Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 788

 

МАГАДЛАЛ

 

2018.03.28                                                     Дугаар 788                               Улаанбаатар хот

 

 

 

“Т ф” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/00222 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Т ф” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч “С” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 70 321 093.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н,

Гуравдагч этгээд: Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “С” ХХК нь “Т ф” ББСБ ХХК-тай 2015 оны 11 сарын 19-ний өдрийн №13/0572 тоот зээлийн гэрээ байгуулж Лексус 570 маркийн 189 000 000 төгрөгийн үнэтэй ? арлын дугаартай, ? УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг сарын 1 хувь, нэмэгдүүлсэн хүү хүүгийн 20 хувиар тус тус тооцож, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч “С” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Лексус 570 маркийн 189 000 000 төгрөгийн үнэтэй дээрх тээврийн хэрэгслийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалуулсан болно. Хариуцагч “С” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй тул зээлийн үндсэн төлбөр 17 438.22 ам.доллар буюу 42 844 137.1 төгрөг, зээлийн хүү 9 593.41 ам.доллар буюу 23 570 144.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 300.8 ам доллар буюу 739 038 төгрөг, б даатгалын нөхөн төлбөрийн өглөг 3 167 773 төгрөг, нийт 70 321 093.59 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 11 сарын 20-ны өдөр манай компани автомашин худалдах, худалдан авах гэрээг ? ХХК-тай байгуулсан хэдий ч Т.Б гуйлт хүсэлтээр түүний хэрэгцээнд зориулан Лексус 570 маркийн автомашиныг худалдан авахаар болсон ба автомашины үнийг Т.Б төлсөөр ирсэн ба уг автомашин Т.Б эзэмшилд одоог хүртэл байгаа болно. Худалдан авагч манай компанийн ард Т.Б байдаг, үнийг төлж байгааг мэдэж байгаа. Мөн Т.Б нь манай компанитай дээрх гэрээтэй адил нөхцөлөөр гэрээ байгуулсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Бшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 11 сарын 19-ний өдөр “С” ХХК-ийн захирал О.Г санал тавьж   ББСБ-аас тус компанийн нэрийг ашиглан автомашины лизингийн зээл авахаар тохиролцож зээл авсан билээ. Энэхүү саналын дагуу “С” ХХК зөвшөөрч тус ? ББСБ хийсэн гэрээний бүх эрхийг шилжүүлэх гэрээг надтай байгуулан 2015 оны 11 сарын 19-ний өдрөөс эхлэн уг зээлийн урьдчилгаа төлбөр болон сар бүлийн төлөлтийг бүрэн хариуцаж тухайн зээлийн гэрээнд тусгагдсаны дагуу сар бүр ам.долларын ханшаар тооцон төлөлт хийж байсан болно. Гэвч тус ББСБ-д хүсэлт тавин ам.долларын ханш хэтэрхий өсөж байна төгрөгөөр тооцон зээлийн гэрээ байгуулсан тул сар бүрийн төлөлтийг авах боломж гаргаж өгөөч гэж хүсэхэд шаардлагатай бол шүүхэд хандан зээлийн гэрээний үүргийг хангуулна гэж хариу мэдэгдэж байсан. Миний бие энэхүү зээлийн гэрээний урьдчилгаа төлбөр болон сар бүрийн төлбөрийг бүрэн хариуцаж байсан нь үнэн тул уг гэрээний эрх үүргийг “С” ХХК-иас бүрэн шилжүүлэн авч тус зээлийн гэрээний үүргийг шилжүүлэн өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч “С” ХХК-иас 70 321 093.59 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ? ББСБ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ? ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 509 556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас 509 556 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гуравдагч этгээд Т.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг зээлийг төлдөг, мөн адил нөхцлөөр "С" ХХК-тай "Зээлийн гэрээ"-г мөн өдөр байгуулсан зэрэг нөхцөл байдлаас шүүх хуралдаанд заавал оролцуулах байсан. Мэдэгдэх хуудсыг түүнд хүргүүлээгүй бөгөөд шуудангийн салбарт ч очсон нь тодорхойгүй байна. Хэргийн 62 дугаар хуудсанд энэ талаар баримт байгаа болно. Шүүх хуралдаанд талуудын эрх тэгш байдлыг хангаагүй учраас шийдвэр хууль ёсны буюу бөгөөд мэтгэлцэх боломжийг шүүх олгосонгүй. Гуравдагч этгээд Т.Б, хариуцагч “С"ХХК-ийн хоорондох "Зээлийн гэрээ"-ний маргаан Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрт 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэрэг үүсэн ажиллагаанд байгаа болно. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх байсан ба өвчний учир шүүх хуралдаанд гаргаж өгч чадаагүй юм. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Т ф” ББСБ ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70 321 093.59 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь автомашин авах зорилгоор    71 132,49 ам.долларыг сарын 1,0 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн, зээлийн барьцаанд Лексус-570 маркийн, ? УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр 17 438,22 ам.доллар, хүү 9 593,41 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 300,8 ам.доллар, даатгалын нөхөн төлбөрийн өглөг 3 167 773 төгрөг , Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах мөн өдрийн албан ханш 2 456,91 төгрөгөөр тооцон, хариуцагчаас 70 321 093,59 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан, хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид зохих ёсоор мэдэгдсэн, тэрээр хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан гэх байдлыг нотлох баримтаа шүүх хуралдаан эхэлснээс хойш ирүүлсэн, гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь хариуцагчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй, хэргийн оролцогч биш этгээд нэхэмжлэгчийн нэрээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй юм.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/00222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 509 556 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД                                                   С.ЭНХТӨР

 

                                                              М.НАРАНЦЭЦЭГ