Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 1550

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/01008 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдох

 

нэмэгдэл цалин хөлсөнд 7 071 846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЗТН” ОНӨААТҮГ нь 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хамт хэлэлцээрийн 2.12-т “...мэргэшсэн жолооч, кондукторын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10-20 хувь хүртэл хэмжээгээр нэмж олгоно”, 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээний 4.2-т ажилчдад үндсэн цалин дээр нь урамшуулал болгон хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдлүүдийг сар бүр олгоно. Тэгэхдээ мэргэжлийн зэрэг, ур чадвар, хөдөлмөрийн нөхцлийг харгалзан байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм журмыг мөрдлөг болгоно. Энэ нь үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байна. Хамтын гэрээний 4.7-д үр дүнгийн цалин олгохдоо 1 сарын дундаж цалин хөлснөөс бууруулахгүйгээр бодож олгоно цалин хөлсний журмын 5.3.3-т зааснаар удаан жилийн нэмэгдлийг олгохгүй ажилтны эрхийг хохироож байна. Иймд миний хамтын хэлэлцээрт заасны дагуу мэргэшсэн зэргийн нэмэгдэлд 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаагаар 3 202 500 төгрөг, хамтын гэрээний 4.2-т зааснаар нэмэгдэл цалинд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 сарыг дуустал хугацааны 2 664 375 төгрөг, хамтын гэрээний 4.7-д заасны дагуу, 2015, 2016 онуудын үр дүнгийн цалинд 1 074 971 төгрөг, цалин хөлсний журмын 5.3.3-т заасны дагуу 2015, 2016 оны удаан жилийн нэмэгдэлд 130 000 төгрөг, нийт 7 071 846 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГазар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Г- нь тус нэгтгэлийн 1 дүгээр баазад 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мөнгө хураагчаар ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 22-ны Б/174тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.

Мэргэшсэн зэргийн нэмэгдлийн хувьд 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хамтын хэлэлцээрийн 2.12-ийг баримтласан нь хуулийн үндэслэлгүй. Учир нь Автобус 1 бааз болон тус баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо уг хэлэлцээрийг байгуулахад оролцоогүй, хэлэлцээрт гарын үсэг зураагүй тул шаардах эрхгүй.

Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлага буюу нэмэгдэл цалинд 2 664 375 төгрөг шаардсан ба 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээний 4.2-ийг баримталсан. Гэхдээ мэргэжлийн зэрэг, ур чадвар, хөдөлмөрийн нөхцлийг харгалзан байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм журмуудыг мөрдлөгө болгоно. Энэ нь үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Нэхэмжлэгч уг заалтын дагуу байгууллагад мөрдөгдөж буй ямар дүрэм журмыг үндэслэн ямар нэмэгдэл цалин нэхэмжилсэн нь тодорхой бус байна. Автобус нэг баазын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн цалин хөлсний журмын 5.5.1-т “ур чадвараас хамаарах зэрэглэлийн нэмэгдэл цалинг зөвхөн засвар үйлчилгээний станцын болон тоног төхөөрөмжийн засварчдад олгох”, 5.5.2-т “засварчдын зэргийг мэргэжлийн байгууллагын олгосон зэргийн үнэмлэх, мөн байгууллагын зэрэг тогтоох комиссын шийдвэрийг үндэслэн тогтооно”.  

ЗТН ОНӨААТҮГ-ын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн цалин хөлсний тухай журмын 5.5.1-т “ур чадвараас хамаарах зэрэглэлийн нэмэгдэл цалинг зөвхөн засвар үйлчилгээний станцын болон ерөнхий механикын, тоног төхөөрөмжийн, цахилгааны, гэрэлтүүлгийн засварчдад олгох”, 5.5.2-т “засварчдын зэргийг мэргэжлийн байгууллагын олгосон зэргийн үнэмлэх, мөн байгууллагын зэрэг тогтоох комиссын шийдвэрийг үндэслэн тогтооно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нэхэмжилсэн нэмэгдэл цалин байгууллагад мөрдөгдөж буй цалин хөлсний тухай журамд тусгагдаагүй тул үндэслэлгүй.

3 дахь шаардага буюу 2015, 2016 оны үр дүнгийн цалинд иргэн Д.Г- нь 1 074 971 төгрөг шаардсан ба 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 220 дугаар тогтоолоор баталсан Нийслэл дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсад үр дүнгийн шагнал урамшуулал олгох журамд заасан болзлыг хангаагүй, алдагдалтай ажилласан.

Нэхэмжлэлийн 4 дүгээр шаардлага буюу 2015, 2016 оны удаан жилийн нэмэгдэлд "30 000 төгрөг нэхэмжилсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрх зөрчигдсөнөө мэдсэнээс хойш 3 сар өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдох  нэмэгдэл цалин хөлсөнд 7 071 846 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133 222 төгрөгийг улсын төсөвт үлдээж, илүү төлсөн 5178 төгрөгийг улсын төсвөөс нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хөөн хэлэлцэх хугацааг Үйлдвэрчний эвлэлийн хороонд өргөдөл гаргаж, хөдөлмөрийн маргаан таслах комисс болон Мэргэжлийн хяналтын газар шийдвэрлэсэн зэрэг үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгаантай байхад сэргээж шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-т холбогдуулан нэмэгдэл цалин хөлсөнд 7 071 846 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлснөөс бусад асуудлаарх эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байдаг. Гэвч нэхэмжлэгч Д.Г- нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь өөрийн эрх зөрчигдсөнтэй холбоотой гомдол гаргах хуулиар тогтоосон дээрх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Учир нь хэргийн 31-32 дахь талд авагдсан Хан-Уул дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 02-16/171 тоот албан бичиг, Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 05 тоот албан бичгээр ЗТН ОНӨААТҮГ-ын Автобус 1 дүгээр баазын захиргаанд хүргүүлсэн албан бичгийг нэхэмжлэгч Д.Г-ийн эрх бүхий байгууллагад гаргасан гомдол гэж үзэх боломжгүй юм. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр талууд тохиролцон хөдөлмөрийн гэрээгээ цуцласан байна.

Нэхэмжлэгч нь 2013 оноос хойш хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хүртэл хугацаанд өөрийн эрх зөрчигдсөн гэдгээ мэдээгүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбатын нэр бүхий 12 ажилтныг төлөөлж, ЗТН ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр нэхэмжлэгч Д.Г-ийг шүүхэд хандсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох бөгөөд уг хугацаа зогссон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/01008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ

           

                                          ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                 Ч.ЦЭНД