э.Э боломжтой бол эдний газрыг авахаар бодож байсан боловч хэт өндөр  төлбөр хэлсэн тул аваагүй. Аваагүй болохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна. Иймд байшинд учирсан хохирол нь хэний буруутай үйл ажиллагаанаас, яаж бий болсон гэдэг нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчээс уг байшинг буулгаж барихаас өөр аргагүй орсон гээд үүнтэй холбоотой төсвийг гаргаж өгсөн байгаа боловч иргэн өөрийн эзэмшиж, ашиглаж байгаа барилга, үл хөдлөх эд хөрөнгийг засаж сайжруулах нь өөрийнх нь асуудал юм. Нэхэмжлэгч нь уг барилгад халуун ус, үсчний үйл ажиллагаа эрхэлж сард 1.000.000 төгрөг олдлг байсан, энэ нь гэр бүлийн тогтмол орлого байсан гэж байна. Гэвч сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ гаргаж өгсөн баримтууд нь хэрэг ач холбогдолүй, сүүлд нөхөж үйлдсэн байх магадлалтай баримтууд байна. Иймд олох ёстой байсан орлого 5.000.000 төгрөг гаргуулах гэсэн шаардлага нь үндэслэлгүй юм. Харин хэрэглэсэн тогны мөнгө гэх 138.000 төгрөгийг анхны шаардлагаар гаргаж өгөхөд бэлэн байна гэв.

 

Иргэдийн төлөлөөгч Ц.Чимгээ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүх хуралдааны явцад оролцогч талуудын мэдүүлсэн мэдүүлэг, тайлбар болон нотлох баримтуудаас гэм хор учруулсан эсэх нь эргэлзээтэй байна гэж дүгнэлээ. Иймээс хууль зүйн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч  С.М, Э.Э нараас үл хөдлөх эд хөрөнгөнд учирсан хохирол 20.000.000 төгрөг, үйл ажиллагаа явуулж олох ёстой байсан орлого 5.000.000 төгрөг, хэрэглэсэн цахилгааны төлбөр 138.000 төгрөг, нийт  25.138.000 төгрөг  гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн үл хөдлөх хөрөнгөнд учирсан хохирол 55.008.721 төгрөг, үйл ажиллагаа явуулж олох ёстой байсан орлого 8.400.000 төгрөг, шинжээчид төлсөн зардал 350.000. төгрөг, хэрэглэсэн цахилгааны мөнгө 138.000 төгрөг, нийт 63.896.721 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 138.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          Учир нь нэхэмжлэгч Г.Б  нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10 дугаар гудамжны 16 тоотод байрлах 391 м.кв талбайтай газрын,  хариуцагч С.М нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10 дугаар гудамжны 17 тоотод байрлах 397 м.кв газрын өмчлөгч байх бөгөөд хариуцагч С.М нь өөрийн өмчлөлийн газар дээр барилга байгууламж барихаар 2015 оны 6 дугаар сард нэхэмжлэгч Г.Бгийн өмчлөлийн газраас 8 метр зайтай газар экскавтороор 20х10 хэмжээтэй суурийн нүх ухуулсан боловч хөрснөөс ус гарсан учир нүхийг үргэлжлүүлэн ухах ажлыг зогсоожээ.

            Улмаар 2016 оны 06 дугаар сард дээрх ухсан нүхнээс гарсан усыг зайлуулах арга хэмжээ авч усыг соруулсан боловч уг газар дээр ямарваа нэгэн барилга байгууламж барих үйл ажиллагаа явуулалгүй байж байгаад 2017 оны 10 дугаар сард уг ухсан нүхийг булсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч Г.Бгаас уг нүхийг ухсанаас шалтгаалан түүний өмчлөлийн газар дээр байрлах 48 м.кв талбайтай үсчин болон халуун усны үйл ажиллагаа явуулж байсан хувийн сууцны баруун талын гадна талын даацын хана хагарч  цуурсан, байшингийн суурь хазайж хүн амьдрах боломжгүй болсон гэсэн үндэслэлээр уг хувийн сууцыг буулган дахин шинээр барих зардал 55.008.721 төгрөг, үйл ажиллагаа явуулж олох ёстой байсан орлого 8.400.000 төгрөг, шинжээчид төлсөн зардал 350.000. төгрөг, хэрэглэсэн цахилгааны мөнгө 138.000 төгрөг, нийт 63.896.721 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч нар нь хэрэглэсэн цахилгааны мөнгө 138.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хүлээн зөвшөөрч, өөрийн өмчлөлийн газар дээр зоорь барихаар нүх ухсан нь Г.Бгийн эд хөрөнгөнд шууд болон шууд бусаар хохирол учруулаагүй гэсэн  үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд учирсан хохирол 55.008.721 төгрөг  болон олох ёстой байсан орлого  8.400.000 төгрөг, шинжээчийн зардал 350.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

          Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

          Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан  гэм хорын хохирол шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь хохирол учруулсан этгээд гэм буруутай байх, хохирол учирсан байх, хохирол учруулсан үйлдэл болон үйлдэл хохирлын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд нэхэмжлэгч Г.Бгийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10 дугаар гудамжны 16 тоотод байрлах 48 м.кв талбайтай хувийн сууцны баруун талын гадна даацын хана өндрийн дагуу 1-2 см орчим хагарсан, хагарлын завсар цантаж хөлдсөн, шавардлага ховхорч унасан, халуун усны өрөөнүүдийн  плитан наалт салж хагарсан, шалтанд цөмрөлт үүссэн, плитан шал ховхорч хөндийсөн, 2 дугаар давхрын цаасан наалт урагдаж гипсэн хана салсан, цонх гажсан байдал бүхий  эвдрэл гэмтэл бий болсон нь нэхэмжлэгчийн тайлбар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02-07-395/24 тоот дүгнэлтээр тус тус нотлогдож байна.

            Гэвч дээрх хувийн сууцны эвдрэл, гэмтэл юунаас болж учирсан, хэн хэн хэрхэн учруулсан болох нь тодорхойгүй, уг эвдрэл гэмтэл хариуцагч нарын буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

           Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Бгийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10 дугаар гудамжны 16 тоотод байрлах 391 м.кв талбайтай газартай хил залгаа  газрын өмчлөгч хариуцагч Г.М өөрийн газарт барилга барихаар суурийн нүх ухсанаас үүдэн газрын нуралт үүсэн нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт ойртсоны улмаас  байшингийнх нь хананд цууралт өгч байшингийн суурь хазайсан, энэ нь хариуцагч нарын хашаандаа нүх ухсан, ухсан нүхнээс гарсан усыг соруулан авсан, ухсан нүхийг булаагүй үйлдэл, эс үйлдэхүйгээс болсон гэдэг нь тогтоогдохгүй байна.

            Учир нь хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт нь нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж үйлдэгдсэн байна.

            Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, хэргийн оролцогчидтой ямар харилцаатай болохыг тогтоож, шинжээчээс татгалзах гарах үндэслэл байгаа эсэхийг шалгасны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай шүүгчийн захирамжийг гардуулан өгч эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж заажээ.

            Гэтэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан хийж гүйцэтгэвэл зохих ажиллагааг шинжээчийн дүгнэлт гаргасны дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв”ХХК-д танилцуулжээ.

            Мөн шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв”ХХК нь барилгын эвдрэл, гэмтлийн шалтгаан нөхцөл, барилга нь барилгын норм, дүрэмд заасан шаардлага хангаж байгаа эсэх, газрын хөрс нь барилгын хийц бүтээцэд хэрхэн нөлөөлсөн эсэхийг тогтоох эрх бүхий  зөвшөөрөлтэй этгээд болох нь нотлогдохгүй байна.

            Иймд дээрх шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

            Хэдийгээр Барилгын хөгжлийн төвийн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...зураг болон бодит ухсан нүх байхгүй учир нуралтыг тийм гэж хэлэх арга байхгүй, инженер геологийн дүгнэлтээс харж, ам яриагаар хөрсийг 2.8-3.0 м хүртэл ухсан гэдэгээс үзэхэд асгамал хөрсөнд 1:1, элсэнцэр чигжээстэй хайрган 1:1, шавранцар чигжээстэй хайрганд 1:0.67 –ийн нуралттай байна. Энэ тохиолдолд дээрх гүнд  ухсан ёроолоос хажуу нь гүний адил хэмжээгээр нурна” гэж тусгагдсан боловч уг дүгнэлт нь хөрсийг 2.8-3.0 метр ухсан тохиолдолд ухсан ёроолоос хажуу нь гүний адил нурах тухай тайлбарласнаас бус зохигчдын маргаан бүхий ухсан газар, эвдрэл үүссэн байшингийн тухайд дүгнээгүйгээс гадна “... тухайн газар дээр барих барилгын суурийн зураг байхгүй. Одоо битүүлж булсан учир ямар байсан, ямар хэмжээгээр нурсаныг тодорхойлох боломжгүй болсон, нүхийг дарж булсан, нүх байхгүй болсон, одоо ашиглаж байгаа иргэн Г.Бгийн  байшингийн зураг төсөл байхгүй зэрэг нь шууд дүгнэлт хийх  боломжгүй” гэдгийг тогтоосон байна.

            Мөн тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШТ2017/00390 дүгээр тогтоолоор томилогдсон “Бэсгэ”ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Г.Бгийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10 дугаар гудамжны 16 тоотод байрлах 48 м.кв талбайтай хувийн сууцны эвдрэл гэмтлийг засаж хэвийн байдалд оруулахад хэдий хэмжээний зардал гарах эсэхийг тогтоохдоо “...уг үйлчилгээний барилгын баруун талд шинээр барилга барихаар суурийн нүх ухаж хөрсний усны түвшин нэмэгдэж, энэхүү 2 давхар барилга, 2 талын жижиг  орон сууцны суурь сууц цууралт үүссэн  байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй байна.

            Учир нь шинжээч “Бэсгэ”ХХК-ийг уг дүгнэлтээ гаргахад уг ухсан нүхийг булсан байсан бөгөөд суурийн нүх ухсанаас хөрсний усны түвшин нэмэгдсэний улмаас  хувийн сууцны суурь сууж цууралт үүссэн гэх үйл баримтыг юуг үндэслэн ямар баримтын үндсэн дээр тогтоосон болох нь тодорхойгүй байна.

            Иймд уг дүгнэлтийн энэхүү хэсгийг үнэн зөвд тооцох боломжгүй юм.

            Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд нэхэмжлэгч Г.Бгийн өмчлөлийн хувийн сууцны баруун талын даацын хана цуурч хагарсан, халуун усны өрөөний шал цөмөрсөн, плитан наалж салж хагарсан, 2 дугаар давхрын гипсэн хана салсан, цонх гажсан гэмтэл учирсан нь тогтоогдож байгаа боловч уг гэмтэл нь хариуцагч С.М, Э.Э нарын ухаад булсан нүхнээс болсон гэж шууд дүгнэх боломжгүй байна.

            Хэдийгээр ухсан нүхний  хажуу нь гүний адил хэмжээгээр нурах магадлалтай боловч хувийн сууцны  баруун талд барилга барих зориулалтаар нүх ухсан үйлдэл, ухсан нүхийг булалгүй 2 жил гаруй болсон эс үйлдэхүй болон хувийн сууцанд учирсан гэх гэмтлийн шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул хариуцагч С.М, Э.Э нараас нэхэмжлэгч Г.Бгийн хувийн сууцанд учирсан хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна.

            Иймд нэхэмжлэгч Г.Бгийн өмчлөлийн хувийн сууцанд хариуцагч С.М, Э.Э нарын буруугаас гэм хорын хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байх тул хувийг сууцыг буулгаад дахин барих зардал 55.008.721 төгрөг, хувийн сууцанд үйл ажиллагаа явуулж олох ёстой байсан орлого 8.400.000 төгрөг, шинжээчид төлсөн зардал 350.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

            Харин хариуцагч нар 2016 оны 06 дугаар сард ухсан нүхнээсээ гарсан усыг соруулахдаа нэхэмжлэгч Г.Бгийн зөвшөөрлөөр түүний цахилгааны үүсгүүрээс цахилгаан хэрэглэсэн байх бөгөөд уг цахилгаан хэрэглэсний төлбөрт нэхэмжлэгчээс 138.000 төгрөг шаардсаныг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч С.М, Э.Э нараас 138.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгох үндэслэлтэй байна.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 613.649 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 136.215 төгрөг болон хариуцагч С.М, Э.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 4790 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.М, Э.Э нараас 138.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63.758.721 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1,60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 613.649 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М, Э.Э нараас 4790 төгрөг, улсын орлогоос 136.215 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

                                                     

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР                                

      ШҮҮГЧИД                                               Б.МӨНХЖАРГАЛ

                                                                                 Д.ХУЛАН