Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2024/0174

 

 

 

 

 

 

 

 

Ё.Б*******гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч*******

Нэхэмжлэгч: Ё.Б*******

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 76 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа 

Хэргийн индекс: 128/2024/0036/З  

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Нэхэмжлэгч Ё.Б*******гээс, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан "Шүүгчийн албан тушаалаас өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдсөн Ё.Б*******д Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан 1 удаагийн тэтгэмжийн дутуу олгосон зөрүүг олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/2150 тоот хариуг хууль бус болохыг тогтоолгох, шүүгчийн нэмэгдлийг оруулан тооцож 1 удаагийн тэтгэмжийн зөрүү 64,715,685.00 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах”-аар маргажээ

Хоёр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 76 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41,3, 57 дугаар зүйлийн 57.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шүүгчийн албан тушаалаас өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдсөн Ё.Б*******д Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан 1 удаагийн тэтгэмжийн дутуу олгосон зөрүүг олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/2150 тоот хариуг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 49,116,666 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гурав: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч******* шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

3.1. “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "...сарын дундаж цалин.." гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.

3.2. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт "цалин хөлс" гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан байна.

3.3. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын заргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам"-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд:

-Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл:

-Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/;

-Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

3.4. Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

3.5. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... авч байсан сарын дундаж цалин..." нь Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм.

3.6. Иймд 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны" нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

3.7. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Ё.Б*******гээс Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Шүүгчийн албан тушаалаас өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдсөн Ё.Б*******д Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан 1 удаагийн тэтгэмжийн дутуу олгосон зөрүүг олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/2150 тоот хариуг хууль бус болохыг тогтоолгох, шүүгчийн нэмэгдлийг оруулан тооцож 1 удаагийн тэтгэмжийн зөрүү 64,715,685.00 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ё.Б******* нь Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаар зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн байна.

2.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” 103 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ё.Б*******д 108,000,000 /нэг зуун найман сая/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тус тус шийдвэрлэжээ.

2.3. Нэхэмжлэгчээс нэг удаагийн дутуу олгосон тэтгэмжийн зөрүүг олгож өгнө үү гэх хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/2150 дугаар албан бичгээр “....Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг тэтгэмж олгоно гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл уг тэтгэмжийг олгосон. Иймд таны хүсэлтэд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгчээ.  

2.4. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж хуульчилснаас үзэхэд шүүгчийн цалин хөлсөнд албан тушаалын цалингаас гадна бусад нэмэгдлүүд багтаж байх бөгөөд тэтгэвэрт гарч байгаа шүүгчид 1 удаагийн тэтгэмж олгохдоо “...түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр” тооцох учраас хариуцагчийн тайлбарлаж байгаачлан “тэтгэмжийг нэмэгдлийн нэг адил мөн л албан тушаалын цалингаас олгох ёстой” гэж үзэхгүй. Учир нь Монгол улсын Шүүхийн тухай хуульд албан тушаалын цалин, цалин хөлс гэх ойлголтыг ялгаатай зохицуулсан байна.

2.5. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг сарын үндсэн цалингийн дунджаас тооцохоор, харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад шүүгчид сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаагийн тэтгэмжийг тооцохоор ялгаатай байдлаар заасан, өөрөөр хэлбэл шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмжийн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиар Төрийн албаны тухай хуульд зааснаас илүү хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж авах нөхцөлийг тусгасан, мөн шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр нарийвчлан зохицуулсан.

2.6. Мөн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д “...албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” 04 дүгээр тогтоолоор шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг олгохоор тус тус тогтоосон байна.

2.7. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэсэн заалтыг практикт хэрэгжүүлэхдээ сарын дундаж цалинг зөвхөн “шүүгчийн албан тушаалын цалин”-аас тооцон тэтгэмж олгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.8. Учир нь шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлүүдэд зааснаар “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ.” гэж заасан тул шүүгч нарт нэг удаа олгох тэтгэмжийг бодох сарын дундаж цалингийн хэмжээг эдгээр хуультай нийцүүлэн цалингийн бүтэц, бүрдлийг цогцоор нь тооцох хууль зүйн үндэслэлтэй.

2.9. Нөгөөтээгүүр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга “Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” дээрх тушаалуудыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь заалтыг баримталсан байх боловч уг журмын “4.4-т Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж заасан зохицуулалтыг анхаарч үзээгүй байна.

2.10. Тухайн тохиолдолд, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт нарийвчлан зохицуулснаар шүүгч нь өндөр насны тэтгэвэрт гарахдаа сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр буюу сарын албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийн дунджаар тооцуулан нэг удаагийн тэтгэмжийг авах эрхтэй байхад хариуцагчаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн тэтгэмжийг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож олгон, зөрүү тэтгэмжийг олгохоос татгалзсан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

2.11. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч тооцооллын алдаа гаргаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 15,599,019 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

2.12. Учир нь шүүгчийн сард авч байгаа дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн цалингийн цэсээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

2.13. Дээрх тооцоололд хоол, унааны мөнгийг оруулан тооцоогүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 76 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шүүгчийн албан тушаалаас өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдсөн Ё.Б*******д Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан 1 удаагийн тэтгэмжийн дутуу олгосон зөрүүг олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/2150 тоот хариуг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 49,116,666 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулан түүнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,599,019 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүгчийн албан тушаалаас өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдсөн Ё.Б*******д Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан 1 удаагийн тэтгэмжийн дутуу олгосон зөрүүг олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/2150 тоот хариуг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 64,715,685.00 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулан түүнд олгосугай”  гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА                    

 

ШҮҮГЧ                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН