Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 996

 

 

 

 

 

      2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2018/00996

               Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, АОС-2 тоотод оршин суух Мянган овогт Лхагвын Ч /РД: ШБ62121616/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоогийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байрны 16 тоотод оршин суух Дархан овогт Дашлодойн Д /РД: ВЭ61111563/-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 111.522.213 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Урангоо, хариуцагчийн төлөөлөгч С.Өнөрзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоо  шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Л.Ч нь Д.Дд зээлийн гэрээний дагуу дараах зээлүүдийг олгосон. Үүнд: 1. 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ӨХШ 14/35 тоот зээлийн гэрээгээр 20.000.000 төгрөгийг 2014 оны 06 дугаарс арын 30-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэйгээр, 2. 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ӨХШ 14/41 тоот гэрэгээр 17.000.000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэйгээр, 3. 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ӨХШ 15/08 тоот зээлийн гэрээгээр 6.000.000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэйгээр, 4. 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ӨХШ 15/17 тоот зээлийн гэрээгээр 20.000.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэйгээр, 5. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 8.360.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн болно. Дээрх зээлийн гэрээнүүд нь сарын 1.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор заасан. Д.Д нь дээрх зээлийн төлбөрүүдээс нэгийг нь ч одоо болтол төлөөгүй тул ӨХШ 14/35 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 20.000.000 төгрөг, хүү 900.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг, нийт 30.900.000 төггрөг, ӨХШ 14/41 тоот гэрээний үндсэн төлбөр 17.000.000 төгрөг, хүү 255.000 төгрөг, алданги 8.500.000 төгрөг, нийт 25.755.000 төгрөг, ӨХШ 15/08 тоот гэрээний үндсэн төлбөр 6.000.000 төгрөг, хүү 224.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, нийт 9.224.000 төгрөг, ӨХШ15/17 тоот гэрээний үндсэн төлбөр 20.000.000 төгрөг, хүү 1.573.333 төгрөг, алданги 10.000.00 төгрөг, нийт 31.573.333 төгрөг, 2015  оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 8.360.000 төгрөг, хүү 1.529.880 төгрөг, алданги 4.180.000 төгрөг, нийт 14.069.880 төгрөг, бүгд 111.522.213 төгрөгийг Д.Дгаас гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Д.Д шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Д би “Шижир-аранжин”ХХК-ийн хувь нийлүүлэгч бөгөөд тус компани нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу Баянхонгор аймгийн Галуут суманд алт олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг. 2013 оны сүүлээр гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани манай компанийн 50 хувийн хувьцааг 2.500.000 ам.доллараар авч бидний эзэмшиж байгаа алтны 3 орд дээр хамтран ажиллах санал тавьж судалгааны ажил хийгдэж байх үед “Гацуурт”ХХК-ийн захирал, нэхэмжлэгч Л.Ч “би энэ үнээр чинь танай компанийн 50 хувийг авъя, эхний хөрөнгө оруулалтын бүх ажлыг би хариуцъя” гэсэн санал тавьсан. Миний бие Л.Чыг уул уурхайн бизнесийн туршлагатай хүн гэж хүндэлж явдаг учраас дуртай зөвшөөрч, хамтран ажиллах санал тавьж судалгааны ажил эхлүүлээд байсан гадаадын хөрөнгө оруулалттай компанид татгалзсан хариу өгч Л.Ч захиралтай хамтран ажиллахаар болсон. Ингээд Л.Ч захирал хэлэлцэн тохирсон хөрөнгө оруулалтаа хийлгүй, хүлээлт үүсгэж байгаад мөнгө олгохоор болохдоо зээлийн гэрээ хийж бидэнд мөнгийг цувуулж өгч байсан. Дээрх мөнгө нь уурхайн үйл ажиллагааг явуулах ямар ч боломж бүрдүүлээгүйгээс санхүүжилт дутаж тухайн жилүүдэд уурхайн үйл ажиллагаа доголдсоор  2016 онд уурхайн ажил огт явагдаагүй. Л.Ч амлалтандаа хүрэлгүй манай компанийг их хэмжээний алдагдалд хүргэсэн атлаа хөрөнгө оруулсан мөнгөндөө алданги тооцон нэхэмжилж байгаа нь шударга бус байна. Хэдийгээр Л.Ч нь хөрөнгө оруулалт хийх боломжгүй болсон ч нэгэнт бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тул хариуцагч миний бие  нэхэмжилсэн мөнгийг гэрээний дагуух хүүгийн хамт хугацаа тохирч төлөх талаар эвлэрэн хэлэлцэхэд бэлэн байна. Харин дээрх үндэслэлүүдээр алдангийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

         Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Л.Ч нь хариуцагч Д.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 111.522.213 төгрөг төгрөг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагаас 110.383.800 төгрөгийн шаардлагыг хангаж үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Зохигчдын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Л.Чаас 20.000.000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар, 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 17.000.000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 6.000.00 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 20.000.000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, сарын 1.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар хариуцагч Д.Д зээлсэн болох нь зохигдын тайлбар, зээлийн гэрээ,  тооцоо нийлсэн акт, мөнгө хүлээлгэн өгсөн баримтуудаар тус тус нотлогдож байна.

         Дээрх зээлийн гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

           

           Зээлдэгч нь зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд огт төлөлт хийгээгүй  бөгөөд зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссан боловч гэрээний хугацааг талууд сунгаагүй байна.

            Нэхэмжлэгч Л.Чаас үндсэн зээлийн төлбөр болон хүү, алдангийг шаардсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтуудтай нийцэж байгаа боловч 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 6.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хүү, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хүү, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 8.360.000 төгрөгийн зээлийн гэрээний хүүг тус тус буруу тооцож нэхэмжилсэн байх тул шүүх зөвтгөн тооцлоо.

            Иймд хариуцагч Д.Дгаас 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 20.000.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 900.000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан багасгаж алдангид 10.000.000 төгрөг, нийт 30.900.000 төгрөг,

 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 17.000.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 255.000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан багасгаж алдангид 8.500.000 төгрөг, нийт 25.755.000 төгрөг,

2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 6.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 84.000 төгрөг /1 өдрийн хүү 3000 төгрөг х28 хоног=84000 төгрөг/, гэрээний хугацаа дууссан 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан багасгаж алдангид 3.000.000 төгрөг, нийт 9.084.000 төгрөг,

2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 20.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 600.000 төгрөг / 1 сарын хүү 300.000 төгрөг х 2 сар=600.000 төгрөг/, гэрээний хугацаа дууссан 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан багасгаж алдангид 10.000.000 төгрөг, нийт 30.600.000 төгрөг,

2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 8.360.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 1.504.800 төгрөг /1 сарын хүү 125.400 х12 сар= 1.504.800 төгрөг/, гэрээний хугацаа дууссан 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан багасгаж алдангид 4.180.000 төгрөг, нийт 14.044.800 төгрөг, бүгд 110.383.800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Чад олгох үндэслэлтэй байна.

Зохигчид 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 6.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн 1.2-т хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн хүүг 4 хувь болгон өөрчлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Учир нь зээлдэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээнд зааснаар нөгөө талдаа мөнгөн төлбөр буюу анз төлөхөөр талууд тохиролцсон атлаа мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүг анх тохиролцсон 1.5 хувиас 4 хувь болгон өөрчлөхөөр тохиролцсон байгаа нь хууль зөрчжээ.

Иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргад гэрээгээр тохиролцон хүүг өөрчлөх гэсэн зохицуулалт байхгүй тул дээрх хүчин төгөлдөр бус заалтын дагуу зээлийн гэрээний хүүг 4 хувиар тооцох боломжгүй юм.

Зээлийн гэрээний 1.2-т заасан энэхүү заалт хүчин төгөлдөр бус байх нь зээлийг гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул зээлийн гэрээнүүдийн бусад зүйл заалтыг хүчин төгөлдөр гэж үзнэ.

             Хариуцагч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг төлөхийг зөвшөөрч,  хөрөнгө оруулалт  хийх боломжгүй болсоноос манай компанийг их хэмжээний алдагдалд оруулсан учир алдангийг төлөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Учир нь хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол алданги төлөхөөр гэрээнд тохирсон тул нэхэмжлэгч гэрээний дагуу шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээний үүргээ биелүүлээгүйгээс алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн боловч нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтад нийцүүлж нэхэмжилсэн байна.

            Иймд зээлдэгчийн зээлийн гэрээгээр  тохиролцсон алданги төлөх үүргийг  багасгаж, чөлөөлөх боломжгүй юм.

          Хариуцагчийн төлөөлөгч С.Өнөрзаяагаас гаргасан эвлэрэн хэлэлцэх боломжит хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах, Л.Ч нь “Гацуурт”ХХК-нд  ямар хамааралтай этгээд болохыг тогтоолгохоор лавлагаа авхуулахыг хүссэн хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнтэйгээр холбоотойгоор хариуцагчийн төлөөлөгч С.Өнөрзаяагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар  үндэслэл бүхий эргэлзээтэй гэсэн үндэслэлээр шүүгчээс татгалзсан боловч шүүгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагааг хэргийн оролцогчидтой хувийн харилцаатай, хэргийг шударгаар шийдвэрлэх үндэслэл бүхий эргэлзээ гэж үзэх үндэслэлгүй.

         Түүнчлэн шүүх хуралдааны явцад шүүгчийн татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос шүүгчийг татгалзах хүсэлт гаргах боломжгүй юм.

          Иймд хариуцагчийн төлөөлөгчийн шүүгчийг татгалзах гаргах тухай хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд үүнтэй холбоотойгоор хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хариу тайлбар гаргах, нотлох баримт шинжлэн судлах зэргээр мэтгэлцэх үүргээ биелүүлэлгүй шүүх хуралдааныг орхин гарсан тул хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

          Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715.570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 709.869 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.     

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                         

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Дгаас  110.383.800 /нэг зуун арван гурван сая гурван зуун наян гурван мянга найман зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Чад олгож, үлдэх 1.138.413 төгрөгийн шардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 715.570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Д.Дгаас улсын тэмдэгтийн хураамжинд 709.869 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Чад олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР